• Өнөөдөр 2024-05-16

ГЭГЭЭН МУЗА НААДМЫН ШИЛДЭГ ЗОХИОЛЧ, НАЙРУУЛАГЧ Г.МИШЭЭЛ: “АСАЖ БУЙ ТОЛГОД” ЖҮЖГИЙН ХАМГИЙН ТОМ ШҮҮГЧИД НЬ ХҮҮХДҮҮД БАЙСАН

              Драмын салбарын шилдгүүдийг тодруулдаг Гэгээн муза наадмын хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг найруулагч, шилдэг зохиолчийн шагналыг хүртсэн СТА Г.Мишээлтэй ярилцлаа. Тэрбээр 2018 онд тус наадамд "Итгэлийг эвдэгч" моно жүжгээр Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан юм. Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид энэ удаагийн Гэгээн муза наадмаас “Асаж буй толгод” хүүхдийн жүжгээрээ шилдэг хүүхдийн жүжгийн эрэгтэй гол дүр, Шилдэг хүүхдийн жүжгийн тайзны зураачийн шагналыг хүртсэн билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Гэгээн муза”  наадмаас хоёр шагнал хүртлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Театрын урлагт хайртай үзэгч, уран бүтээлчдийн баяр гэж "Гэгээн Муза" олон улсын театрын их наадмыг хүндэлдэг юм. 14 дэх удаагийн наадамд "Итгэлийг эвдэгч" моножүжгээр Шилдэг эрэгтэй жүжигчин цомыг авч хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Харин 17 дахь удаагийн наадмаас, үндсэн жүжгийн төрөл буюу Хүүхдийн жүжгийн төрөлд Шилдэг зохиолч, Шилдэг найруулагч гэсэн хоёр Гэгээн Музатай боллоо. Хүүхдийн ертөнц гэдэг цав цагаахан, хиргүй тунгалаг байдаг шүү дээ. Тэдний үнэн нүд, бяцхан атлаа агуу зүрхэнд хүрэх уран бүтээл төрүүлнэ гэдэг амаргүй даваа юм. Мөн энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байх. Шилдэг зохиолч, шилдэг найруулагч боллоо гээд бүх цаг үеийн гэсэн үг огтоос биш, харин энэ удаагийн наадамд оролцсон бүтээлүүдээс дөнгүүр байсных юм шүү дээ. Мэдээж шагнал хүртсэндээ баяртай байна.

-Таны хувьд хүүхдийн жүжгээр тус хоёр шагналыг хүртсэн шүү дээ. Хүүхдийн жүжиг бичиж, найруулахад онцлог зүйл байдаг уу?

             - Хамгийн шударга, үнэнч үзэгчид бол хүүхдүүд. Тэд алдаа, оноо бүх зүйлийг бодитоор хүлээж авдаг. Тиймээс заримдаа насанд хүрэгчдэд зориулсан бүтээлээс ч илүү тархиа нэрэх хэрэг гарна. Тоглох уран бүтээлчид ч  ялгаагүй илүү их хөдөлмөрөө зориулдаг төрөл юм билээ. "Зохиол хэрхэг өрнөх вэ, зөрчил нь яаж илрэх вэ" гээд л бүхий л драмын жүжгийн төрөлтэй ижил. Хүүхдийн жүжиг насанд хүрсэн хүмүүст зориулсан жүжгээс амархан байдаггүй. Харин ч илүү бэлтгэл, анхаарал, ур чадвар шаарддаг.

-Жүжиг нь хүүхдүүдэд чиглэж байгаа шүү дээ. Тэдэнд юу хүргэхийг зорьдог вэ?

              -Бүх л жүжиг, кино, бүжиг хэлэх санаатай, өгүүлэх үелзэлтэй, хүрэх зорилготой байдаг. Үзэгчдэд заавал "ийм, тийм юм мэдрүүлж, ойлгуулж, хүргэнэ" гэдэг нь бүдүүлэг хэрэг л дээ. Урлаг чинь нэг талаараа гоо зүйн таашаал өгдөг амин дэм шүү дээ. Тэндээс үзэгч нэг бүр сэтгэл оюундаа дутагдаад байгаа, өөр өөртөө хэрэгтэй амин дэмээ л чирч гарна. Нөгөөтээгүүр ирээдүйн монгол хүнийг бүтээлцэж буй уран бүтээлчид бид, эх орноо хайрлах, эх хэл, түүх соёлоороо бахархах хийгээд нандигнах гэх мэт олон далд өгүүлэмжүүдээ жүжгүүдийнхээ ард тээсээр ч ирсэн. Цаашдаа ч тийм байх болно. Олон үг нуршихаараа тэр сайн монологи, сайн хүүрнэл болчихгүй. Энэ л мөндөө гэсэн цэгийг нь олж хатгасан ганц үг ч жүжгийг, ялангуяа хүүхдийн жүжгийг амилуулчихдаг юм.

