• Өнөөдөр 2024-05-19

СЭТГҮҮЛЧ Б.ЭРДЭНЭБААТАР: “Нэг өдрийн сонин эс уншвал нийгмийн хөгжлөөс мянган алхам хоцорно” хэмээх үгийг зарчмаа болгож ажилладаг

2023-08-03,   854

     “Хөх толбо” сонины үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Эрдэнэбаатартай ярилцлаа. 

 -Таныг багаасаа уншиж, бичиж сонирхолтой байсан гэж сонссон. Харин сэтгүүлч болох хүсэл, мөрөөдөл нь юунаас эхлэлтэй вэ?

      -Тийм ээ, би сурагч байхдаа хүүхдүүдийн авч чаддаггүй бүх шагналыг авдаг байлаа. 1975 онд  буюу намайг наймдугаар ангид  байхад улс даяар “Миний хайрт эх орон Бүгд найрамдах Монгол ард улс” хэмээх зохион бичлэгийн уралдаан зарлаж, би тэргүүн байрт шалгарч байсан юм. Тэр цагаас хойш би сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлтэй болж байсан санагддаг. Тэгээд есдүгээр анги төгсөх жил Эвлэлийн төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга ЦолмонЧамайг аравдугаар ангиа төгсөхөөр чинь Эвлэлийн төв хорооны нэр дээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд явуулна” гэсэн. Ингээд 1977 онд сургуулиа  онц  дүнтэй  төгсөж, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн сэтгүүлчийн ангид элсэн орох хуваарь авсан. Даанч дарга нарын хүүхдүүдэд хуваариа луйвардуулж, Бүх холбоотын Лениний Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв хорооны дэргэдэх Москва хотын Комсомолын дээд сургуульд элсэн ороод 1982 онд түүх, нийгэм судлалын багш, коммунист хүмүүжлийн арга зүйч мэргэжлээр төгсөж байлаа. Сургуулиа төгсөөд“Залуучуудын үнэн”, “Улаан од”, “Хөдөлмөр”, “Ардчилал”, “Хөх толбо” зэрэг сонинд өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

 -Та “Залуучуудын үнэн” сонинд хэрхэн ажиллаж байсан тухайгаа ярьж өгөөч. Москвагаас ирээд удаагүй байсан байх?

     -Москвад сурч байхдаа сургуулийнхаа нэг охинд өдөр бүр захидал бичдэг байсан. Энэ бол бичиж сурах дадал, дасгал байсан гэж боддог. Үүнээс гадна Оросын нэр төлөө бүхий томоохон эрхмүүдийн ярилцлагыг “Залуучуудын үнэн” сонинд нийтэлж байсан. Идэвхтэй байсан учраас “Залуучуудын үнэн” сонин намайг сэтгүүлчээр авах дуртай байсан. Гэвч сониндоо удаагүй, 10 сар ажилласан байх. Тухайн үед би сэтгүүл зүйн бичлэгийн төрөлд шинэ өнгө аяс нэвтрүүлэхэд онцгой үүрэгтэй ажиллаж байсан гэж өөрийгөө дөвийлгөдөг. Тэгээд удалгүй цэрэгт татагдаж, хоёр жил алба хааж байгаад 1984 онд “Улаан од” сонинд ажиллаж эхэлсэн. Тухайн сонинд “Нэгэн шүлгийн түүх”, “Дайчдын соёлын их сургууль”, “Эх орны дархан цаазат газруудаар”, “Эх орны үзэсгэлэнт газруудаар”, “Эх орны түүх дурсгалт газруудаар”, “Эх орны ховор амьтан, ургамал” сэдвээр дагнаж, тусгай булан нээж ажилладаг байсан нь шинэлэг байсан. 

-Таныг Москвад сурахаар явахад гэр бүлийнхэн нь юу захиж, хэрхэн хүлээж авсан бэ?

     -Би таван настайдаа ааваасаа өнчирч, амьдрал үзсэн.  Тухайн үедээ хонь хариулахаас өөрийг мэддэггүй хөдөөний хүүхдүүдийн адил өссөн. Ээж минь намайг сургуульд явуулах их дургүй байдаг байж билээ. Гэсэн ч би сэтгүүлч болох хүсэлдээ хөтлөгдөн сурахаар шийдэж, өөрийгөө зоригжуулсан нь болсон. 

