• Өнөөдөр 2024-05-19

МУГЖ Ж.НАНСАЛМААГИЙН ОХИН Б.СОДЧИМЭГ: ЭЭЖ МИНЬ ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР НЭГ ДУУГАА НАЙМАН УДАА ДУУЛЖ, ТАЙЗЫГ ЭЗЭГНЭДЭГ БАЙСАН ГЭДЭГ

2023-08-15,   2935

ЭЭЖ МИНЬ ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР НЭГ ДУУГАА НАЙМАН УДАА ДУУЛЖ, ТАЙЗЫГ ЭЗЭГНЭДЭГ БАЙСАН ГЭДЭГ

     Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Нансалмаа агсны охин Б.Содчимэгтэй ярилцлаа. "Морины Нансалмаа" хэмээн олноо хүндлэгддэг тэрээр “Хангал зээрд”, “Зандан шоо”, “Магнай цагаан хээр”, "Жонон хонгор", "Шигширэгийн ай" зэрэг морины 120 гаруй дууг амилуулж, олны хүртээл болгож байв. Тэрээр “Адуу мэддэг болгон морь дуулдаггүй юм” хэмээн омогшдог байсан нь түүний дуунуудаас илт мэдэгддэг билээ.

-Таны ээжийг Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд хурдан морь унаж өссөн хэмээн ярьдаг. Та ээжийнхээ өсөж, төрсөн нутаг, бага насных нь тухай хэр мэдэх вэ?

       -Бид эмээгээ “ажаа” хэмээн  хүндэтгэн дууддаг байсан. Ээж минь урлагийн их ажилтай байсан учраас эмээ минь биднийг өсгөж хүмүүжүүлсэн. Ажаа минь ээжийн тухай нэгэн удаа ярихдаа “Намайг залуу байхад ээжийн минь бие өвдөж, би ээжийгээ асрахаас өөр аргагүй болоод гурван хүүхдээ аваад явсан. Газрын холын эрхээр өвөөтэй нь дахин уулзаж чадаагүй юм. Тэгээд эмээ нь нэг хүүхдээ дүүгийндээ үлдээсэн нь чиний ээж байсан. Ээж нь нагац эгчийндээ хурдан морь унаж, тэдний сургасан хүмүүжлээр хүн болсон” гэж билээ. Бид ээжийг өсгөсөн эмээгийнхээ дүүг “том ажаа” хэмээн авгайлдаг байсан. Том ажаагийн хань нь уяач байсан болохоор нутгийнхан нь хөх Данзан хэмээдэг байсан юм билээ. Харин том ажаа минь их сайхан дуулдаг хүн байсан гэдэг юм. Найр, наадамд уригдаж дуулдаг байсан ч байх. Том ажаа хүүхэд төрүүлээгүй болохоор их чанга, чамбай хүн байсан байж мэднэ.

Ээж нь минь хааяа том ажаагийн тухай дурсахдаа “Би хурдан морь унадаг байсан болохоор ажаа минь намайг их эрт босгодог байсан. Би хүүхэд байсан юм болохоор заримдаа нойрмоглож бүсээ ч олохгүй үе байсан. Тэгэхээр том ажаа бүсийг минь харчихаад тухайн газар руу ширэв татна. Тэгэхэд л бүс минь тэр газар нь байдаг байж билээ.Тийм болохоор би багаасаа хатуужилтай болж, амьдрал үзсэн” хэмээдэг байсан.

Ээж Дэлгэрхангай сумын Толийн хар толгой хэмээх газар 1943 оны долдугаар сард Довчингомбын гурав дахь охин болж мэндэлсэн юм билээ. Өвөө минь хүрээ, хийдэд шавилан сууж байгаад энгийн ард болсон тул хүүхдүүдээ эмээгээр овоглосон байдаг. Ээж Эрдэнэдалай сумын бага сургуульд сурч байгаад Дундговь аймагт наймдугаар анги төгсөж, 1961 онд Улаанбаатарт ирж тавдугаар сургуулийн ажилчин, залуучуудын оройн ангид элсэн суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн байдаг. Ээж минь бидэнд бага насныхаа  тухай төдийлөн ярьж өгдөггүй байсан санагддаг. Хожуу л бага, залуу насныхаа тухай товчхон ярьдаг байсан нь энэ.

