• Өнөөдөр 2024-05-06

МУГЖ Ш.ДАВААХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.БОЛД-ЭРДЭНЭ: БИ ЭЭЖИЙГЭЭ МОНГОЛЫН УЯНГАЛАГ ХООЛОЙТОЙ ЦОРЫН ГАНЦ ДУУЧИН БАЙСАН ГЭЖ БОДДОГ

2023-11-13,   11243

ЭЭЖ МИНЬ ХҮҮХЭД БАЙХДАА ТОЛИНЫХОО ӨМНӨ ӨӨРИЙГӨӨ ЗАРЛАЖ БАЙГААД ДУУЛДАГ БАЙСАН ГЭДЭГ

-Таны ээж Дорнод аймгийн театрт 18 жил ажиллаж, ардын богино дуунуудаараа олын танил болж байжээ. Та ээжийнхээ Дорнод аймагт амьдрах болсон түүхээс нь ярьж өгөөч?

      -Ээж минь Улаанбаатар хотод төрсөн. Зүүнхараад бага насаа өнгөрүүлж, Багшийн сургуулийн шанзны ангийг төгсөж, Дорнод аймагт хувиарлагдсан байдаг. Тэгээд 1973-1991 онд Дорнодын театрт ажиллаж байхдаа уран бүтээлийн бүх хөтөлбөрт хамрагдаж оролцож байсан. Тэр үедээ ардын дуунуудаараа олонд танигдаж байсан юм билээ. Дорнодын театрт орохдоо шанз хөгжимөөр орж байсан. Гэхдээ зөвхөн хөгжим тоглохоос гадна дуулдаг, бүжиглэдэг байсан гэж ярьдаг. Тэгээд  1991 онд Соёлын яамны урилгаар Үндэсний их театрт урилгаар ажиллаж эхэлсэн. Харин аав минь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат. Аав бага ангийн багш мэргэжилтэй, мужаан байсан.

-Ээж нь багаасаа дуулах авьяастай хүүхэд байсан уу. Урлагтай хэрхэн холбогдсон тухайгаа хэрхэн ярьдаг байсан бэ?

      -Ээж хүүхэд байхдаа ээжийнхээ хувцсыг өмсөөд толины өмнө өөрийгөө зарлаж байгаад дуулдаг байсан гэдэг. Тэгэхээр багаасаа дуулах авьяастай байсан юм билээ. Өөрийгөө ч их сайн бэлддэг байсан гэх юм уу. Ээжийн ээж нь буюу эмээ минь их сайхан дуулдаг хүн байсан гэдэг. Ээжийгээ их дуурайсан юм шиг байна лээ. А.Бүтэд багшаар шанз хөгжим заалгаж,  Дорждэрэм гуайтай адилхан дуулдаг байсан. Дорждэрэм гуайгаас ганц, хоёрхон удаа зөвлөгөө авч байсан мөртлөө түүнийг багш хэмээн хүндэлж, боддог байсан гэж ярьдаг. Тэгээр ээж минь багийнхаа сонирхлоор л дуучин, хөгжимчин болсон юм билээ.  

-Та ээжийнхээ тоглолтыг хэдэн настайдаа анх үзэж байв. Ямар сэтгэгдэл төрж байснаа санадаг уу?

      -Ээж намайг ухаан орохоос л шанз тоглож, дуулдаг байсан. Дуу, хөгжмөө зөвхөн театрт гэлтгүй гэртээ бэлдэж, тоглодог байсан нь биднийг урлагт дуртай болгосон. Шанз хөгжмийн бүтээлүүдээ тоглохоос гадна хоол хийх, гэрээ цэвэрлэж байхдаа байнга дуулдаг байсан. Бид ч дуулахыг нь сонсох дуртай байжээ. Бодвол “Ээж ээ, та дуул” гэдэг байсан байх. Ээжийнхээ дуулахыг сонсож өссөн, бид. Миний насны хүүхдүүд гадаа ихэвчлэн тоглодог байсан бол би ээжийгээ их дагаж явдаг, ээжээсээ салдаггүй хүүхэд байсан. Тийм болохоор дуу, хууранд дуртай болж хүмүүжсэн болов уу гэж боддог.

-Ээжийнхээ дуулж, хөгжимдөхийг сонсож өссөн та багаасаа урлагийн хүн болно гэж мөрөөддөг байв уу?