-Жүжгийнхээ зохиолыг бичиж, найруулах ямар байдаг вэ. Жүжигчин учраас уран бүтээлчидтэйгээ ойлголцоход амар байдаг уу?

              - Зохиол бичнэ гэдэг нэг хэрэг. Найруулна гэдэг бүр ч тусдаа хэрэг тус бүр  хөдөлмөр. Тархи амарна гэж бараг  байхгүй. Өөрийн бичсэн зохиолоо найруулна гэдэг мэдээж амар байдаг л даа Гэвч бичсэн зохиолоо дахин өөр талаас нь харахыг хичээдэг. Би тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр 2010 онд төгссөн. Одоо театр хэмээх их айлын тогоонд 13 жил ажилласан байна. Хэзээ ч хангалттай бүрэн болдоггүй өдөр бүр суралцаж байдаг. Оройгүй энэ барилгын шатаар өгссөөр л явна. Жүжигчидтэйгээ ажиллахад янз бүр л байдаг. Учир нь бүтээл бүр шинэхэн. Тэр шинэхэн бүтээлийн өмнө ирж зогссон найруулагч, жүжигчин шинэ ертөнцийн хаалгаар ордог. Яг л анх сургуульд орж буй хүүхэд шиг. Тэгээд л тоглолтууд өрнөсөөр олон зуун тоглолтын дараа уран бүтээлчдийн эвсэл, ансамбль батжиж, туршлагажиж үзэгчидтэйгээ хөшиг нээх бүрд дахин төрөх мэт шинээр золгодог доо.

-Найруулсан болон бичсэн зохиолоороо юу илэрхийлэхийг хүсдэг вэ?

            -Зохиол бүр өөрийн сүнстэй. Амьд шүү дээ. "Нохойн хурим" жүжигт үйлийн үр болоод мухар сүсгийн талаар өгүүлдэг бол "Итгэлийг эвдэгч" жүжиг нийгмийн туйлшрал, ялгаварлан гадуурхалт ямар аймшигтай даамжирсныг, "Тангарагт хаан" жүжигт хэлсэн амандаа хүрнэ гэдэг хэчнээн шударга, зөв чанар мөнийг гэхчлэн өгүүлдэг. Яривал дуусахааргүй их зүйл бий.

-“Асаж буй толгод” жүжгийнхээ талаар ярихгүй юу. Тус жүжгээрээ юу хүргэхийг зорьсон бэ?

              -Зохиолын санааг долоон жилийн өмнө Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин Гэгээн Муза наадмын хоёр удаагийн шагналт СТА Ч.Уранбилэг  эгч маань өгч байсан юм. Ингэж л энэ бүтээл бүтээгдэх гэж явсаар 2022 оны есдүгээр сарын 24-нд Эрдэнэт хотноо нээлтээ хийж байлаа. Зохиол бичихэд судалгаа гэдэг зүйл онц чухал. "Асаж буй толгод" хүүхдийн драмын жүжигт 70-80 сая жилийн өмнө Монгол нутагт амьдарч байсан үлэг гүрвэлүүд гардаг юм. Тэгэхээр манай жүжгийн судалгааны баг Өмнөговь аймгийн "Говийн байгаль, түүхийн музей"-гээр орж, дэлхийд данстай Баян Загийг зорьж судалгаагаа, зураг авалтуудаа хийж, Цэрдийн галавын түүхийг Эрдэнэт, Улаанбаатарын тайзнаа амилуулсан. Монгол Улс нь эртний малтмалын судалгааны чухал газар нутагт тооцогдох бөгөөд чулуужсан, төрөл бүрийн амьтны дардсыг өмнийн говиос ихээхэн хэмжээгээр олсон байдаг. Одоогоор дэлхий дээр нийт 400 орчим төрлийн үлэг гүрвэл байсныг олж тогтоогоод байгаа юм билээ. Түүний 20 гаруй хувь нь Монголоос олдож л дээ. Манай оронд үлэг гүрвэлийн анхны судалгааг 1920-1924 онд, АНУ-ын Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн, Рой Чапмен Эндрюсээр ахлуулсан судалгааны багийнхан хийж байсан юм байна. "Төв Азийн судалгааны баг" гэж нэрлэгдэж байсан тус багийн гол зорилго нь бич, хүн хоёрын тасарсан холбооны талаар олж судлах, түүний зэрэгцээ Төв Азийн ургамал судлал, амьтан судлал, археологи, геологи, экологийн гэх мэтчилэн өргөн цар хүрээг хамарч байв. "Монголын говь бол палеонтологийн асар том музей юм байна" гэдгийг дэлхий дахинаа нээн зарласан энэ хүн дэлхийн газар зүйн тэмдэглэгээнд, "ГОВЬ" гэдэг үгийг тэр чигээр нь, "GOBI" гэж оруулсан гавьяатай юм. Тэдний олсон олон үлэг гүрвэлийн яснууд эдүгээ Монголын болон АНУ-ын Байгалийн түүхийн музейд, Монголоороо овоглон хадгалагдаж байна.