-Ээж нь сургуулиа төгсчихөөд хаана ажиллаж эхэлсэн юм бол. Унаач хүүхэд Улаанбаатарт ирэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бол?

     -Ээж сургуулиа төгсчихөөд 1961 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл Улсын филармонид дагалдан хийлч хөгжимчин болж байсан гэдэг. Дагалдан хөгжимчнөөр ажиллаж байгаад анхны цалингаараа хотын хүмүүстэй адил болох гээд улаан пальто аваад өмсчихсөн чинь хөөгдчихсөн гэдэг. Бодвол, "Юу ч сураагүй байж өөрийгөө гангалсан” хэмээн загнасан болов уу гэж боддог. Ээжийн үед хүн өөрийнхөө төлөө өөрөө зүтгэх ёстой хэмээх үзэлтэй байсан юм билээ. Ээж минь Улаанбаатар анх орсон тухайгаа надад ярихдаа “10 хэдтэй юугаа ч мэдэхгүй охин ээжээсээ хөтлөөд оёдлын машинаа тэмээндээ ачаад хот орж, ягаан гажид буюу МУГЖ Ц.Цэнд-Аюуш эгчийнд очиж байсан” гэдэг. Ц.Цэнд-Аюуш эгч ээжийн төрөл нь байсан юм билээ.Тэр яриаг нь төсөөлж бодохоор одоог хүртэл сэтгэлд багтдаггүй хэцүү байдаг юм.

-Дэлгэрхангай хайрхны бэлээр алдар, цуутай олон хүн төрж, өссөн байдаг. Энэ нутгийг онож төрсөн хэн бүхний бахархал нь таны ээж  шүү дээ. Ээж нь нутгийнхаа тухай, Дэлгэрхангай уулынхаа тухай хэрхэн дурсдаг байсан бэ?

      -"Дэлгэрхангай уулын буян заяа их бий. Биднийг үргэлж ивээдэг" гэж ярьдаг байсан сан. Би  ч ээжийн адил Дэлгэрхангай уулын тухай бодох, санах бүрдээ тайвширдаг юм. Миний ээж Дэлгэрхангай хэмээн ургийн овог авч байсан. Би ээжийнхээ нутагт багадаа олон очиж байсан. Харин сүүлийн жилүүдэд ээжийгээ авч очихоор ярьдаг байсан ч ээжийн минь бие замын ая даахааргүй байсан учир чадаагүй.

-Эмээ нь ээжийнх нь оронд ээж болж таныг өсгөсөн юм байна. Таныг ямар хүмүүжлээр сургаж, хүн болгосон бэ?

       -Ээж минь намайг төрүүлчихээд л таван улсад тоглолт хийхээр явчихсан гэдэг. Харин би ээжийг таван улсын тоглолтоос ирэхэд нь өдөн дэрний завсар суучихдаг болсон байсан гэдэг. Тухайн үеийн уран бүтээлчид гэр бүлийнхэндээ, гэртээ тийм л  бага цаг зарцуулдаг байсан. Тиймээс ажаа ээжийн оронд ээж болж, биднийг хэнээс ч дутахааргүй өсгөсөн байгаа юм. Ажаа бидэнд ихийг захиж, сургадаг, сайн хүмүүжүүлэгч байсан. Ажаагийнхаа зааж, сургасныг мартахгүйг хичээж явна, өнөөдрийг хүртэл. Тухайлбал, “Хоолныхоо хамгийн сайхныг аав, ээждээ үлдээж бай. Ээж нь хоолойгоороо та нарыг тэжээж байгаа” хэмээдэг байж билээ. Нөгөөтэйгүүр бусдын өмнүүр өрсөж, сорчилж идчихээд мууг нь хүнд үлдээж болохгүй гэдгийг ойлгуулж байсан байгаа юм.

