• Өнөөдөр 2024-05-19

MVCHI буюу Ч.МӨНХЖИН: Уран бүтээлээсээ аз жаргал, эрч хүч мэдрүүлэхийг хүсдэг

            “Marilyn Monroe” дуу нь олон хүний сонсох дуртай дуунуудын нэгээр нэрлэгдээд байгаа залуу уран бүтээлч Mvchi буюу Ч.Мөнхжинтэй ярилцлаа. Тэрбээр олон уран бүтээлчдийн дууны өмнө сонсогддог “18 flame чиний дуун дээр” гэх уянгалаг хоолойны эзэн ажээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу. Дуугаараа юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

                  -Энэ өдрийн мэнд хүргэе, энэ жил хоёр уран бүтээл гаргасан байна. Эхний дуу болох  “Let Me Down” эрх чөлөө, эрч хүчийг агуулсан дуу. Хүн бүрийн амьдралд уйдаж, залхах эсвэл өөрийгөө эрх чөлөөгүйгээр мэдрэх үе гардаг шүү дээ. Тэр байдлаасаа өөрийгөө гаргаж, чөлөөлж байгаа утгыг агуулсан уран бүтээл байгаа. Харин долоо хоногийн өмнө сонсогчдодоо хүргэсэн “Marilyn Monroe” дууны дахилтын хэсэг орос хэл дээр дуулагддаг. Энэ дахилтын хэсгийг орос уран бүтээлч үгийг нь бичсэн. Амьдралд тохиолдох хэцүү зүйлсийг ардаа орхиж, аз жаргалтайгаар амьдарч байгаа эмэгтэйчүүдийн тухай бичсэн дуу. Би ер нь зовлон, шаналлын талаар дуулахыг хүсдэггүй.  Миний дуунаас хүмүүс эрч хүч мэдэрдэг байгаасай гэж хүсдэг

- Хүмүүс таныг залуу артист Mvchi гэдгээр нь мэднэ шүү дээ. Яагаад Mvchi гэж нэрлэсэн юм бэ?

                -Намайг Чинзоригийн Мөнхжин гэдэг. Аавынхаа болон өөрийнхөө эхний эхний хоёр үсгийг нь нийлүүлээд уран бүтээлчийнхээ нэрийг өгсөн. Хоёр нэрийн нийлбэр учраас надад их утга учиртай.

-Анхны уран бүтээлийнхээ талаар яривал. Уран бүтээлээ хүмүүст хүргэх ямар байсан бэ?

                -Хоёр жилийн өмнө анхны уран бүтээл болох “catchy” гэх дуугаа гаргасан.  Багаасаа дуучин, уран бүтээлч болох мөрөөдөлтэй байлаа. Мөрөөдөлөө биелүүлэхгүй байхаар ямар ч аз жаргалгүй байгаа юм шиг мэдрэмж төрсөн. 19 настай охин анхны дуугаа гарчхаад “Хүмүүст таалагдах болов уу” гээд сандарч байснаа санадаг юм. “TUUG18”-ийн хийсэн аяны урд “18 flame чиний дуун дээр” гэдэг үг явдаг шүү дээ. Тэр үгийг би хэлдгийг найзууд маань мэдчихээд “Ийм гоё хоолойтой юм чинь дуу хийгээд үз” гэж их хэлсэн. Тэр үгс дуучин болоход их урам болсондоо.

 

-Реппер Roockie та хоёрын хамтарсан “Boi” гэх дуунд олон хүн дуртай шүү дээ. Тус уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

                -Анхны дуугаа гарсны маргааш нь реппер Roockie холбогдож, дууны дахилтын хэсэг дээр хамтрах санал тавьсан. Өглөө нь хоолойгоо бичүүлээд, өдөр нь зураг авалтаа хийгээд орой нь цахим сүлжээнд гаргасан.  “Boi” дуу нэг өдрийн дотор бүтээгдсэн уран бүтээл л дээ. Тухайн үед зураг авалтад орно гэж бодоогүй учраас энгийн хувцастай очсон юм. Яг тэр хэвээрээ хувцсаа солилгүйгээр зураг авалтдаа орсон доо. Миний хайртай дуунуудын нэг.