       -Миний хоёр өвөө мужаан байсан. Би багаасаа мужаан болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд Барилгын коллежийг мужаанаар төгссөн. Сургуулиа төгсөөд Драмын театрт нэг жил тайзны мужаанаар ажиллаж, “Тамгагүй төр” жүжгийн анхны тайзыг хийж байлаа. Тэндээсээ цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирэхдээ уран бүтээлч болохоор шийдэж байсан. Яагаад гэвээл, цэргийн тангаргын баяраар ээж минь чуулгын дуучид, хөгжимчидтэй урилгаар ирж, тоглолт хийсэн. Тэр үед би ээжээрээ дахин бахархаж байсан. Манай цэргийн ангийнхан ээжийг минь дуучин гэдгийг мэддэг болохоор намайг жагсаалын дуу гарга гэдэг байлаа. Цэрэгт байхдаа ээжийгээ телевизээр хааяа үздэг, сонсдог байсан. Тэр үедээ ээж шигээ урлагийн хүн болно доо гэж боддог болсон. Цэргээс халагдаж ирэхэд ээж “Улсын ардын дуу бүжгийн чуулгат хөөмийчин цөөн байна. Дагалдан хөгжимчнөөр орох уу” гэсэн цагаас нь л миний уран бүтээлийн гараа эхэлсэн. Тэр үедээ би хөгжмийн талаар юу ч мэдэхгүй чуулгат орж байлаа. Тэгээд Баасанжав ахаар, Хөсөгтөн хамтлагийн лимбэчин Адьяа, хөөмийч Батзориг найзаасаа ихийг сурч, мэдэж авсан. 2006 он хүртэл чуулгат ажиллаж байгаад Японы аялал жуулчлалын компанийн урилгаар Япон руу  тоглолтоор явсан цагаас өнөөдрийг хүртэл тэндээ ажиллаж, амьдарч байна.

-Та урлагийн сургуульд суралцаагүй хөгжимчин болсон гэсэн үг үү?     

      -Тухайн үед СУИС-д хөөмийчнөөр сурах гэтэл заах багш байхгүй байсан. Тэгээд хоёр жилийн дараа МУИС-д урлаг судлаачийн ангид сурч, хөгжмийн тодорхой хэмжээний боловсролтой болсон. Би 10 настайгаасаа Одсүрэн багшаар хөөмий заалгаж байсан юм. Тэр үед багш минь Буриад явж, би ч хөөмийгөө бэлдэхээ болиод холдсон.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

     -Би эцэг, эхээс дөрвүүлээ. Би ээжийнхээ “Санхьюу гөлөм, Цэвэр охин, Ендөн гөөгөө” гээд дуунд нь дуртай. Ялангуяа Санхьюу гөлөмийг их сонсдог, дагаж дуулах дуртай байсан. Ээжтэйгээ чуулгат хамт байхдаа үзэгчдийн суудлаас дуулахыг нь сонсох дуртай байлаа. Тэр үе л миний амдралын хамгийн жаргалтай үе байжээ.

-Ээж нь урлагийн хүн учраас өөртөө, хоолойндоо их анхаардаг байсан байх. Тоглолтын аль хэсэгт дуулдаг байсан бэ?

     -Ээж хоолойгоо жаахан сааралтаад эхэлбэл содатай бүлээн усаар утдаг, 9-ын  тос хамар руугаа хийдэг, балгадаг байсан. Гэхдээ “Хоолойгоо хэтэрхий их арчилаад, бөөцийлөөд байх юм бол муу. Муу зан сурчихдаг, дураар нь байлгах хэрэгтэй” гэдэг байсан. Ээж минь ихэвчлэн тоглолтын төгсгөлд гарч дуулаад үзэгчдийг огшоож өгөөд гаргадаг байсан. Тэгэхэд миний сэтгэл хүртэл их сэргэдэг, би өөрөө тоглолт хийчихсэн юм шиг санагддаг байж билээ.

-Урлагийн хүмүүс гэр бүлийнхэндээ цаг зав гаргаж чаддагүй гэж ярьдаг шүү дээ. Харин таны ээж гэрийнхэндээ хэрхэн анхаардаг байсан бэ?

     -Ээж минь гэр бүлсэг, хүүхдэд их хайртай хүн байсан. Гавьяат цолтой олны танил мөртлөө ач, зээ нарыгаа гурав, дөрвөөр нь дагуулаад тоглолтоор явдаг, хүүхдээс төвөгшөөдөггүй байсан. Гэртээ байхдаа хүүхдүүдээ байнга эрхлүүлнэ.  Тэднээс хамгийн эрх нь би байсан. Амралт чөлөөт цагаараа нэхэх, оёх дуртай хүн байсан. Тоглолтынхоо дээлийг хүртэл өөрөө оёж өмсдөг байсан. Тоглолтынхоо урд өдөр дээлээ оёж дуусаад маргааш нь шинэ дээлтэй дуулдаг хөдөлмөрч эмэгтэй байсан. Ээж минь байхдаа миний тоглолтын дээлийн 80-90 хувийг оёж өгсөн байдаг. Ээжийнхээ оёж өгсөн дээлийг өмсөх, хадгалах дуртай. Түүнээс гадна ээж минь сарлагын савагаар дуучдын гэзэг, шанх, ээмгийг хийж өгч, зардаг байсан.

