• Өнөөдөр 2024-05-06

М.МӨНХЗАЯА: АНХ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ДЭМЖСЭН САНАЛ ИРҮҮЛЖ БАЙСАН БОЛ ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХОД ДЭМЖИХГҮЙ ГЭСЭН

2023-11-14,   521

     Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын шинжээч М.Мөнхзаяатай ярилцлаа. 

-Газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажил маш чухал. Энэ ажилд яамны зүгээс ямар бодлого баримталж, ямар ажил хийсэн бэ?

       -Монгол орны байгалийн бүс, бүслүүрийн унаган төрх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль, түүх, соёлын үнэт өв, ховордсон амьтан, ургамал болон газрын доорх цэнгэг усны томоохон орд, гол, мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалахад онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, хойч үедээ өвлүүлэн үлдээж, тогтвортой хөгжлийн түшиц газар болгон хөгжүүлэх төрийн бодлогыг уламжлал болгон хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт  “Монгол Улсад газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж зааснаар Монгол Улсын төрөөс тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх урт хугацааны төрийн бодлогыг тодорхойлох, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нөхцөлийг хангасан билээ.      

      Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /2016/, “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны бодлого /2020/-д “Цэнгэг усны нөөц, урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, биологийн олон янз байдлын хувьд чухал газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах судалгаа хийж, өргөжүүлэх замаар онцлог экосистемийн үйлчилгээ, үнэ цэнийг нэмэгдүүлнэ”, “Улсын тусгай хамгаалалтад 2030 онд газар нутгийн 30 хувь, 2040 онд 33 хувь, 2050 онд 35 хувьд хүргэх, ойн сан бүхий газрыг 2030 онд 50 хувь, 2040 онд 55 хувь, 2050 онд 60 хувьд, гол мөрний урсац бүрэлдэх эхийг 2030 онд 60 хувь, 2040 онд 70 хувьд, 2050 онд 75 хувьд тус тус хүргэх” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

-Газар нутгийг тусгай хамгаалалтад авахын ач холбогдол юу байдаг вэ?

      -Газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь байгаль орчны доройтлыг хязгаарлан зогсоож, байгалийн жам ёсны шүтэлцээг хангах байгаль хамгааллын сонгодог хэлбэр. Мөн хүн төрөлхтний байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг үе дамжуулан үлдээх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангаж, тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэх шалгарсан арга гэдгийг НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн тунхаглал”, Рио20, Тогтвортой хөгжлийн олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт Рио-де-Жанейро /2012/, Парисын хэлэлцээр /2016/, байгаль орчны аливаа сөрөг нөлөөллийг багасгах, улмаар менежмент, хамгаалалтыг сайжруулснаар байгаль орчныг  хамгаалах чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хэмжээнд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх ач холбогдлыг Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр (NBSAP) гэх зэрэг олон улсын дээд хэмжээний бодлогын баримт бичгүүдэд тунхагласан. Монголчуудын өнө эртнээс газар нутгаа дархлан хамгаалж ирсэн уламжлал, хосгүй зан заншлыг Монгол Улсын төрийн бодлогоор үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн нь Монголын төдийгүй дэлхий дахинд жишиг болон үнэлэгдэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.    

-УИХ-ын 2019 оны 41 дүгээр тогтоолоор хамгаалсан 22 газраас 14 газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, нэг га газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангилалд оруулсан. Харин  УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан есөн газраас гурвыг нь байгалийн нөөц газрын   ангиллаар, нэгийг нь байгалийн дурсгалт газрын ангиллаар буюу нийтдээ 19 газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Гэтэл эдгээр газрын хилийн заагийг өдийг хүртэл батлаагүй байна. Энэ чухал ажил юунаас болж гацаад байгаа юм бэ. Яамны зүгээс энэ чиглэлээр ямар ажил хийсэн бэ?  

      -“Байгалийн нөөц болон байгалийн дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төсөлд шинээр Гүн гашууны хоолой, Баяндун уул, Халхын таван уул, Мэнэнгийн цагаан хоолой, Жаран тогооны тал А хэсэг, Жаран тогооны тал Б хэсэг, Ташгайн таван нуур, Хөх нуур, Дулаан хайрхан уул, Зотол хаан уул, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, Сутай хайрхан уул, Улз гол, Дэлгэрхаан уул, Алтан хөхий уул, Хөх нуур-Бумбат орчмын газар, Хурх хүйтний хөндий орчмын газрын байгалийн нөөц газрууд болон Баянхонгор хайрхан уул, Цагаан дэлийн агуйн байгалийн дурсгалт газар хамаарах бөгөөд Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-ын 3.11-д заасны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраар 2022 оны 1/312,  1/912 тоот дүгнэлт  гаргуулсан юм. Уг нь дээрх 19 газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулан хилийн заагийг тогтоосноор гол мөрний урсац бүрэлдэх эхийн 283.8 мянган га буюу 2.0 хувь, ойн сан бүхий газрын 28.7 мянган га буюу 0.2 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 1.6 сая га буюу 0.8 хувиар нэмэгдэж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 21 хувьд хүрэх юм. 

    Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт “Байгалийн нөөц болон байгалийн дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын гишүүдээс санал авахад газрын тос, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай гэсэн үндэслэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дэмжихгүй  гэсэн санал ирүүлснээс болж Засгийн газрын тогтоол гаргахад удааширч байна. Анх УИХ-ын тогтоол гарахаар санал авахад Засгийн газрын гишүүд дэмжсэн санал ирүүлж байсан бол хилийн заагийг тогтооход дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн. Энэ асуудлыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хэлэлцэж, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар 2022 оны найм, 2023 оны гуравдугаар тогтоол гаргасан. 

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Уул уурхайн яам, Ашигт малтмал газрын тосны газрын саналаар дээрх тусгай хамгаалалтад орсон газруудын талбайд өөрчлөлт оруулан хасалт хийж дүгнэлт гаргасан юм байна. Ямар газруудаас хэдий хэмжээний хасалт хийсэн бэ?  

       -УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо хэлэлцэж, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар 2022 оны найм, 2023 оны гуравдугаар тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж, газар дээр нь ажиллаж дүгнэлт гаргасан юм. УИХ-ын 2019 оны 41, 2020 оны 46 дугаар тогтоолоор нийт 1855730.16 га байсан бол Ажлын хэсгийн дүгнэлтээр 1677020.31 га болж багассан.  

-Одоо ямар алхам хийхээр төлөвлөж байна вэ?

      -Бид Засгийн газрын тогтоолыг батлуулахаар ажиллаж байна. Түүнчлэн 2030 онд газар нутгийн 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авах бодлогын хувьд есөн хувь буюу 14 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай бөгөөд судалгааны ажлыг хийсэн. Гэвч мөн л газрын тос, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай байна. Энэ нь Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын мэдээллийн сан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны кадастрын мэдээллийн сан хоёр тусдаа болохоор давхцал үүсээд байгаа. 

 

 

 

 

М.МӨНХЗАЯА: АНХ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ДЭМЖСЭН САНАЛ ИРҮҮЛЖ БАЙСАН БОЛ ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХОД ДЭМЖИХГҮЙ ГЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188