Нэрт нэвтрүүлэгч Ж.Батбаяр гуай амьдралынхаа 40 гаруй жилийг телевизийн урлагт зориулж, “Шүтээн”, “Бид ялав”, “Улаан тагтаа”, “Манайд ирээрэй”, “Урилга”, “Дөрвөн бэрх”, “Агшин” зэрэг тухайн үеийн Монгол телевизийн ихэнх нэвтрүүлгийг санаачлан хөтөлж, үзэгчдийн хүртээл болгосон нь алтан сан хөмрөгт төдийгүй монголчуудын сэтгэлд хадгалагдан үлдсэн байдаг. Тэрээр нэвтрүүлэгч нарт өндөр босго тогтоож, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж давтагдашгүй дуу хоолойтой авьяаслаг нэгэн байлаа. Түүний амьдралын түүх болоод ямархан аав байсан тухай нь охин Б.Мэндсайхантай ярилцлаа. Тэрбээр "SBN" телевизийн Ерөнхий редактораар ажиллаж байгаа билээ.
-Та хэдэн настайдаа аавынхаа хөтлөлт, хоолойг сонсож байв. Тухайн үед танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Аав минь 1976 оны арваннэгдүгээр сарын 26-нд өнөөгийн МҮОНРТ-ийн "Цагийн хүрд”-ийн эфирээр гарч байсан юм билээ. Намайг дөрөвдүгээр ангид байхад Ажилчдын Соёлын ордонд аав үдэшлэг юм уу, нэгэн арга хэмжээ хөтөлсөн юм. Манай сургууль Ажилчдын Соёлын ордонтой ойрхон байсан болохоор аавтайгаа хамт харихаар тохирсон байлаа. Хичээлээ тарчихаад аав дээрээ очиж хөтлөлтийг нь үзэж суутал Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн
“Ханандаа бүсгүйн зурагтай оюутны нарийнхан ор минь
Халуун тулганд шаагьсан олон данх, савнууд минь
Үдэш оройд бэлэн талх ёотон хоёр минь
Үдэшлэг кинон өмсдөг тасал болсон гоёл минь “ хэмээх “Оюутан” найраглалыг уншиж байхад нь аавыгаа аав гэдэг өнцгөөс хараагүй. Зүгээр л "Ямар сайхан юм бэ. Ингэж уншина гэж байдаг аа" гэж бахархаж, биширч байгаад л гарч ирж билээ. Тэр үеэс л би яруу найрагт дуртай болж, аливааг ухаарч, ойлгож уншдаг болсон доо.
-Тухайн үеийн биширч, гайхширсан мэдрэмжээ аавдаа хэлж байсан уу?
-Гэр рүү явж байхдаа “Та сая уншсан шүлгээ өөрөө бичсэн юм уу. Надад үнэхээр их таалагдсан. Яаж ингэтлээ онож хэлдэг байна аа” гэтэл аав “Үгүй ээ, миний охин Ш.Сүрэнжав гээд мундаг яруу найрагчийн найраглалыг аав нь уншсан юм” гэж байсан. Тэр үе л яруу найргийг задалж, ойлгож, үгний үнэ цэнийг мэдэрдэг болоход нөлөөлсөн дөө.
-Таны аав Баянхонгор аймгийн Галуут сумынх юм билээ. Аавынхаа бага насных нь талаар ярьж өгөөч?
-Цэцэрлэгт байхаасаа дэггүй, алаг нүдтэй, буржгар үстэй хүүхэд байсан юм билээ. Аавыг Бадмаанямбуу гэдэг байсан ч том алаг нүдтэй болохоор өвөө нь сургуульд ороход нь Алагаа хэмээх нэрээр бүртгүүлчихсэн гэдэг. Аав Бадмаанямбуу, Алгаа гэх нэрэндээ хоёуланд нь дургүй байсан болохоор иргэний үнэмлэх авахдаа Батбаяр гэж бичүүлж, өөртөө шинэ нэр өгсөн гэдэг. Ардын уран зохиолч Т.Галсан гуай аавын минь уран зохиолын багш нь. Аав уран зохиолын хичээлдээ сонирхолтой байсан болохоороо шүлэг унших, цээжлэх, бичих дуртай болж эхлэхдээ
“Тамирчин хүнийг харахаар цаанаа л нэг булчинлаг
Тангадын Галсанг харахаар наанаа л нэг хамарлаг” гэж биччихээд багшдаа загнуулах байх гэж айж байсан гэдэг. Гэтэл багш нь “Шавь нараас минь толгой холбочихдог хүн төрөх юм байна. Ямар сайн хүүхэд вэ” гээд магтаж байсан хэмээн ярьдаг. Тухайн үед гадаа гараад л спорт байлаа шүү дээ. Хөөцөлдөж тоглоно, мод, чулуугаар байлдана гээд тухайн үеийн хүүхдүүд хөдөлгөөнтэй ч байж дээ. Аав Х.Баянмөнх аваргын дугуйланд явдаг байхдаа сайн барилддаг байсан юм билээ. Бөхөд сонирхолтой хэдий ч дуу, шүлэгт илүүтэй дурлаж, спортоо орхисон байх. Хэрвээ урлагаар яваагүй байсан бол бөх болох байсан ч байж мэднэ. Бөх үзэхдээ хүртэл “Одоо тонгорооч, өө тэгчихгүй дээ” хэмээн мэх зааж, бөхчүүдийг унахад нь унаж, давахад нь давж үздэг байсан.