-Таны ээжийг 1999 онд гавьяат жүжигчин цолоор шагнасан байдаг. Тухайн үед ээж нь хэрхэн баярлаж, яаж тэмдэглэж байсан бэ?

     -Ээжийг Ардын дуу бүжгийн чуулгынхантайгаа Франц Улсад  аялан тоглолтоор явж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай зарлиг гаргаж, ээжийг МУГЖ цолоор шагнаж байсан. Тэр үед би цэрэгт байсан болохоор ээждээ баяр хүргэхээр ганц, хоёр хоногийн чөлөө авчих гээд чадаагүй. Гэхдээ ээж минь тухайн үедээ гавьяатынхаа найрыг хийж чадаагүй. Би ээжийгээ Ардын жүжигчин болчих байх гэж 10-аад жил хүлээсэн, ээж ч мөн их хүлээсэн дээ. Хэрвээ Ардын жүжигчин болчих юм бол ээжийнхээ найрыг сайхан тэмдэглэнэ гэж боддог байлаа. Харамсалтай нь, таван жилийн өмнө ээж минь 65 настайдаа бурхан болсон.

-Та энэ жил ээжийнхээ 70 насных нь ойг нэр төртэй сайхан зохион байгуулж, ээжийгээ дурсаж чадлаа. Танд ээжээрээ бахархах сэтгэл дахин төрсөн байх?

    -Чуулгын дуучид, уран бүтээлчидтэй уулзаж, ээжийнхээ 70 насны ойд дөрвөн том арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд хүмүүстэй уулзахад ээжийгээ ард түмэндээ их үгүйлэгддэг, ард түмнийхээ дунд нэр хүндтэй дуучин байжээ гэдгийг өдөр бүр, уулзсан хүн бүхнээс мэдэрч, сонсож байна. Тэгээд ээжийнхээ нэр, сүрийг дахин сэргээж, олон түмэнд таниулж байгаадаа баяртай байна. Ээжийнхээ 1008 дууны номыг хоёр боть болгон хэвлүүлсэн.

 

 


