• Өнөөдөр 2024-05-07

Н.ЗӨНБИЛЭГ: ШОКОЛАДААР ХИЙСЭН ТИТАНИК ХӨЛӨГ ОНГОЦ МИНИЙ ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ БҮТЭЭЛ

          Бидний амтархан иддэг шоколадаар хөлөг онгоц, элдэв баримал хийж, уран зураг зурсан ахлах тогооч Н.Зөнбилэгтэй ярилцлаа. Тэрбээр 2018 онд бие даасан “Chocolate Is 150” шоколадан урлалын үзэсгэлэнгээ тонн шоколад ашиглан гаргаж байсан билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

                    -Намайг Н.Зөнбилэг гэдэг. Хүнсний технологийн коллежид нарийн боовны тогоочоор сурдаг 15 настай хүү ажлын гараагаа Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ресторанд бэлтгэгчээр эхлүүлж байлаа. Сургуулиа төгсчихөөд “Cielo Food in Bar” ресторанд нарийн боовны тогооч болон ахлах тогоочоор ажиллаж байсан. Одоо “Redrock” компанид хоолны цэс хөгжүүлэгчээр ажиллаж байна. Гал тогоонд бэлтгэгчээс нь алхах тогооч хүртэлх бүх албан тушаалын хийж үзлээ.

-Бие даан гаргасан “Chocolate Is 150” шоколадан урлалын үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу?

                   -“Chocolate Is 150” шоколадан урлалын үзэсгэлэнгээ одоогоос таван жилийн өмнө гаргаж байлаа. Үзэсгэлэн долоо хоногийн хугацаанд олны хүртээл болсон. Тухайн үед төлөвлөж байсан 32 бүтээлээс 26 нь үзэсгэлэнд гарсан юм. Тээвэрлэлтийн явцад зарим бүтээл эвдэрсэн учир хассан. Үзэсгэлэнгийн бүтээлээ гурван сарын хугацаанд тонн шоколадаар хийсэн. Зориулалтын уран зургийн хэрэгсэл бус хүнсний материалаар хийж байгаа учраас богино хугацаанд хийдгээрээ онцлог.

-Яагаад шоколадаар бүтээл хийж, үзэсгэлэн гаргах болсон юм бэ?

                      -Шоколадаар бүтээл хийх нь олон улсын түвшинд урлаг болж хөгжөөд удаж байгаа. Үүнийг Монгол Улсад таниулж, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн учир үзэсгэлэнгээ гаргасан. Шоколаданд дургүй хүн тун цөөхөн байх. Энэ амттаны үнэр, амт хүнийг байнга татаж байдаг. Шоколадыг зөвхөн идэхээс гадна урлагийн бүтээл болгох боломжтойг харуулахыг хичээсэн. Шоколадаар бүтээл хийхэд сахилга бат их шаарддаг. Шингэнээс хатуу, хатуугаас зөөлөн болгож бүтээлээ хийнэ. Монголын анхны шоколадан урлалын үзэсгэлэнг монгол шоколадаар хийсэндээ баяртай байдаг.

-Үзэсгэлэнгээ нээх мөч ямар байсан бэ?

                    -Үзэсгэлэнгийн нээлтийн эхний өдөр, нээлт эхлэхээс 30 минутын өмнө сүүлийн бүтээлээ өлгөж байлаа. Сандарсан хүн л юм юм руу гүйж байснаа санадаг юм. Тухайн үед хэр олон хүн ирж үзэх бол гэдэг догдлол, ирсэн шүүмж бүрийг хүлээж авах итгэл, зоригоор дүүрэн байсан.

-Үзэсгэлэн дууссаны дараа бүтээлүүдээ хадгалсан уу?

                   -Зарим бүтээлээ хүнд бэлэглэсэн. Сүүлд хоёр жилийн өмнө нэг бүтээлийнхээ хадгалаатай байгаа зургийг харсан юм байна. Шоколад удаан хадгалах боломжгүй түүхий эд учраас ихэнх нь эвдэрч, хаягдсан даа.

-Анхны үзэсгэлэнгээ гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө шүү дээ. Дахин үзэсгэлэн гаргах төлөвлөгөө бий юү?

                   -Дахин үзэсгэлэн гаргах төлөвлөгөө бий. Энэ удаа урт хугацаанд бэлдэж тогоочтой хамтрах бодолтой  байгаа.  Шоколад  хямд үнэтэй материал биш учраас сайтар төлөвлөж  бүтээлээ хийх хэрэгтэй.  Шоколадны түүхтэй уялдуулан бүтээлээ хийхээс гадна хүмүүстэй хамтрах учраас өөр өөр утга санаа илэрхийлэх байх. Мөн Монголын түүхэн барилга, байгууламжаас нэгийг нь сонгон авч шоколадаар бүтээнэ.

-Шоколадаар бүтээл хийхэд юу анхаарах хэрэгтэй вэ?

                   -Шоколад хэт халуун байвал хайлж, хүйтэнд хагардаг. Бүтээлүүдийг зөв температурт хадгалах хамгийн чухал. Мөн зөв температурт, технологийн дагуу хайлуулахгүй бол хагарч, эмтрэх эрсдэлтэй. Хатсаны дараа зөв гадаргуутай байх нь ч хэрхэн хайлуулахаас хамаардаг. Шоколад нь өөрийн үнэрээ хурдан гадагшлуулж, орчны үнэрийг шингээдэг бүтээгдэхүүн. Тиймээс шоколадны өвөрмөц, таатай үнэрийг үнэртэж байх үед нь үзэгчдэд хүргэх нь чухал.

-Үзэсгэлэнгийн бүтээлүүд дундаас  хамгийн хэцүү, илүү их цаг зарцуулж хийсэн бүтээл нь юу байсан бэ?

                   -1.8 метрийн урттай 80 кг шоколадаар бүтсэн Титаник хөлөг онгоц байсан. Тухайн бүтээлийг гурван сарын хугацаанд өдөр бүр 2-3 цаг зарцуулж хийсэн. Хөлөг онгоцны бодит байдлыг шоколадан баримал  дээрээ буулгахыг хичээсэн. Мэргэжлийн архитектурч найзаасаа зөвлөгөө авч жинхэнэ Титаник онгоцны  цонхны тоог хүртэл ижил тоогоор хийсэн.

-Тогооч хүний авдаг хамгийн сайхан мэдрэмж юу вэ. Ямар үед мэргэжилдээ хайртай болдог вэ?

                 -Үйлчлүүлэгчийн таваг гал тогоонд буцаж орж ирэхдээ хоосон байгааг харах тогоочийн хамгийн жаргалтай мөч байх. Баярын өдрүүдээр тогооч амарч чадахгүй ч хийсэн хоолыг нь амтархан идэж байгаа үйлчлүүлэгчдээ хараад өөрсдөө цадсан, баярласан юм шиг л болдог.

 


Н.ЗӨНБИЛЭГ: ШОКОЛАДААР ХИЙСЭН ТИТАНИК ХӨЛӨГ ОНГОЦ МИНИЙ ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ БҮТЭЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188