-Сонсогчдодоо өөрийнхөө уран бүтээлээс санал болгооч гэвэл ямар дууг санал болгох вэ?

                -Би “Энэ шөнө” дуугаа сонсогчдодоо санал болгох болно. Орос Улсад сурч байхдаа хайртай дотнын хүмүүсээ санаж байх үедээ бичсэн дуу учраас миний хувьд их нандин мэдрэмж өгдөг.

-Уран бүтээлдээ ямар хэв шинжийг шингээхийг боддог вэ. Бусад уран бүтээлчдээс ялгарах онцлог нь юу вэ?

                -Би мэдрэмжээ дуугаараа илэрхийлдэг. Тэр дундаа өөрийнхөө хамгийн эрч хүчтэй, жаргалтай байх үеийнхээ мэдрэмжийг уран бүтээл болгож сонсогчдодоо хүргэхийг хичээж, зорьдог. Би өөрийнхөө хоолойг зөөлөн гэж боддог. Тэр утгаараа сонсогчид минь миний дууг ядралгүйгээр, тайвширч сонсдог байгаасай гэж хүсдэг дээ. Ёс зүйтэй дуу хийж, 30 жилийн дараа өөрөө сонссон ч “Зөв зүйл дуулжээ” гэж бодсон дуу хийхийг зорьдог.

-Та юунаас хамгийн их сэтгэл ханамж авдаг вэ?

                -Хичээсэн зүйлийн минь үр дүн хүлээснээс илүү байх үед сэтгэл ханамжийг хамгийн их мэдэрдэг. Миний амьдрал миний гарт байж, хүссэн зүйлээ хийж байгаа минь хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг.

-Ямар мэргэжилтэй вэ. Цаашид уран бүтээлчээр ажиллах уу. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?

                -Москва хотод олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг дөрөвдүгээр курсийн оюутан. Уран бүтээлээ хийхийн хажуугаар мэргэжлээрээ ажиллахын хүсдэг.

-Ирээдүйд гаргах цомгоо ямар байгаасай гэж хүсдэг вэ. Цомог дээрээ ажиллаж эхэлсэн болов уу?

                -Нэг хэв шинжтэй бус олон өөр мэдрэмжийг өгсөн цомог гаргахыг хүсэж байгаа. Шинэ уран бүтээлчийн хувьд одоогийн байдлаар цомог хийх болоогүй гэж боддог. Ойролцоогоор хоёр жилийн дараа цомог хийхээр ажиллана. Тэр хүртэл уран бүтээлээ хийж, илүү сайжрахын тулд хичээнэ. 

-Таны хувьд хөгжим, уран бүтээл гэж юу вэ?

                -Миний хувьд хөгжим бол мэдрэмжийн илэрхийлэл, дэлхий нийтийг нэгтгэдэг цор ганц хэл. Амьдралыг өнгө оруулдаг хамгийн шилдэг хүчин зүйл гэж боддог. Дурсамжаар минь аялуулж, гунигтай, аз жаргалтай мөчид минь үргэлж дуу хөгжим хань болж байдаг.

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?

                -Илүү чанартай уран бүтээл хийхийг хүсэж байгаа. Мөн олон уран бүтээлчидтэй хамтарч дуу хийхийг хүсэж байгаа. Монголд хийгдэж байгаагүй шинэ содон зураг авалттай дууг хүргэхийг хичээх болно.

 


 

 


MVCHI буюу Ч.МӨНХЖИН: Уран бүтээлээсээ аз жаргал, эрч хүч мэдрүүлэхийг хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-05 20:29:01
    О.цэржндож: Багасаа авяслаг ухаалаг өвөөгийн хамгийн хайртай охин ирээдүйд монгол улсын нэр хүндийг улам бадарааг сайн мэргэжилтэн дуучин байна ггэдэгт итгэл дүүрэн байдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-26 20:49:55
    Чойжинбаасан: Хийсэн дуунуудыг чинь сонсох дуртай шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-25 13:35:22
    .: Never heard of her.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188