• Өнөөдөр 2024-05-08

Ч.АНУ: Уран бүтээлээс минь сонсогчид гэгээн мэдрэмж аваасай гэж хүсдэг

            “The voice of mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг дуурийг дуучин Ч.Анутай ярилцлаа. Тэрбээр энэ онд шинэ уран бүтээл Only one дуугаа гарсан билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэхэн уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

                -Сайн байна уу, анхны уран бүтээлээ Eastlife Records болон продюсер Damon  ахтайгаа хамтран гаргасан. Анхных учраас мэдэхгүй зүйл олон байсан.  Дуурийн дуучин байсан учраас тайзан дээр дуулахаас бусдаар дүрс бичлэгтэй дуу хийж үзээгүй юм байна. Шинэ зүйл туршиж үзсэндээ баяртай байгаа.

-Only One дуун дээр хэр удаан ажилласан бэ. Дууны үг, аян дээр нь санаа бодлоо хуваалцсан уу?

                -Миний уран бүтээл учраас продюсер Damon ахтай бодлоо чөлөөтэй солилцож, шинэ санаа нэмдэг. Цаашид илүү хүнд хүрсэн дууны үг нь утга агуулгатай дуу бүтээхийг хүсэж байгаа. Би дууны үг бүр утга учиртай, дуулалт нь чанартай хамтлаг дуучдын дууг сонсож өссөн. Тэр хүмүүсээсээ үлгэр дуурайлал авч уран бүтээлээ хийнэ.

- The voice of Mongolia шоунд оролцож байсан шүү дээ. Тус шоунд яагаад оролцохоор болсон бэ?

                -2019 онд Монгол Улсын Консерваторыг дуурийн дуулаачаар төгсөөд мэргэжлийн чуулгат ажиллаж эхэлсэн. Зөвхөн сонгодог дуулалтаас өөр юу хийж чадах уу гэдгээ харахын тулд “The voice of Mongolia”  шоунд оролцож өөрийгөө сорьсон. Үнэхээр их сандарсан. Дуулангаа бүжиглэж хөдөлгөөн хийх миний хувьд шинэлэг зүйл байсан. Шоуны үеэр өөрийгөө өөрөөр нээж, олон зүйл сурсан шүү.

-Шинэ уран бүтээлээсээ сонгодог дуу дуулахаас огт өөр мэдрэмж авсан уу?

                -Сонгодог дууг дуулах үед авдаг мэдрэмж маш тансаг, эрхэмсэг. Хүн заавал ганцхан зүйлдээ сайн байх албагүй. Олон зүйл чаддаг байж болно. Ямар ч жанрын дууг дуулж чаддаг байхыг эрмэлздэг. Өмнө нь тайзан дээр дуулж байснаасаа огт өөр мэдрэмжээр хөглөгдөж дуулсан.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Дуучин болно гэж боддог байсан уу?

                -Гадаадын хит дуунуудыг сонсоод үгийг нь мэдэхгүй ч сонсголоороо дагаж дуулдаг хүүхэд  байсан. Нэг гоё дуу сонсчихвол шөнөжин нөгөө дуугаа бодчихдог. Сургууль, цэцэрлэгийн бүх л урлагийн тоглолтод орно. Мэргэжил сонголт хийх үедээ ганцхан ч секунд эргэлзэлгүйгээр дуурийн дуулаачийн ангид орсон.

-Дуучны хувиар анх удаа тайзан дээр гарахдаа ямар мэдрэмж авсан бэ?

                -Хамаг биеийн булчин сулраад, газар руу нэвтрээд орох гэж байгаа юм шиг санагдсан. Тэр сандрал өөр мэргэжилтэй хүний тэр бүр авч чадахгүй онцгой мэдрэмж. Тайзан дээр уран бүтээлээ үзүүлэх үедээ авч байгаа тэр энерги, мэдрэмжийг насан туршдаа авч амьдарч чадна гэдэгтээ баяртай байдаг.

-Дараагийн удаа ямар уран бүтээл хийхийг зорьж байгаа вэ?

                -Сонссон хүн босоод бүжиглэхийг хүсэхээр цоглог хэмнэлтэй дуу хийхийг зорьж байна. Мэргэжлийн дуучин учраас миний уран бүтээлд дуулалтын чанар маш чухал.

-Таны хувьд хөгжим, уран бүтээл гэж юу вэ?

                -Дуу хөгжмөөс амьдралын хамгийн амттай мэдрэмжийг авдаг. Би их төсөөлөл  сайтай хүүхэд байсан. Биширдэг дуучдынхаа дууг сонсоод, дагаж дуулахдаа өөрийгөө тэдний оронд зогсож байна гэж төсөөлдөг байсан. би дуун хөгжимдөө нийгмийн бараан зүйлсийг шингээж дуулахыг хүсдэггүй. Угаасаа бүгд мэдэрч байгаа тэр сөрөг зүйлсийг дуугаараа хүртэл ахин сануулах хэрэггүй гэж боддог.

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?

                -Энэ одоо багтаж дахиад дуу гарах төлөвлөгөөтэй байна. Eastlife Records надаас гадна олон уран бүтээлчтэй. Бид хамтдаа урагшдахыг эрмэлзэж байгаа. Дуу хөгжимд дуртай хүн бүрд манай продакшны үүд хаалга нээлттэй байгаа.


 

 


Ч.АНУ: Уран бүтээлээс минь сонсогчид гэгээн мэдрэмж аваасай гэж хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-31 13:54:12
    Sultan: Turaad huurhun bolchij. ❤️
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-31 13:35:52
    Tengis: Goe duu, huurhun ch ohin tugs niitsel
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188