• Өнөөдөр 2024-05-13

Модель С.АМАРТҮВШИН: Алдарт загвар зохион бүтээгч Грейс Мүний загварын шоунд оролцох болсондоо баяртай байна

     Дубай хотноо зохион байгуулагдсан  "World fashion festival awards","Fashion Factor" загварын арга хэмжээнд Мисс, СТА Б.Гантогоогийн урилгаар амжилттай оролцсон "Hatun" агентлагийн загвар өмсөгч С.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр тус шоуны үеэр Солонгосын алдарт загвар зохион бүтээгч Грейс Мүний долдугаар сард зохиогдох загварын шоунд оролцох урилга хүлээн авсан ажээ.

-Дубай хотод зохиогдсон загварын шоунд амжилттай оролцсон танд баяр хүргэе. Тус шоуны талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

                -Миний хувьд Монгол Улсаас оролцож байгаа ганц эрэгтэй модель байлаа. Тус шоунд  дээр хоёр удаа толгойлж буюу хамгийн эхний хувцсыг танилцуулж алхлаа. Солонгосын алдарт загвар зохион бүтээгч Грейс Мүнийн уламжлалт хувцсыг өмсөж эхний тайзны алхалтаа хийсэн. Харин дараа нь Дубай хотод анх удаа загвараа танилцуулж байгаа “Эвсэг” кашмерийн "Топдонж" загварт байсан ганц эрэгтэй загварын  хувцсыг нь өмсөж, танилцуулаа. Энэхүү загварын шоунд алдартай загварын мэргэжилтнүүд ирсэн байсан учраас тайзан дээр алхахдаа догдолж, сандарсан. Өмнө нь мэдэрч байгаагүй сайхан мэдрэмжийг авсан даа.

-Алдарт загвар зохион бүтээгч Грейс Мүний загварын шоунд оролцох урилга хүлээн авах ямар байсан бэ?

                -Анх тэгж эергээр хүлээж авна гэж бодоогүй ээ. Энэ долдугаар сард өөрийн загвараасаа шоугаа Франц Улсад хийх юм билээ. Тэгээд “Би моделиудаа сонгон шалгаруулж байгаа. Чамайг хэрэв хүсвэл чиний бүх зардлыг гаргаад шоундаа алхуулмаар байна” гэсэн санал тавьсан. Үнэхээр төсөөлгүй ажлын санал авсан даа баяртай байгаа. Хүн өөрийгөө чамлаж чадахгүй, болохгүй гэсэн бодолтой байж болохгүй юм байна гэдгийг мэдэрсэн дээ.

-Энэхүү салбарын юу нь таны сонирхлыг татаж, загвар өмсөгчөөр ажиллах болсон юм бэ?

                -Багаасаа загвар өмсөгч болохыг хүссэн. Энэ салбарын хүмүүсийн загварын мэдрэмж, хувцаслалт, биеэ авч явдаг байдал нь гоё санагддаг байсан юм. “New face” тэмцээнд оролцож шилдэг тавд шалгарч байсан. Ингээд түр завсарлаж Япон Улсад сурахаар  яваад загвар өмсөгчийн ажлаас хөндийрчихсөн. Ингэж нэлээн удаан завсарлаж байгаад “Hatun” агентлаг дээрээ очиж, дахин загвар өмсөгчийнхөө ажлыг хийж, багын мөрөөдлөө биелүүлсэн.

-Дахин загварын тайзан дээр алхах боломжтой болох ямар байсан бэ?

                -Анх дахин тайзан дээр алхах саналыг сонсоод өөрийгөө голсон л доо. “Багшаа би одоо техникүүдээ мартсан байх, тэгээд ч болоогүй дэлхийн нэр хүндтэй тайзан дээр алхаж чадахгүй байх” гэж хэлсэн. Гэхдээ хамт явсан моделиуд болон багшийнхаа дэмжлэгтэйгээр ямар нэгэн алдаа гаргалгүйгээр оролцоод ирлээ. Үнэхээр ховор олдох боломж мөн хүн намайг чадна гэж итгэж байхад би өөрийгөө голоод байж болохгүй гэж бодсон учир дахин тайзан дээр гарсан.

-Таны оролцсон анхны загварын шоу хэзээ байв. Анхны тайзны алхалтаа хийх үедээ юу мэдэрч байсан бэ?

                -“Fashion tv” гэж үргэлж загварын шоу гардаг суваг байдаг шүү дээ. Тухайн шоуны дээр орон орны өөрсдийн гэсэн онцлогтой моделиуд тайзан дээр алхаж байдаг. Миний хувьд анхны тайз минь багадаа үздэг байсан тэр загварын шоунууд шиг гайхалтай санагдсан. Анх удаа алхаж байгаа болохоор сандарч, догдолсноо сайн санадаг юм.

-Зөвхөн загвар өмсөгчөөрөө ажилладаг уу?

                -Үгүй ээ, би ШУТИС-ийг автоматжуулалтын инженерээр төгсөөд Япон Улсад бизнесийн удирдлага чиглэлээр  мэргэжил дээшлүүлээд ирсэн. Одоо бол хувиараа банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг.

-Таны хувьд загварын салбарт ажилласнаар олж авсан үнэт зүйл нь юу байсан бэ?

                -Өсвөр насандаа загварын чиг хандлага аа  тодорхойлж, гадаад төрөхдөө анхаарч эхлэх насан дээрээ загварын чиглэлээр ажиллаж олон зүйл сурсан. Загварын салбарт ажилласнаар хувцаслалтдаа анхаарч сурснаас гадна, олон нийтийн газар биеэ зөв авч явах, хүнтэй зөв харилцах чадварын эзэмшсэн. Энэ бүхэн өнөөдрийн Амартүвшинийг бий болгосон юм санагддаг даа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                -Баярлалаа.

 


Модель С.АМАРТҮВШИН: Алдарт загвар зохион бүтээгч Грейс Мүний загварын шоунд оролцох болсондоо баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-11 10:04:10
    bayar: Bid 3 hairtai shuu amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-11 10:01:47
    zochin: mundag shu. amjilt hvsie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188