• Өнөөдөр 2024-03-29

ОНЦ ХИЛЧИН Ц.ОЮУНЦЭЦЭГ: ХИЛИЙН ЗАСТАВТ ӨӨХӨН ТОСООР ДЭН БАРЬЖ, ЭЛСЭН ЧИХЭР ХАЙЛУУЛЖ ИДДЭГ БАЙЛАА

2023-06-03,   3672

ХҮҮХДҮҮД МИНЬ "ЖИЖҮҮР ЭЭ, МАШИН" ГЭЖ ХЭЛД ОРЖ БАЙСАН ДАА

    Хилийн цэргийн 0253 дугаар ангийн мөнгөн хөрөнгийн нярав, онц хилчин  Ц.Оюунцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 18 настайдаа хилийн цэргийн ангид ажиллаж, хоёр удаа хил зөрчигч илрүүлж байсан гавьяатай, дайчин эмэгтэйчүүдийн нэг билээ. 

-Та хилийн цэрэгт ажиллах болсон түүхээсээ ярьж өгөөч?

       -Би 1995 оны арванхоёрдугаар сард хилийн 0129 дүгээр ангийн отеряадад зочид буудлын эрхлэгчээр ажилд орж байсан. Тухайн үед шинэхэн дэслэгчтэй танилцаад хилийн заставт ажиллаж, амьдрахаар шийдээд, тус ангид 12 жил тасралтгүй ажиллаж,  хил дээр үүрэг гүйцэтгэж байсан. 

-Та хил дээр ажиллаж байхдаа хоёр удаа хил зөрчигч илрүүлж байсан юм билээ. Тухайн үед юу болсон юм бэ?

        -Би хил дээр ажиллаж байхдаа хоёр удаагийн хилийн зөрчил илрүүлж, найман хил зөрчигч барьж байлаа. Тухайн үедээ хил зөрчигч барьсан анхны үйлчилгээний ажилтан болж байсан түүхтэй. Гэхдээ 2019 онд онц хилчин цолоо авсан. 

-Хил зөрчигч барьж байсан үеийнхээ тухай ярьж өгөөч?

     -Тухайн үед “Бидний ажил хилийн харуулаас эхэлнэ” гэх аян зохиож түүний хүрээнд би хятадаас хэрэглээний болон засварын бараа авч явсан юм. 06:00 цагийн үед Замын үүдээс төмөр зам болон морьт эргүүлийн ойролцоо мотоциклтой явж  байтал таван хүн харагдсан. Гэтэл хамт явж байсан хүн маань тэднийг “Төмөр замын ажилчид байна” гэхээр нь би “Төмөр замын ажилчид шар хантаазтай байх ёстой. Сэжигтэй хүмүүс байна” гээд дөхөж явтал тэд төмөр замын хөндлөнд нуугдчихсан байсан. 

-Хил зөрчигчид аль улсын иргэн байсан бэ. Тухайн үед та айсан уу?

     -Гурван эрэгтэй, хоёр  эмэгтэй солонгос байсан. Би Солонгос хэл мэдэхгүй болохоор дохио зангаар ойлголцож, “Вагонд суулгаж өгье, хоол хийж өгье” гэж худал хэлээд застав руугаа дагуулж явсан. Харин хамт явсан хүнээ застав руу түрүүлж хэл хүргүүлэхэээр явуулж, тэднийг барих баг яаралтай гаргахыг захиж байсан. Манай нөхөр заставын дарга байсан учир хоёр, гурван хилчинтэй хамт ирээд тэднийг баривчилж байсан. Тэгээд ханийгаа гав, буутай ирээд хил зөрчигдийг барихад бахархаж байсан ч бас өрөвдөж байсан шүү. 

-Харин хоёр дахь удаагийн хил зөрчигчөө хэрхэн илрүүлж байв?

     -Тухайн үед хил зөрчигчдийг улсын хилээр давуулдаг хүмүүс байсан. Төмөр замын точикнаас гурван хятад иргэн суулгаж байхыг нь би харчихсан юм. Тэгээд төмөр замын цагдаад тэдний тухай хэлж, Улаанбаатар руу оруулаагүй. Тухайн үед нөхөр минь заставын дарга байсан учраас надад шагнал тодорхойлоогүй. Харин 17 жилийн дараа Хил хамгаалах Ерөнхий газрын 0253 дугаар ангид ажиллаж эхэлснийхээ дараа онц хилчин болж байсан юм. 

-Таныг 18 настайдаа хилийн заставт ажиллаж байхад хил дээр ямар бэрхшээл тулгардаг байв?

