• Өнөөдөр 2024-05-05

Зохиолч А.АМАРСАЙХАН: “Зүрхэнд гэрэлтэнэ” кино хоосон дэгжирхэлийг дэвэргэж, дэмжих бус, ухаарал өгөх зорилготой

         Хэдхэн хоногийн өмнө , “UB palace”-ийн их танхимыг дүүртэл нь өсвөр үеийнхнийг цуглуулсан “Зүрхэнд гэрэлтэнэ” уран сайхны киноны нээлтийн талаар сонссон юм. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн хамгийн гэгээн бүхнийг мөрөөдөж байсан 16 настай хүүгийн амьдралаас сэдэвлэн хийгдсэн уран бүтээл. Бүхнийг сониучирхаж, өөрийгөө нээх насан дээрээ хэнэггүй жолоочийн буруугаас болж хайртай хүмүүс дээрээ дахиж хэзээ ч эргэж ирэхгүй болсон хүүгийн гунигт түүх. Өсвөр насны гэгээн бүхнийг болон ухаарал, гуниг шингээсэн энэхүү киноны зохиолыг бичсэн А.Амарсайхантай ярилцлаа.

-ЦЭЦЭГ ШИГ НАСАНДАА ОДСОН ЗУУ ЗУУН ЗҮРХЭНД ГЭРЭЛТ СУВАРГА БОСГОЮУ-

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлэх үү?

            -Намайг гудамжаар алхаж явлаа гэхэд хүмүүс танихгүй ээ. Харин “Хэцүү анги”-ийн Сүнжид багшийг, “Тусгай салаа”-ны Дэндэвийг танихгүй хүнийг Монголоос олохгүй байх. Аливаа уулзалтуудад энэ хоёр киноны зохиолч А.Амарсайхан гэж танилцуулахаар, үзэгч уншигчид сэтгэл хөдлөлтэй алга ташицгаадаг. МҮОНТ-ийн дэлгэцээр гарч, олон түмэнд хүрсэн олон ангит зургаан киноны зохиолчоор ажилласан. Тэгэхээр энэ зургаан киноны зохиолыг бичих ажилд, амьдралынхаа бүхэл бүтэн 12 жилийг зарцуулсан болж таардаг. Энэ тооцоог нэгэн зохиолч анд минь санаандгүй хэлэхэд нь, “Энэ чинь юу билээ? Нээрээ бараг л тийм байна шүү дээ” гэж өөрөө ч гайхаж, дотроо дуу алдаж байсан.

-“Зүрхэнд гэрэлтэнэ” киноны талаар ярихгүй юу. Бодит амьдралаас сэдэвлэсэн шүү дээ. Анх түүхийг нь сонсох үед ямар мэдрэмж төрсөн бэ?

            -Үнэнээ хэлэхэд нулимстай сонссон. “Улаанбаатар фильм” студийн найруулагч Б.Отгонзориг, продюссер Ц.Мөнхбат бид гурав өсвөр үеийнхний кино хийхээр ажилдаа ороод, зохиолынхоо шугамыг гаргаж эхэлтэл, продюссер маань “Манай найзын хүүгийн амьдралтай нилээн төстэй болчихож. Сонин юм аа” гэж дуу алдсан.  Тэгснээ “Тэр хүүгийн бодит амьдралаас нь сэдэвлээд киногоо хийчихвэл ямар вэ” гэсэн. Ингээд л хүүгийн аав ээжтэй уулзаж, бодит түүхийг судалсан. Арван зургаахан насандаа эргээд хэзээ ч ирэхгүй одчихсон хүүгийнхээ тухай ярьж буй аав ээж, эхний өгүүлбэрээсээ эхлээд л тэсгэлгүй асгаруулж, би дагаад уйлаад л сууж билээ. Үнэхээр тэсээгүй. Найзууд, найз охинтой нь ярилцаж суухдаа ч бас нулимс мэлтэлзсээр л байсан. Ингээд л “Цэцэг шиг насандаа одсон зуу зуун зүрхэнд гэрэлт суварга босгоюу” гэсэн үгийг зохиолынхоо өмнө бичсэн дээ.