-Аав, ээж нь хүүхдүүдээ хэр дураар нь өсгөсөн бэ?
-Аав нээлттэй илэн далангүй хүн байсан болохоор бидэнд эрх чөлөөг сайн олгодог байжээ. Гэртээ дуртай бүхнээ хийх ёстой. Ээж, аавтай байгаа учраас хүүхдүүд аз жаргалтай өсөх ёстой гэдгийг л сайн баримталдаг байсан шиг санагддаг. Тэр тусмаа биднийг хайраар дутах ёсгүй гэдэг байсан. Би төрхөмдөө буюу нэгдүгээр хорооллын гэртээ очихоор дүүрэн хайр мэдэрдэг. Аав, ээжийн минь хайр, аз жаргал тэр гэрт өнөөг хүртэл дүүрэн хэвээрээ байдаг нь сайхан. Тэд гэр бүлийн тийм дулаан хайрыг бүтээж, мөнхөлж чадсан хүмүүс. Биднийг юугаар ч, ямар ч хайр халамжаар дутаалгүй бүтэн дүүрэн өсгөж, хүмүүжүүлсэнд нь үргэлж баярладаг болохоор харамсах зүйл байдаггүй. Биднийг хэт их эрхлүүлж, ааш занг минь эвдээгүй монгол ухаанаар л хүмүүжүүлсэн байдаг.
-Хүн бүхэн аав, ээжийгээ сайхнаар дурсан санадаг. Харин та аавыгаа ямархан зан чанартай хүн байсан гэж дурсах вэ?
-Миний аав асуудлыг дор нь шийддэг, шийдэлд хүрэхгүй байвал "Зүгээр орхичих" гэдэг байсан. Ой тогтоолт сайтай, гэгээлэг, нийтэч, өчүүхэн ч муу санаагүй хүн байлаа. Хүмүүс аавыг минь их сайхан хүн гэж ярьдаг. Аавын амьдрал телевизтэй салшгүй холбоотой. Өнөөгийн МҮОНРТ-ийн болон салбарынхаа нүүр царай нь миний аав байсан. Мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг аав минь хамгийн түрүүнд тавьдаг, хөтлөх, унших гэж үгээр урладаг, тоглодог хүн байлаа шүү дээ. Хэдэн үг хэлчихээд л “За, алгаа ташаарай” гэдэг хөтлөгч Монголоор дүүрэн байна. “Алгаа ташаарай" гэж байгаа хүн бол хөтлөгч биш. Харин миний аавыг хөтлөлтийнхөө үгийг хэлж дуусаагүй байхад л үзэгчид нижигнэтэл алга ташдаг байсныг тухайн үеийнхэн мэдэх байх. Тэр л аавын минь хэн байсан бэ гэдгийг илэрхийлнэ дээ. Тийм ч учраас аав минь монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн нэрт нэвтрүүлэгч болж чадсан юм.
-Таныг аав, ээж нь эрх чөлөөтэй нэгэн болгож хүмүүжүүлсэн үү. Эсвэл...?
-Би Москвагийн Театр урлагийн их сургууль төгссөн. Бид тухайн үед ном сайн уншдаг байлаа. Ялангуяа алдартай хүмүүсийн түүх, намтрыг их сонирхдог байсан. Эрх чөлөөтэй болоход алдартнуудын түүх их нөлөөлсөн байх гэж боддог. Түүнээс аав, ээж минь биднийг учиргүй эрхлүүлэхгүй шүү дээ. Нэг нь ууртай байвал нөгөөх нь заавал инээж байдаг л хоёр. Гэрийнхээ ажлыг хүртэл хариуцлагатай хийх хэрэгтэй гэдэгт сургасан. Энэ манай гэр бүлийн хамгийн чухал зарчим. Хариуцлагыг хэрхэн мэдэрч байгаагаар хүний хэн бэ гэдэг нь танигддаг.
