• Өнөөдөр 2024-05-19

Г.ТЭМҮҮЖИН: “MY VOICE” ШОУ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХЭД МИНЬ ТУСАЛСАН

             Урлагийн гавьяат зүтгэлтэн, “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжавын нэрэмжит “My Voice” шоуны ялагч Г.Тэмүүжинтэй ярилцлаа. Түүнийг шоуны хоёрдугаар шатанд дуулсан “Салхины хээ” дуугаар нь үзэгчид илүүтэй мэддэг билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Жилийн өмнө “My Voice” шоуны ялагчаар тодорч байжээ. Тухайн шоуны талаар ярихгүй юу?

             -Сайн байна уу, “My Voice”  шоу миний хувьд урт хугацааны аялал байсан. Цар тахлаас болоод оролцогчид бараг хоёр жилийн хугацаанд зураг авалтад орсон. Нэр хүндтэй шоунд оролцохоос гадна ялагч болох нь амьдралдаа авсан хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байсан даа. Гэр бүлийнхээ мөрөөдлийг биелүүлж, тэднийхээ итгэлийг дааж чадсандаа хамгийн их баярладаг.

-“My Voice” шоу таны оролцсон анхны шоу байв уу. Өмнө нь энэ төрлийн тэмцээнд оролцож байсан уу?

             -Миний оролцсон хамгийн том шоу нэвтрүүлэг л дээ. Тус шоунд оролцсоноор багын мөрөөдлөө биелүүлсэн. Өмнө нь бүс, орон нутгийн чанартай болон уран бүтээлчдийн нэрэмжит тэмцээн уралдаанд оролцож, амжилт үзүүлж байсан.

-Та ямар мэргэжилтэй вэ?

                 -СУИС-ийн эстрад дуулаачийн ангид Д.Ухнаа багшийн удирдлага дор элсэж байлаа. Эстрадын дуучин болох хүсэл, зорилго дүүрэн их сургуулийн босгоор алхаж байсан даа. Гэхдээ тухайн үед ар гэр, сургалтын төлбөрийн асуудлаас болоод сургуулиа төгсөж чадаагүй. Одоо нутагтаа Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрт цохивор хөгжимчнөөр ажилладаг.

-Олон хөгжмийн зэмсэг тоглож чаддаг юм билээ. Хэрхэн сурсан бэ?

            -Би Төв аймгийн Эрдэнэ суманд төрж, өссөн. Хөгжмийн багш минь бүх л мэддэг, чаддаг хөгжмийн зэмсгээ  надад зааж өгсөн дөө. Гитар, бөмбөр гээд амьд хөгжим, үлээвэр, даралтат хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн. Заалгасан бүх хөгжмөө тоглож чадна гэж хэлэхгүй ээ. Чаддаг болохын төлөө сурсаар байгаа. Хөөмийг өөрөө оролдсоор байгаад сурч байсан.

-“Салхины хээ” дуугаар хүмүүс Г.Тэмүүжинг сайн таньдаг болсон шүү дээ. Тус дууг яагаад сонгосон юм бэ?

           -“Салхины хээ” -г дууны сугалаагаар сугалсан. Тэр үед дуунаасаа сүрдэж, айж байсан шүү. “UBS” телевизийн хөтлөгч, чиглүүлэгч Э.Гантулга ахтайгаа хэрхэн дуулах талаараа их зөвлөлдсөн дөө. Дуулалтын чадвар, хэв маягтаа оруулах найруулгаа өөрөө хийсэн. “Салхины хээ” дууг дуулсандаа өөрийгөө тун азтай гэж боддог.

-Нэвтрүүлгийн үеэр хамгийн их анхаарал хандуулсан зүйл нь юу байсан бэ?

           -“My Voice” үндэсний шоу учраас гол зүйл нь эх хэлээрээ дуулж, бүх зүйл нь монгол өв соёлыг харуулсан байх хэрэгтэй гэж бодсон. Хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын зохиосон дууг сонсох бүрд Монголын талаар бодогдуулдаг, яруу тансаг байдаг. Тиймээс үндэснийхээ шоунд оролцохдоо уламжлалт  загварын хувцас өмсөж, орчноо бүрдүүлэн, дуугаа бүрэн дүүрэн илэрхийлэх хэрэгтэй гэж л бодсон. 