МУГЖ Ш.ДАВААХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.БОЛД-ЭРДЭНЭ: БИ ЭЭЖИЙГЭЭ МОНГОЛЫН УЯНГАЛАГ ХООЛОЙТОЙ ЦОРЫН ГАНЦ ДУУЧИН БАЙСАН ГЭЖ БОДДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 22
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-20 19:45:28
    Балдан Энхцэцэг: Маш сайхан цангинасан өвөрмөц хоолойтой дуучин байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-16 17:57:32
    Dolgorsuren: Bid narig joohon baihad Davaahuu duuchnig 33 nuglaatai duug duuldag tsuuhun duuchdiin neg gedeg baisan chas hiitel duuldag baisan shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-16 06:45:13
    Damdinsvren Alimaa Dornod aimag : Dawaahvv gawyat bol mash owormots shuwuu jirgeh adil (shogshirgo )shuwuu mash hurdan tasraltgvi jirgedeg tvvnii adil ih hurdan hellgeer jargaaj mash donjtoigoor ardiin bogino duunuudiig duuldag hvn bsaan tegej jirwelztel gou duulj bgaa hvn odooch gargvi bn mogoliin tsor gants ardiin bogino duug ooriin owormots hooloigoor vldeesen duuchin baharhan dursaj bnaa bi sain tanidag blaa eejiigee dursaj aldariig ni orgoj bgaa hvvd ni amjilt hvsie mash ih bayrlalaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-15 23:12:55
    Еебее: Зүүнхараад " гангийн халуун наранд миний ээжий бөн бөн бөн.." гэж дуулаад анх гарч ирсэн . Тэгэхэд сурагч байсан байх аа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-15 22:14:46
    Д.Цэрмаа: Даваахүү эгч минь сайн дуучинаас гадна мундаг ухаантай эмэгтэй бсан юм шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-15 15:41:55
    Жамцуу Өлзийхутаг: Би Дорнод аймагт амьдардаг Хань минь ээжтэй нь Дорнодын театрт залуу сайхан насандаа хамт ажиллаж байсан Бид хэд сайхан найзууд байсан Сүүлд аймагтаа нэг ойгоор ирэхэд уулзаж байсан Өвгөн маань гоцлол дуучин байсан Сүүлдээ хөгжмийн багш болсон сургуулийн Бас л бурхан болоод 12жил боллоо Эмээ нь дээр ээжийнхэн нь дууг хэн сайн дуулах вэ гэсэн уралдаан явуулна гэж уншаад та нартай холбогдох гэж их бодож байгаад сая олж харлаа Манай нэг ач 6р анги гайгүй дуулна оруулж болох уу Ээжийнхэн нь сайн үнэлдэг 30гарсан нэг хүү бгаа хөдөө ажиллаж бгаа Дуулахгүй удсан ээж нь манай Дорнод мундаг гээд суудагсан Миний утас86944040 хэрлэн сум 1р баг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-15 11:31:42
    Зочин.: Даваахүү гавьяатыг мэдэх юм дорнодын театрт дуучин байх үедээ алтай чуулгын гавьяат жүжигчин паадамбын мөнхөөгөө с дууг яаж дуулах түүний 32. 64 тэр яаж цохиж ардын дууг дуулах талаар зөвөлгөө авч байсныг санаж байна одоо мөнхөө гуай нас барсан түүний гайхамшигтай хоолойг гүйцэх дуучин одоо ч гараагүй ь байна даа. Эрүүл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-15 09:07:49
    Алтанцэцэг : Жиргэж сайхан дуулна.Үгээ маш тод хурдан хэлнэ.Яг л алтан гургалдай шиг жингэнүүлэн дуулдагсан.Сайхан ч эмэгтэй байсан да
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 23:48:39
    Сувдангцэцэг.: Ээж нь үнэхээр сайхан дуучин бсанда, үнэхээр сонсох луртай тоглолтуудыг нь үзэх дуртай бсан, дууны 2 боть номыг нь авна шүү. Хаагуур зарагдаж бгаа болоо. 99788114.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 18:49:31
    .: Ёстой жиргэдэг дуучин байсан шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 13:20:38
    балдармаа: гавьяат дуучин даваа хүү нь мундаг дуучин ба сайн ээж байсан.дүү нартаа болон болд эрдэнэ дээ баярлалаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 10:11:18
    С.Ичинхорлоо: Жингэнэсэн нарийн дуутай хонх санаанд ормоор маш сайхмн хоолойтой дуучин байсандаа.АЖ -цолыг нөхөн олгож болмоор л юмдаа! Үүнийг бичиж суухад дуу нь сонсогдож байх шиг л санагдажбайна. Үрхүүхдүүдэд ньаз жаргал с/с бүхнийдээдийг хүсьё!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 09:43:07
    Зочин: Ардын жүжигчин цолыг нь нөхөн олгоход буруудахгүй Монголын ардын урлагийн нүүр царай нь байсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 08:22:52
    Зочин: Даваахүү гавъяатыг Дорнод аймгийн театрт дуучин байхаас нь мэднэ. Тэр хшниы дуулдаг бүх дуу одоогийхоор хит болдог. Би цагаан сар дууг нь профайл дээрээ татсан байдаг аа. Биширдэг дуучин минь. Үр хүүхдүүдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-14 07:54:40
    Цэцэгсүрэн: Ээж гэдэг хүн ганцхан байдаг ингэж байгаад чинь бахархаж байна урлагын янжин алхам бурхан ивээх болтугаы
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 22:47:22
    C: Mundag huu ymaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 21:35:11
    Zocjin: Eej min ih saihan duuchin geed magtaj bardaggui bsan san . Jinhene duuchin gauhamshigtai goy duuldag gedgiig zunduu sonsson . Mundag emegtei bausN daa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 20:50:35
    Д.Дашдондов: Ёстой нэг жиргэж дуулдаг давтагдашгүй хоолойтой гайхалтай дуучин байсан даа. Төрөлхийн хоолой гэдэг өөр гэдгийг үзүүлдэг байж дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 20:35:00
    Зочин: Хонх шиг дуутай, их сайхан дуучин бсан.Одоо ийм сайхан төрмөл хоолойтой дуучин алга даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 19:50:12
    Нацагюм: Сайхан дуулдаг сайн дуучин байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 19:09:08
    Зочин: Санхью гөлөм гэдэг ардын дууг үнэхээр гоё дуулахыг нь сонсох маш их дуртай байж билээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 19:04:30
    Зочин: Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин байсныг нь мэднэ. Маш гоё жингэнэсэн хоолойтой, ардын дууг гайхамшигтай сайхан , хонх шиг жингэнүүлэн дуулдаг эмэгтэй байсан даа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188