• Өнөөдөр 2024-05-06

ЦОЛ ХАМГААЛСНААР ЭРДЭМТЭН БОЛДОГГҮЙ

2023-11-10,   852

         Сэтгүүлчийн хувьд уулзах хүнийхээ тухай юу мэддэгээ эргэцүүлэн бодлоо. Сурагч ахуй цагтаа уншсан Ц.Дамдинсүрэнгийн Японд очсон замын тэмдэглэлээс энэ хүний нэрийг анх олж үзсэн санагдана. Одоогоос 32 жилийн өмнө бичсэн уг тэмдэглэлийг сөхөж үзье.

1957 оны VII сарын 25

       <<Бага тэнгэрийн амны ногоон ойд шигдсэн зуслангийнхаа жижиг байшинд унтаж өглөө босоод манай гадуур хорчигнон урссан тунгалаг горхинд нүүр гараа угааж байтал Монгол улсын их сургуулийн захирал Цэгмид гэрээсээ гарч ирээд <<Сайн явав уу? За сайн яваарай гэж бас танд удахгүй хэлэх болоод байх шив>> гэв. Сайн явав уу? гэж асуусан нь болбол Архангай аймаг, Хужиртын рашаан, Эрдэнэ-зуу зэрэг газраар зөвлөлтийн монголч эрдэмтэн Санжеев, Михайлов, Цэдэндамбаев, Өвөрмонголын эрдэмтэн Эрдэнэтогтох, Чингэлтэй, Содномюнрэн нартай 8 хоног жуулчилж яваад урьд шөнө ирсэн тухай асууж байгаа нь мэдээжийн хэрэг байлаа. Харин <<Сайн яваарай>> гэж удахгүй хэлэх болоод байна гэдэг нь ямар учиртай үг болохыг магадлан асуувал: <<Таныг Энх тайвны хорооноос Японд атом, ус төрөгчийн бөмбөгийг эсэргүүцэх олон улсын бага хуралд явуулах гэж байгаа бололтой>> гэв. Нээрээ ч мөн өдөр намайг Энх тайвны хороо дуудаж энэ тухай шийдвэр өглөө. Хамт явах нөхөдтэйгээ уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь нэлээд тохиромжтой санагдлаа. Атом физикийн мэргэжилтэй нөхөр Содном... нар явах юм байна...>>.

Академич Содном гуайтай уулзахдаа ийнхүү би хүүхэд ахуй цагийн гэгээн тунгалаг үеэ эргэн дурслаа. Академич Содном <<академи>>-ийн биш энгийн яриа хөөрөөтэй хүн болох нь анхны ярианаас андашгүй байв.

            -Манайд байгалийн ухаанаар академич ховор юм.

         -Ер нь манайд ч биш, гадаад орнууд ч гэсэн бусдаасаа түрүүн нийгмийн ухаан, түүх, хэл шинжлэлийн салбар нь илүү хөгжсөн байх юм. Байгалийн шинжлэх ухаан гэхэд урьд нь ганц нэг эрдэмтэн, мэргэд байсан ч бүхэл бүтэн цогц шинжлэх ухаан болж хөгжсөнгүй.

Одот ертөнц, цаг уурыг харин эртнээс судалж эхэлж. Энэ нь бэлчээрийн мал аж ахуйтай учраас цаг агаарыг мэдэх хэрэгцээ их байсантай холбоотой биз! Ардын хувьсгалын анхны жилүүдэд ч ЗХУ-ын тусламжаар цаг уурын олон станц байгуулжээ. Баялаг материал хуримтлагджээ. Энэ бол яах аргагүй судалгаа шинжилгээний үнэ цэнэтэй эрдэнэ мөн.

-Шинжлэх ухаанаа бид хэрхэн үнэлж цэгнэж байна вэ?

