• Өнөөдөр 2024-05-06

ДОРНОД АЙМГИЙН МАЛЧИН Д.ХАТАНБОЛД: ХИЛ ДАМНАСАН МАЛЫН ХУЛГАЙ, ХЭРЭГ НАЙМААЛЦАЖ, АВЛИГА АВДАГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАНТАЙ НАСААРАА ТЭМЦЭЖ БАЙНА

2023-10-12,   945

БИ ИРГЭДИЙНХЭЭ ЦАГААН ХООЛОЙ НЬ ГЭСЭН ҮГ 

       Дорнод аймгийн Хэрлэн сумын малчин Д.Хатанболдтой ярилцлаа. Тэрбээр есдүгээр сарын сүүлийн долоо хоногт Ерөнхий сайдыг нутагтаа очих үеэр аймгийнхаа хэмжээнд болж бүтэхгүй байгаа асуудлуудыг болон хууль, шүүхийн байгууллагынхныг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлжээ.  Түүний бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олны санал, бодолд нийцсэн зөв зүйл ярьсан хэмээн магтуулаад байгаа. Тэгвэл тухайн аймагт ямар асуудал тулгардаг, хуулийн байгууллагынхан нь ажлаа хэрхэн хийдэг талаар түүнтэй ярилцсан юм. 

-Та Ерөнхий сайдыг нутагтаа очих үеэр аймгийн хэмжээнд тулгарч буй асуудлуудаа ярьж, үзэл бодлоо илэрхийлсэн байсан. Ерөнхий сайд таны тавьсан шаардлага, хүсэлтэд хариу хэлсэн үү?

     -Манай аймаг Орос, Хятадын хилтэй залгаа учраас хил дамнасан малын хулгай их. 2020 онд манай сумын зургаан айл адуугаа азарга, азаргаар нь алдаад олоогүй. Хил дамнасан хулгай элбэгшиж байгаа нь улсын хил торгүй байгаатай холбоотой. Тэгэхээр хилийн бүсийг яаралтай тортой болгож, камержуулах хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт, хулайчуудыг хуулийн байгууллагынхан өөгшүүлж байгаа нь нууц биш. Анхан шатны шүүгч нар ял өгчихсөн байхад ялыг нь хөнгөлдөг шүүгч нар манай аймагт бий. Тухайлбал, хүн амины хэрэгтэй, хулгайн хэрэгт холбогдсон этгээдүүдээс авлига авч, хэргийг нь хөнгөлдөг болов уу гэж харддаг. Жишээ нь, хүн амины хэрэгт холбогдсон айлд анхан шатны шүүгч нь прокурортойгоо архи уугаад сууж байхтай хүртэл таарч байсан. Манай аймгийн хууль, хяналтынхан иймэрхүү байдлаар ажилладаг гэсэн үг. Би тэдний талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үе, үеийн дарга нарт гомдол гаргаж байсан. Тэр дарга нар дутагдалтай эвлэрчихсэн юм билээ. Тэгэхээр шүүхийн сахилгын хороог татан буулгаж, прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх нь зөв гэж боддог. Би энэ хоёр агуулгын хүрээнд Ерөнхий сайдад саналаа хэлсэн. Хилийн бүсийг сайжруулах, шаардлагатай зүйлсээр хангах талаар ярилцаж, яаралтай арга хэмжээ авна гэсэн. 

-Танай аймагт хил дамнасан малын хулгай элбэгшсэн гэж ойлгосон. Түүнийг та баримттай ярьж өгөөч?

     -Би 2020 онд азарга адуугаа алдаад олоогүй. Манай аймагт хил дамнасан малын хулгай нэмэгдэх болсон шалтгаан нь хулгайч нарыг өөгшүүлдэг, хамтран ажилладаг хуулийн байгууллагынхантай холбоотой. Сүүлийн үед хулгайч нар Өвөрмонгол, Оросын хулгайч нартай нэгдэж, хил дамнасан хулгай эрчээ авсан. Малчдын адууг азарга азаргаар нь хулгайн замаар тууж, хил гаргахаар цаанаас нь авдаж авдаг гэсэн яриа байдаг. Мөн хэдэн жилийн өмнө Оросоос орж ирсэн адууг манай аймагт ажиллаж байсан прокурор баруун аймгууд руу ачуулсан гэж ярих нь бий. Тэгэхээр малчид хүртэл малаа тайван бэлчээх аргаггүй болоод байгаа юм. 