 

-Таны бичсэн нийтлэл, сурвалжилга олны анхааралд хэр хүрч байв. Үр дүнд хүрсэн бүтээл бий юү?

     -1988 онд өөрчлөлт шинэчлэлтийн үе өрнөж шинэ юм бичих өвчин тусаж байсан. тухайн үед бүх төрлийн сонингийн материалын чанар сайжирч, өргөжсөн. Энэ үед би эх орныхоо бүх аймаг, сумаар ажиллаж байсан. Ингэхдээ “Үүлэн цэнхэр ханхөхий” хэмээх Увс аймгийн Цагаанхайрхан сумын модны үйлдвэрийн тухай нийтлэл бичсэн. Түүндээ Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ багш тус сумын даргын тухай дөрвөн мөрт шүлгээ “Үнэн” сонинд хэвлүүлсэн байсныг нь иш татаж бичихэд намайг Ардын их хурлын депутатыг доромжилсон хэмээж, 1989 онд Улаан-од сонингоос халж, ажилгүй болгож байсан. Социализмын үеийн шүүхээр орсон сүүлчийн сэтгүүлч болж байсан. Ингээд 1990 оноос сэтгүүл зүй хөрөнгөтны сэтгүүл зүй болж хувирсан гэхэд болно.  

-Та олон улсаас их шагнал хүртэж байсан юм билээ. Тухайлаад онцолвол?

     -1989 онд найруулагч Даваасүрэнтэй цаатны амьдралаар “Тайгын жим бүдгэрэх учиргүй” кино хийж Швейцарьт болсон баримтат кино наадмын “Гран-при” хүртсэн. 1993 онд Япон Улсын Ражатампагийн Азийн IX шагналын нэг сая иен хүртсэн. Шагналынхаа мөнгөөр “Хөх толбо” сониноо байгуулсан гэхэд болно. 1997 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны “Хүний эрхийн шагнал”, 1998 онд Монголын шилдэг сонины эрхлэгч, 1999 онд Монголын шилдэг эрэн сурвалжлах сэтгүүлч, 2000 онд шилдэг хэвлэн нийтлэгч, 2006 онд Их Британийн “Хүүхдийг ивээх сан”-гийн шагнал, 2007 онд Монголын Улаан загалмай нийгэмлэгийн шагнал хүртэж байлаа. Түүнээс гадна Орос, Хятад, Япон, Солонгос, Польш, Кувейт, Саудын Араб зэрэг 37 улс оронд сурвалжлага бэлтгэхээр очиж байлаа. Мөн Монголынхоо алтны орд, уурхай байгаль орчны сэдвээр бичиж, баячуудын уурыг хүргэдэг байсан. 

 

-Та улсынхаа ихэнх аймаг, сумаар явсан гэлээ. Ажлаас гадна аялах дуртай юм шиг санагдлаа? 

      -Комсомолын дээд сургуульд байхдаа ЗХУ-ыг бараг л тойроод дуусгасан. Тэр үеэс л  аялах, шинэ газар оронтой танилцах сонирхол амьдралын минь салшгүй хэсэг болоод тогтчихсон юм. М.Шолоховтой Донын Ростовт нь уулзан гарынх нь үсэгтэй “Дөлгөөн дон”-ыг дурсгал болгон авч байсан бол Давид Кугультиновын Элстэй дэх гэрт нь очоод уулзаж байсан.  Л.Толстойн Ясная Поляна, С.Есениний Рязань, К.Кулиевын Кавказ Ч.Айтматовын Дагестан, А.Блокын амьдарч байсан нутаг гээд газар сайгүй хэссэн. Би их сониуч болохоор надад таалагддаг.

-Та ихэвчлэн байгаль орчны сэдвээр бичдэг байж?