-Анх яагаад ийм сэдвээр зохиол бичих болсон бэ?

            -Анхандаа ахлах ангийн хүүхдүүдийн анхны хайр, хүсэл сонирхол, үерхэл нөхөрлөл, үл ойлголцол гээд, ариун нандин зүйлсийг үзүүлсэн зохиол бичихээр төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн. Сургуулиудаар явж, багш нар болон, хүүхдүүдтэй уулзаж ярилцаад, судалгаа хийх явцдаа өсвөр үеийнхэн “Sur Ron”, “Snowboard”, “ATV” зэргийг их сонирхдог, гэхдээ сонирхол нь хоосон чамирхал, дэгжирхэл рүүгээ хазайх хандлагатай байгааг олж мэдсэн. Ингээд л киногоо тэр сонирхол хобби дээр нь түшиглэж хийж үзэгчдээ татъя. Гэхдээ хамгийн гол зүйл бол, хоосон дэгжирхлийг дэвэргэж дэмжих бус, ухаарал өгөх зорилго тавих нь зүйтэй юм байна гэж шийдсэн.

-Бодит түүхийг кино болгох, зохиол бичих үйл явц ямар байсан бэ?

            -Бодит түүхээс сэдэвлэж л кино бүтээдэг. Түүнээс бодит түүхийг яг тэр чигээр нь “А”, “Б”-гүй адилхан биччихвэл кино болохгүй л дээ. Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөхийн тулд, санаагаа гүйцэт гаргаж, зохиол эцсийн зорилгодоо хүрэхийн тулд, зарим нэг дүр, үйл явдлыг нэмж оруулж ирдэг. Аливаа драма зөрчил дээр тулгуурлаж бичигддэг болохоор, бодит зөрчлийг нь хурцалж, илүү хүчтэй сэтгэл хөдлөл оруулж ирэх зайлшгүй шаардлага гарч ирдэг. Энэ бүхнийгээ аав ээж хоёрт сайтар ярьж ойлгуулж, ойлголцож байж кино зохиолоо бичсэн. Хүүгийн ээж зохиолыг анх уншаад, “би их л ширүүн ээж болчихжээ” гэсэн. Бодит хүү бол их мундаг хүн байсан. Асар богино, арван зургаахан насандаа хайртай хүмүүсээ үүрд орхиод явчихсан хэрнээ л, яаж тэр бүхнийг хийж чадав аа, хаанаас тийм хэрсүү ухаан гарч ирэв ээ гэж дуу алдуулахаар амьдарч чадсан.

Аавынхаа, ээжийнхээ, найз охиныхоо, эгчийнхээ зүрх сэтгэлд асар тод гэрэлт мөр үлдээгээд буцсан. Тийм ч учраас “Зүрхэнд гэрэлтэнэ” нэр өөрөө л гэрэлтээд ороод ирсэн.        

-Кинонд мэргэжлийн жүжигчид биш, жирийн хүүхдүүд, хүүгийн найзууд нь тоглосон юм билээ. Хүүхдүүдтэй хамтран ажиллах ямар байсан бэ?

