• Өнөөдөр 2024-05-13

Э.БУЯНДУЛАМ: The Wasabies хамтлагийнхан хамт байгаа учраас бэрхшээл бүрийг давж чаддаг

     Өвөрмөц загвар, цоглог бүжиг, уянгалаг хоолойгоороо бусад уран бүтээлчдээсээ ялгардаг "The Wasabies" хамтлаг саяхан “Yahkadagan” нэртэй шинэхэн дуугаа сонсогчдодоо хүргэсэн юм. Тус хамтлагийн дараагийн зорилго, уран бүтээлийн талаар хамтлагийн ахлагч Э.Буяндуламтай ярилцлаа.

-Шинэхэн уран бүтээлээ гаргасанд нь баяр хүргэе. “Yahkadagan” дуу нь гарсан цагаасаа олон шүүмжлэлийг дагууллаа шүү дээ. Дуугаараа юу илэрхийлэхийг зорьсон бэ?

          -Баярлалаа, танд болон энэхүү ярилцлагыг уншиж байгаа нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе."YAHKADAGAN" дууны дүрс бичлэгийн өмнөх бэлтгэл, хийх  үе гээд бид  бараг хоёр  сарын хугацааг зөвхөн энэ дуунд  зориулсан. Нэлээд хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон доо. Дууны утга гэвэл яах гээд байгаа нь мэдэгдэхгүй төвөгтэй харилцаа үүсгэдэг зарим залуучуудад зориулж гаргасан.

-Анхны уран бүтээлээ гаргаснаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Олон нийтийн хандлага ямар байдаг вэ?

          -Бид анх 2018 онд ‘Girls generation’ дуугаараа дебют хийж байлаа. Тэр үед сайшаал, магтаалаас илүүтэй шүүмжлэл олон ирж байсан. Уран бүтээлүүд гарахын хэрээр тэнцвэржиж, эерэгээр хүлээж авах хүмүүс нь илүү болсон. Хоолойны өнгө өөрчлөгдөхөөс эхлээд олон  зүйл анхныхаасаа өөр болсон байх. Уран бүтээлийн хувьд тухайн цаг үеийн тренд урсгалаа дагадаг. Продюсер Б.Наранзун ах “The Wasabies” хамтлагийн  өнгө төрхөд тохирсон шинэ уран бүтээлүүдийг хийж өгдөг. Мөн мэдээж өдөр бүр хийдэг бэлтгэл сургуулилалт биднийг өчигдрөөс илүү нэгэн болгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Хамтлагийнх нь гишүүд солигдсон шүү дээ. Хамтлагийнхныхаа тухай ярихгүй юу?

          -Хамтлагийн бүрэлдэхүүн солигдоод хоёр жил болох гэж байна. Багагүй хугацаанд бид хамт амьдарсан. Хамт амьдарч, хамтдаа хооллоод, унтаад, өдөр бүр бэлтгэл хийхээр нэгэндээ, нэгнийхээ ааш занд уусдаг юм билээ. Нэгнийхээ юу хэлэх гэж байгааг харцыг нь хараад л уншдаг болж дээ. Угтаа хамтлаг гэдэг нэг гэр бүл гэсэн үг юм чинь аргагүй юм болов уу.

-Өнөөдрийг хүртэл "The Wasabies" хамтлагийнхан чамлахааргүй олон давааг хамтдаа тууллаа шүү дээ. Шантарсан, айсан үеүдийг хэрхэн даван туулсан бэ?

            -Тийм үе байгаагүй гэвэл худлаа ярьсан болох байх. Мэдээж өөр өөр гэр бүлд төрж өссөн хүмүүс нэг тэмцээнд оролцоод, нэг хамтлаг болж байгаа учраас тодорхой хэмжээний зөрчилдөөн гардаг л байсан. Харин тэр болгоныг тухайн цаг үед нь ярилцаж шийдэх, бэлтгэлээ тасалдуулалгүй авч явах ахлагчийн гол үүрэг байлаа. Хамтлагийн эхлэлийг хамтлаа тавьсан гишүүд хамтлагаасаа гарч, багаа орхих үе хамгийн хэцүү байсан. Тухайн үед биеэс нэг  зүйл салгаад авч байгаа юм шиг л санагдаж байсан даа.

-Хамтлаг анх байгуулагдахдаа тавьсан зорилгодоо хүрсэн болов уу?

            -Хамтлагийн зорилго бол Азийн зах зээлд өөрсдийгөө болон Монгол Улсаа цахим сүлжээ, платформоор дамжуулан сурталчлах байсан. Энэхүү зорилгынхоо төлөө Япон Улсын урлагийн зах зээлд  гарахаар бэлдэж, төсөл дээрээ ажилласаар байгаа. Бид хийсээр, оролдсоор л байгаа.

-Ганцаарчилсан уран бүтээл хийх бодол байгаа юу?

            -Аль аль нь давуу болон сул талтай байх. Ганцаарчилсан уран бүтээлч байж үзээгүй учраас сайн мэдэхгүй л байна. Миний хувьд “The Wasabies” хамтлагийн нэг хэсэг болж хамтлагийн гишүүдтэйгээ хамт тайзан дээр гарах нь ямар ч үед дэмтэй, ханьтай байдаг. Ганцаараа биш гэдгээ мэдрэх сайхан шүү дээ.

-Одоо "Wasabies" хамтлаг хэрхэн ажиллана гэж бодож байгаа вэ. Зорилгоосоо хуваалцаж болох уу?

             -Манай хамтлаг дараагийн шинэ уран бүтээл, ажлынхаа талаар байнга ярилцаж, ажиллаж байгаа. Бидэнд дүрсжүүлж, олон нийтийн хүртээл болгоогүй олон аудио уран бүтээл бий. Урын сандаа хадгалсан уран бүтээлүүдээсээ сонсогчдодоо хүргэхээр ажиллана. Мөн хоёрдахь цомгоо гаргахаар төлөвлөж, ажиллаж байна. Бид бүх мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан хүргэх болно.

-Таны хувьд дараагийн төлөвлөсөн ажил юу байгаа вэ?

              -Сонирхож байгаа, хийхийг хүссэн зүйлс тун олон бий. Тэр бүрийг энд дурдах юм бол “Яасан олон зүйл сонирхдог юм бэ” гэж хүмүүс гайхах байх. Хийхийг хүсдэг, хийхээр төлөвлөсөн зүйлсээ ярих бус бүтээж, хийчихээд харуулна даа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                -Баярлалаа.


Э.БУЯНДУЛАМ: The Wasabies хамтлагийнхан хамт байгаа учраас бэрхшээл бүрийг давж чаддаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188