    -Би байгаль дэлхийгээ хайрлах, ховор ан амьтан, ургамал, байгалийн үзэсгэлэнт газруудаа онгон дагшин хэвээр нь хойч үедээ уламжлуулах, өвөрмөц зан заншил, соёл, түүхийн дадал хэвшлээ тэр хэвээр нь авч үлдэхийг л уриалан дуудаж, сэнхрүүлэхэд чиглэгдсээр ирсэн. Гэхдээ надад томоохон томилолт бараг өгдөггүй байлаа. Хамгийн сүүлд Польшд яваад л минин томилолт дууссан. Удалгүй намайг янз бүрийн байдлаар хавчсаар байгаад 1989 онд “Улаан-Од” сониноос халагдсан түүхтэй. Тэгээд би ирвэсийн зураг авахаар Говь-Алтай аймгийг зорьсон.  Говь-Алтай дахь ажлаа дуусгаж, “Хөдөлмөр” сонинд ажилд ороод удаагүй байхад Монголд ардчилсан хөдөлгөөн  өрнөж,  би  ч эхнээс нь тууштай дэмжсэн. 1990 оны нэгдүгээр сарын 21-нд болсон цуглаан дээр “Монгол орон сарны зураг болох учиргүй” хэмээх үг хэлсэн гээд “Хөдөлмөр”  сониноос халж байлаа.  

-Ардчиллынхны цуглаан дээр үг хэлснийхээ төлөө ажлаасаа халагддаг үе байжээ. Тэгвэл тухайн үед та ямар сэдвээр бичдэг байв?

    -Тэр өдрөөс “Ардчиллын хавар ирлээ” гэх зэргээр  “Ардчилал” сонины анхны дугаараас эхлээд зоригтой, тууштай бичиж эхэлсэн. Гэхдээ миний анхаарлын төвд байсан сэдэв бол Эрдэнэтийн зэс, Мардайн уран, Асгатын мөнгө, Заамарын  алтны тухай  даацтай нийтлэлүүд бичиж чадсан. 1990 он гарснаар нэгдэл яаж тарж байгааг, томоохон үйл явдлууд хэрхэн өрнөж байгааг илүүтэй бичдэг байсан. 1990 оны дөрөвдүгээр сарын 6-нд "Ардчилал" сонинд ажиллаж шагналынхаа мөнгийг байгаль хамгаалах ажилд зарцуулж байсан. Би 1993 оноос “Хөх толбо” сониноо хэвлүүлж байгаа. 

-Та өөрийгөө Монголын чөлөөт сэтгүүлзүйн түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн гэж боддог вэ?

      -Би чөлөөт сэтгүүлзүйн зам гаргагчдын нэг мөн. Сэтгүүлч бол соён гэгээрүүлэх, мэдүүлэх үүрэгтэй. Би өнөөдрийг хүртэл "Нэг өдрийн сонин эс уншвал нийгмийн хөгжлөөс мянган алхам хоцорно" хэмээх зарчим баримталж ажилладаг. 

 

СЭТГҮҮЛЧ Б.ЭРДЭНЭБААТАР: “Нэг өдрийн сонин эс уншвал нийгмийн хөгжлөөс мянган алхам хоцорно” хэмээх үгийг зарчмаа болгож ажилладаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-02 09:54:04
    Дамчаа: Утасаа үлдээнэ үү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-02 09:49:40
    Дамчаа: Утасаа үлдээнэ үү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-30 18:24:45
    Б: Б.ЭРДЭНЭБААТАР ЗОРИГТОЙ, ТУУШТАЙ СЭТГҮҮЛЧ МӨНӨӨС МӨН.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-30 18:18:01
    Зочин: Эр зоригтой, эрдэм мэдлэгтэй мундаг сэтгүүлч, ажилд нь улам их амжилт хүсье. Жинхэнэ аялагч хүн байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-30 10:16:22
    Зочин: Монголын нэг номерийн сэтгүүлч гэж боддог, нам харгалзахгүй тухайн нийгмийн болж бүтэхгүйг бичсээр ирсэн, сониныхоо дугааруудыг дахиж нийтлэж, бодит үнэнийг залууст таниулаасай гэж хүсч байна. Байдаг юм боловуу шэж боддог байлаа, сүүл үед сонин нь хэвлэгдэхгүй шахуу болохоор нь. Хөх толбыг.Жинхэнэ 90-д оноос хойших бодит амьдралыг энэ сэтгүүлч л үнэн зөвөөр нь бичсэн дээ, гавьяа шагнал зөв хүндээ очдог бол Балдорж цаашаа шүү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188