• Өнөөдөр 2024-05-13

Б.САРУУЛ: Мандах төрийн малгайг гурван үеэрээ урлаж байгаа нь хамгийн үнэ цэнтэй бүтээл юм

     Гурван үеэрээ монгол үндэсний бэлгэдэл, ёс уламжлал шингэсэн тэргүүн өмсгөл болох малгайг урлаж байгаа “Хатан малгай” брэндийн захирал, малгай урлаач Б.Саруултай ярилцлаа.  Тэрбээр тэргүүн дээд өмсгөл учир урлахдаа ч хүндэтгэлтэй хандаж, захиалагчийн сэтгэлд нийцсэн чанартай, үнэ цэнтэй малгай урлахыг хичээдэг талаараа ярьсан юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хатан малгай брэндийн түүхээр яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

                -Манайх гэр бүлээрээ, удам дамжсан малгай урлаачид. Би 2018 онд их сургуулиа төгссөнийхөө дараа “Хатан малгай” брэндээ үүсгэн байгуулсан. Брэнд болгож, өргөжүүлэхээс  өмнө манайх малгай урладаг, тодорхой захиалагчтай байсан юм. Аав  минь 25 жил малгай урлаж  байна. Хүмүүс “Бөхөөгийн малгай” гэхээр андахгүй таньдаг. Гэр бүлийнхээ удам дамжсан ажлыг цааш үргэлжлүүлэн авч явахдаа брэнд болгох хэрэгтэй гэж үзээд “Хатан малгай ”хэмээн нэрлэсэн. Нэрийн хувьд гэвэл монгол хатад эрт дээр үеэс хамгийн чамин, мундаг гар урчуудын бүтээсэн үнэ цэнтэй бүтээлийг хэрэглэдэг байсан учир “Хатан малгай” гэж нэрлэсэн. “Хатан малгай” брэнд албан ёсоор үүсгэн байгуулагдаад таван жил болж байгаа ч малгай урлаж, бүтээсэн 20 гаруй жилийн туршлага, түүхтэй.

-Малгай урлахдаа юун дээр нь анхаарал хандуулж урладаг вэ?

                -Малгай бол хүний тэргүүн өмсгөл шүү дээ. Монголчууд малгай, дээл хувцсандаа бэлгэдэл, ёс уламжлалын дагуу хүндэтгэлтэй ханддаг шүү дээ. Тэр утгаараа тухайн хүний тэргүүн дээрээ өмсөх малгайнд хүндэтгэлтэй хандаж, бүх сэтгэлээ гаргаж уралдаг. Хурдан дуусгая гэж бодолгүйгээр оёдол бүр дээр нь анхаарч, сэтгэлээ шингээдэг. Жаахан далий оёход л малгай хазгай харагдаж, мэдэгддэг. Тиймээс хэдхэн миллиметр зөрсөн ч дахин оёдог. Мөн өнгөний зохицлыг анхаарч сонгодог.

-Их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол  дээр ээжийнх нь өмссөн малгайг урласан юм билээ. Тус малгайг хэдий хэр хугацаанд, ямар бэлгэдэл шингээж урласан бэ?

                -Хакүхо аваргын ээж Ө.Тамир эгчийн малгайг хийх захиалга нэгдүгээр сарын эхээр ирсэн. Бид ярилцаж байгаад хүндэтгэлийн арга хэмжээнд очиж айгаа учир шүр оруулж, мөнгөн тоноглол хийсэн. Аварга хүний ээжид зориулан хийж байгаа учир хэт даруухан малгай тохиромжгүй гэж бодсон. Монголчууд бид малгайнд их ач холбогдол үзүүлдэг шүү дээ. Даруухан загвартай малгай гэж их ярьдаг болсон. Даруухан байж болох ч эрхэлж буй ажил, албан тушаалаасаа хамаараад малгайгаа зөв сонгож өмсөх хэрэгтэй.

