• Өнөөдөр 2024-05-10

ШИЛДЭГ ХӨГЖИМЧИН Э.ЦЭНДСҮРЭН: "Мөнгөн мод" наадмаас шагнал хүртэх мөч зүүд шиг байлаа

      Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2023” наадмын “Шилдэг хөгжимчин”-өөр шалгарсан Үндэсний Урлагийн их театрын гоцлол хөгжимчин, МУСТА Э.Цэндсүрэнтэй ярилцлаа.

-“Мөнгөн мод” наадмын шилдэг хөгжимчнөөр шалгарсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Үнэхээр их баярлаж байна. Нэрийг минь зарлах үед сандарч, догдолсон. Тайзан дээрээс баярын сэтгэгдлээ хэлэх гэтэл үг энд, тэндээ ороод, заримыг нь мартчихсан. Шагнал авах  мөч  зүүд юм шиг байлаа. Оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах “Мөнгөн мод"-2022 наадмын “Шилдэг хөгжимчин” болсондоо туйлын их баяртай байна. Монгол Улсын Консерваторын хуучир хөгжмийн багш, хүндэт профессор П.Мөнгөнцэцэг багшдаа хөгжмийн ертөнцөд хөл, хэлд оруулж өдий зэрэгтээ сурган хүмүүжүүлсэнд нь маш их талархаж байна. Түүнчлэн ҮУИТ-ын нийт хамт олон, Үндэсний Хөгжмийн Их Найралдаа, уран бүтээл бүрийн минь ард үргэлж байдаг,  хайрт ах, продюсер З.Энхмөнх /Kush/, олон ч  жил, олон ч уран бүтээлд минь хамтарч ажилласан төгөлдөр хуурч, “До Ре Ми” сургуулийн гүйцэтгэх захирал, хайрт багш Б.Золзаяа, гэр бүл, ойр дотнынхон, найз нөхөд, хамтрагч уран бүтээлчид, эрдэмт багш нартаа гүн талархлаа илэрхийлж байна. Энэ бие нь эх дэлхийд оршихоо больсон ч эцгийн хайраар өдий зэрэгт хүргэсэн хайртай аавдаа, мөрөөдөл минь хүртэл өөрийнх нь юм шиг байдаг, бүх хайраараа өлгийдөж өсгөсөн ээждээ онцгойлон баярлаж байгаагаа хэлмээр байна.

-Хөгжимтэй холбогдож байсан үе нь хэзээ вэ. Яагаад хөгжимчин болов?

                -Багаасаа урлагийн хүн болно гэж боддог байсан. Яагаад ч юм хөгжимчин болох юм шиг л санагддаг байлаа. Хөгжмийн нот мэдэхгүй хэр нь гэрт байгаа хөгжмийн зэмсгүүдэд ая оруулаад тоглочихдог байсан. Ээж минь их сайхан дуулдаг, ятга, шанз хөгжмийг хүнээр заалгаагүй хэр нь сайхан хөгжимдөнө. Аав минь дууны ая зохиодог байсан. Ийм сайхан урлагт хайртай хүмүүсийн охин болж төрсөн учраас бага нас минь дуу хууран дунд л өнгөрсөндөө. Бүх л сонголтын хүндэлж, дэмждэг гэр бүлд өссөн. Миний мөрөөдөл, эцэг эхийн минь мөрөөдөл юм шиг л хандаж, дэмждэг дээ.

-Хуучир хөгжмийн талаар ярихгүй юу?

                -Хуучир хөгжим нь чавхдаст, нумт хөгжим. Тэр дундаа эмэгтэй хүний хоолойтой төстэй, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг өндөр илэрхийлэх боломжтой, торгон мэдрэмж шаардсан хөгжим. Хөгжимчнийхөө сэтгэл хөдлөл ямар байх нь хөгжмөөр дамжин илэрхийлэгддэг. Энэ хөгжим нарийн мэдрэмж, тэвчээр, ухаан шаарддаг, тоглож байгаа хүнээ хүмүүжүүлдэг хөгжим.

-Анхны тоглолт болон анхны цомгийнхоо талаар ярихгүй юу. Хоёулаа догдлол, баяр баясал авчирсан урт хугацааны хөдөлмөрийн үр шим байсан байх?

                -2006 онд тавдугаар ангидаа хөгжим бүжгийн коллежид элсэж ороод , 2008 онд Монгол Улсын Консерваторын хөгжмийн танхимд анхны тоглолтоо хийж байлаа. Тэр үеэс багш намайг бие даасан уран бүтээл хийлгэх, тайзан дээр тоглуулж, бүтээлч талаас нь их хөгжүүлсэн. Анхны бүрэн хэмжээний тоглолтоо “Folk meets classic” нэртэйгээр 2014 онд хийсэн. “Portraits” анхны цомог минь 2019 онд Монгол Улсын Филармонид тоглогдсон “Дотоод хөрөг” тоглолтын үеийн бичлэгээр бүтсэн цомог байгаа юм. Тэр үед би Шанхайд магистрантаар суралцаж байлаа. Бүх зохиол дээр төгөлдөр хуурч “До Ре Ми” сургуулийн гүйцэтгэх захирал, Б.Золзаяа багш хамтарч ажилласан. Хөгжимчин хүний хөдөлмөр гэдэг урт хугацааны зүйл байдаг. Үүнээс гадна тоглолт дээр ямар сэтгэл зүйтэй байгаа нь шууд нөлөөлдөг. Ардын хөгжмийг олон жил хичээллэж байж сурдаг. Нэг зүйл сурсан ч дахиад сурах зүйл байж л байдаг. Энэ хөгжимд хүрэх ёстой оргил, төгсгөл гэж үгүй. Тэр нь нэг талаараа ташуур болдог.

