• Өнөөдөр 2024-05-19

Г.МӨНХ-ЭРДЭНЭ: МӨЛХӨГЧ АМЬТАНД ЗОРИУЛСАН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ БОЛОХЫГ ХҮСДЭГ

          Зарим хүн хамт амьдрах нь бүү хэл харж чаддаггүй амьтдыг тэжээж, хайрладаг  бүр хамт амьдардаг хүн олон бий. Тэдний нэг Ганбатын Мөнх-Эрдэнэ багаасаа амьтан сонирхсон бөгөөд  тэр дундаа мөлхөгч амьтанд илүү дуртай байжээ. Тэрбээр гурван гүрвэл, гурван могой болон нохойтойгоо амьдардаг. Г.Мөнх-Эрдэнэ энэ төрлийн амьтан сонирхогч залууст зориулан “Pet Lovers page” болон “The reptile lover” цахим хуудас ажиллуулж, амьтан  сонирхогчдод мэдээлэл түгээдэг билээ.

-Манай уншигчдад тэжээвэр амьтдынхаа талаар ярьж өгөхгүй юү?

            -Би гурван төрлийн гүрвэл, хоёр төрлийн гурван могой болон нохойтойгоо амьдарч байна. Манай нохой Герман Улсаас гаралтай роттвэйлэр үүлдрийн эр нохой. Одоо долоон нас хүрч байгаа, гэрийнхэн дундаа том ах нь. Африк тивийн “Royal python” буюу бидний нэрлэж заншсанаар “Ball python” одоо гурван настай эм могой. Үүний дараа Австрали тивээс гаралтай “Bearded dragon” гүрвэл одоо гурван нас хүрч буй. Хоёр могой  болон хоёр гүрвэлийг зургаан сарын өмнө үрчилж авсан, тэд манай гэрийн отгон гишүүд. Төрөл зүйлээс нь товчхон дурдвал, “Savannah monitor” гүрвэл, “leopard gecko” гүрвэл, мөн “ball python” могой, “Boa” аварга могой гэх мэт амьтан тэжээж байна.

-Таны тэжээдэг амьтад хэн бүрийн сонгож тэжээгээд байдаггүй содон амьтад шүү дээ. Яагаад энэ төрлийн амьтдыг сонгож тэжээдэг юм бэ?

            -Би бага байхдаа машинаар  тоглодоггүй, амьтны хэлбэр дүрс бүхий тоглоомд  дуртай хүүхэд байлаа. Намайг багад “Jurassic Park” киноны нэгдүгээр анги гарч байсан юм. Тэр киног үзээд үлэг гүрвэлийн талаар сонирхдог болсон доо. 2006 онд БНСУ-д сурахаар яваад санамсаргүй тохиолдлоор Сөүл хотын Тундэмүн дүүргийн амьтны захын хажуугаар өнгөрч яваад маш том игиуна гүрвэл харсан. Анх зүгээр баримал гэж бодсон ч амьд гүрвэл байхыг нь хараад гайхах, баярлах давхцаж билээ. Учир нь, эртний үлэг гүрвэлээс үлдсэн хамгийн ойрын төрөл нь гүрвэл, могой гэж би боддог юм. Тиймээс гүрвэл, могойг тэжээж болдог гэдгийг тэндээс мэдээд их баярлаж байсан. Монголдоо ирээд 2015 оноос хүссэн амьтнаа тэжээж эхэлсэн. Мэдээж энэ төрлийн тэжээвэр амьтныг тэжээх нь байтугай лусын амьтан гэдэг өнцгөөс хардаг байсан үе учир Улаанбаатар хотын ямар ч амьтны дэлгүүрт байдаггүй. Тиймээс БНХАУ руу гүрвэл захиж авчируулан тэжээж байсан. Тэрнээс хойш цөөн цөөнөөр нэмсээр одоо зургаан амьтантай болсон байна. 

-Энэ төрлийн амьтан тэжээхэд юу анхаарах ёстой вэ?

              -Мэдээж ямар ч амьтан арчилгаа их шаарддаг. Тэр амьтан тэрнээс илүү арчилгаатай, энэ нь бага арчилгаатай гэсэн ойлголт байхгүй. Бүгд өөрсдийн онцлогт тохирсон арчилгаа шаардана. Нохой, муур тэжээхэд усанд оруулж, тогтмол салхилуулах эхлээд сургах гэх мэт арчилгаа шаарддаг.  Харин энэ төрлийн амьтад хаанаас ирсэн, ямар уур амьсгалтай нутгаас ирсэн бэ гэдгээс нь хамаараад орчныг нь хамгийн ижил төстэй байдлаар тохируулан бүрдүүлэх шаардлагатай байдаг. Үүнээс эхлээд ялгаатай зүйл маш олон бий.

-Таны тэжээвэр могой хоргүй юу. Хортой могой тэжээх боломжтой юу?

     -Миний тэжээдэг могойнууд хоргүй. Монголд одоогоор хортой могой тэжээж байгаа хүн байхгүй байх. Олон улсад энэ төрлийн амьтдыг маш ихээр тэжээдэг, бүр урлаг, үзэсгэлэнгийн хэмжээнд хүртэл хөгжсөн байдаг.

-Тэжээвэр амьтан бүрдээ тохирсон амьдрах нөхцөл бүрдүүлж өгөх амаргүй биз?