       -Дэлхийн шинжлэх ухаанд болон улс ардын аж ахуйд оруулах хувь нэмэр гэж бий. Манайд шинжлэх ухааны зарим салбар урсгалаар явж ирсэн талтай. Шинжлэх ухаанаа бид хэрхэн үнэлж цэгнэдгээс ажил үйлс маань шалтгаална. Улс орны хувьд гарсан зарим алдаа мадаг ч шинжлэх ухаанаа ойшоогоогүйгээс болсон гэж боддог. Өнөөдөр өнгөрсөн түүхийн сургамжаа ил тодоор ярьж байна. Энэ бол ганц нэг хүний төдийгүй ер нь бид юунд алдаж оносноо эргэн харж дүгнэж цэгнэж байгаа хэрэг шүү дээ. Захиргааны арга маань биднийг хэн хүний эрдэм мэдлэгийг биш албан тушаалыг шүтдэг болгочихож. Эрдэмтэн, мэргэжилтний санал, дүгнэлтээс урьтаж хэний албан тушаал өндөр байна түүний хэлсэн үг үнэ хүндтэй байж.

Үүнээс үүдэн аливаад дур зоргоороо хандах, нэг хүний хэлснийг буруу зөв ч үг дуугүй дагадаг болжээ.

-Бид ч их бага аливаа зүйлд шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах гэж их ч ярьдаг. Гэтэл жинхэнэ ажил үйлс дээрээ...

       -Шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах тухай ярихгүй хүн гэж үгүй. Дэндүү их ярьдаг. Гэтэл энэ уриа лоозон маань хоосон, зүгээр л заавал ярих ёстой мэт хэллэг болчихсон. Иймээс л хүн бүхний дэндүү их сонссон, мэддэг үг чухамдаа мэддэггүй үйлс болжээ. Төлөвлөгөөг тухайн үед ямар ч аргаар хамаагүй тооны хувьд биелүүлж л байвал бусдыг харгалзан үздэггүй хуучин үнэлгээ маань аж ахуйн хүмүүсийг тэр болгон шинжлэх ухааны ололт, бүтээлийг сонирхоход хөтөлж байсангүй. Учир нь их, бага аливаа судалгаа, бүтээл цаг хугацаа, хөрөнгө хүч, туршилт шаарддаг учраас тэдэнд ингэж суух зав байсангүй. Илүүц зүйл гэж үзэж байлаа.

Удирдах ажилтан, мэргэжилтний шинжлэх ухаандаа хандах хандлагад үнэхээр өөрчлөлт гаргах цаг болсон. Ингэхгүйгээр өмнөө тавьсан зорилгоо, шинэчлэл өөрчлөлтөө хийж чадахгүй гэж шууд хэлж болно.

       Энэ таагүй хандлагад шинжлэх ухааны хүмүүс бидэнд ч буруу бий. Эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудын идэвх санаачилга дутмаг байна. Тэдний дунд авьяас чадваргүй хүмүүс цөөн бус байсан, одоо ч байгаа. Үүнээс болж нийт эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудын нэр хүнд буурсан болов уу?

-Уучлаарай, академичаа дэд эрдэмтэд борооны дараах мөөг шиг олширлоо гэж ярилцах боллоо. Сайн хэрэг, гэхдээ чанар нь ямар байна вэ?

          -Үнэн. <<Диссиртаци бичихэд хайч, цавуу хоёр хэрэгтэй>> гэсэн ч үг бий. Гашуун боловч үнэний хувьтай. Гэхдээ хүн болгон ийм биш.

          Цол хамгаалах сонирхлыг төрүүлэх зүйл байгаагаас ингээд байна уу даа. Жишээ нь нэмэгдэл цалин зэрэг хөнгөлөлт бий. Заавал цолтойд нь биш чадвартай авьяастайд нь ийм нэмэгдэл байдаг бол ингэж цаг заваа гарздан илүү ажил хийх гэж тэмүүлэхгүй байлгүй. Харин авьяас билэг, чадварын хувьд дэд эрдэмтний цол хамгаалсан бүхэн эрдэмтэн биш байна. Тэгээд ч зарим хүн цол хамгаалавал л эрдэмтэн болчих юм шиг боддог бололтой. Эрдэмтэн хүн гэдэг заавал ингэснээр болчихдог юм биш. Эрдэм номын мөр хөөнө гэдэг чармайлт хэрэгтэй. Тэгээд ч авьяас билэг гэж том зүйл байна. Үүнийг сургууль, аспирантураар ч олж авахгүй. Эрдмийн ямар цолгүй ч жинхэнэ эрдэмтэй хүмүүс байна. Тиймээс ч ард олон маань жинхэнэ эрдэмтнийг цол хэргэмээр нь биш хийсэн бүтээснээр нь үнэлдэг.

