• Өнөөдөр 2024-05-12

HEESCO БУЮУ Х.ХОСНАРАН: Гудамжны зураг бол тайтгарал

          Хотын гудамжинд өнгө нэмсэн ханын зургуудын доор ихэвчлэн Heesco гэсэн гарын үсэг байдаг болоод цөөнгүй жил өнгөрчээ. Австрали Улсын гудамж, талбайд мөн түүний бүтээлүүд олон бий гэнэ. Түүний дундаас хамгийн гайхалтай нь таван давхар байшингийн ханан дээр зурсан монгол эмэгтэйн хөрөг билээ. Аль ч сургуульд заадаггүй энэ урлагийн  төрлийг  ирээдүйн залуустаа өвлүүлэн үлдээх хүсэлтэй Х.Хоснарантай ярилцлаа.

-Ханын зураг дагнан зураад хэр удаж байна?               

          -Багаасаа зурах дуртай байлаа. Австрали Улсад 2004 онд сургууль төгсөөд мэргэжлийн зураач болсон. 2010 оноос хойш ханын зургаар дагнан ажиллаж байна. Өмнө нь жижиг хэмжээтэй ханын зураг зурж суралцсаар байсан.

-Хана дүүргэж зураг зурна гэдэг амаргүй, хичээл зүтгэл их шаарддаг уу?

                -Том хэмжээний зураг зурж байгаа учраас биеийн хүч их шаарддаг. Эхэндээ жижигхэн хана дээр зурж байсан. Явцын дунд зургийн хэмжээ томорч, тэгэх тусам ч ачаалал дааж сурдаг юм билээ. Шүршдэг будгаар зурахыг аль ч сургуульд заадаггүй, нэгнээсээ суралцдаг. Зөвшөөрөлгүй газар зурвал хууль бус гэмт хэрэг болно. Тэр дундаас суралцаад, уран бүтээл болгон ажиллаж байна

-Монгол Улсад ханын зургийн хөгжил ямар түвшинд байгаа вэ. Гаднын орнуудтай харьцуулж байв уу?

                -Монголд ханын зургийг суртал ухуулга болгож их зурдаг байсан. Урлаг болгож зурсан нь мэдээж бусад улсаас жаахан хойно. Цөөн тооны урлаг болгож зурсан ханын зургууд байсан ч хүмүүс төдийлөн хүлээн зөвшөөрөөгүй ирсэн байдаг. Одоо бол сайн зурдаг залуус нэмэгдэж байна. Би одоо New York хотод зургийн ажлаар явж байна. Урлаг гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн хотуудад зураг зурах ажиллах сайхан шүү дээ.

-Олон ханын зураг зурсан байх тэр дундаас хамгийн хайртай уран бүтээлээсээ хуваалцахгүй юу?

                -Сэтгэлд онцгой бүтээлүүд бий. Тэр дундаас “Victoria university”-гийн таван давхар ханан дээр зурсан монгол эмэгтэй хөрөг юм даа. Онцгой болгож байгаа шалтгаан нь  өөрийн гаргасан загвараар томхон ханан дээр зурсан анхны тохиолдол учраас сэтгэлд ойр байдаг. Гэхдээ зураач одоо ажиллаж байгаа бүтээлдээ төвлөрдөг учраас хамгийн дуртай зураг нь одоо зурж байгаа, зурахаар бэлдэж байгаа бүтээл нь байдаг байх.

-"Ид шидийн орон" төвийн  ханан дээр таны хоёр ч уран бүтээл байдаг шүү дээ. Энэ талаар ярих уу?

                -Би 2018 онд “Ид шидийн орон 1” төв дээр багийнхантайгаа очиж  хүүхдүүдэд нь зориулж нэг охины хөргийг зурах зөвшөөрөл аваад ханан дээр нь зурж байлаа. Саяхан “Ид шидийн орон 2” төвийн инүүр дүүрэн инээсэн хүүгийн зургийг зурчхаад ирсэн. “Ид шидийн орон” төв надад их ойр санагддаг. Би “Лантуун дохио” төвийн Австрали дахь салбарын тэргүүн нь, 2018 онд надад “Ид шидтэй элч” гэсэн өндөр цол өгч байсан

-Монгол өв соёлыг харуулсан зургийг гаднын оронд зурсан харагддаг. Тухайн улсын иргэд хэрхэн хүлээж авдаг вэ?

                -Монгол өв соёлыг илэрхийлсэн зургууд бий. Гэхдээ байнга зурах гэж зүтгээд байдаггүй. Ханын зураг гэдэг орчинтойгоо нийцэх ёстой. Тиймээс тохирсон газраа байвал монгол сэдвээр зурахыг хичээдэг. Тус улсын иргэд ч сайнаар хүлээж авдаг. Ханын зураг бүрд түүх  байдгийг мэддэг ард түмэн өөр л дөө.

-Yarram хотод зурж байсан уран бүтээлүүдийнхээ талаар яривал?

                -Танилынхаа клубийн ханан дээр зурсан зургийг хүмүүс сайнаар хүлээж авсан. Ингэж дараа дараагийн хананы зургийн санал ирдэг. Тэр дунд арван ханан дээр зураг зурах санал ирж байсан.

-Ханан дээр зурсан уран бүтээлийг нь сэвтүүлж, дээр нь нэмж зурж, арилгасан тохиолдол гарч байв уу?

                -Хананы зураг угаас мөнхийн бүтээл биш. Гадаа байгаа учраас байгалийн хүчин зүйлсээс шалтгаалж будаг нь арилна, хана нь нурна. Тиймээс зурсны дараа авсан гэрэл зураг л үлдэнэ. Угаас миний бүтээл ханан дээр үлдэж, тэр хотын, нийтийн өмч болж байгаа юм.

-Зураг дуусаж, гарын үсэг зурах мөч ямар байдаг вэ?

                -Дууслаа гээд гарын үсэг зурах мөч сайхан шүү. Сонирхолтой зүйл хэлэхэд гарын үсэг зурахаа мартах тохиолдол цөөнгүй гарсан. Зургаа дуусахаас өмнө алдаа байгаа эсэхийг нягталж харна, засна сүүлдээ гарын үсэг зурах тэнхэлгүй болчихсон, муруй зураад зогсох ч үе байдаг.

-Бүхнийг цааш үргэлжлүүлэх эрч хүч болдог зүйл нь юу вэ?

                -Урлаг, эхнэр хүүхдүүд минь. Зураг зурах сайхан санаа төрөх их сайхан. Ер нь гэр бүл, хүүхдүүдээсээ л их эрч хүч авдаг даа.  

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

                - Урлагтаа үнэнч, зарчимч, тууштай байж, бусадтай боловсон харьцахыг хичээдэг.

 


HEESCO БУЮУ Х.ХОСНАРАН: Гудамжны зураг бол тайтгарал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188