• Өнөөдөр 2024-05-06

Б.СУМЪЯАСҮРЭН: МИНИЙ ДАРААГИЙН ЗОГСООЛ ХОЛЛИВУД БАЙХ БОЛНО

           Бүгд Найрамдах Солонгос Улсын өрсөлдөөн ихтэй кино урлагийн салбарт туслах найруулагчаар ажиллаж буй монгол бүсгүй Б.Сумъяасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр сүүлийн жилүүдэд хит болоод буй “Welcome to witchs restaurant”, “Our Beloved Summer” зэрэг олон ангит кинонд туслах найруулагчаар ажилласан билээ. Түүний ажиллаж байгаа дараагийн уран бүтээл болох “Strong women Gang Nam Song” олон ангит кино энэ онд үзэгчдийн хүртээл болох бөгөөд Монгол Улсад эхний ангийн зураг авалтыг хийснээрээ онцлог юм.

-Таны Солонгос Улсад туслах найруулагчаар ажиллаж эхэлсэн тухайгаас яриагаас эхлэх нь зүйтэй болов уу?

          -Би 2011 онд Солонгос Улсад ирж, 2015 онд сургуулиа төгссөн. Гуравдугаар курст байхдаа телевизийн нэвтрүүлэг бэлтгэдэг байгууллагад  дадлага хийсэн юм. Тэр үед байгууллагын удирдлагууд маань сургуулиа төгсөөд ирж ажиллах санал тавьж байлаа. Төгссөнийхөө дараа ямар ажил, хэрхэн хийх талаар мэдэхгүй, учраа олохгүй байсан учраас дадлага хийсэн газартаа хоёр жил орчим ажилласан. 2018 онд цагаа ингэж дэмий өнгөрүүлэх бус, кинон дээр ажиллах ёстойгоо ойлгож, анхны  уран бүтээл дээрээ ажилласан даа.

-Анхны уран бүтээл нь ямар кино байсан бэ. Туслах найруулагчаар анх ажилласан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

          -Солонгос Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулсан “Different Dreams” 16 ангит кино байлаа. . Киноны зарим хэсгийнхээ зураг авалтыг Монгол Улсад хийх ёстой байсан ч цаг хугацааны хувьд боломж гараагүй юм. Анхныхаа төслийг одоо ч дурсаж, хүмүүст ярих дуртай. Солонгосын алдартай жүжигчдийг хараад сандарч, догдолно. Тэр үед хамт ажиллаж байсан хүмүүс “Сумъяа тэгж болохгүй шүү, сэтгэл хөдлөлөө дараарай” гэж зөвлөдөг байсан. Юм үзэж, нүд тайлсан хүмүүс өөр байсан байх. Одоо бол сэтгэл хөдлөлөө барьж сурсан. Анхны төсөл минь найруулагчийн багт ажиллах суурийг минь үнэхээр зөв тавьж өгсөн. Сайн найруулагчийн удирдлагаар ажилласан суурь минь энэ том, өрсөлдөөн ихтэй салбарт өнөөдрийн түвшинд ажиллахад тус болж байгаа.

-Хэдэн төсөл дээр ажиллаад байна вэ. Солонгос жүжигчидтэй ажиллах ямар байдаг вэ?

          -Таван төсөл дээр ажилласан байна. Одоо нэг кинон  дээр ажиллаж байгаа. Солонгос жүжигчидтэй хамтран ажиллаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж боддог. Гэхдээ үүнийг жүжигчдийнхээ хажууд ил гаргаад байдаггүй. Ажилласан олон ангит кинонуудаас миний хамгийн хайртай бүтээл бол “Our beloved summer” олон ангит кино. Миний хувьд жүжигчидтэй шууд харилцан ажилладаг. Найруулагчийн хүссэн зүйл, цаг тохирох, өнөөдрийн төлөвлөгөө юу байгаа вэ гээд бүгдийг жүжигчид, багийнханд хэлж, хуваарилж өгдөг. Жүжигчдийн хувьд хүнийг хүндэлдэг, хайрладаг хүнлэг хүмүүс байдаг.

-Туслах найруулагчийн ажлын онцлог, үүрэг нь юу вэ?