-Ээж нь багаасаа айлын хурдан морь унаж, өссөн юм болохоор их хэрсүүжиж. Харин морины Нансалмаа хэмээн цоллуулж, ард түмний хайртай дуучин болсон нь юутай холбоотой гэж боддог вэ?

    -Ээж минь багаасаа өөрийнхөө учрыг олчихсон болохоор баргийн асуудлыг асуудал хэмээн боддоггүй зарчимч зан нь ээжид их хэрэг болсон байх. Ээжийн минь гэртээ байх, бидэнтэй хамт өнгөрүүлсэн цаг нь их бага.

Өглөө эрт ажилдаа яваад өдөр ирж хоол идчихээд унтдаг байсан. Тэр нь өөрийнх нь бас нэгэн хоолойгоо амраах дасгал байсан байх. Тэгээд удахгүй ажилдаа буцаж яваад тоглолтоо хийчихээд л биднийг унтсан хойно ирдэг байсан даа.

Ээжийг өдөр гэртээ ирсэн үед нь бид хичээлдээ явчихсан байдаг байсан болохоор тааралддаггүй байсан нь тэр. Ээж минь "Адуу мэддэг болгон морь дуулдаггүй юм" гэж ярьдаг байсан. Ээжид минь морины дуу дуулах сайхан хоолой заяасан гэж боддог. Үүнээс гадна ээжийн нагац эгч буюу том ажаа нь их сайхан дуулдаг хүн байсан. Тэр хүнээс дуу сурсан байж мэднэ. Харин урлагийн замд чуулгынхны нэг удаагийн ээлжит тоглолт дээр Ардын жүжигчин Р.Түмэндэмбэрэл гуай эзгүй байж. Тэгээд оронд нь дуулах чадварлаг дуучны эрэлд гарсан гэдэг. Тэгээд олон шалгуулагчаас ээж минь шалгарч "Нүгэл буян" киноны дууг анх тайзан дээр дуулж байсан түүхтэй юм билээ. Түүнээс хойш ээж минь ард олондоо танигдаж байсан чансаатай цөан дуучдын нэг болж байлаа.

-Ээжийгээ дагаж ажилд нь очиж үзсэн үү. Тайзны араас тоглолтыг нь үздэг байв уу?

     -Ээжийгээ дагаж ажил руу нь явна гэдэг сугалаанд хожсонтой адил ховорхон, хамгийн сайхан жаргал байлаа шүү дээ. Намайг очихоор чуулгын чадварлаг дуучид мөнгө өгдөг байж билээ. Хүүхэд байсан болохоор ямар их баярладаг байсан гэж санана. Очсон үедээ тайзны араас ээжийнхээ дуулахыг сонсдог, тайзны ард ч гэлээ өлмий дээрээ явж тэднийг дэгийг сурдаг байсан. Ээжийнхээ дуулахыг урдаас нь үзэж байгаагүй. Хожуу ээжийнхээ тоглолтын үеэр тайзны ар талыг ажлыг хариуцдаг байсан.

-Ээж тань гэрийн ажил, амьдрал гэхээс илүү чуулгын ажилдаа үнэнчээр зүтгэж, бүхий л амьдралаа зориулжээ. Харин хувийнх нь амьдрал хэрхэн өрнөсөн бол?

      -Ээж минь чуулгын жилийн төлөвлөгөөг 18 аймгаар тоглолт хийж биелүүлж байсан гэдэг. Ажилдаа үнэнч зүтгэдэг манлайлагч нарын нэг, ард түмний хайртай дуучин байсан. Харин ээжийн минь хувийн амьдрал дүүрэн, жаргалтай байгаагүй болохоор ээжийгээ өрөвдөөд байдаг юм. Хүүхэд байхдаа ээжийнхээ зовлонг ойлгодоггүй, дэмий л уурладаг, дургүйцдаг байж.