         -Манай орон хүн ам цөөн. Ийм жижиг орны хувьд заавал юм бүхэнтэй байх хэрэг юу байдаг бол? Хөрөнгө, хүчний талаар харьцангуй хязгаарлагдмал... Зөвлөлтийн яруу найрагч, Расул Гамзатов Дагестан орныхоо шинжлэх ухааны талаар ийм санааг нэг ярилцлагадаа хөндөж хэлсэн байдаг. Өөрсдөө нэгэнт тийм өндөр төвшинд биш бол бусдаас, өндөрлөгөө авсан шинжлэх ухаанаас бэлнээр нь авсан нь дээр гэсэн санаа гэж ойлгож байна. Биднийг нээх хэмээн зүдэрч байхад аль эрт нээгээд байна шүү дээ!

        -Шинжлэх ухааны хувьд бодох л зүйл. Гэвч манай орон, Дагестан хоёр бас өөр юмаа. Тэд бол ЗСБНХУ-ын их ам бүлд багтаж байгаа орон. Ах дүү бүгд найрамдах улсууд ч, Бүх холбоотын хэмжээнд ч олон хүрээлэн, академи байна. Тиймээс Гамзатовын хэлдэг нь Дагестан хувьд зөв байж болно. Бид бол бас тусгаар нэг улсын хувьд шинжлэх ухааны олон салбарыг хөгжүүлэх учиртай. Гэхдээ алийгаа тэргүүлэх вэ? Хүн хөрөнгө оюуны чадавхыгаа хаанаа илүү зориулах вэ? гэдгийг зөв олж тогтоох нь зүйтэй юм.

         -Ард түмэндээ төдийгүй дэлхий дахинд нэр, мөрөө гаргасан Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гээд буурал эрдэмтэд байлаа. Одоо олон улсын хэмжээнд яригдаж хүндлэгддэг ямар эрдэмтэн байна вэ?

         -Жинхэнэ эрдэмтэн хүний гол тодорхойлолт энэ л дээ. Манайх одоо палентологиор хэнтэй ч ярьж хөөрөхөөр болж. Доктор Барсболд, Дашзэгвэ нарын нэрийг олон орны эрдэмтэд андахгүй. Мөн доктор Намсрайг ийм хэмжээнд авч үзэж болно гэж бодож байна. Аливаа улс орны эрдэмтэд дэлхийн шинжлэх ухаанд оруулдаг хувь нэмрийн тухай түрүүн би хэлсэн. Эд бол ийм л хэмжээгээр сэтгэж боддог хүмүүс.

        -Та яагаад заавал цөмийн физикч болсон тань сонин байна?

 

       -МУИС-ийн анхны төгсөгчдийн нэг, (1946 онд) физикийн анги төгссөн. Тэр үед багшлах боловсон хүчин ховор байж дээ. Их сургуулийн ахлах ангид суралцаж байхдаа багшилж байлаа. Төгсөөд Аюушжав бид хоёр Москвагийн улсын их сургуульд нэг жил мэргэжил дээшлүүлж алдартай профессоруудын лекцэнд суусан. Дараа нь Москвагийн улсын их сургуулийн аспирантурт суралцаж 1953 онд <<Газар хөдлөлийг урьдчилан мэдэх боломжийн тухай>> сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

       Их сургуульдаа багшилж байхад социалист орнуудын хамтын цөмийн шинжилгээний нэгдсэн институт Дубнад байгуулагдсан (1956 онд). Ингээд улс орныхоо нэрийн өмнөөс тэнд эрдэм шинжилгээний ажилтнаар очиж ажиллах хувь тохиосон. Маш сайхан лабораторьт ах дүү орны эрдэмтэдтэй хоёр жил ажилласан. Ирээд МУИС-даа ректор боллоо (1959-1967 он). Дараа нь буцаад Дубнад очсон. Дубнагийн цөмийн шинжилгээний нэгдсэн институтын орлогч захирлаар гурван удаа улиран сонгогдож ажиллалаа.

Миний амьдралын хамгийн сайхан он жилүүд МУИС, Дубнагийн институт хоёртой холбоотой.

        Бүр саяхан 1985 оноос бас Дубнагийн институтэд ажиллаж байгаад 1987 онд ШУА-ийн ерөнхийлөгч болсон.

