• Өнөөдөр 2024-05-13

Б.БҮЖҮҮЛЭН: Харандаа миний хамгийн дотно, хамгийн үнэнч “найз”

      Олон өнгийн харандаа ашиглан зургийг бодит бөгөөд хэвлээд тавьчихсан зураг мэт зурдаг, цахим хуудаснаа харандааны гүнж хэмээгдээд байгаа Б.Бүжүүлэнтэй ярилцлаа. 
 
-Танд энэ өдрийн мэнд хүргэе.Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү? 
 
           -Сайн байна уу, намайг Бэхээдэйгийн Бүжүүлэн гэдэг. Аав минь монгол зургийн зураач байлаа. Ээж маань даалин урлал, хатгамал хийдэг. Гэр бүлээрээ гарын эв дүйтэй хүмүүс байдаг даа. Би огт өөр мэргэжилтэй, өнгөрсөн жилээс байгаа багахан авьяасаа хөгжүүлэхийн тулд зурж эхэлсэн. 
 
 -Өнгөрсөн жилээс авьяасаа илүү хөгжүүлэх болсон юм байна. Багадаа хэр зурдаг хүүхэд байв. Яагаад харандаагаар зураг зурах болсон бэ? 
 
              -Багадаа жаахан гарын уртай байснаас биш тийм сайн зурдаг байгаагүй ээ. Гадаадын зураачдын харандаагаар зурсан зургууд нүдэнд их туссан юм. Тэгээд яг харандаагаар дагнан зурж, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх нь сонирхолтой санагдсан. Анх эхэлснээ бодвол одоо харьцангуй сайн зурж байгаа, гэхдээ хүссэн хэмжээндээ хүртэл сайн сураагүй л байна.  Амьтны үс, ширхгийг гаргаж бодит юм шиг зурах дуртай.  
 
-Ингэж нарийн ширхэгтэй зурахын тулд хэр их цагийн бүтээлдээ зарцуулдаг вэ? 
 
            -Орой ажлаа тарж ирээд 4-5 цаг суудаг. Том хэмжээний зургийг бага багаар суусаар 8-10 өдөрт дуусгадаг. Хэмжээ, зургийн загвараасаа хамаараад зурж дуусах хугацаа харилцан адилгүй ээ. Өдөр бүр зураг зурна. Зургаа дуусгаад хана дээрээ өлгөнө, заримыг нь монгол руу хүргэсэн байгаа. Зурж дуусчхаад жаазанд хийгээд нандигнан хайрлана шүү дээ.  
 
-Гэртээ очиж, зурж байгаа зургаа дуусгах гэж яарах уу? 
 
              -Өмнө орой нь зурж байсан зургийнхаа зургийг гар утсан дээрээ дарчхаад зав гарах юм бол өнөөх зургаа хараад “Энэ дээр нь ийм өнгө тавих юм байна” гээд бодоод суучихна. Байнга л зураг зурах талаад бодож байгаа даа. 
 
 -Амьтны нүдийг чухалчилж зурдаг юм билээ. Яагаад амьтан, ургамлын зураг түлхүү зурдаг юм бэ? 
 
               -Амьтай бодит оршихуй учраас нүд нь хамгийн чухал. Нүдээ сайн гаргасан бол их биеийг нь төлөвлөж, зургаа дуусгадаг. Найзынхаа өгсөн жижиг дэвтэр дээр амьтадын нүдийг зурж, дадлага хийсэн. Цэцэг, ургамал зурахдаа голоос нь эхэлдэг бол, амьтны нүдийг эхэлж зурдаг. Зарим зураачид хамгийн сүүлд нь нүдийг нь зурж зургаа амь оруулна гэдэг. Миний хувьд нүдээ хүссэн шигээ зурчхаад биеийнх бусад хэсгийн зурдаг.  
 
-Хэвлэчихсэн юм шиг зурахын тулд тэр нарийн зураас болон яг тохирсон өнгийг гаргаж уусгах амаргүй байдаг байх. Зөв зурахын тулд судалгаа их хийсэн үү?  
 
            -Өнөөдрийг хүртэл зурсан бүр зураг миний хувьд илүү сайн зураг зурахын төлөөх дадлага. Одоогоор фото зураг харж зурж байгаа. Зурах зургаа сонгочхоод өнгийн харандааныхаа боломжийг хардаг. Ямар хоёр өнгийг нийлүүлбэл хэрэгтэй байгаа өнгө өө гаргах вэ гэж судална. Жишээ нь бараан өнгийг ногоон өнгөтэй холиход алийг өнгийг нь түрүүлж тавьснаас шалтгаалж гарах өнгө нь өөрчлөгддөг. Харандаа бүр үйлдвэрлэгдсэн газар, найрлагаасаа хамаараад өөр өөр байдаг юм билээ. Тиймээс зураг зурах бүртээ шинэ өнгөний хоршлын талаар мэдлэгтэй болж байгаа. Нэг навч зурахын тулд 20 гаруй төрлийн ногоон өнгө ашигладаг. 
 