         -Туслах найруулагч гэдэг зургийн талбай дээрх найруулагчийн холбогч юм уу даа. Найруулагч хэлсэн, хүссэн тус хэсгийн зураг авалтад юу хэрэгтэй тэр бүгдийг хариуцаж, баг, жүжигчдийг бэлтгэж бэлэн болгодог. Бүх зүйлээ бэлдсэний дараа би “Одоо эхэлж болно” гэхэд зураг авалт  эхэлдэг. Нэг талаараа тун хариуцлагатай ажил. Туслах найруулагч бүх хүнд эерэг, таатай ажиллах уур амьсгал бүрдүүлж өгөх хэрэгтэй.

-Хамт ажилладаг багийнхан болон жүжигчид нь Монгол Улсын талаар асуудаг уу?

           -Төсөл эхлэх үед арын ажилтны үнэмлэх дээр “Найруулагчийн баг, Сумъяа” гэж нэрийг минь Монголоор бичдэг юм. Тэрийг жүжигчид харчихаад  гайхаж “Ямар сонин юм бэ, энэ чиний нэр үү, хоч уу” гэж асуудаг. Намайг хараад монгол хүн гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээд асуухаар нь “Би монгол хүн. Миний нэрийг Монголоор Сумъяа гэдэг” гэхээр “Хөөх тийм үү, би Монгол Улс руу аялж үзэхийг хүсдэг” гэж тун таатайгаар хүлээж авна. Ингээд Монголын талаар ярьж эхэлдэг. “Чи морь сайн унадаг уу, чиний хараа сайн уу” гэх мэт. Ер нь бүгд Монголын талаар өндөр сэтгэгдэлтэй байдаг даа.

-Яагаад Солонгос Улсыг сонгож ажиллаж, амьдрах болсон юм бэ?

           -Тухайн үедээ заавал Солонгос руу явна гэж зорьж, төлөвлөөгүй байсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, ямар чиглэлээр ажиллахаа бодож байсан үе. Би математикийн хичээлдээ дундаж сурна. Спортын чиглэлээр явах боломжгүй учраас урлаг, найруулагчаар сурна гэж шийдсэн юм. Ээж “Найруулагчаар сурахдаа итгэлтэй байгаа бол Солонгост сур” гэсэн. Ингэж л найруулагчаар сурахаар Солонгост ирсэн дээ. Тэр үед надтай нийлээд 10 хүүхэд сурахаар ирж байсан.

-“Хатад филмс”-ийн талаар ярихгүй юу. Тус цахим хуудсаар дамжуулан та ажиллаж байгаа төслийнхөө талаар мэдээлэл өгдөг шүү дээ.

          -“Хатад филмс” цахим хуудсыг 2017 онд нээж байлаа. Монгол Улсад солонгос кинонд дуртай, дуу хөгжмийг нь сонсдог хүн олон байгаа шүү дээ. Тэдэнд зориулж Солонгос Улсын талаар мэдээлэл хуваалцаж, ярилцах зорилготой нээж байсан юм. Цахим хуудсаа ирээдүйд нээх кино продакшныхаа нэрээр  нэрлэсэн.

-Солонгосчууд кино дээрээ үндэсний хоол, дурсгалт газрууд гээд улсаа сурталчилсан олон хэсэг оруулдаг шүү дээ. Энэ нь нэг талаараа аялал жуулчлалаа хөгжүүлэх бодлого байдаг гэж ярьдаг. Энэ үнэн болов уу?

          -Киноны утга, найруулга болон энэ цагийн үйл явдал өрнөх үү, эрт цагийн түүхийг харуулах уу гэдгээс шалтгаалдаг. Улсаас жил бүр кино уран бүтээлд зориулсан төсөв гаргаж, шалгаруулалт явуулан төсөв өгөх кино, уран бүтээлээ сонгодог. Тухайн санхүүжилтийг авахад тавих шаардлага  дунд кинон дээрээ харуулах ёстой газар, эсвэл бүтээгдэхүүний жагсаалт байдаг. Мөн хотуудаас тухайн хотод очиж зураг авалтаа хийж, сурталчилгаа хийж өгөхийг санал болгодог. Энэ төрлийн ажлыг маркетингийн баг хариуцдаг. Солонгос Улсыг сурталчилсан хэсэг гарах нь улсдаа болон аялал жуулчлалын салбарт хийж байгаа том хөрөнгө оруулалт, дэмжлэг мөн.

-Солонгос Улсад кино уран бүтээл хэр урт хугацаанд хийгдэж, үзэгчдийн хүртээл болдог вэ. Таны хувьд жилд хэдэн төсөл дээр ажилладаг вэ?