-Дуугаа хэрхэн илэрхийлж, сонсогчдод хүргэхийг зорьдог вэ?

             -Тайзан дээр дуулахдаа тарни шиг сайхан шүлэг нь ямар утга илэрхийлэх гэж байгааг дуучин нь сайн ойлгох хэрэгтэй. Хоёрт, хөгжмийн найрууллыг сайн сонсож дуулахаас гадна, үг бүрийн утга санааг сонсогчдод хэрхэн хүргэхээ мэдрэх хэрэгтэй юм билээ. Дуулж байх үедээ зохисгүй хөдөлгөөн хийж огт болохгүй, гэхдээ хөшөө шиг номхон зогсоод дуулаад байж болохгүй. 

-Финалын  шатанд дуулах дуугаа хэрхэн сонгож, хэр хугацаанд бэлдсэн бэ?

             -Бүх оддын дуу болсон “Өглөө шиг эх орон” дууг өөрийн хэв маягт оруулж дуулбал содон санагдана гэж Б.Жаргалсайхан багш зөвлөсөн. Тэмцээний үеэр найз Э.Хосбаяр маань дууны найруулга дээр ажилласан. Ингээд  дууныхаа төгсгөлд үндэсний шоу тоглолтод оролцож байгаа учраас өв соёл, түүхийг нэгтгэсэн үзүүлбэр үзүүлэхээр болсон. Дуулалтын бэлтгэлээ нэг сар хийсэн бол найруулга дээрээ бараг хоёр сарыг зарцуулсан.

-Шоунд оролцохоосоо өмнө хэд хэдэн уран бүтээл гаргаж байсан юм билээ. Тус уран бүтээлүүдийнхээ талаар ярихгүй юу?

                -Хөгжмийн зохиолч ах нарынхаа өгсөн дууг талархалтайгаар хүлээн авч дуулдаг. Ер нь дуу эзнээ голно уу гэхээс дуучин нь дуу голно гэж байхгүй шүү дээ. Дуу бүр амьтай, үнэт чанартай. Урын сандаа зургаан дуутай болсон байна.

-Таны бусад уран бүтээлчээс ялгарах онцлог юу вэ?

           -Надтай ижил жанраар дуулдаг дуучин олон бий. Би мэдрэмжтэй, аялгуутай дуучин байхыг хүсдэг. Багаасаа эцэг эх, багш нарынхаа дуулж байгааг сонсож өссөн болохоор мэдрэмжтэй, бараг хөгжимтэйгөө ярьж чаддаг байх хэмжээний дуучин байхыг зорьдог. Зорилгодоо хүрэх болоогүй учраас хичээнэ. Шантралгүйгээр явж чадвал тэртээд байгаа мөрөөдөлдөө хүрнэ гэж итгэж байгаа.

-Шинэ уран бүтээлээ хэзээ гаргах вэ. Ямар бүтээл гаргахаар ажиллаж байгаа вэ ?

          -Хоёр шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Хангай дэлхий өнгөө засах үеэр дуугаа дүрсжүүлэн сонсогчдодоо хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Анх удаа “Шинэ уран бүтээлээ гаргалаа” гэж хэлэх эрхтэй болж байгаа учир надад энэ боломжийг олгож, замыг минь зассан “UBS” телевизийн хамт олонд “Баярлалаа” гэж хэлмээр байна. Надад итгэж байгаа олон хүний итгэл сэтгэлийг алдахгүй байхыг хичээнэ ээ.

-Дараагийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?

            -Багаасаа дуучин, хөгжимчин байхыг мөрөөдсөн. Мөрөөдөл рүүгээ хэдхэн алхам ойртсон ч хаалгыг нь бүрэн нээж, зорилгодоо хүрээгүй байна. Урлаг өндөр босготой шүү дээ. Монгол хөгжмийн яруу тансагт уярч, сонсож өссөн учраас урлагаасаа хэзээ ч холдож чадахгүй. Урлагийн хүн болохын төлөө шантралгүй хичээнэ.

 


Г.ТЭМҮҮЖИН: “MY VOICE” ШОУ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХЭД МИНЬ ТУСАЛСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188