         -Анх ерөнхийлөгчийн ажлын өрөөний хаалга татахдаа юу бодсон бэ?

         -Нөхдийн итгэл хүлээсэн хүн зүгээр сууж болохгүй тухай л бодсон. Нас минь тийм залуу биш ч гэсэн зүтгээд үзье гэж зориглосон. Үнэндээ академийн талаар тийм ч өргөн мэдээлэлтэй байгаагүй. Нарийн ширийнийг яаж мэдхэв. Дотоод амьдрал, хамт олны уур амьсгалыг мэдрэх нь чухал байлаа. Миний ганц цээрлэдэг, дургүй зүйл бол хов живийн үг. Үүнийгээ нөхдөдөө эхэлж ойлгуулна гэж бодсон. Бага ч гэсэн одоо мэдэж байгаа болов уу. Их бага ямар ч хамт олны уур амьсгал цэвэр тунгалаг, агаартай байх учиртай. Ийм ахул хүн чөлөөтэй амьсгална. Эхний үед хэн бүхэн л янз янзын юм хэлнэ. Гэхдээ тэдний үгийг сонссон. Нэгийгээ муулах, сайлахыг ч сонссон. Хэлсэн, хэлүүлсэн алиныг бусдын үгээр үнэлэхийг бодоогүй.

        Аливаа нэргүй мэдээллийг хүлээж авахгүй, харин ил шүүн ярилцъя гэдгээ нийтэд мэдэгдсэн. Харин түүнээс хойш нэгнээ муулсан, нэр хаяггүй юм ирэхээ больсон, энэ ч бага юм биш. Ийм хүмүүс олон байсан гэсэн үг биш шүү. Ганц ч гэсэн цөөдөхгүй. Нөхөрсөг, бүтээлч хамт олон юу ч хийнэ гэсэн санаагаар хэлж байгаа юм.

-Тантай хамт Японд явж байсан академич, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн тухай таны дуртгал...

      -Дамдинсүрэн гуайг бүр эртний мэднэ. 1940 онд юм уу даа. Дамдинсүрэн гуай хилсээр шоронд сууж байгаад гарч ирээд ШУХ-ийн хэлбичгийн тасагт эрхлэгч байхад би дэд ажилтан одоогоор бол лаборантаар ажиллаж байсан. Ажил, амины аль ч цагт нь бичээчийн үүрэг хүлээнэ. <<Монголын нууц товчоо>>-г Дамдинсүрэн гуай олон хэлний номноос тулган үзэж, хэлж өгөн надаар шинэ үсгээр бичүүлсэн. Дамдинсүрэн гуай зохиол бүтээлээ дуудаж өгч шууд бичүүлдэг хүн байсан. Лав л Сүхбаатар киноны зохиолыг оросоос монголчлохдоо бас л шууд дуудаж өгч байсан юм. Бичихээсээ бодох, сэтгэх нь түргэн хүн учир ингэдэг байсан болов уу? Энэ их бичгийн хүний дэргэд ажилласных монгол хэл найруулгыг сурч авсан. Орос хэлийг ч Дамдинсүрэн гуайн ачаар сурсан юм. Их сургуульд байхдаа орос хэлнээс орчуулга хийдэг байлаа. 1943 онд их сургуульд сурч байхад ээж минь насан өөд болж Дамдинсүрэн гуайн гэрт нь ирж амьдарсан. Энэ үед тэрбээр <<Үнэн>> сонины эрхлэгч байсан. Би өдөр нь хичээл номдоо явна. Орой нь хичээлийнхээ хажуугаар нарийн бичгийн дарга нь болж байж. Дамдинсүрэн гуайн гэргий нь орос хүн болоод тэр биз! Ногоо голдуу хачин сайхан олон янзын хоол, боов хийнэ. Бид хоёр түүнд нь тийм ч таатай биш. Дамдинсүрэн гуай мах чанаад шөлөнд нь шар будаа хийж идэх дуртайсан. Хоёулаа дундаа шар будаатай хоолоо тавиад суухад хэн хэний л наран гарах шиг дуу шуу ороод явчихна. Сүүлд нь ажил амьдралтай залгасан ч үргэлж ойр дотно явж байсан.