          -Миний хувьд жилд нэг уран бүтээл дээр ажилладаг.  Төслүүд уртдаа нэг жил үргэлжилдэг бол найм хүртэлх  ангитай, богино төслүүд 6-7 сарын дотор зураг авалтаа хийж дуусдаг. Шахуу ажиллаад байдаггүй, тодорхой цагийн хуваарийн дагуу зургаа авдаг. 2019 онд Солонгосын телевиз, урлагийн салбарт бүх ажилчин долоо хоногийн хугацаанд 52 цагийн зураг авалт, өдөрт 16 цагийн цагийн зураг авалт хийх ёстой гэсэн хууль батлагдсан. Ингэснээр долоо хоногийн дөрвөн өдөрт нь зураг авалт хийх боломжтой болж байгаа юм. Тиймээс тогтоосон цагаас нь хэтэрч зураг авч болохгүй, хийсэн тохиолдолд хариуцсан продакшн торгууль төлдөг. Энэ хууль батлагдахаас өмнө өдөр, шөнөгүй зураг авдаг, хэцүү байсан гэж ярьдаг юм билээ.

-Хамгийн их дурсамж үлдээж, туршлага хуримтлуулах боломж олгосон бүтээл нь ямар кино байсан бэ?

         -Төсөл бүр дээр шинэ баг хамт олонтой ажилладаг. Миний хамгийн хайртай, сэтгэлд тод үлдсэн төсөл бол  “Our beloved summer” олон ангит кино. Баг хамт олон, жүжигчдийн бүрэлдэхүүнтэй  үнэхээр ойр дотно ажилласан. Тэр дундаас Чүэ Ү Шиг жүжигчинтэй гар нийлж сайн ажилласан. Одоо ч гэсэн дууг нь сонсох бүрдээ зураг авалтын талбай дээр болсон дурсамжуудаа санадаг. Энэ кинон дээр ажилласан арын албаны хамт олонтойгоо байнга холбоотой байдаг.

-Солонгосын урлагийн салбарт гадаад ажилтан байх ямар байдаг вэ. Давуу болон сул тал болж байсан тохиолдол бий юү?

          -Гадаад хүн найруулагчийн багт ажиллаж байгаа нь элбэг тохиолддог зүйл биш л дээ. Найруулагчийн багт ажилладаг учраас надад сул тал байх эрх байхгүй. Би бүх зүйлийг мэдэж, харж байх ёстой. Одоо ажиллаж байгаа төсөл дээр Монголд зураг авалт хийж, жүжигчид монгол хэл сурч байгаа учраас миний хувьд давуу тал болсон. Жүжигчидтэйгээ Монголын талаар ярилцаж, мэдээлэл өгөх, төрөлх хэлээ заах гээд давуу талтай байлаа. Монгол хүн гэдгээрээ бахархсан төсөл болж байгаа.

-Монгол Улсад зургийнхаа зарим хэсгийг авсан “Strong women Gang Nam Song” олон ангит киноны талаар ярихгүй юу. Эх орондоо зураг авалт хийх ямар байсан бэ?

          -“Strong women Gang Nam Song” кино нь нийт 16 ангитай, үүний нэгдүгээр ангийн тал хэсгийг Монголд хийсэн. Бид хоёр сар бэлдэж, тав хоногийн зураг авалт хийгээд ирсэн. Асуудал, бэрхшээл тулгарсан ч зураг авалтаа амжилттай авсан. Кино маань 2023 онд багтаж нээлтээ хийнэ. Эх орныхоо хамгийн сайхан газруудад очиж зураг авалт хийлээ. Илүү сайхан газар очиж зураг авахыг хүссэн ч зам хэцүү байсан учраас хүссэн газартаа очиж чадаагүй ээ. Уг нь Монголын аялал жуулчлалын салбарт том хөрөнгө оруулалт, сурталчилгаа болох учраас холбогдох салбар яам руу нь холбогдсон ч хүлээн авч, дэмжих хүн байгаагүй.

-Та дараагийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юү?

          -Хүн нэг хүслээ биелүүлэхэд дараагийн зорилго гараад ирдэг юм билээ. Би өмнө нь зөвхөн Солонгосын кино урлагт ажиллах юм сан гэж мөрөөддөг байлаа. Одоо холливудэд очиж ажиллаж, илүү их зүйл хийхийг хүсэж байгаа.

 


Б.СУМЪЯАСҮРЭН: МИНИЙ ДАРААГИЙН ЗОГСООЛ ХОЛЛИВУД БАЙХ БОЛНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188