• Өнөөдөр 2024-05-19

Н.ДАВААСҮРЭН: ГАНЦ БИЕ ЗАЛУУСЫН УУЛЗАЛТАД ДУРСАМЖ БҮТЭЭХ ГЭЖ ЯВААД ХАЙРТАЙГАА УЧРААД ИРСЭН ДЭЭ

                Говь-Алтай аймгийн удирдлагууд орон нутгийн гэр бүл төлөвлөлтийг дэмжих, ганц бие залуусыг хооронд нь танилцуулах зорилготой ганц бие залуусын чуулга уулзалтыг өнгөрсөн жил зохион байгуулсан билээ. Тус уулзалтаар танилцсан гурван хос аймгийнхаа түүхт 100 жилийн ойгоор хуримаа хийж, өргөө цагаан гэрт гал голомтоо бадраалаа. Шинээр гэр бүл болсон гурван хосын нэг, “Алтайн залуус” уулзалтад оролцож, ханьтайгаа танилцсан Н.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр жилийн өмнө танилцсан залуутайгаа ханилж, бяцхан охины аав ээж болно гэж төсөөлөөгүй талаараа дурдсан юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулах уу?

                -Сайн байна уу, намайг Н.Даваасүрэн, ханийг минь Б.Энхболд гэдэг. Говь-Алтай аймгийнхаа түүхт 100 жилийн ойгоор хуримаа хийж, өрх тусгаарлалаа.

-Та хоёрыг "Ганц бие залуусын чуулга уулзалт"-ын үеэр танилцсан хэмээн сүүлийн өдрүүдэд дуулиан боллоо. Тухайн уулзалтад яагаад оролцох болсон бэ?

                -Бид хоёр “Алтайн залуус” чуулга уулзалтын үеэр анх нэгнээ харж, танилцсан. Би Есөнбулаг сумынх, манай хүн Алтай суманд төрж, өссөн. Ганц бие залуусын уулзалт болно гэж найзуудаасаа сонссон. Тухайн үед найзуудынхаа ятгалгаар л уулзалт руу явсан. Манай нөхөр ч найзуудтайгаа хамт ирсэн байсан. Дөргөн нуурын хажууд уулзалт зохион байгуулагдаж, олон хөгжилтэй тоглоом, тэмцээнд оролцсон. Тэр үед л нэгнийгээ харсан. Хөгжилдөж, дурсамж бүтээх зорилготой яваад хайртайгаа учраад ирсэн дээ.

-Олон хүн дундаас нөхрийнхөө юуг онцолж харсан бэ. Танд юу нь хамгийн сайхан харагдаж, татагдсан бэ?

                -Их яриа сайтай, нүдэнд дулаахан залуу байсан. Миний нүдэнд найдаж, түшиж болохоор итгэлийг минь даах залуу шиг харагдсан. Тэр олон хүн дундаас нэг л онцгой харагдаад байсан юм. Чуулганаар танилцаж, удалгүй нэгэндээ дасаж үерхсэн дээ. 

-Юу нь тэгж онцгой санагдаж, харагдсан юм бэ?

                -Цахим сүлжээгээр харьцах, утсаар ярихад их халамжтай, байнга санаа тавина. Намайг тухтай байлгаж чаддаг. Сэтгэлд дулаахан нандин үг их хэлдэг нь хамгийн сайхан санагддаг юм. 

-Таны хувьд тус чуулга, уулзалтыг хэр үр дүнтэй уулзалт болсон гэж боддог вэ?

                -Хүмүүсийн бодож төсөөлсөн шиг сөрөг зүйл огт байгаагүй ээ. Тодорхой хөтөлбөрийн дагуу бүх зүйлийг эмх цэгцтэй зохиосон байсан. Миний хувьд үр дүн сайтай зөв уулзалт болсон юм шиг санагдсан.

-Түүхт 100 жилийн ойн баяраараа хуримаа хийлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -“Дөргөн нуураас төрсөн хосууд” гэж Говь-Алтай аймгийн Тамгын газраас зохиож, ганц бие залуусын уулзалтаар гэр бүл болсон хосуудын хуримыг хийж өгсөн. Аймгийнхаа  түүхт 100 жилийн ойн баяраараа хуримаа хийснийгээ их бэлгэшээж, баярлаж байгаа. Үнэхээр л мартагдахын аргагүй сайхан өдөр болдог юм билээ.

-Нөхөртэйгөө холбоотой хамгийн гэгээн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

                -Бүл нэмэх болсноо мэдсэн үе, хэлсэн үе хамгийн дурсамжтай. Би аравдугаар сард жирэмсэн болсноо мэдсэн. Тэгээд нөхөртөө “Би жирэмсэн болчихжээ. Чи аав болох нь” гэж хэлсэн. Манай хүн хэсэг чив чимээгүй болчихсон, гайхаад юу ч дуугарахгүй. Тэгээд удаагүй баярлаад хөөрч гүйгээд, надад  ч ээж болж байгаад минь баяр хүргээд “Би аав болсон, би аав болсон” гээд л хөөрөөд, инээгээд гүйгээд байсан. Жирэмсэн болсноо мэдэх үеийн миний өнөөдрийг хүртэл сонссон мэдээнээс хамгийн сайхан нь байсан. Охиноо төрүүлчихээд гар дээрээ авах үеийн мэдрэмж үгээр хэлэмгүй догдолмоор сайхан байсан. Жилийн өмнө  халамжит хань, хөөрхөн хүүхэдтэй гэрийн эзэгтэй болно гэж огт төсөөлөөгүй явсан. Амьдрал их сонирхолтой юм билээ.

-Цаашид хаана суурьшин амьдрах төлөвлөгөөтэй байгаа вэ?              

                -Манайх удам дамжсан малчин айл. Тиймээс төрсөн нутагтаа малаа өсгөж, хөдөө амар тайван амьдарна. Орон нутаг харьцангуй хөгжиж байна шүү дээ. Мөдхөн Улаанбаатар хот шиг хөгжилтэй болно. Тиймээс тал, хээр нутагтаа тайван амьдрах бодолтой байгаа, манай гэр бүл.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Н.ДАВААСҮРЭН: ГАНЦ БИЕ ЗАЛУУСЫН УУЛЗАЛТАД ДУРСАМЖ БҮТЭЭХ ГЭЖ ЯВААД ХАЙРТАЙГАА УЧРААД ИРСЭН ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-04 20:03:15
    Zochin: Az jargal hvsie zaluusaa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188