-Та хуулийн байгууллагынхныг хэрэг наймаалцдаг, авлига авдаг хэмээн онцолсон шүү дээ. Та тэднийг бусдаас авлига авч байхыг нь харсан юм уу?

     -Би аймаг, сумынхаа иргэдийг хуулийнханд авлига өгөхөөр мал туугаад явж байхтай нь, гэртээ уриад архидуулж байхтай нь, тарваганы арьс бэлтгэж байгаатай нь гэхчилэн таарч байсан. Үүнээс гадна хүн, малаа алдсан, гомдолтой иргэд надад асуудлаа хэлдэг. Би тэдний өмнөөс хуулийнхантай маргалдсаар байгаад тэд намайг андахгүй болчихсон. Нэг ёсондоо намайг үзэн яддаг гэсэн  үг. Зарим нь, амаа хамхиж явахгүй бол СЭМҮТ-д хэвтүүлээд, сэтгэцэд чинь өөрчлөлт оруулах тариа хийлгэчихнэ шүү гэж сүрдүүлж байсан удаа ч бий. Зарим нь намайг дарга болох дуртай өвгөн гэж ярьдаг гэсэн. 

-Та бусдын өмнөөс хууль, шүүхийнхэнтэй маргаан үүсгэж, болох, болохгүйг нь хэлдэг гэсэн. Ингэх шаардлага бий юү?

     -Манай аймаг, сумынхан болох болохгүй, сонссон, харсан болгоноо надад ирж хэлдэг юм. Тэгээд намайг дээш нь дамжуулаад, асууж тодруулаад өгөөч гэдэг. Тийм болохоор би бусдын асуудлыг хүртэл тодруулж, хэргийг нь шийдүүлж явсан. Тэдэнд өөрсдөө хэл, өөрсдөө учраа ол гэхээр айгаад байна гэцгээдэг. Би иргэдийнхээ цагаан хоолой нь гэсэн үг. Би хүний гарт дүүгээ алдаж байсан юм. Тухайн хэргийг хуулийнхан буруу тогтоож байсан болохоор би хууль, шүүхийнхэнд итгэхээ больсон. Түүнээс хойш тэдний болох, бүтэхгүй бүхнийг хэлж ярьсаар яваа. 

-Тэгэхээр таныг насаараа хил дамнасан малын хулгай,  хэрэг наймаалцаж, авлига авдаг хуулийнхантай тэмцэж яваа иргэн гэж ойлгож болох уу?

     -Болно оо. Хууль, шүүхийн байгууллагынхан ажлаа ёс зүйтэй, чамбай хийж чадахгүй хулгайч, алуурчдын хэргийг хэрэгсэхгүй болгож, ялыг нь хөнгөлж байгаагаас болж  эмх замбараагүй байдал үүсэж байгаа. Үүнээс хүн амины ямар гэмт хэргүүд гарах болсныг нийтээрээ харлаа. Тэгэхээр бид тэднийг хянаж, цагдаж, шаардлага тавьж, сонссон, харснаа хэлж байх ёстой гэж боддог. Хэрвээ эзэнгүй юм шиг тоохгүй орхих юм бол бүр даварна. Цаашид ч би тэдэнтэйгээ тэмцэж, иргэдийнхээ дуу хоолойг хүргэнэ гэж боддог.

-Та хэдэн оноос Дорнод аймгийн төвд амьдарч байна вэ?

     -Би 2015 оноос аймгийн төвд ач охиноо хараад амьдарч байна. 1990 он хүртэл малын эмчээр ажиллаж байгаад малчин болсон. Тийм болохоор малчин хүний жаргал, зовлонг сайн мэднэ гэсэн үг. 


ДОРНОД АЙМГИЙН МАЛЧИН Д.ХАТАНБОЛД: ХИЛ ДАМНАСАН МАЛЫН ХУЛГАЙ, ХЭРЭГ НАЙМААЛЦАЖ, АВЛИГА АВДАГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАНТАЙ НАСААРАА ТЭМЦЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188