• Өнөөдөр 2024-05-15

"ГЭГЭЭН МУЗА-17" НААДМЫН ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ Б.БАТТУЛГА: НАЙРУУЛАГЧ ҮРГЭЛЖ ШИНЭ ЗҮЙЛ ХАЙЖ БАЙДАГ

           Драмын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмын хоёр хүний төрөлд шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн Б.Баттулгатай ярилцлаа. Тэрбээр “Bee” театрын хоёр хүний жүжиг болох “Хунгийн дуу” жүжгийн найруулагчаар ажилласан билээ.  

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?  
 
           -Сайн байна уу, намайг Б.Баттулга гэдэг. “Bee” театрт найруулагч, жүжигчнээр ажилладаг.  
 
-"Гэгээн муза" наадмын хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг найруулагч болсонд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?  
 
          -Хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг найруулагч болж энэ гайхалтай нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна. Өнгөрсөн жил би “Гэгээн муза” наадмын арын албанд ажиллаж, хөтлөгч хийсэн юм. Тэр үед ангийнхаа найзуудтай дараа жил энэ наадмын улаан хивсэн дээр алхаж, тайзан дээрээс нь шагнал авахыг хүсэж байгаа талаараа ярилцаж байлаа. Тэгж ярьсан минь биеллээ олж "Гэгээн муза"-г өндөрт өргөсөндөө баяртай байна.  
 
-”Bee” театрын уран бүтээл “Хунгийн дуу” жүжгийнхээ талаар ярихгүй юу. Тус жүжгээрээ юу илэрхийлэхийг зорьсон бэ? 
 
            -ОХУ-ын алдарт зохиолч А.П.Чеховын тухай мэдэхгүй хүн ховор болов уу. Гайхалтай зохиолчийн гайхалтай зохиолыг авч ажилласан. Энэхүү жүжгээрээ хүний амьдралын үнэ цэнийн талаар ярих гэж оролдсон. "Хүний амьдрал гэж юу юм бэ" гэдгийг харуулахыг хичээсэн дээ. Миний хувьд “Хунгийн дуу” жүжгээс жишээ татаж ярих нь зөв байх. Тус жүжигт театрт насаараа ажилсан эр болон үг сануулагч хоёр гардаг. Жүжигчид маань үнэхээр сайн тоглож, дүрээ гаргасан. Анх жүжгийн зохиолыг уншихад дүр маань зөвхөн өөртэйгөө яриад байгаа мэт санагдсан. Тиймээс жүжгийнхээ тавилтыг өөрчилсөн. Насаараа театрт ажилласан хүний сэтгэл зүйг гаргах залуу уран бүтээлчдийн хувьд хүндрэлтэй байсан. Тиймээс драмын театрын үе үеийн жүжигчдийн амьдралын талаар судалж, уран бүтээлдээ тусгасан. 
 
 -”Хунгийн дуу” жүжгээс өөр ямар уран бүтээл дээр ажилласан бэ? 
 
               -2022 оны есдүгээр сард “Хунгийн дуу” жүжгээ үзэгчдэд хүргэсэн. Үүний дараа дунд, ахлах ангийн сурагчдад зориулан "Эдип хаан" жүжиг дээр ажилласан. Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Шидэт алчуур” жүжигт гар бие оролцсон.  
 
-Таны анхны найруулагчаар нь ажилласан уран бүтээл ямар жүжиг байсан бэ? 
 
             -Би СУИС-ийг 2022 онд жүжигчнээр төгссөн. Төгсөөд ажилласан хамгийн анхны уран бүтээл маань “Хунгийн дуу” жүжиг байсан. Анхны ажилласан уран бүтээлээрээ анхны "Гэгээн муза" авсандаа баяртай байгаа.  
 
-Яагаад найруулагчаар ажиллах болсон бэ?  
 
              -Найруулагчийн мэргэжил үнэхээр сонирхолтой. Үргэлж шинэ зүйлийг эрж, хайдаг. Уран бүтээлийг үзэгчдэд өөр өнцгөөс нь харуулахыг зорьж байдаг. Байнга бодож, шинийг эрэлхийлнэ. Миний хувийн зантай их тохирдог юм шиг санагддаг. Суралцаж байх хугацаанд найруулагчаар ажиллах хүсэл сонирхол үргэлж байсан. Мөрөөдлөө бодит болгож найруулагчаар ажиллаж байгаадаа баяртай. 
 
 -Залуу найруулагчийн хувьд уран бүтээлдээ ямар шинж чанарыг шингээхийг хүсэж байгаа вэ?  
 
              -Дэлхий нийтийн театрын хөгжил ямар түвшинд байна. Хөгжлөөс нь хоцрохгүй илүү гарахыг хичээнэ. Мөн цаг хугацааны явцад өнгөрсөнд дарагдсан гайхалтай ур чадвар, хэв шинжийг сэргээхийг хичээнэ. Шинэ содон, бусад найруулагчийн хийгээгүй зүйлсийг туршиж үзэгчдэд хүргэхийг хүсэж байна. 
 
 -Танай хамт олон багаараа "Гэгээн муза" наадамд амжилттай оролцсон шүү дээ. "Bee" театрын уран бүтээлчдийн талаар яривал? 
 
  -Манай "Bee" театр үүсгэн байгуулагдаад гурван жил болж байна. Манайх байгуулагдаад удаагүй байхдаа зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдоржийн найруулснаар тоглож байлаа. Тус хоёр хүний жүжгийн гол дүрд Г.Мөнхжаргал, Б.Одгэрэл ажилласан. “Хүн гөрөөс” жүжиг өнгөрсөн жилийн “Гэгээн муза” наадмын хоёр хүний жүжгийн төрөлд маш амжилттай оролцож байсан юм. Энэ буухиаг таслалгүй баг хамт олноороо амжилттай оролцсондоо баяртай байна. 
 
-Та болон танай багийн дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ? 
 
           -"Bee" театр цаашид олон улсын театрын институттэй хамтран ажиллаж, олон улсын наадамд оролцож, шинэ жүжиг тоглох зорилго бий. Миний хувьд найруулагч, жүжигчнээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Боломж гарвал дэлгэцийн уран бүтээлд ч хүч сорихыг хүсэж байгаа. 

 

 

 


"ГЭГЭЭН МУЗА-17" НААДМЫН ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ Б.БАТТУЛГА: НАЙРУУЛАГЧ ҮРГЭЛЖ ШИНЭ ЗҮЙЛ ХАЙЖ БАЙДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188