Дүүгийн аав биднийг орхиж явсан үе хамгийн хэцүү байсан. Тэр үед ээж их бухимддаг болсон. Бид долуулаа амьдардаг байлаа. Гэтэл хэдхэн сарын дотор ээжтэйгээ хоёулахнаа үлдэж байгаа юм. Эмээ минь бурхан болж, эгч Оросод сурахаар, ах цэрэгт явж, хойд аав дүүг аваад явчихсан. Тэр үед ээж минь хэдий сэтгэлээр унасан ч гэлээ ажлаа тасалж үзээгүй. Ээж сэтгэлийн хаттай, дайчин, зоригтой, бардам эмэгтэй байсан.

-Та ээжийнхээ ямар дууг нь илүүтэй шимтэж сонсож, аялдаг вэ?

     -Ээжийнхээ бүх дуунд нь дуртай. Гэхдээ “Бор торгон цамц” дууг нь илүү сайн сурсан санагддаг. Ээж минь дууны тэмцээнд тус дууг бэлдэж, орж, гарахдаа дандаа дуулдаг байсан юм. Ээж тэмцээндээ түрүүлж, би нэг сайхан дуу сураад үлдсэн дээ. Харин монголчууд "Жонон хонгор", "Зандан шоо", "Шигширэгийн ай" дуунд нь илүүтэй дуртай юм билээ. 

-Нансалмаа гавьяат шиг тайзан дээр олон дахин дуулж чадах дуучин цөөхөн гэж ярьдаг. Олны дахиулах хүсэлтийг хэр биелүүлдэг дуучин байсан бэ?

     -Ээжийгээ би амандаа цус амтагдтал дуулдаг, дахиулах болгонд нь дуулдаг байсан байх гэж боддог. Хэнтийчүүд ээжийг нэг дууг найман удаа дахиулж байсан гэж ярьдаг юм билээ, үнэн  байх. Тухайн үеийн дуучид, үзэгчид сайн мэднэ дээ.

-Таны ээжид эмч нар ямар онош тавьсан юм бэ. Та сүүлийн жилүүдэд л ээжийгээ харж, ойр байсан байх?

      -Эмч нар ээжийг тархины цөмрөлттэй хэмээн оношилсон. Тархи нь үхжихээр ой санамжаа алдаж, амьдралынхаа бүх дурсамжийг мартчихдаг юм билээ. Дурсамжаа санаж байгаа зарим үед нь зөнгөөр нь яриулж бичиж, хадгалж авах нь их чухал юм билээ. Ээжийн ухаан санаа хоёр жилийн өмнө давгүй байсан.

Би гэрийг нь цэвэрлэхээр очихдоо дуунуудыг нь сонсож, заримыг нь дуулж өгөхөөр сонсож, сонсож байснаа “Хөөх” хэмээн уулга алдаж, сонирхож, “Хэн дуулж байгаа юм” гэдэг байж билээ, хөөрхий. Тэгэхээр нь “Та дуулж байна шүү дээ” гэхээр “Их уран, чамин дуулж байсан байна шүү” гэдэг байсан. Одоо ээж шиг минь дуулдаг хүн гэж хаана ч байхгүй шүү дээ. Бидний чих ч хүлээн авч чадахгүй байх. Ээж минь хэдийгээр байхгүй ч гэлээ морь янцгааж байгаа юм шиг хоолойгоо засдаг байсан нь, бүүвэй аяладаг байсан нь яг түүгээрээ сэтгэлд хоношин үлдэж дээ.

-Тархины өвчтэй болсон шалтгаан нь юу байсан бэ?

     -Залуудаа тоглолтоор явж байгаад зам тээврийн осолд орж байсан гэдэг юм билээ. Тэгээд сүүлийн жилүүдэд ослынх нь уршиг сэдэрсэн болов уу.

-Та ээжийнхээ ямар зан чанараар илүүтэй бахархаж, дурайх юм сан гэж хичээдэг байв?

    -Ээж минь их тэвчээртэй, хатуужилтай, өөрийгөө болоод бусдыг зоригжуулж чаддаг хүчтэй эмэгтэй байсан. Би ээжийнхээ сэтгэлийн хүч, тэвчээрийг нь дуурайх юм сан гэж боддог. "Нансалмаа чи заавал чадна шүү, болгоно шүү" гэж зоригжуулж байгааг нь мэдээд гайхдаг байж билээ. 

