• Өнөөдөр 2024-05-18

Т.БИЛГҮҮН: НАЙЗУУДТАЙГАА ЯРИЛЦАХЫН ТУЛД АНХ АНИМЭ ОРЧУУЛЖ БАЙЛАА

      Дэлхий дахинд нээлтээ хийсэн шинэ контент бүрийг монгол орчуулгатайгаар хүргэдэг платформуудын нэг “Playmo” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Т.Билгүүнтэй ярилцлаа. Тэрбээр 10 жилийн өмнөөс хадмал орчуулга хийсэн бөгөөд “Аникод”,“Serisu” кино орчуулгын багт ажиллаж байжээ. Тэрбээр 550 мянга гаруй хэрэглэгчтэй “Playmo” компанийн сайт, аппликейшныг хийсэн билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Киноны хадмал орчуулга хийж эхэлсэн үеэс нь яриагаа эхлэх үү?

         -Би 2013 оноос хадмал орчуулга хийж эхэлсэн. 10 жилдээ гадаад хэл дээр анимэ их үздэг байлаа. Тэр үед орчуулгатай анимэ үзэх амаргүй байсан юм. Найзууддаа анимэ үзүүлж, түүнийхээ тухай ярилцахын тулд хадмал орчуулга хийж эхэлсэн. Орчуулсан киногоо “Аникод” вэб сайт дээр байршуулж, үнэгүй үзүүлдэг болсон. Тус сайт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаад албан ёсны анимэ орчуулдаг сайт нээгдсэний дараа хаагдсан даа. Ингээд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр кино орчуулан хүргэдэг аппликейшн нээхээр зориг шулуудсан. Анх орчуулга хийснээсээ 10 жилийн дараа “Playmo” компанийг байгуулж, хадмал орчуулгатай кино үзэх сайт, аппликейшн хөгжүүлж, ерөнхий захирлаар нь ажиллаж байна.

-Киноны хадмал орчуулга хийх ямар байдаг вэ?

           -Кино орчуулга хийнэ гэдэг амаргүй ажил. Гадаад хэлэндээ сайн байх нь чухал ч түүнээсээ ч сайн монгол хэлтэй байх хэрэгтэй. Найруулгагүй, зөв бичгийн дүрмийн алдаатай бичдэг бол орчуулга хийх боломжгүй. Хадмал орчуулга сайн байхын тулд оновчтой, зөв найруулгатай, уншихад хялбар бичигдэх ёстой. Мөн тухайн дүрийн хэлсэн ёжлол, зүйрлэлийг сайн гаргах, үзэгчдэд амьд мэдрэмж өгөх хэрэгтэй. Манай хадмал орчуулгын сайт “HI хадмал” буюу сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай хадмал хийдгээрээ онцлогтой.

-“Playmo” ХХК хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ. Багийнхныхаа талаар ярихгүй юу?

         -“Serisu”, “Аникод” хоёр ижил цагт хаалгаа барьсан. 2020 онд компаниа байгуулахаар шийдээд хамт ажилладаг найзууддаа хэлснээр “Playmo” багийнхан бүрдсэн. Компанийн үндсэн ажилчид буюу 10 гаруй залуу оффис дээр ажилладаг. Харин кино орчуулагчид гэрээсээ ажлаа хийх боломжтой. Орчуулгыг ихэвчлэн оюутан, 10 жилийн сурагчид хийдэг. Орчуулагчид байнга солигдож байдаг учраас “Яг тэдэн орчуулагч бий” гэж хэлэх боломжгүй.

-“Playmo” хадмал орчуулгатай кино сайт ижил үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагаас юугаараа онцлог вэ?

           -Кино үнэгүй үздэг сайтууд болон ижил төрлийн төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг олон байгууллага бий. Гэхдээ “Playmo” компанийн бүх контент албан ёсны эрхтэй учир оюуны өмчийг дээдэлнэ. Мөн зөвхөн сайтаас бус давхар аппликейшнаар үзэх боломжтой. Үнэгүй сайт байхад заавал төлбөр төлж кино үзэх шаардлагагүй гэдэг хүмүүс бий. Гэхдээ үнэгүй сайтаас кино үзэхийн тулд олон домэйн дамжина, контент нь алдаа заана, утгын алдаатай хадмал орчуулга үзнэ гээд хүндрэл ихтэй. Харин манай байгууллага үзэгчийн сэтгэл ханамжийг дүүрэн байлгахын тулд гацахгүй, алдаа заадаггүй, ашиглахад хялбар системээр үйлчилдэг. Тухайн серверээ өөрсдөө бүтээсэн учраас хэрэглэхэд хялбар байдаг гэсэн үг.

-Яагаад “Playmo”гэж нэрлэсэн юм бэ?

          -Албан ёсны кино орчуулгын сайт нээхээр төлөвлөчихөөд ямар нэр өгөх вэ гэж удаан бодсон. “Play” бол тоглуул гэсэн утгатай “mo” нь “more” буюу илүү гэсэн үгний товчлол. Ингээд “Playmo” буюу илүү их тоглуулж, илүү их үз гэсэн утгаар нэрээ өгсөн.

-Компанийнхаа сайт болон аппликейшнийг өөрөө хийсэн гэсэн шүү дээ. Энэ талаараа ярихгүй юү?

