• Өнөөдөр 2024-05-05

С.ЭНХБОЛОР буюу De Eight: Шинэхэн уран бүтээлчийг хайрлаж хүлээж авсан сонсогчдодоо баярладаг

Кино мэт дүрслэл дүүрэн дууныхаа дүрс бичлэгээр хүмүүсийн сонирхлыг татаж буй залуу уран бүтээлч De Eight буюу С.Энхболортой ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

                -Сайн байна уу, намайг Сэнгэрагчаагийн Энхболор гэдэг. De Eight нэрээр дуугаа гаргаж байгаа.

-Уран бүтээлийнхээ гараагаа эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу?

                -Анх артистаар ажиллах шийдвэрт хамгийн их нөлөөлсөн зүйл нь манай продюсер байсан. Продюсертойгоо нэг жилийн өмнө танилцсан ба үндсэн ажлынхаа хажуугаар дуунуудаа хийж явдаг байсан. Тэгээд хоёр зүйл зэрэг хийхээр хангалттай үр дүн гарахгүй байгаа юм шиг санагдаад ажлаасаа гарах шийдвэр гарган 2022 оны аравдугаар сараас яг 100 хувь артистаар ажиллаж эхэлсэн.

-Анхны уран бүтээлийнхээ талаар яривал. Анхны дуугаа сонсогчдод хүргэх ямар байсан бэ?

                -Артистаар ажиллахаар шийдсэнээс хойш таван сарын дараа дебютээ хийж анхны уран бүтээл болох “Yer so bad” дуугаа гаргасан. Энэ хугацаанд маш их хичээж, бэлдэж, олон зүйлийг туулсны дараа гаргасан учраас өөрөө эхэлж үзчихээд итгэмээргүй л санагдаж байсан. Сонсогчдын хувьд дөнгөж анх дебют хийж байгаа артист гэхэд маш гоё хүлээж авсан. Баяр хүргэсэн мэдэгдлийг тэр өдөр гүйцэж уншиж амжихгүй байсан.

-Уран бүтээлчийнхээ нэрийг яагаад “De Eight” гэж өгсөн юм бэ?

                -Миний нэр Энхболор буюу “Eight-8” үсэгтэй, De нь The буюу цор ганц гэсэн утгыг илэрхийлж байгаа. Мөн наймын тоог хэвтүүлбэл хязгааргүйг илэрхийлдэг. Артист нэрийг нийлүүлээд уншвал Eight нь цор ганц бөгөөд хязгааргүй гэсэн утгатай.

-“Gnight” дууныхаа талаар ярихгүй юу. Залуучуудын сонсох дуртай дуу болсон байна шүү дээ?

                -Дөнгөж продюсертойгоо танилцаад сонсгож байсан дууны нэг. Надад хамгийн их таалагдаж байсан, нэг тийм гоё зөөлхөн, хэдэн ч удаа сонссон уйдахааргүй санагддаг. Дууны үгийг “The Voice of Mongolia” шоуны  ялагч Ц.Энгүүн маань бичсэн. Залуучууд дуртай сонсож байгаад нь их баяртай байгаа.

-Олны танил хүмүүст дуугаа сонсуулж хариу үйлдлийг нь бичиж авсан байсан. Хүмүүсийн хариу үйлдлийг харах ямар байсан бэ?

                -Сандарсан гэхээс илүү бүгдээрээ өөр өөрсдийн өнцгөөс гоё санал өгсөн болохоор сонирхолтой санагдсан. Бүгдээрээ төгсгөл дээр нь асуултын тэмдэгтэй үлдсэн байхаа, нэлээн гайхсан.

-Яагаад уран бүтээлч болохоор шийдсэн бэ. Багадаа энэ талаар бодож байсан уу?

                -Одоо ингээд бодоход би багадаа дуучин болно гэж их мөрөөддөг байсан юм байна лээ. Толиныхоо урд удирдлагаа бариад л дуулдаг байсан. Хэдий өөр мэргэжлээр их сургуулиа төгссөн ч нэг мэдсэн чинь мөрөөдлөө биелүүлчихсэн байна.

-Хүмүүс урлагийн хүн байх хэцүү гэж ярьдаг. Дуучин болох гараагаа амжилттай эхлүүлсэн залуу уран бүтээлчийн хувьд ямар бодолтой байгаа вэ?

                -Энэ асуултад хариулахын тулд эхлээд би продюсероо танилцуулъя. Манай продюсерыг Түвшинжаргал буюу  “Boisoul” гэдэг. Маш тууштай, хөдөлмөрч, авьяастай хүн бий. Миний продюсероор ажиллахаас гадна бусад уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. “Rockit bay” Broken soul, “Tsetse” - Zuud/Like us гэх мэт. Урлаг хатуу ялангуяа эмэгтэй артистад бүр ч илүү хатуу юм шиг санагддаг. Энэ хугацаанд хааяа шантраад буцаад энгийн амьдрал руугаа ормоор үеүдтэй зөндөө тулгарсан ч тэр болгонд ард минь бат зогсдог, ямар ч асуудалд нугардаггүй, үргэлж даваад гардаг продюсер байсан. Тиймээс өөрийгөө их азтай гэж боддог.

 

-Ямар мэргэжилтэй вэ. Цаашид уран бүтээлчээр ажиллах уу. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?

                -Би уг нь санхүүгийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн. Анхны ажлын гараагаа “Голомт” банканд эхлүүлсэн. Дараа нь маркетингийн салбар луу ороод хэсэг ажилласан. Учир нь урлаг, энтертайнменттай арай ойр гэж бодсон юм. Гэхдээ хүн өөрийнхөө дотор хүнийг хэзээ ч хуурч чадахгүй юм байна лээ. Одоо л хүсэл мөрөөдлийнхөө төлөө алхам хийхгүй бол оройтно, дараа нь хийгээгүйдээ харамсана гэдгээ мэдэж байсан болохоор эрсдэлтэй ч гэсэн шийдээд артист болсон. Эцсийг нь хүртэл явна даа. Дараагийн уран бүтээл бас удахгүй гаргахаар ажиллаж байна. Энэ удаад эрэгтэй артисттай “feature” хийж байгаа.

-Уран бүтээлээ хэрхэн бүтээдэг вэ?

                -Ямар ч хүн амжилтад хүрэхэд хамгийн чухал зүйл нь тууштай байдал гэж боддог. Аль ч салбарт. Нэг дуу хийгээд л алга болдоггүй байх хэрэгтэй. Миний хувьд продюсер маань хөгжмөө хийдэг учраас нэг талаараа маш том давуу талтай гэж хэлж болно. Мөн миний тасралтгүй хийдэг зүйл бол хоолойны бэлтгэл. Өдөр болгон гамма уншиж формтой байхыг хичээдэг дээ.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                -Баярлалаа.


 


С.ЭНХБОЛОР буюу De Eight: Шинэхэн уран бүтээлчийг хайрлаж хүлээж авсан сонсогчдодоо баярладаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-20 20:26:30
    Enkhtuya: Миний охин сайн байна .Хичээгээд байгаарай амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-18 00:09:53
    Narantsetseg : Дүүгээрээ маш их бахархаж байна улам их амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-17 12:59:49
    Нямбаяр: Улам илүү тод гялалзаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-17 09:12:10
    Дархаа: Мундаг байн амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-17 00:00:50
    Orgil: Good luck. Keep going
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188