-Таны аав өргөмөл хүүхэд байсан болоод ч тэр үү багаасаа биеэ дааж, өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээсэн гэж ярьсан байна лээ. Харин та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Аавд минь бухимдаг олон асуудал гарсан. Олонтой хүн оломгүй далай гэдэг шиг асуудлууд нь амархан цэгцэрдэг. Аливаа асуудлыг асуудал гэж харалгүй зовлонгүй шийддэг, амьдралд гэгээлгээр ханддаг зарчимч хүн байлаа. Өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээсэн болохоор хэнд ч төвөг уддаггүй. Аав аливааг бусдад заахдаа огт үглэхгүй. Мэдрэмжтэй болохоор хүнд тохирсон үед нь хэрэгтэй үгийг нь хэлчихдэг. Аав, ээж минь өөрсдийнхөө үйлдлээр л биднийг хүмүүжүүлдэг байж дээ, одоо бодоход.
-Аав нь чөлөөт цагаараа юу сонирхдог байсан бэ. Гэртээ хоолойгоо, өөрийгөө бэлддэг байсан уу?
-Аавд чөлөөт цаг бараг гардаггүй байсан. Амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлсэн хүн шүү дээ. Харин гэртээ байх үедээ гэрийн ажил сайн хийдэг байсан. “Турж байна гээд мөлхөж шал угаадаг, амралтын өдөр бөөрөнхий хуушуур хийчихээд тостой гар, даавуугаараа ойр хавиа арччихаад “Аав нь өөрийнхөө хэмжээнд цэвэрлэсэн шүү” гэдэг байж билээ, хайр хүрмээр. Тэр нь сэтгэлд ойр, сайхан санагддаг болохоор мартдаггүй юм. Манайх их цэвэрхэн айл байсан. Хэн ч биднийг “Ингэ, тэг" гэж байгаагүй мөртлөө эмэгтэй дүү бид хоёр гэрээ сайхан цэвэрлэчихдэг байсан. Биднийг ухаан ороход л гэр минь цэвэрхэн байсан болохоор тийм л байх ёстой гээд ойлгочихсон, сурчихсан юм шиг байна лээ.
-Таны аав ямар шалтгааны улмаас бурхан болсон бэ?
-Аав ходоодны хорт хавдартай гэх оноштой байсан ч сайхан эмчлүүлж чадсан. Харин бурхан болсон тэр өдрөө унтаад л дахин сэрээгүй, зүрхнийх нь цохилох хэмжээ дуусчихсан гэж ойлгосон. Аавын минь амьдралын сүүлийн арав хоног надад их дохио өгсөн юм шиг санагддаг. Тиймээс хүмүүс ажил, ажил гэхээсээ илүү хайртай, дотнын хүмүүсдээ анхаарч байх хэрэгтэй юм билээ шүү. Бид бүгд л өөрсдийгөө, бусдыгаа мөнх юм шиг боддогт л алдаа байдаг гэж боддог. Аав, ээж минь намайг аз жаргал, хайраар дутаагаагүй хүн болгсон болохоор би огт харамсдаггүй, сэтгэлдээ хайрласаар л байна. Аавыгаа бурхан болоход илүү хариуцлагатай байх ёстой гэдгийг сайн ойлгосон.Мэдээж, үе үе аав, ээжийгээ санана, дурсаж, өгүүлнэ шүү дээ.
-Аав, ээжийгээ санах тэр үеүдэд таны хамгийн сайхан дурсамжууд сэргэдэг байх?
-Харин тийм ээ. Тухайлбал, аавынхаа гарыг, намайг хөтлөөд алхдаг байсан үеийг мартаж чаддаггүй, үгүйлсээр л явдаг. Аав минь жилийн дөрвөн улирал шиг дэлгэр хүн байсан. Дулаахан харц, хоолой, гарыг нь,надтай ярьдаг байсан тэр харилцааг үгүйлэгддэг дээ.
НЭРТ НЭВТРҮҮЛЭГЧ Ж.БАТБАЯРЫН ОХИН МЭНДСАЙХАН: ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛ ШИГ ДЭЛГЭР ААВЫНХАА ДУЛААХАН ГАР, САЙХАН ХООЛОЙГ НЬ ИХ ҮГҮЙЛЭХ ЮМ ДАА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |