• Өнөөдөр 2024-05-18

Д.АНХБАЯР: НҮДЭНДЭЭ ШИВЭЭС ХИЙЛГЭХ НЬ ЭРСДЭЛТЭЙ Ч СЭТГЭЛ ДОГДЛУУЛСАН САЙХАН ҮЙЛ ЯВДЛЫН НЭГ БАЙСАН

     Өдөр тутмын хэвшмэл байдлыг эвдэж, өмссөн хувцас, өөртөө итгэлтэй байдлаараа нийгэмд тод гэрэл асаадаг эрхэм цөөнгүй. Өөрсдөдөө эрх чөлөө олгож, өөрийгөө хайрладаг тэд алхам тутмаасаа аз жаргал мэдэрдэг гэлтэй. Тэдний нэг бол дизайнер, шивээсчин Д.Анхбаяр билээ. Түүний хувьд амьдралдаа хэн бүхний гаргаж чадахгүй эрсдэлтэй сонголт хийж, нүднийхээ цагааныг цэнхэр өнгөөр шивүүлсэн юм.

-Шивээс сонирхоод хэр удаж байгаа вэ. Юу нь сонирхолтой санагдсан бэ?

           -Миний шивээс, цоолборт дуртай болсон шалтгаан их сонирхолтой. Хороололд явж байгаад нэг шивээсчнийг хүнд шивээс хийж байхыг санаандгүй харсан юм. Тун сонирхолтой санагдсан учраас тэр дороо шивээс хийлгэсэн. “Хийлгэхээсээ илүү өөрөө шивээс хийвэл илүү гоё юм байна” гэж бодоод шивээсний машиныг нь сайн ажигласан. Сайн харж аваад гэртээ ирээд дүүтэйгээ нийлж, шивээсний машин хийж байлаа.

-Гар доорх материалаар шивээсний машин хийсэн хэрэг үү?

          -Тийм ээ, хөгжмийн жижиг мотор, балны гол, төөнүүрийн зүү ашиглаад оёж, наагаад шивээсний машин хийсэн дээ. Хийсэн машинаа  гар дээрээ шивж туршиж үзэж байлаа. Тэр үед хатгасан цэг одоо ч байгаа. 1998 онд интернэт сүлжээ бараг байгаагүй шүү дээ. Тиймээс номноос хээ харна, дуурайлгаж зурна. Яваандаа өөрөө хээ зохиож, шивдэг болсон.

-Нүднийхээ цагаан дээр яагаад шивээс хийлгэсэн юм бэ?

          -Би анхдагч байх дуртай. Нүднийхээ цагаан дээр шивээс хийлгээд долоон жил болж байна. Монгол Улсад энэ төрлийн шивээс хийлгэсэн 2-3 хүн байдаг юм билээ. Гэхдээ тэд гадаадад хийлгэсэн байх. Харин би Монголдоо хийлгэсэн. Нүдэндээ шивээс хийлгэж байгаа хүний зураг хараад, хийлгэхээр шийдэж, судалж эхэлсэн. Нүдний шивээсний будаг нь өөр найрлагатай байдаг юм билээ. Нэлээн судалсны дараа гадаадад байдаг найзуудаасаа будаг олж өгөхийг хүссэн. Зориулалтын будаг шивээсний газруудад байдаг ч худалддаггүй юм билээ. Будаг нь олдохгүй нэлээн удсаны дараа Франц Улсад байдаг найз минь “Би чамд зориулалтынх нь биш ч  хамгийн сайн будаг  явуулъя” гэсэн. Тэр үед “Яадаг ч байсан хийлгэнэ” гэсэн бодол л байсан даа. Сонирхол, хүсэл хоёр айдас, сэрэмжийг давчихдаг юм билээ.

-Нүд эмзэг эрхтэн шүү дээ. Энэ хариуцлагатай, сонирхолтой ажлыг  мэргэжлийн шивээсчин хийсэн үү?

                -Шивээс сонирхдог мэс заслын эмч найзаараа хийлгэсэн. Хоёулаа өмнө нь энэ төрлийн шивээс хийж байгаагүй, туршлагагүй ч дүрс бичлэг үзэж байгаад л хийсэн. Нэг талаараа эрсдэлтэй байсан л даа. Гэхдээ би огт айгаагүй ээ, шивээс хийлгэх өдрөө тэсэн ядан хүлээсэн. Хийлгэхээр төлөвлөж, шийдсэнээс хойш зориулалтын будгаа удаан хайж хүлээсэн учраас элдэв эрсдэл бодохооргүй болтлоо догдолсон гэсэн үг.

-Сөрөг нөлөө гарсан уу?

          -Эхний сар нүд их аргадаг юм билээ. Гурав хоног нулимс тасралтгүй урссан. Арчаад харахаар дан цэнхэр бэх гарна. Хийлгэсэн оройдоо нүд өвдөөд унтаж чадаагүй. Тэр үед хэсэгхэн “Юу хийчихэв ээ” гэж бодсон шүү. Гэхдээ галт тэрэг нэгэнт хөдөлсөн, шивээсээ хийлгэчихсэн, буцаах боломжгүй. Ер нь хүн ямар нэг алхам хийсэн л бол буцаах ямар ч боломжгүй шүү дээ.

