• Өнөөдөр 2024-05-19

Ц.Номин-Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнийн аав Ч.ЦЭНГЭЛБАЯР: Азийн ой тогтоолтын тэмцээнээс алт, мөнгөн медальтай ирж байгаа ихрүүдээрээ бахархаж, баярлаж байна

                     БНХАУ-ын Хонгконг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын спортын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож "Баганан үгс" төрөлд 264 үгийг 15 минутад тогтоон алдаагүй санаснаар өсвөрийн дэлхийн рекордыг олон улсын мастер Ц.Номин-Эрдэнэ шинэчлэн тогтоосон билээ. Түүний ихэр их мастер Ц.Оюун-Эрдэнэ тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Ингээд Азийн ой тогтоолтын тэмцээнд бахдам амжилттай оролцсон ихрүүдийн аав Ч.Цэнгэлбаяртай холбогдож, баярынх нь сэтгэгдлийг хуваалцаж, ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёр охин нь ой тогтоолтын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тун амжилттай оролцлоо шүү дээ. Тэднийхээ баярт мэдээг хэзээ сонссон бэ?

                -Үнэхээр баяртай байна. Ц.Номин-Эрдэнэ охиныхоо дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон мэдээг цахим сүлжээнээс мэдсэн. Тэмцээн нь бүтэн өдөржин үргэлжилж, анхаарал төвлөрөл их шаарддаг учраас утсаар залгаж, холбогдох гэж оролдоогүй ээ. Баярт мэдээг нь гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, сонссон. Маргааш нь охинтойгоо ярьж баяр хүргэсэн. Миний хоёр охин өсвөр насныхаа ангилалд алт, мөнгөн медаль хүртлээ баяртай байна.

-Ой тогтоолтын спортоор хичээллээд хэр удаж байгаа вэ. Анх яагаад сургалтад явах болсон бэ?

                -Хүүхдүүд маань цэцэрлэгт байхдаа хамтдаа “Toya” хүүхэд хөгжлийн академид явж эхэлсэн. Манай гэрийн хажууд сургалтынх нь төв байдаг байсан юм. Судлаад үзсэн хүүхдэд их хэрэгтэй баруун, зүүн тархийг нь хөгжүүлдэг талаар мэдсэн. Тэгээд хүүхдүүдээ сургалтад явуулсан их дуртай, өөрсдөө ч сонирхолтой байсан. Соробан сампингаар хичээллэж байхдаа хэд хэдэн амжилт үзүүлсэн.  Долдугаар ангиасаа эхлээд оюун ухааны академи явж эхэлсэн. Хоёр охин минь хамтдаа ой тогтоолтын спортоор арав гаруй жил хичээллэж, нэгэндээ дэм болсон байна.

-Ихрүүд хамтдаа хичээллэсэн учраас илүү их амжилт гаргасан гэж боддог уу?

                -Тэгэлгүй яах вэ, Ц.Номин-Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнэ өнөөдрийн хүртэл хамтдаа хичээллэж нэгэндээ их хань болсон. Энэ спортоор амжилт үзүүлж байгаа гол тулгуур нь гэж боддог. Бэлтгэлээ хамтдаа хийж, нэгэнтэйгээ ярилцаж, зөвлөнө. Хамтдаа өөрсдийгөө  сорьж үзнэ. Бүгдийг л хамтдаа хийж байгаа юм. Хоорондоо муу саналгүйгээр өрсөлдөж, нэгнийгээ дасгалжуулдаг.

-Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

                -Манайх гурван хүүхэдтэй. Бага хүүхэд маань одоо хоёрдугаар ангид орох гэж байгаа. Эгч нарыгаа дагаад өөрийнхөө сонирхлоор “Toya” хүүхэд хөгжлийн академид явж байгаа. Манай гэр бүл хүүхдүүдээ аль дуртай, сонирхолтой байгаа чиглэлд нь явуулж, дэмжиж, зөвлөдөг.

-Ц.Номин-Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнэ хоёрт ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсний дараа гарсан эерэг өөрчлөлтүүд нь юу байсан бэ?

                -Аливаа зүйлд хүлээцтэй хандаж, юмыг олон талаас нь харж боддог болсон. Үр дүнг нь олон талаар хардаг болсон байсан. Мэдээж ой тогтоолт нь сайжирч хичээлээ илүү сайн ойлгож, мэрийдэг болсон байсан.

-Тэмцээн, уралдаанд оролцоход нь хэрхэн бэлддэг вэ?

                -Ганц эцэг, эх гэлтгүй эмээ, өвөө гээд бүгд л гар бие оролцдог. Тэмцээнийх нь бэлтгэлд хэрэгтэй зүйлсийг бэлдэнэ. Шаардлагатай хэрэглэгдэхүүн, арынхаа зүйлд санаа зоволтгүй зөвхөн урагшаа харж бэлтгэлээ сайн хийхэд нь туслах бүгдийг л хийнэ. Анхаарлыг өөр зүйл төвлөрүүлэхгүй өөрсдөөсөө шалтгаалах зүйлсийг бүгдийг нь хийхийг хичээдэг дээ.

-Охидынхоо зан чанарын талаар яривал. Багадаа ямар хүүхдүүд байсан бэ?

                -Хоёр охин маань нэгнийхээ дутууг нөхөж байдаг юм шиг санагддаг. Хоёулаа аливаа зүйлд шударга ханддагт нь баяртай байдаг. Ц.Номин-Эрдэнэ аливаа зүйлд шууд хандаж, асуух зүйл, санал нийлэхгүй юм гарвал шууд хэлж, асуудаг. Харин эсрэгээрээ Ц.Оюун-Эрдэнэ юмыг ажиглаж, сонсож, асууж нухацтай хандаж  байгаад хэлдэг.

-Дүү нь мөн ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн гэлээ. Эгч нар нь дүүдээ хэрхэн зөвлөж, тусалж байгаа вэ?

                -Дүүгээ нэгдүгээр ангид орохоос нь өмнө хоёр эгч нь англи, монгол үсэг зааж өгөөд 10 дотор бодож, уншиж сургасан. Хоёр эгч хичээлд нь их тусалдаг. Тэр утгаараа багшид нь их дэмтэй байсан байх.

- Охидоо ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?

                - Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Хэр их хичээж бэлтгэл сургуулилт хийнэ, тэр хэрээрээ амжилт гаргана шүү дээ. Бусад хүүхдүүдийн адил эх орондоо ихийг хийж бүтээсэн сайн хүн болоосой л гэж хүснэ. Хэт их хүсэл хязгаартай шүү дээ.


 

 


Ц.Номин-Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнийн аав Ч.ЦЭНГЭЛБАЯР: Азийн ой тогтоолтын тэмцээнээс алт, мөнгөн медальтай ирж байгаа ихрүүдээрээ бахархаж, баярлаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-11 13:42:18
    Н.Загдраднаа: Цэнгэлээ би аав ээжийн тань анги найз 7 буудлын хөрш Загдаа ах бн. Утсаар нэг холбогдоорой 9192 4265
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188