 


МУГЖ Ж.НАНСАЛМААГИЙН ОХИН Б.СОДЧИМЭГ: ЭЭЖ МИНЬ ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР НЭГ ДУУГАА НАЙМАН УДАА ДУУЛЖ, ТАЙЗЫГ ЭЗЭГНЭДЭГ БАЙСАН ГЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-20 18:46:18
    МОНГОЛ ХҮН: ЖИНХЭНЭ ОД БАЙСАН ДАА...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-07 22:50:58
    Золко: ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ МОРИНЫ ДУУГАА ДУУЛДАГ ТАСАРХӨЙ ЛД БАЙЛАА.ТАЛАРХЪЯ ТАНД.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-17 05:36:51
    Оюунаа: Сайхан Монгол морь гээд л дуулаад л бид учрыг нь ойлгоод л нулимс цийлэгнэдэгсэн,ингэтэл дуулсан дуучин хаач дахиж төрөхгүй,Дайны талбарт эндсэн эзнээ, дайсны саварт өртүүлэлгүй,дайчин нөхдөд нь хүргэж өгөөд, нулимс бөмбарүүлэн зогсож байсан..,гээд л хүнийг огшоож сэтгэлд ортол дуулдаг нь гайхамшиг шүү,ёстой л ховорхон төрсөн ОД байж дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-16 09:14:52
    Зочин : 70 -аад оны үед радиогоор " Моринд гарамгай хүүхэн " гэдэг радио зохиомж байнга явдаг байлаа. Ээж минь "Нансалмааг дуулахаар нутагтаа очсон юм шиг сайхан болох юм. " гэдэг сэн. Наадмын талбайд Нансалмаагийн дуу цуурайтаж морьдын уралдааны хийморь улам сэргэдэг гэж бодогддог.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-15 22:27:56
    Зочин : Нансалмаа гуай ёсдоо сайхан дуулдаг байсан дуугий их сонсдог байсан манай аав зандан шоо дуугий нь их дуулдаг хүн байсан даа аав минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-15 21:19:13
    Бямбаа. : Нансалмаа үнэхээр сайн дуучин байсан .Энэ хүн хөдөөгийн клубт ирж. Концерт тоглохдоо 5 аас дээш дахиулах морины тухай ёстой сэтгэлд буутал дуулдаг байж билээ. БОРОО ШААГИЖ БАЙГАА МЭТ АЛГА ташдагүзэгчдийг үнэхээрсэтгэлийг нь хөдөлгөж чаддаг дуучин байлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-15 21:18:11
    Бямбаа. : Нансалмаа үнэхээр сайн дуучин байсан .Энэ хүн хөдөөгийн клубт ирж. Концерт тоглохдоо 5 аас дээш дахиулах морины тухай ёстой сэтгэлд буутал дуулдаг байж билээ. БОРОО ШААГИЖ БАЙГАА МЭТ АЛГА ташдагүзэгчдийг үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөж чаддаг дуучин байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-15 19:54:12
    Зочин: Нансалмаа гавьяатыг хөдөө сумдад тоглолтоор очиход нь хүмүүс маш их олон дахиулж дуулуулдаг байсан. Хийморьтой эмэгтэй байсан даа Нансалмаа гуай. эцэг эхийн минь шүтээн дуучин байлаа хөөрхий.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-15 13:20:20
    Г.Нарантуяа : Сайхан хуний тухай Сайхан ярилцлага уншлаа, унэхээр Сайхан Байна, Сайхан хумуус энэ ертонцод хичнээн олон Бол мон Сайхан аа, Алдарт дуучин Нансалмаа гуай, Монголын ард тумний бахархал, дахин торвол ………. Мэдэхгуй, Алтан гадас Од Ганц л байдаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-15 12:45:38
    зочин: Товчхон ч гэсэн нээлттэй сайхан ярилцлага байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188