       -Миний хувьд орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хэцүү биш төрлийн амьтад тэжээж байгаа. Энэ дундаас амьдрах орчныг нь бүрдүүлэхэд хамгийн төвөгтэй нь гүрвэл могой. Хэрэв ямар нэг юм нь тохиромжгүй байвал хоолноос гарах тохиолдол элбэг. Хоолноос гарвал үхэлд хүртэл хүргэх магадлал маш өндөр байдаг тул эхлээд маш сайн мэдээлэл цуглуулж, судалсан нь зөв. Шууд авчраад тэжээчихдэг амьтад биш учир маш няхуур, судалгаатай хандах хэрэгтэй.

-Гэр бүлийнхэн нь энэ төрлийн амьтан тэжээхэд хэрхэн хүлээж авдаг вэ?

          -Төдийлөн эсэргүүцээд байдаггүй ээ. Ер нь би багаасаа янз бүрийн амьтан тэжээх дуртай хүүхэд байсан учир хорьж, эсэргүүцээд байдаггүй. Гэр бүлийнхэндээ “Баярлалаа” гэж хэлэхийг хүсдэг. Олон амьтантай, тэр дундаа мөлхөгч амьтадтай хамт амьдрах амаргүй л байдаг байх.

-Амьтан бүр өөр хоол хэрэглэдэг байх. Хоолыг нь хэрхэн, хаанаас авч зохицуулдаг вэ. Ихэвчлэн ямар төрлийн хоол иддэг вэ?

           -Хоол тэжээлийн хувьд хоорондоо харилцан адилгүй. Могой бол цэвэр хулгана, хархаар хооллодог. Хулгана, хархыг манай сонирхол нэгт залуус үржүүлж, хэрэгцээгээ хангадаг. Гүрвэл бол амьд хорхой шавж, нарийн ногоо, жимсээр хооллодог.

- Монгол Улсад мөлхөгч амьтан борлуулдаг дэлгүүр байдаг уу?

           -Монголд бэлэн зардаг мэргэжлийн дэлгүүр одоогоор байхгүй ээ. Амьтан авахаар бол  урд, хойд хөршөөс захиж авчруулдаг. Удахгүй мөлхөгч, хоёр нутагтан амьтнаар дагнасан дэлгүүртэй болох байх гэж найддаг даа.

-Хайртай амьтадтайгаа холбоотой сонирхолтой, дурсамжтай түүхээсээ хуваалцахгүй юу?

              -Могойтойгоо холбоотой нэг дурсамжийг ер мартдаггүй юм. Могой хоол тэжээл олохгүй бол биеийнхээ бодисын солилцоог түр зогсоож чаддаг амьтан болохоор хоол тэжээлгүйгээр нэг жил амьдарсан тохиолдлын талаар уншиж байсан юм. Тухайн могой огт хоол идэлгүй нэг жил болоход ердөө 10 грамм хасагдсан гэсэн. Яг үүний дараа Монгол Улсад цар тахлын хөл хорио тогтоосон. Тухайн үед би могойгоо ажил дээрээ тэжээдэг байсан юм. Тэгээд гэнэтийн хөл хорионоос болоод ажил руугаа очиж чадалгүй эзэнгүй оффис дээр могойгоо нэг сар үлдээсэн. Хөл хорио тавигдсаны дараа санаа зовсоор ажил дээрээ ирэхэд ямар ч асуудалгүй байхыг нь хараад гайхаж, баярлаж билээ.

-Тэжээж үзэхийг хүсэж байгаа амьтан байгаа юу?

              -Муур тэжээж үзэхийг хүсдэг. Гэхдээ одоохондоо тэжээхээр бэлдэж, алхам хийгээгүй байгаа.

-Таны дараагийн зорилго юу вэ?

              -Анх 2015 онд “The reptile lovers” цахим хуудас нээж, энэ төрлийн амьтдыг олонд таниулж сонирхогч, тэжээгчдийг илүү олон болгох зорилгоор идэвхжүүлэх гэж хичээсэн. Тус хуудсаар дамжуулаад сонирхол нэгтэй залуусыг нэгтгэх, анхны зорилго минь биелчихсэн байгаа. Одоо манай хуудас 2600 гаруй гишүүнтэй, хамгийн сонирхолтой цахим хуудасны тоонд зүй ёсоор багтдаг. Цаашдаа энэ төрлийн амьтдад зориулсан амьтны хүрээлэнтэй болохыг  мөрөөдөж, зорьж байгаа.

-Та ямар үед хамгийн жаргалтай, тайван байдаг вэ?

              -Хайртай амьтад минь хоол ундандаа сайн байхад л хамгийн жаргалтай байдаг даа. Би ганцаараа тийм биш болов уу. Хамгийн сайн найз болсон хайртай амьтнаа олсон хүн бүрийн хамгийн жаргалтай мөч нь тэр байх.


Г.МӨНХ-ЭРДЭНЭ: МӨЛХӨГЧ АМЬТАНД ЗОРИУЛСАН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ БОЛОХЫГ ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-02 07:38:38
    Иргэн: Hooh yostoi harj duulj baigaagui amitad tejeediin bna. Huuhduuddew uzuuleh ymsan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-19 00:33:33
    Ганбат: Амжилт хүсье найдаж буй дэлгүүрээ удахгүй нээгээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-16 10:06:02
    иргэн: Ийм аймаар сонин амьтадтай хамт амьдардаг хайрладаг гэхлээр бусдаас өөр хүн юмаа ,Уучлаарай нэг л бие зараагаад явчихлаа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188