• Өнөөдөр 2024-05-06

ЦЭРГИЙН АРСЛАН Б.ӨЛЗИЙСАЙХАН: Эмээ минь намайг "Улсын цолтой том бөх болно" гэдэг байсан даа

2023-09-23,   2181

             Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Эр бор харцага” булангаараа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат ОУХМ Б.Өлзийсайхантай ярилцлаа. Тэрбээр саяхан болсон Бүх цэргийн наадамд уран сайхан барилдаж, цэргийн арслан цол хүртээд буй.  

-Та Бүх цэргийн наадамд сайхан барилдаж, түрүүлээд цэргийн арслан цолтон боллоо. Бөхөд хайртай монгол түмэндээ баярын сэтгэгдлээ хуваалцаад хоёулаа яриагаа эхлүүлье?

              -Баярлалаа. Уншигч олондоо энэ өдрийн мэнд хүргэе. Цэргийн арслан цол хүртсэндээ маш их баяртай байна. 2018 онд Налайхын наадамд зургаа давж аймгийн харцага цол хүртсэнээсээ хойш цолоо ахиулж чадаагүй байсан. Цол олгох барилдаанд дандаа тунаж, сайн бөхчүүдтэй таарчихаад нэг л болж өгөхгүй байлаа. Харин сая болсон Бүх цэргийн барилдаанд түрүүлж, цэргийн арслан болсондоо их баяртай байна.  

-Та бөхийн спортоор хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцаач. Багаасаа барилддаг байв уу?

              -Манай эмээ намайг багад “Манай энэ бага хүүхэд том болоод улсын цолтой бөх болно доо” гэж хүмүүст хэлдэг байсан. Тэгээд л миний шилэн хүзүүг минь барьж, элээд л суудаг байсан. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Зүүн хоолой гэдэг газар манайх нутагладаг байлаа. Тэр л газар багасаа үе тэнгийнхээ хүүхдүүдтэй барилдаж өссөн.

          Би 2004 онд есөн настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн юм. Тодорхой шалтгааны улмаас хоёр жил барилдалгүй өнжиж, 11 настайгаасаа дахин чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Чөлөөт бөхөөр хичээллэх болсон түүх ахтай минь салшгүй холбоотой. Төрсөн ах  минь чөлөөт бөхөөр барилддаг байсан юм. Нэг өдөр ах “Чөлөөт бөхөөр бэлтгэл хийж байгаа” гээд л гаднаас орж ирээд над дээр мэх хийж давтаад эхэлсэн. Тэгээд л би “Ахаа намайг хамт аваад яваач” гэсэн. Тэгж л анх ахыгаа дагж чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн дээ.

 

Олон жил уулзаагүй ах минь эх нутагтаа ирж, манай гэр бүлийнхэн магнай тэнийх болоод баяртай сууна даа

-Таныг анх чөлөөт бөхөд дагуулж, оруулсан ахынхаа талаар яриа дэлгээч. Ах нь одоо барилдаж байгаа юу?

              -Манай ахыг Б.Олдох гэдэг. Одоо Солонгос Улсад гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байгаа. 2011 онд БНСУ руу ажиллаж, амьдрахаар явсан юм. Намайг холбоо барихаар ах “Дүүгээ арслан цолтой болохоор л монголд очно” гэдэг байсан. Сая цэргийн арслан болоод ярьтал “Одоо ах нь яваад очъё” гэсэн. Олон жил уулзаагүй ах минь эх нутагтаа ирж, манай гэр бүлийнхэн магнай тэнийх болоод баяртай сууна даа.

            -Ээж, аавынх нь удамд танаас өөр барилддаг бөх байгаа юу. Монголчууд удмаа дагж бөх төрдөг гэж ярьдаг шүү дээ?