            -Зохиолчийн хувьд хүүгийн найз нартай хэд хэдэн удаа уулзаж, гол дүрээ сэдэвлэн бичиж буй хүүгийн тухай, сайтар яриулсан нь мэдээж л дээ. Нилээд сайн ухаж төнхөж асууж, хүүгийн зан чанарын содон зүйлсийг нь олж мэдэрч, зохиолдоо гаргаж тавихыг зорьсон. Харин найруулагч Б.Отгонзориг маань хүүхдүүдтэй уулзсаныхаа дараа, та нарыг кинондоо тоглуулна гээд, дүрээ хуваарилаж харж, ажиглаж эхлэхэд нь, жаахан гайхсан. Жирийн хүүхдүүдийг тоглуулах нь ажиллагаа ихтэй, ярвигтай баймаар юм даа, сайн тоглож чадах уу даа гэж санаа зовиносоор л байсан. Харин кино “UB palace”-ийн танхим дүүрэн хүүхдүүдийг инээлгэж, нулимсыг нь мэлмэрүүлж, олон хэсэгт нь удтал алга ташиж байгааг нүдээрээ хараад, Зоригоогийн нүд, чадвар, мэдрэмж гурваар нь бахархсан. Дагестаны суут яруу найрагч Расул Гамзатовын “Хамгийн сайхан ваарыг хамгийн энгийн шавраар урладаг” гэдэг үг манай кинонд яг тохирох юм шиг санагдсанаа, киноны нээлт болсон орой найруулагчдаа хэлж суулаа. “Чи сайн киног мэргэжлийн жүжигчдээр биш, энгийн хүүхдүүдээр урлачихлаа шүү дээ” гэсэн.

-Тэгэхээр таныг шинэ кинондоо сэтгэгдэл өндөр байгаа гэж хэлж болох нь ээ?

            -Тийм ээ. Гол нь бүтээлээ үзэгчдэд хүрч байгааг нь харах л сайхан байлаа. Найруулагч Ц.Хүсэлбаатар манай продюссерт “Үнэхээр хөөрхөн кино болжээ. Манай “Би чамд хайртай”, Оросын “Зүүдэнд ч оромгүй явдал” хоёроос хойш, өсвөр үеийнхэнд зориулсан ийм хөөрхөн кино гараагүй” гэж хэлсэн байна лээ. Дээр нь нэг сонин зүйл болсон нь, киноны нээлтийн ёслолын тайзнаа би хоёр настай охиноо тэврээд гарсан юм. Тэгтэл тэврээс бууна гэж зүтгээд, буулгатал тайзан дээр алгаа ташаад л наашаа цаашаа гүйгээд байсан. Үзэгчид өхөөрдөөд л, алга ташаад л, миний охин баярлаад л, алгаа ташаад л тайзыг тойрч гүйгээд л.

Хүүхэд зөнтэй гэдэг, сайхан бүтээл төрснийг мэдрээд, тэгтлээ алгаа ташсан юм болов уу даа л гэж билигшээсэн дээ.

-Та өмнө өөр ямар кинонууд дээр ажилласан бэ. Урьд дурдсан хоёр киноноос тань хүүхэд, залуучуудын сэдвийг барьж авах дуртай уран бүтээлч гэж ойлголоо.

            -Аав ээж минь хоёулаа багш, найзууд нь багш, манайх багш нарын орон сууцанд байсан болохоор багш нарын дунд өссөн гэж хэлж болно. Тэр том хувь тохиолоос ирсэн их авшиг юм болов уу даа, өсвөр үеийнхний, сургууль сурагчдын сэдвээр хэд хэдэн кино зохиол бичих завшаан олдсон байдаг. МҮОНТ-ийн “Эрт нахиалсан сарнай” гээд, бас л хүүхэд залуучуудын сэдэвтэй кино бий. Түүний зохиолыг ч бас бичсэн. “Огцом эргэлт”, “Улаан эрэг” гээд олон ангит киноны зохиолууд минийх. Прокурор бүсгүйн тухай “Давхар цагаан шугам” киноны зохиолыг МҮОНТ-ийн найруулагч Н.Чингистэй хамтарч бичсэн. Эргээд харахад кино бүрд минь хөөрхөн өхөөрдөм хүүхдийн дүр орсон байдаг юм. Өмнө нь “Тоншуул”-д хариуцлагатай нарийн бичгийн дарга, шог зохиолч, шог зураач гээд суудаг байсан хүн кино руу гэнэт хөл тавьсан. “Олон ангит кино бичээд Олдохоо байсан Амарсайхан” гэж, шог зохиолч З.Ядмаа ах минь хошигнож бичсэн байдаг юм.