Дээрх багийн нээсэн үлэг гүрвэлийн арвин олдвор бүхий газар нь "Flaming Cliffs" буюу "Асаж буй толгод" гэсэн нэрээр дэлхийд алдартай болсон Баян заг хэмээх газар юм. Мөн "Улалзах цонж", "Галт хясаа", "Шавар ус", "Тэмээн шавар", "Дүрэлзэх эрэг" ч гэж олон янзаар нэрлэдэг байна. Учир нь жаргаж буй нарны туяанд, дүрэлзэн асах мэт харагдах цонжуудыг харсан Р.Ч.Эндрюс ийн нэрлэсэн юм билээ. Харин манай Хүүхэд Залуучуудын театр шинэ уран бүтээлээ "АСАЖ БУЙ ТОЛГОД" нэрээр нь гарчигласан юм. Монгол орон дахь анхны экспедицүүд, түүнчлэн дэлхийн II дайны дараах палеонтологийн экспедицүүдийн ажиллагаанаас харвал уйгагүй хөдөлмөр, хөлс хүч, хөрөнгө санхүү, хичээл зүтгэл мэдрэгдэж байлаа. Тэд 1922 оны хавар Баянхонгор, Өмнөговь аймгуудаас хирс маягийн аварга үлэг гүрвэл (Baluchiteriym), тоть хошуут үлэг гүрвэл (Psittacosaur protiguanoddon), 1923 онд Баян загаас Овираптор (Oviraptor), Велосераптор (Veloceraptor), Суорорнифойдес (Saurornitfoides) зэргийг олсон хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тус экспедицийн гишүүн Жорж Оулсоны олсон үлэг гүрвэлийн өндгийг тухайн үедээ, "...аварга том шувууны өндөг байна..." гэж таамагласан юм байна л даа. АНУ-д буцаж очоод шинжилж үзэхэд, үлэг гүрвэлийн яс дотор нь байх нь тэр. Ингэж анх, үлэг гүрвэл өндөглөдөг гэдгийг хүн төрөлхтөн, Монголын говь тэр дундаа "Асаж буй толгод" дахь олдвороос мэдэж авсан түүхтэй билээ. Мөнхүү II дайны дараачаар Нэмэгт уулнаас 30 метр өндөр, өвсөн тэжээлт, дөрвөн хөлт, урт хүзүүт үлэг гүрвэлийг анх удаа нээсэн учраас олсон газрынх нь нэрийг оролцуулан, Нэмэгтозавр (Nemegtosaurus) гэж нэрлэжээ. Түүний дараагаар махан идэшт Тарбозавр (Tarbosaurus), хуягт Таларурус (Talarurus), нугасан хошуут Сауролопус (Saurolophus) гэх мэт олон олон үлэг гүрвэлүүдийг илрүүлсэн юм байна. Ингээд бидний судалгааны багийн ажил ч жигдэрч, үйлдвэрлэл цаашлаад тайзны бэлтгэлүүд цэгцэрсэн дээ. Анх Соёлын сайдын 2021 оны А/120 дугаар тушаалаар, Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан "Соёл урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх бүсчилсэн уулзалт" Орхон аймаг, Эрдэнэт хотноо болж өнгөрсөн юм. Тус уулзалтаар " Үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх", "Шинэ контент бий болгох", "Брэнд бүтээгдэхүүн бий болгох, түүнийг сурталчлах" гэсэн чиг үүрэг яригдаж байлаа. Иймд Хүүхэд Залуучуудын театр нь:

- Урын сангийн бодлого

- Шинэ эрэлт, хэрэгцээ

- Жүжигчдийн тоглолтын ур чадвар

- Хөгжим, гэрлийн болон техникийн дэвшил зэрэгт түлхүү анхаарч өөрийн "Брэнд бүтээл" -ээ "Асаж буй толгод" төслөөр эхэлсэн юм. ХЗТ нь 1981 оноос хойш өнөөг хүртэл, "Драмын жүжиг", "Хүүхдийн драмын жүжиг", "Хүүхэлдэйн концерт", "Хүүхэлдэйн жүжиг" зэрэг олон төрлөөр уран бүтээлээ, үзэгч түмэндээ хүргэсээр ирсэн. Бид энэхүү бүтээлээрээ, өөрийн урын сангийн бодлого хийгээд Монголын театрын түүхэнд нимгэн ч атугай, шинэ хуудас нээсэндээ баяртай байгаа.