              -Манай өвөө барилддаг байсан гэнэ лээ. Тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор сайн мэддэггүй юм. Манай өвөөг Зүүнбаян-Улааны Зүүн хоолойны "тонгордог" Долгор гэж хочилдог байсан гэдэг. Энэ нэр нь ер нь нутаг усандаа цуутай даа. Нутгийнхан маань өвөөг бөхөөр тууштай барилдсан бол “Улсын цолтой том бөх байх байсан” гэж ярьдаг. Өвөө минь харин мал хариулаад ямар ч завгүй амьдардаг байсан. Хаа нэг л сонирхлоороо барилддаг байсан юм билээ. Ер нь нутаг хошуундаа алдартай том цолтой бөхчүүдийг бол өвдөг шороодуулдаг байсан гэнэ лээ.

 

Монгол Улсын харцага Б.Цэдэнсодном бид хоёр чинь нэг голынх. Багаасаа хоорондоо барилдаж өссөн багын найзууд

-Таныг улсын харцага Ө.Даваабаатартай төрөл гэж сонссон. Энэ үнэн үү?

              -Ө.Даваабаатар харцага манай эмээгийн талаар төрөл юм билээ. Даваа ах бид хоёр нэг багшийн шавь.  Ах бид хоёр сургууль амрахаар л шууд хөдөө хамт явдаг байсан. Ер нь сургууль амрах дөхөөд ирэхээр л Өвөрхангай аймаг руугаа яараад л эхэлнэ. Эмээ маань нутагтаа мал олонтой малчдын нэг. Тиймээс ах бид хоёр зуны амралтаар байнга очиж тусалдаг байлаа.

-Бага нас тань хэрхэн өнгөрсөн талаар яриа дэлгээч?

              -Айл саахалтын хүүхдүүдтэй малын бэлчээрт барилдана. Орой гүүгээ тавьчихаад нэгнийдээ очиж, айраг уухдаа барилдана. Ер нь хувцсаа тэсгээдэггүй байсан даа. Монгол Улсын харцага Б.Цэдэнсодном бид хоёр чинь нэг голынх. Багаасаа хоорондоо барилдаж өссөн багын найзууд. Одоо ч сайн найзууд хэвээрээ. Манай Б.Цэдэнсодном хүнд тусархуу сайхан сэтгэлтэй залуудаа. Найз маань улсын харцага цол хүртээд “Дараагийн харцага цолтон миний найз шүү. Гоё байгаа биз” гэдэг байсан. Сая намайг цэргийн арслан цол авахад хамт байсан. Надад зөвлөгөө авч, намайг тавшируулж, цай хийж өгөөд л хажууд минь байв. Хүний найз ямар байх ёстой жинхэнэ утгаар харуулж чаддаг хүн. Манай Б.Цэдэнсодном шиг найз нөхдийнхөө амжилтаар бахархаж, баярлана гэдэг бол маш хүнлэг сайхан сэтгэлтэй байгаагийн илрэл юм шүү дээ. 

              -Анхны цол  гэдэг хэзээ ч мартахааргүй сайхан дурамж бүтээж байдаг шүү дээ. Тэгэхээр та анх сумын заан цол хүртэж байсан түүхээ бидэнд хуваалцвал?

-Би 2012 онд Сэлэнгэ аймгийн Баян хараат сумын наадамд барилдаж, сумын заан цол хүртэж байсан. ОУХМ Г.Амархүү намайг дагуулж яваад нутагтаа барилдуулж энэ цолонд хүргэж байлаа. Сумын наадамд анх барилдахдаа ерөөсөө барьцын барилдаан хийгээгүй. Дэвжээнд гараад өрсөлдөгч бөхийнхөө хөл рүү ороод л байсан. Нэг л мэдэхэд түрүүлчихсэн байлаа. Анхны цол үнэхээр гоё байсан. Энэ цолыг би 19 настайдаа авч байлаа. Мөн дараа жил нь Сэлэнгэ аймгийн Орхон суманд барилдаж, түрүүлээд цолоо баталсан даа.

 

 


ЦЭРГИЙН АРСЛАН Б.ӨЛЗИЙСАЙХАН: Эмээ минь намайг "Улсын цолтой том бөх болно" гэдэг байсан даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-22 11:18:16
    Амар: Сайхан хүү. Том цолонд хүрээрэй. Сайхан ярилцлага б.а
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-20 18:09:45
    Зочин: Ийм үлгэр хэнд хэрэгтэй юм бэ, хэн сонирхох юм бэ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188