Сэтгэлээс сэтгэлд хүрэх урлагийг бүтээнэ гэдэг тун нарийн ажил.

                -Алхам тутамдаа суралцахийг хичээдэг. Авьяас, нарийн техниктэй байгаад хөгжмөөс сайхан ая гаргадаггүй. Үүнд нарийн ухаан, зүрх сэтгэл хэрэгтэй.

-Хуучир хөгжмийн зэмсгийн бусад зэмсгүүдээс ялгарах онцлог нь юу вэ?

                -Хуучир хөгжмийн зэмсэг нь гол ая тоглоход тохиромжтой. Хүний хоолойтой төстэй. Ямар ч хөгжмийн зэмсэгтэй сайхан зохицдог. Ардын болон сонгодог бүх хөгжимтэй хоршуулах боломжтой. Энэ хөгжмийг шинэлэг байдлаар хүмүүст хүргэхийг үргэлж хичээдэг. Тэр утгаараа салбар хамаарахгүйгээр уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хүсдэг. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын “Би чамд хайртай” гэх гайхалтай хөгжмийг залуу уран бүтээлч Doid болон prismobeats-тай хамтран сонсоход сонирхолтой байдлаар коверлон хүргэсэн.

-Хөгжим тоглож байх үедээ юу мэдэрдэг вэ?              

                -Хөгжмөө гартаа барьсан цагаасаа хөгжмөө мэдрэхийг хичээдэг. Би хөгжмөө мэдэрч байж бусдад илүү хүчтэй, тодорхой хүргэнэ. Юу ч бодохгүй эсвэл нот харж тогловол амьгүй хөгжим л сонсогдоно. Хуучир хөгжмийн Д.Бодьсүрэн багш минь “Нот бүр үг хэлнэ” гэдэг байсан юм. Зураг бол хараад мэднэ, дуу бол үгийг нь сонсоод ойлгоно. Гэхдээ үггүй дан хөгжмийг илэрхийлэхийн тулд хөгжимчний дотоод сэтгэл маш баялаг байх хэрэгтэй. Мэдрэмж бүр өөр шүү дээ. Ямар бүтээл тоглож байгаагаасаа шалтгаалан авч байгаа мэдрэмж бүр өөр байдаг. Тоглож буй хөгжмөөсөө эхийн хайрыг мэдрэх үе ч бий.

-Хөгжимдөө хамгийн их татагдаж байсан үе нь хэзээ вэ. Ямар нөхцөлд хөгжмөөсөө хайр мэдэрч байв?               

                -Гүн рүү нь орох тусам сайхныг нь мэдэрч, татагддаг. Анхандаа сонирхолтой санагдсан учир сурсан. Заримдаа бэлтгэлээ хиймээргүй санагдах үе амьдралд тохирно шүү дээ. Тэр бүрийг багшийн минь хариуцлагатай, зарчимч байдал нь хөгжмөөсөө холдоогүй байхад тусалсан. Миний бодлоор хөгжмийн гүнд нь орох юм бол гарч чаддаггүй юм шиг санагдсан.

-Дуучин Doid-той хамтарсан  уран бүтээлийнхээ талаар ярихгүй юү.

                -“Би чамд хайртай” хөгжмийг бол үеийн үед уран бүтээлчид өөрсдийн онцлогийг шингээж, сонсогчдод хүргэсэн байдаг. Энэ сайхан бүтээлийг залуу үеийнхэн маань төдийлөн мэддэггүй. Уран бүтээлийг ямар нэгэн байдлаар шинэчлэн илэрхийлснээр тухайн бүтээлийн нас уртасч байдаг шүү дээ. Хөгжмийн найрууллыг хийсэн З.Мөнх-Өлзий тун сайн ажилласан. Бид гурвын хамтын бүтээл.

-Хөгжимчин хүн хөгжмийнхөө аялгууг хүнд хүргэхийн тулд ямар байх хэрэгтэй гэж боддог вэ?

                -Хөгжимчин хүний дотоод сэтгэл нь баялаг байх хэрэгтэй. Миний хувьд хөгжимчин хүний амьдралын үнэ цэн өөр юм шиг санагддаг. Би их мөнгөтэй байхаас илүү хийсэн уран бүтээлтэй байхыг хүсдэг. Уран бүтээл бүртээ өөрийгөө тултал зориулахыг хичээдэг. Хөгжмийн зохиолчийн бичсэн гайхалтай уран бүтээлийг сонсогчдод хүргэхийн тулд сайн техниктэйгээр тоглодог байх хэрэгтэй. Тайзан дээр тоглогддог цөөн минутын бүтээлийг амилуулахын тулд хөгжимчин хэдэн сар, жилийн бэлтгэл хийдэг.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

                -Ойрын үед гэвэл хуучны сайхан уран бүтээлүүдийг сэргээж, шинэчлэн найруулж сонсогчдодоо хүргэх төлөвлөгөөтэй байна. Хийхийг хүссэн олон зүйл бий. Монгол хуучир хөгжим бусад улсын хөгжмөөс юугаараа онцлог байдаг гэдгийг сонсуулж, мэдрүүлэхийг зорьж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа, дахин баяр хүргэе.

                -Баярлалаа.

 


ШИЛДЭГ ХӨГЖИМЧИН Э.ЦЭНДСҮРЭН: "Мөнгөн мод" наадмаас шагнал хүртэх мөч зүүд шиг байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188