      -Анх 18 настайдаа хилийн заставт ажилд орж байлаа. Тухайн үед хилийн заставт өөхөн тосоор дэн хийдэг, чихэр идмээр санагдвал элсэн чихэр хайлуулаад идчихдэг хэцүү үед ажиллаж байж дээ. Харин одоо хилчид 26 төрлийн хүнс иддэг, сэтгэл хангалуун бүх зүйл хэрэглэж болохоор болсон. Тухайн үед бидний хүүхдүүд сурч, боловсрох сургууль, цэцэрлэг байгаагүй. Бид хүүхдүүдээ айлд суулгадаг байсан. Хилчин эмэгтэйчүүд цагийн манаанд гарна, жижүүрээ хийнэ, тогооч, оёдолчин гээд бүгдийг л хийдэг. Би хилчидийнхээ эрүүл мэндийн асуудал, зочид буудлыг хариуцдаг. Цэргийн ангийнхаа шалыг хүртэл мөлхөж угаадаг, зундаа цагаан идээгээ боловсруулдаг байлаа. Заставын даргын эхнэр байсан болоод ч тэр үү бүхнийг бусдаас илүү хийдэг, хийхийг хичээдэг, хариуцдаг байсан. Талхаа хүртэл өөрсдөө барьдаг байлаа шүү дээ. Одоо эргээд бодоход дурсамжтай сайхан цаг үе байжээ. 

-Танд шантарч байсан үе бий юү?

      -Залуухан охин цахилгаан, сүлжээгүй үед хилийн заставт ажиллаж эхлэхэд амаргүй байсан. Гэр бүлийнхэн минь сайн дэмжиж, хань минь хажууд байсан болохоор бүхнийг даван туулаад л гарсан даа. Харин одоо хилчин эмэгтэйчүүдийн үзэл бодол, санал сэтгэгдлийг сонсдог, хүлээж авдаг эерэгээр шийдвэрлэж өгдөг болсон нь сайхан байна. 

-Та ямар үед өөрөөрөө бахархаж байв?

      -Бидний цалин хэдий бага ч гэлээ хилчин эмэгтэй гэдгээрээ үргэлж бахархдаг. Мөн онц хилчин болохдоо бас өөрөө бахархаж байлаа. Миний анх ажиллаж байсан заставын ой энэ жил болно. 0129 дүгээр ангийн застав дээрээ зун очно доо. 

-Таны ах, эгч нараас хил дээр ажилладаг хүн байсан уу?

      -Манай эгч хилийн цэрэгт нөхрийнхөө хамт насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 

-Таны хүүхдүүд хил дээр ажилладаг уу?

     -Хүү минь хувиараа бизнес эрхэлдэг, охин Германд сурдаг. Хүүхдүүд минь хил дээр төрж, өссөн. “Жижүүр ээ, машин” гэж хэлж орж байлаа шүү дээ. Тэгээд цэцэрлэг, сургуульд орохдоо айлд байсан учир аав, ээжийгээ ирэхийг хүлээж өссөн дөө. Бас хилчин эмэгтэйчүүд төрөхөд цэрэг нар их баярладаг юм шиг байна лээ. Аав, ээжийгээ, дүүгээ, гэрээ санасан хүмүүст дотно сайхан санагддаг байх. Бид ч цэргүүдийнхээ ээжийн оронд ээж, эгчийн оронд эгч нь болдог болохоор халагдах үед нь уйлаад л салдаг. 

 

ОНЦ ХИЛЧИН Ц.ОЮУНЦЭЦЭГ: ХИЛИЙН ЗАСТАВТ ӨӨХӨН ТОСООР ДЭН БАРЬЖ, ЭЛСЭН ЧИХЭР ХАЙЛУУЛЖ ИДДЭГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-06 15:38:05
    Tsetsegolzii : Mundag daichin bvsgvi .er ni hvn bolgonii hiigeed hashaad bdg alba bish shvv .Egchiin maani angiin hvvhed bolohoor goe sanagdlaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-05 16:29:09
    Иргэн: Та болон таны гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье. Хил зөрчигчийг барих нь хийх ёстой ажил шүүдээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-04 19:54:24
    Яндаг: 5ядарсан Хойд Солонгосын аминд хvрсэн авгай л байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-04 15:03:02
    Цэрэннадмидын Лхагвасүрэн : Миний дүү багаасаа ажилсаг бүхнийг сайн хийдэгэгэл даруу охин байсан Одоо ч хэвээрээ ажилсаг өөриймсгөөр хөдөлмөрлөдөг зан чанар нь өөдрөг сайхан амьдрах ирээдүй нь юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-04 00:22:37
    Галсансэнгэ: Хилийн заставт ах эгчтэйгээ хэсэгхэн ч гэсэн амьдарч ажиллаж байсан цаг үe хамгийн сайхан байжээ.17хон настай ажил амьдралын гараагаа тэндээс эхэлсэн.Хилчин эмэгтэйн ажил хүнд хэцүү ч бахархам сайхан шүү.Эгч минь мундаг хөдөлмөрч сэргэлэн хилчин бүсгүй.Эгчээрээ бахархаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-03 22:14:47
    Б.Номингэрэл : Мундаг дайчин, шударга, хөдөлмөрч, "Онц хилчин" эгчийнхээ цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-03 21:10:46
    Barsbold : Энэ дайчин ажилсаг бүсгүйг таньдагийн хувьд үнэнээр нь ярьсанд баярлаж бахархаж бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-03 21:03:49
    Jargalmaa: Negen tsagt hiliin zastawt tsyg ajilaj blaa.myndag daichin emegtei shuu.az jargal husen eruue.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188