                -Өмнө нь “Аникод” анимэ орчуулгын сайтыг хийж, давхар киногоо орчуулан хүргэдэг байлаа. Багаасаа код бичих сонирхолтой байсан л даа. “Playmo” аппликейшн, сайтын анхны хөгжүүлэлтийг би эхнээс нь дуустал хийсэн. “Playmo” сайтын үйл ажиллагаа өргөжиж одоо орчуулга болон үйл ажиллагаа хариуцсан хүмүүс тусдаа болсон. Миний хувьд компаниа чиглүүлж, сайт, аппликейшныхаа программ хангамжийг хариуцаж ажилладаг. Хэрэглэгчийг ашиглаж байх үед сайт гацаж, алдаа зааж болохгүй. Энэ бол манай компанийн гол баримталдаг зарчим. Нүдэнд ил харагдаж байгаа сервер амархан харагдаж байж болох ч ардаа асар олон тоон өгөгдлийн систем ажиллаж байдаг. Манайх гадаадаас сайт, аппликейшн огт худалдаж аваагүй. Өөрсдөө хийж бүтээхийг хүссэн учраас сайтаа анхнаасаа өөрийн төсөөллөө бодит болгож, код бичиж хийсэн. Мөн манай нэг давуу тал нь уран бүтээлчид ямар нэгэн контент тавиулбал, хэр олон хүн худалдаж авч үзсэнийг хянах самбартай.

-Албан ёсны эрхтэй кино орчуулгын сайт болохын тулд хэсэг хугацаанд хаагдаж байсан шүү дээ. Киноны албан ёсны эрх авах амаргүй байдаг уу?

         -Хуулийн дагуу бүх газраас эрх авахаар үйл ажиллагаагаа түр зогсоосон юм. Үйл ажиллагаа явуулж эхлэхдээ киноны албан ёсны эрх авахыг хичээсэн ч тийм амархан бүтээгүй ээ. Үйл ажиллагааны зардлын хамгийн их хувийг контентын лицензийн төлбөр эзэлдэг. Контентоо  “Voo”, “Look tv” гэсэн газруудад нийлүүлдэг, хамтрал үүссэн зах зээлд анх ороход хүнд байсан.

-Компанийн ажилчдаас гадна “Playmo”-г сонгосон үзэгчдийн өмнө хариуцлага хүлээх амаргүй биз?

          -“Аникод” орчуулгын баг байгуулагдах үед би оюутан, бусад орчуулагч  нь 10 жилийн ахлах ангийн сурагч эсвэл оюутан байлаа. Тухайн үед одоогийнх шиг үүрэг хариуцлага мэдэрдэггүй байсан. Одоо бол хуулийн дагуу компани үүсгэн байгуулж, олон хүний өмнө хариуцлага хүлээсэн учир сайн чиглүүлэх, ажлыг нь зөв хуваарилах гээд олон чадварт суралцаж байгаа. Анхны компаниа дуртай зүйл дээрээ тулгуурлаж эхлүүлсэн учраас бэрхшээл бүрийг амттай даван туулдаг. 

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?

        -Багадаа их дуугүй, даруухан хүүхэд байсан. Хадмал орчуулга хийдэг болно гэж тухайн үед боддоггүй байлаа. Гадаад хэл дээр кино үзэж, тоглоом тоглодог байсан нь хэлний мэдлэг сайжрахад тусалсан. Тоглох үедээ дүрийнхээ хувцсыг сольж, өөр орчинд тоглох хүсэл минь код бичдэг болоход нөлөөлсөн. Тэгээд ганцхан өөрөө ашигладаг бус сонирхсон хүмүүст хүргэх гэж тоглоом татдаг сайт хийсэн. Эргэн тойрны зүйлээсээ суралцаж, сурсан зүйлээ хөгжүүлсээр л байгаа.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

           -Манай сайт маркетинг тал дээрээ сайн ажиллаагүй юм шиг санагддаг. Бид сурталчилгаа огт хийгээгүй. Нээгдсэн цагаасаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгдөг байсан. Тиймээс хүмүүсийн сэтгэлд үлдэхээр сурталчилгаа хийхийг хүсэж байгаа. Одоогоор манайд хүүхдийн цэс байхгүй. Хүүхдийн цэс заавал байх ёстой учраас энэ тал дээр нухацтай ажиллаж, хүүхэд, багачуудад сайн контент үзүүлэхийг зорин ажиллаж байгаа.


 

 


Т.БИЛГҮҮН: НАЙЗУУДТАЙГАА ЯРИЛЦАХЫН ТУЛД АНХ АНИМЭ ОРЧУУЛЖ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-31 15:36:40
    Зочиин : Манай залуучууд маш мундаг болсон байна лээ, хараал идсэн 76-ийг буудаад бараг энэ залуучуудыг тавьсан дээр
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-30 22:50:24
    rjee: abimachin ******** ym bzdee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-30 22:50:21
    rjee: abimachin ******** ym bzdee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-30 22:49:44
    omyalp si tihs: Хулгайн сайт л бизпээ энэ чинь танайх Dubb тай байсан гг санахгүй юм байна дандаа subtitle тай байдаг биз дээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188