БИЧСЭН, НАЙРУУЛСАН БҮТЭЭЛЭЭ ТАЙЗНАА АМИЛАХЫГ ХАРАХ ШИГ САЙХАН ЗҮЙЛ ҮГҮЙ                     

 

-Тайзан дээр гарсан анхны жүжиг нь ямар жүжиг байсан бэ. Тухайн үед ямар мэдрэмж авч байв?

                - 2010 онд С.Сосор "Өршөө эгч минь"  драмын жүжигт тайчигч залуу болж тоглож байлаа. Тэр хувцас,, бүжгийн хөдөлгөөн, ая шум гээд ярих юм биш. Ичмээр санагдаад байдаг юм. Гэхдээ миний сонгосон мэргэжил шүү дээ. 22 настай залуу театрын тайзнаа олон ч удаа тайчсан даа. Харин дараагаар нь тэр ондоо Х.Бямбабаатар "Огторгуйг эзэгнэгч Сөөсгөр" жүжгийн хэрэм болж, анхны гол дүрээ авч байсан. Ямар хөөрхөн, хайр татам дүр гэж санана. Найруулагч надад энэ дүрийг өгөх болов уу гэж хөзрийн мэргэ мөн ч их тавьсан даа. Уран бүтээлч хүн уран бүтээлээ туурвиж байх даа л аз жаргалтай байдаг юм.

-Найруулсан, зохиосон жүжиг нь тайзан дээр тоглож байх үед юу мэдэрдэг вэ. Юуг анзаарч ажигладаг вэ?

                -Бичсэн, найруулсан бүтээлээ тайзнаа амилахыг харах шиг сайхан зүйл үгүй. Зовж урсгасан хөлсөө тэндээс л харна шүү дээ. Харин нээлтийн дараа хов хоосон болчихдог юм. Хэсэгтээ л ганцаардах мэдрэмж авдаг. Жүжиг тоглогдсоор л байна. Харин найруулагч өрөөндөө чимээлж эхэлдэг. "Одоо аль зүгт далбаагаа тавих вэ?" гэж цонхоор ширтэж зогсдог юм даа. Мөн хачин мэдрэмж шүү.

-Танд найруулахыг, оролцож жүжиглэхийг хүссэн уран бүтээл байдаг уу?

            -Уран бүтээлч хүн бүтээлийн шуналтай байх хэрэгтэй. Бас нөгөөтээгүүр хэрээ мэдэх нь зүйтэй. Найруулахыг хүссэн хэд хэдэн зохиолын санаа бий. Харин нэг санаагаа Орфэй театрт алдчихлаа даа. Тэр нь оюутан цагийн минь мөрөөдөл болсон М.Булгаков "Мастер&Маргарита" байлаа. Тоглохыг хүсэж буй гурван дүр байна. Тэд маань одоохондоо нууц чигээрээ үлдэг.

-Баг хамт олон болон таны дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?

            -Энэ жилээс "Эрт урьдын цагт" клубтээ түлхүү цаг гаргаж багшлах ажлаа үргэлжлүүлнэ. Манай клубт тун догь уран бүтээлүүдийн санаа бий. Одоо ойрын төлөвлөгөө гэвэл аравдугаар сарын эхний долоо хоногийн баасан, бямба, ням гарагуудад "Итгэлийг эвдэгч" нэг хүний драмын жүжгийн Барнабынхаа дүрээр нийслэл Улаанбаатарынхаа үзэгчидтэйгээ уулзахаар бэлдэж байна даа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн их амжилт хүсье.

             -Баярлалаа. Амжилт хүсье.

 


ГЭГЭЭН МУЗА НААДМЫН ШИЛДЭГ ЗОХИОЛЧ, НАЙРУУЛАГЧ Г.МИШЭЭЛ: “АСАЖ БУЙ ТОЛГОД” ЖҮЖГИЙН ХАМГИЙН ТОМ ШҮҮГЧИД НЬ ХҮҮХДҮҮД БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188