        Хүнийг том, бага гэдэггүй ярьж хөөрдөг хүн. Албан ажлаар ч Дамдинсүрэн гуайтай аяны дөрөө нийлж явсан. Өвгөн академичийн хүний үгийг дуулж сонсдог, харин тэр болгон дагаад байхгүй голч шулуун чанарыг нь би одоо ч хүндэтгэж явдаг.

-Та эрдэмтнийхээ хувьд, энх тайвны зүтгэлтний хувиар олон хурал, зөвлөгөөнд оролцсон нь мэдээж. Одоогоор дэлхийн хичнээн улс оронд очиж үзсэн нь уншигчдад бол сонин байж мэднэ.

       -Улс, ард олны буянаар цөөнгүй оронд очиж энх тайван, эрдэм шинжилгээний хурлуудад оролцож явлаа. За байз, илүү дутуу хэлж болохгүй биз дээ. (гээд номынхоо өрөөнд орон жижиг лавлах ном авчирснаа –би ч тоолж байгаагүй юм байна. Алив хоёулаа тулганаа хэмээн очсон орныхоо нэрийг ийнхүү дуудав).

   -Афганистан, Австри, Англи, АНУ, Болгар, Бразил, Венесуэл, БНСВУ, БНАГУ, Дани, Египет, ХБНГУ, Иран, Итали, ЗХУ, Куба, Польш, Румын, Солонгос, Унгар, Филиппин, Финланд, Франц, Хятад, Чехословак, Швейцари, Энэтхэг, Югослав, Япон улс, Гонконг.

         -Гадаад явсан хүмүүс тухайн орны дурсгалын зүйл авдаг. Таны хувьд...

       -Би ялигүй зүйл, очсон орноосоо халбага л цуглуулдаг. Улс, хотын сүлд тэмдэгтэй халбага байдаг юм. Түрүүн л хоёулаа халбагаа тоолдог байж (инээв).

-Эхэлж ярьсан сэдэвтээ эргэж оръё. Шинжлэх ухааны байгууллага өөрчлөлт, шинэчлэлийн үед хэрхэн ажиллах талаар таны санаа...

      -Юуны өмнө өөрчлөлт, шинэчлэлтийн шинжлэх ухааны үндсийг бид хийж өгөх учиртай. Ингэхийн тулд өөрсдөө бид өөрчлөгдөж шинэчлэгдэх ёстой. Ардчиллыг шинжлэх ухааны ажил үйлст хэрэгжүүлнэ. Олуулаа ярьж зөвлөх, хамт олны санал бодлыг сонсож сурахаас эхэлж байна. Үнэнийг хэлэхэд цөөхөн хүн аливаа эрхийг барьж, хатуугаар хэлэхэд дураар дургиж, шинжлэх ухаанд шинэ залуу хүнийг бага оруулж, өөрсдөө л бүх юмаа хийдэг байснаас залгамж халаагаа тийм сайн бэлтгэсэнгүй. Ил тод байдлыг дэмжин дэлгэрүүлнэ. Шинжлэх ухааны бүтээлийг хамт олноороо шүүн хэлэлцэж бусдын үгийг дуулж үнэлэлт дүгнэлт олох нь бидний мөрийн хөтөлбөр болох учиртай. Дараачийн гол зорилт бол шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх жинхэнэ эрдэмтэн хүн нь удирдаж байя л даа. Тэднийг хамт олон нь чөлөөтэй сонгож сурах сан. Хамтлаг, хүрээлэнгүүдийн бие даасан байдлыг ханган хэт зангидан удирдахаас татгалзана. Бид эхний алхмууд хийж байгаа. Түрүүн хөндөж ярьсан даа. Шинжлэх ухааны чиглэлээ оновчтой сонгох, дэс дарааг нь зөв тогтоох нь тун чухал. Улс орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дээд сургуулийн оюуны потенциалыг ашиглах ажил тийм хангалттай биш байна. Хэрэглээний шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ч салбарын хүрээлэн, дээд сургуулийн холбоог нэгтгэвэл их зүйл амжуулна. Шинжлэх ухааныг эрхлэхэд өөрт нь бас шинжлэх ухаан хэрэгтэй  тодорхой программ боловсруулж хөтлөхийг эрмэлзэж байна. Энэ программаа дагасан байнгын болон түр хамтлагуудыг байгуулж ажиллуулах ашигтай гэж үзэж байна.