-“Зүрхэнд гэрэлтэнэ” кино өмнөх бүтээлүүдээс нь юугаараа онцлог байсан бэ?

            -Нэгэн бодит хүүгийн тухай кино юм шүү гэдгээ зарласнаараа онцлог байлаа. Өмнө ч ялгаагүй бодит амьдралыг маш сайн судалж байж, бодитой, энгийн зохиол бичихийг зорьдог байсан. Гэхдээ энэ удаа кино хийж байгаа гээд амьдралд нь байгаагүй, бодит байдлыг гажуудуулах үйл явдал оруулж болохгүй, тийм хязгаар өгөгдсөн байснаараа онцлог юм уу даа. Би 40 насандаа “Хэцүү анги”-д 17-той хүүхдүүдийн гэгээн хайрыг бичсэн. Тэгвэл одоо 54 насандаа 16-тай, 14-тэй хоёр хүүхдийн гэгэлгэн хайрыг бичлээ. Чадсан болов уу гээд 16, 17-той үзэгчдийн сэтгэл хөдлөлийг ажтал, овоо гайгүй дөхүүлчихсэн ч юм шиг. н.Отгонзориг найруулагч маань хайрын сценүүдийг сайн мэдэрч тавьжээ. Манай найруулагч “2000”, “The Woman”, “Тал нутгийн зомби” гээд сүүлийн үеийн нийтэд хүрч байгаа кинонуудыг найруулсан, авьяастай уран бүтээлч. Арван хэд дэх киногоо бүтээж байгаа продюссер Ц.Мөнхбат маань кино босоход маш том үүрэг гүйцэтгэсэн. Киног сэдэвлэж бүтээсэн бодит хүүгийн аав, “Татах хүч Моторс” ХХК-ийн захирал Л.Батсайхан киног маань ивээн тэтгэж, ерөнхий продюссерээр нь ажиллаж, төрсөн үр шигээ л анхаарч хандсан. Энэ гуравтаа болон, киноны бүх уран бүтээлч, жүжигчдэдээ, тусалж дэмжсэн Дархан хотынхон, бүх хүмүүст баярлалаа гэж сайтын хуудсаар дамжуулж хэлье. 

-Шинэ киногоороо нийгэмд юуг хүргэхийг зорьсон бэ. Үзэгчид юуг бүхнээс түрүүнд олж хараасай гэж бодсон бэ?

              -Ер нь бүх кинондоо хүн байхын утга учрыг өгүүлэхийг зорьдог. Чи хүн шиг хүн байж гэмээ нь, хүмүүний хүндлэлийг олно. Богинохон амьдралыг ухаантай туулахсан гэсэн хүсэл зорилгыг, аль болох эрт өөртөө тавих хэрэгтэй юм байна шүү гэж, үзэгч өсвөр үеийнхэн ухаараасай л гэж бичсэн. Жолоо барьж яваа хэн нэгний өчүүхэн гэмээр хэнэггүйтэл, ямархан гэгээн мөрөөдлийг, ямархан нандин хайрыг, ямархан дэвэргэн сэтгэлийг эгнэгт тасар татаж, хэзээ ч нөхөшгүй гарзыг учруулчихаж болдог юм шүү гэдгийг л ухаант бүх хүмүүнд хэлэхийг зорьсон.

“Хүн хэдий ухаантай ч, хэлэхээс нааш” гэж үг бий шүү дээ.


Зохиолч А.АМАРСАЙХАН: “Зүрхэнд гэрэлтэнэ” кино хоосон дэгжирхэлийг дэвэргэж, дэмжих бус, ухаарал өгөх зорилготой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188