• Өнөөдөр 2024-05-19

Б.СЭЛЭНГЭМӨРӨН: ХУРИМЫН ХАМГИЙН ГЭГЭЭЛЭГ БҮХНИЙГ ҮС ЗАСАЛТДАА ШИНГЭЭХИЙГ ХИЧЭЭСЭН

       Дэлхийн үсчин, гоо засалчийн аварга шалгаруулах тэмцээнээс "Хуримын үс засалтын" ганцаарчилсан төрөлд оролцож, тэргүүн байрт шалгарч, цомын эзэн болсон Баасансүрэнгийн Сэлэнгэмөрөнтэй ярилцлаа. Тэрбээр олон уран бүтээлчийн үсний загвар, стилийг тодорхойлдог бөгөөд  “Estel Mongolia” кампанийн сургагч, технологийн багш билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан цом хүртсэн баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Шагнал авсан талаараа сонсоод үнэхээр итгэж чадаагүй. Тэргүүн байрт орсон мэдээгээ сонсох үедээ бяцхан үрээ хүлээж аваад удаагүй, эмнэлэгт байсан юм. Эмнэлэгт байхад н.Алтаншагай ах залгаад “Чи нэгдүгээр байрт орсон байна. Цахим сүлжээгээ гялс шалгаарай” гэсэн. Үнэхээр  нэгт орсон байгаагаа хараад шууд уйлчихсан. Энэ том тэмцээнд оролцож, ялна гэдэг миний холын мөрөөдөл байсан. Мөрөөдөлөө биелүүлж чадсандаа үнэхээр баяртай байна. Давхар, давхар баярт мэдээ сонссон гайхалтай өдрүүд байлаа.

-Тэмцээндээ хэр удаан бэлдсэн бэ. Шагнал хүртсэн хуримын үс засалтын санааг хэрхэн олсон бэ?

                -Тэмцээний бэлтгэлийг хоёр сарын хугацаанд хийсэн. Хэт яаралгүйгээр тухайгаар хийсэн. Тухайн үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байсан учраас ачаалал ихтэй байсан. Олон уран бүтээлчид тоглолт хийдэг цаг шүү дээ. Баяр дуусгаад яг долоо хоног бүх ажлаа хойш тавиад зөвхөн тэмцээндээ анхаарал хандуулсан. Хийх санаагаа олохын тулд олон туршилтын загвар гаргаж, шилж, сайжруулсан. Хуримын үс засалтыг сонгосон шалтгаан нь бүх юм өнгөлөг байдагтай холбоотой. Хурим гэхээр бүх зүйл өнгөлөг, гэгээн, гэгээлэг, ялдам шүү дээ. Сүйт бүсгүйг хамгийн үзэсгэлэнтэй гэгээлгээр хардагтай адилхан. Яаж хийвэл эрхэмсэг, ялдам харагдуулах вэ гэж их бодсон. Тэмцээн учраас олон шалгуурууд байгаа. Өнгө будаг, үс засалтын харьцаа гээд олон техник стандартыг шаарддаг. Тэр бүрд тааруулж загвараа гаргах хамгийн чухал байсан. Үсний дээд хэсэгт хэт хэтэрсэн биш навчин хэлбэрийн долгионыг оруулж өгсөн. Цэцгэн хэлбэр гаргаж засвал болохгүй учраас тохирсон навчин хэлбэрийн долгион гаргасан. Эмэгтэйлэг хэв шинжийг илэрхийлж сувдаар чимэглэсэн.

-Үсчин, гоо засалчаар ажиллаад хэр удаж байгаа вэ?

                -Мэргэжилээрээ долоон жил ажилласан. Богино хугацаанд үр дүнтэй ажиллах нь чухал гэж бодож байна. Энэ хугацаанд өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цаг мөчүүдээ бүгдийг нь ажилдаа, мэргэжилдээ зарцуулсан. Ажил л гэвэл нүд нь сэргэж, бусад зүйлсийг түр мартаад ажилладаг.

-Өмнө нь гоо засалчийн тэмцээнд оролцож байв уу. Амжилтуудаасаа хуваалцвал?

                -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байн. Өмнө нь үдшийн гоёлын төрөлд оролцоод есдүгээр байрт шалгарч байсан. Мөн өөр олон улсын тэмцээнд хуримын үс засалтын төрлөөр оролцоод цомын эзэн болсон.

-Яагаад гоо сайхны чиглэлээр ажиллахаар болсон бэ. Таны сонирхлыг татсан зүй нь юу байв?

                -Би угтаа компьютер график, дизайнер мэргэжилтэй. Хүний толгой дээр байгаа тэр нарийн ширхэгтэй үсийг  хүсэж, төсөөлснөөрөө засаж, хувиргаж болдог гэдгийг мэдэрсэн учраас улам илүү их зүйлийг хийж, олон зүйл туршиж үзмээр санагддаг. Үйлчлүүлэгчдийнхээ өөрчлөгдөж байгаа, баярлаж байгаа төрхөөс илүү их урам авч ажилладаг.

-Олны танил  уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг юм билээ. Хийсэн ажлаа тайз, дэлгэцээр харах ямар байдаг вэ?

                -Олон уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Энэ удаагийн оролцсон тэмцээнтэйгээ холбоотойгоор МУГЖ, дуучин Т.Ариунаагийн “Гэгээн хурим” дуун дээр ажилласан. Тухайн үед тэмцээнийхээ загвар дээр ажиллаж байсан учраас өнөөх чамин  загвараа илүү бодит, энгийн болгож сувд, цэцэг ашигласан үс засалтыг нь хийсэн. Уран бүтээл дээр ажиллахдаа тухайн уран бүтээлчийнхээ хувцас, дууны утгыг сонсож, судалж шинээр үснийхээ засалтыг бодож, ажилладаг. Урлагийн хүмүүстэй ажиллах олон давуу талтай. Уран бүтээлээр нь дамжуулж хэв маяг, загвар тодорхойлогдож байдаг учраас зогсолтгүй  шинийг хайж, өөрийгөө хөгжүүлж байдаг. Харсан бүхнээсээ шинийг хайдаг. Өөрийнхөө хийсэн үс засалтыг хараад сэтгэл хөдөлнө, гоё байгааг нь хараад баярладаг.

-Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Үсийг нь янзалсан хүн сэтгэл хангалуун байхыг харах үед өөрт ямар мэдрэмж төрдөг вэ?

                -Өөрийнхөө царайнд тохирсон үс засалтаар үсээ засуулсан хүн цаанаасаа л гэрэлтээд ирдэг. Өөр дүр төрх нь өөртөө итгэх итгэл нэмж байгааг харах хамгийн сайхан. Өөрийгөө өөрөөр харах үс засалтыг хийх дуртай.

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?

                -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, алтан цом том хариуцлагыг хүлээлгэлээ. Төлөвлөсөн ажил ,хийхийг хүссэн зүйлс олон байна. Тэр бүрийг шат дараатай биелүүлж, зорилгодоо хүрнэ.


 

 


Б.СЭЛЭНГЭМӨРӨН: ХУРИМЫН ХАМГИЙН ГЭГЭЭЛЭГ БҮХНИЙГ ҮС ЗАСАЛТДАА ШИНГЭЭХИЙГ ХИЧЭЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-28 23:52:39
    Aika: Minii egchee vneher mundag shvv amidralin min bvh jargaltai mochid min gaihaltai blgodog shvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-28 08:48:50
    manlai: ymar goe ymwee egchdee amjilt husen erooe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-27 14:00:59
    Бямба: Үнэхээр гоё юмаа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188