-Хүмүүсийн хандлагыг хэрхэн хүлээж авдаг вэ?

            -Анхны шивээсээ хийлгэчихээд олон нийтийн газар алхахаар хажуугаар өнгөрсөн хүн бүр эргэж хараад “Хөөх шивээс, шивээс” гэнэ. Тэр үед бусдаас онцгойрсон юм шиг санагдаж, таатай мэдрэмж авсан. Би огт “Хүнд яаж харагдах бол” гэж бодож шивээс хийлгэдэггүй. Шивээс хийлгэх, хийх бол миний сайхан мэдрэмж авдаг нэг төрлийн хобби. Хүмүүст шивээс хийж байхдаа анзаарсан нэг зүйл бий. Хүмүүс шивээс хийлгэж байхдаа бусдад яаж харагдах бол гэдэгт хэтэрхий анхаарал хандуулаад байдаг. Өөрийнхөө бие дээр шивээс хийлгэж байж, бусдын бодолд анхаарал хандуулаад байж болохгүй шүү дээ. Миний бие дээр анх хийж сурч байхдаа хийсэн ноорог шивээс өчнөөн бий. Гэхдээ нэг ч удаа дарж, өөр шивээс хийлгэе гэж бодоогүй. Шивээс бүр нь миний амьдралын түүх  гэсэн үг.

-Гэр бүлийнхэн нь таны сонирхлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

          -Анхны шивээсээ хийлгэчихээд аав, ээж хоёроосоо их айдаг байлаа. Нэг удаа гэртээ цамцгүй явж байгаад ээждээ шивээсээ харуулчихсан. Тэр үед шивээс биш, зураг наасан гэж хэлээд амжилт олоогүй юм. Ээж аавд намайг шивээс хийлгэсэн байгааг хэлтэл аав нөгөө өрөөнөөс дуудаж байна. Ааваасаа хамгийн их айж байсан юм. Гэтэл аав миний шивээсийг харчихаад “Ямар сонин юм хийлгэчихсэн юм бэ. Өөр гоё юм хийлгэхгүй” гэсэн. Ааваас тийм үг гарна гэж огт бодоогүй  болохоор үнэхээр баярласан даа. Тэгж л шивээс чөлөөтэй хийлгэх боломжтой болсон. Ээж хэсэг “Зүгээр байсан биеийг муухай болголоо. Хайран юм” гэж үглэсэн. Тэгээд дассан даа. Сүүлдээ бүр аав, ээжийн хажууд өөртөө шивээс хийгээд сууж байдаг байлаа.

-Бие дээр нь хэр олон шивээс, цоолбор байгаа вэ?

           -Тоолж байгаагүй юм байна. Анх сонирхож эхлэхдээ зав гарвал л өөр дээрээ шивээд суучихдаг байлаа. Юм бүхнийг өөр дээрээ туршиж үзнэ. Гадаад сэтгүүл харж байгаад цоолбор хийдэг байлаа. Тэр үед зориулалтын цоолборын ээмэг байхгүй учраас амьтанд тариа хийдэг бүдүүн тариурын зүүг спиртээр арчиж байгаад хийнэ. Хэлээ өөрөө цоолж байсан. Одоо бодоход  аймаар шүү. 2000 оны үед энэ төрлийн бүтээгдэхүүн, хэрэглэгдэхүүн ховор байлаа. Сонирхол байгаа цагт хэн ч намайг зогсоож дийлэхгүй нь сайхан юм даа. Айдас, өвдөлт бол хэсэгхэн зуурынх шүү дээ.

-Гадаад үзэмжээсээ болж таагүй мэдрэмж авсан удаа бий юү? 

          -Олон хүнтэй харилцаж, ажиллана. Шууд таараад хэлдэггүй ч хэсэг хугацаанд ажилласныхаа дараа “Анх таныг хараад айдаг байсан. Эвгүй, яаж ч мэдэхээр харцтай. Тэгээд хамтарч ажиллаад, ярилцаад ирэхээр харагдах байдлаасаа огт өөр хүн байсан” гэх хүмүүс байдаг. Нүд маань анх таагүй харагддаг юм шиг байна лээ. Гэхдээ намайг хэн ч зогсоож, өөрчилж чадахгүй. Өөрөөрөө жаргалтай амьдарч байгаа минь л энэ.

 


Д.АНХБАЯР: НҮДЭНДЭЭ ШИВЭЭС ХИЙЛГЭХ НЬ ЭРСДЭЛТЭЙ Ч СЭТГЭЛ ДОГДЛУУЛСАН САЙХАН ҮЙЛ ЯВДЛЫН НЭГ БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-30 11:03:50
    Кк: Аааая Анхаа ах ярилцлага өгчиж. Царайнаасаа шал өөр зантай шд хаха
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188