 -Зургийг өнгөнд оруулах олон төрлийн хэрэгсэл байгаа шүү дээ. Тэр дундаас харандааг онцолж сонгосон шалтгаан байгаа юу? 
 
            -Хамгийн эхэнд зургаа хурдаг зурж болохоор байсан. Усан будгаар зурхад нэг өнгө тавиад хатах хүртэл нь хүлээх хэрэгтэй болдог, тосон будаг ч адилхан байдаг. Авьяасаа хөгжүүлэх зорилготой эхэлсэн учраас хурд надад чухал байсан хэрэг л дээ. Зураг зурж эхлэхдээ л харандаа барьсан учраас надад илүү тухтай байдаг юм. Одоо бүүр харандаа цуглуулах дуртай хоббитой болсон. 
 
 -Анхны зурсан зураг нь ямар зураг байсан бэ. Зурж дуусгаад бүтээлээ харах үедээ ямар мэдрэмж авсан бэ? 
 
                -Хамгийн анх амьтны нүд зурж байсан. Зургаа зураачдын цахим хуудсанд нийтэлсний дараа зураачдаас “ Болж байна, үргэлжлүүлээд зураад байгаарай” гэж хэлэхийг хараад урам орсон. Дараа нь арванхоёр жил зурж байлаа.  
 
-Та гэрийнхнийхээ талаар ярихгүй юу. Харандаагаар зурсан зургийг нь хараад юу гэж хэлсэн бэ? 
 
             -Ээж минь намайг зураг зурж байгааг их таатайгаар хүлээж авсан. Би монголд байхдаа зүү ороож, чимэглэлийн зураг зурдаг байлаа.  
 
-Таны бүтээлүүд ихэвчлэн амьтан, ургамлын зураг байлаа. Хүний хөрөг зурж байсан уу, зурах талаар боддог уу?  
 
            -Хүн зурах тун хэцүү. Бүгд дахин давтагдашгүй дүр төрхтэй учраас зөв байгуулалт, зөв харьцаатайгаар зурах хэрэгтэй. Дадлага хийж зурсан хэдэн хөрөг байгаа хэдий ч ичээд хүнд үзүүлдэггүй юм. Илүү туршлагатай болчхоод хөрөг зурна гэж бодож байгаа. Хархад адилхан зурж байгаа ч төгс адилхан болгож чадаагүй учраас дутуу байгаа зүйлсийг нь анзаараад байдаг юм билээ.  
 
-Зураг зурахдаа аль хэсэгт илүү анхаарал хандуулах шаардлагатай вэ?  
 
          -Хамгийн чухал бөгөөд зургийг илүү амьтай харагдуулдаг хэсэг бол нүд болон сүүдэр байдаг. Сүүдрийн зохимжийг сайн бодож зурах хэрэгтэй. Тэгсээр зураг илүү бодит болдог доо. 
 
- Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар зураг зурах технологийг хөгжүүлж байгаа шүү дээ. Зураачийн мэдэрч, авьяас, чадвараараа бүтээдэг бүтээлийн хиймэл оюун ухаан зурна гэхэд танд ямар санагдсан бэ?  
 
          -Гайхалтай зүйл төсөөлсөн ч зурж чадахгүй хүнд хиймэл оюун ухаанаар зургаа зуруулах гоё байна байх. Гэхдээ гараараа зурсан бүтээлийг давж гарах боломжгүй болов уу. Хоёр үг бичээд зураг зуруулах, хүн авьяас, мэдрэмжээ хөглөж зориулж зурах хоёр тун ялгаатай байна байх. Гараараа зурах илүү нандин байх болно шүү дээ. 
 
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. 
 
             -Баярлалаа. 

Б.БҮЖҮҮЛЭН: Харандаа миний хамгийн дотно, хамгийн үнэнч “найз”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-18 10:16:59
    Tuya Urlan: Сайхан ярилцлага болжээ Бүжүүлэн дүүдээ уран бүтээлийн олз омог нь дундаршгүй байх болтугай гэж ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-08 16:01:44
    Нанзадын Мөнхтуяа: Хүн болгонд заяагаад байддаггүй удам дамжсан ховорхон авъяастай дүүдээ, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Маш уран аав, ээжийн охиндоо Зураг зурахдаа маш их судалж, туршиж, маш тэдгээрийн учрыг тайлж, нарийн өнгө зураас гаргаж, бгаа нь маш их хөдөлмөр болон ухааны цар юмдаа. Энэ их ухаан нь хүртэл Монголын сор болсон эрдэмтэн, зохиолчдын нэг /Төрийн шагналт зохиолч, эрдэмтэн доктор Ш.Гаадамба/ өвөөг нь санагдуулж бна. Авъяслаг дүүдээ амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-07 15:12:51
    Цэцгээ : Манай ШУТИС-ийн төгсөгчийн нэг. Хувцасны загвар зохион бүтээгч инженер хүн шүү дээ. Гайхалтай уран гар, ухаан заяасан, өвөрмөц сэтгэлгээтэй, маш хөдөлмөрч, зүгээр сууж чаддаггүй охин доо. Шавьдаа амжилт, улам их амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188