Ямар зүйлд ч хамгийн гол асуудал гэж бий. Үүнийг зөв олж тогтоовол улс орныхоо хөгжилд тус болохуйц зүйл бүтээж болно.

         -Жишээлбэл хамгийн чухал тэргүүлэх чиглэлийн тухайд:

     -Социалист орнуудын 2000 он хүртэл хөгжүүлэх шинжлэх ухааны тэргүүлэх таван чиглэл бий. Түүний нэг нь биотехнологи. Үүнд хүч хөрөнгөө төвлөрүүлж бүх талаар дэмжих ёстой юм. Хөгжиж байгаа орнууд аливаа чухал асуудлыг хойноос нь гүйцэж түрүүлэх биш урьдчилан харж түрүүлж байна. Улсын хэмжээний комисс, зөвлөлийг хөрөнгө, мөнгөний эрх мэдэлтэй ажиллуулж, эрдэмтэддээ ч бүхий бололцоогоор нь хангах ёстой. Хүн дан шахаж шаардуулж ажилладаг ч юм биш шүү.

       -Их дээд сургууль шинэ төгсөгчдөөс авьяас чадвартай, ирээдүйтэй хүмүүсийг шилж сонгон ганц нэгээр нь ч гэсэн дэлхийн нэртэй лаборатори, эрдэмтдийн дэргэд ажиллуулах, суралцуулбал сайн эрдэмтэд төрмөөр юм шиг санагддаг. Гадаад орнууд шилдэг мэргэжилтэн, эрдэмтдээ ингэж бэлтгэдэг туршлага байна.

        -Энэ бол чухал санаа. Бид ойр зуурхандаа ингэж байвч ганцаарчилсан сургалт, мэргэжил дээшлүүлэх ажлыг зоригтой хийж чадахгүй байна. Зөвхөн сургууль, лекцээр төдийгүй нэрт эрдэмтдийн лабораторид сая эрдэмтэн өсөж эрийн цээнд хүрдгийг том эрдэмтдийн амьдрал харуулж байна. Ингэж гэмээнэ эрдэмтэд маань дэлхийн төвшинд хүрнэ.

-Суурь онолын болон хавсарга судалгааны талаар таны бодол...

         -Аль аль нь байх зүйл. Аль нэгийг нь хэт өрөөсгөлөөр авч үзэж болохгүй. Тэгээд сайн онолын судалгаагүй хавсарга судалгааны ажил ч өөдтэй болдоггүй. Суурь шинжлэх ухаанаас яг өнөөдрийн ашиг тус хүлээж болохгүй л дээ. Жишээ нь Намсрай докторын суурь судалгаа бол маш хийсвэр. Ёстой аж ахуйн хүний ойлголтоор бол шууд мөнгө төгрөг өгөх зүйл биш. Цэвэр онолын асуудал юм л даа. Үүнийг судлан шинжилснээр шинжлэх ухааныг сэтгэлгээний хувьд урагшлуулах юм. Онолын ийм асуудалд бид бас ухаантай хандаж дэмжиж туслах учиртай. Гэтэл ургац нэмэгдүүлэх ч юм уу, шинэ технологи нэвтрүүлэх ашиг тусаа өнөө маргааш өгөхөөр, эрдэмтэн хүний бүтээлч сэтгэлгээ гар оролцохоор, улс оронд маань хэрэгтэй олон асуудал байна. Үүнд эрдэмт хүний эрдэм хэрэгтэй. Хавсарга шинжлэх ухаан гэж нэрлэснээс хэрэгцээний гэвэл дээр юм шиг санагддаг. Хавсарга гэхээр нэг л <<хавсарга>> юм шиг ойлгогдоод байна.

         -Уламжлалт асуултаар ярилцлагаа өндөрлөе. Манай уншигчдад хандаж та юу хэлмээр байна вэ?

-Бидний хэн маань ч гэсэн жинхэнэ ажил үйлсээ эрхэмлэн улс үндсээ бодож, дор бүрнээ чадлын хэрээр шулуун шударга зүтгэвээс нэн зохилтойг хэлэхэд юун илүүдэх вэ!

Ярилцсан О.СОДНОМПИЛ

 


ЦОЛ ХАМГААЛСНААР ЭРДЭМТЭН БОЛДОГГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188