-Монголчууд эртнээс малгай, бүсээ дээдэлж ирсэн.Энэ ёс, уламжлал сүүлийн жилүүдэд алдагдаж  байна гэж ярьдаг. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

                -Одоо илүү зөв өмсдөг болсон юм шиг санагддаг. Гэхдээ өмсөхдөө буруу хийсэн малгай өмссөн тохиолдол олон  харагддаг. Малгай тэр чигтээ бэлгэдэл агуулдаг шүү дээ. Монгол Улсын түүхийг судлаад үзвэл дээл, малгайны загвар одоогийнхоос өөр. Одоогийн зүүдэг шиг өргөн бүс хэрэглэдэггүй байсан. Жанжин малгай таван талтай байгаагүй, зургаан талтай, чих нь өндөр байсан гэдэг. Тэр үеийн малгай, дээл хувцасны хийц илүү чамин, нарийн хийцтэй байдаг.

-“Хатан малгай” брэндийн малгайг урладаг хамт олны талаар ярихгүй юу?

                -Гэр бүлийн бизнес учраас аав, ээж бид гурав малгайгаа урладаг. Эгч нар дээл оёно. Оёдолчин ажилд авч байсан ч жаахан юм сурчихаад ажлаасаа гарчихдаг. Зарим тохиолдолд эсгүүр алга болно. Тиймээс чанартай бүтээгдэхүүнийг гэр бүлийн хүрээнд урладаг. Ажилчид сургаж аваад хэдэн зуугаар нь малгай урлаж болох ч бидний зорилго мөнгө биш. "Хатан малгай" брэндийг зориод ирсэн захиалагчдад үнэ цэнтэй, ёс журмынх нь дагуу, чанартайгаар хийж хүргэхийг хичээдэг.

-Сах шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор захиалга их ирж байна уу. Энэ жил ямар загварын малгай илүү хийгдэж байгаа вэ?

                -Арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлээд сар шинийн баярын захиалга ирж эхэлсэн. Нэг сарын дундаас захиалгаа хаасан. Ачаалал нэлээн их байна. Биднийг захиалгаа хаах үеэр “Энэ дааж давтагдашгүй олон захиалга авчихсан байна” гэж ярьдаг. Гэхдээ гэр бүлийн бизнес учраас аав, ээжтэйгээ хамт хийдэг. Тэгэхээр цөөн захилга авч, чанартай урлахыг хичээдэг. Энэ жилийн хувьд чамин загвар хүссэн захиалагчдадаа шүрэн оройтой малгай санал болгож, хийж байгаа. Хүмүүс малгай захиалахдаа “энэ жилийн шинэ загвар ямар вэ” гэж асуудаг. Монгол малгай 200 гаруй төрөл байдаг учир загвар их, тэр дундаа ястан бүрийн малгайны загвар өөрчлөгддөг. Тиймээс бид монгол малгайны загварыг эвдэж өөрчлөхийг хүсдэггүй, уламжлагдаж ирсэн загварыг илүү чамин, чанартай болгож хийхийг зорьдог.

-Залуу бизнес эрхлэгчийн хувьд анхны гараагаа тавьж, тогтвортой ажиллах хүртэл хэр урт зам туулсан бэ?

                -Аав, ээж хоёр минь малгай урлаад 20 гаруй жил болсон байсан учир сурах хүн, тоног төхөөрөмж бүгд байсан. Надаас зөвхөн хөдөлмөр, авьяас, ажиллах хүч шаардсан. Хүмүүс “Удам дамжсан учраас авьяастай” гэж ярьдаг. Харин би хөдөлмөрлөж энэ бүхнийг сурсан. Одоо ч сурсаар л байна. Авьяас гэхээсээ илүү хөдөлмөрөөрөө бүхнийг бүтээж болдгийг сурсан.  Аливаа зүйлийг хийхдээ асуудлыг нь харж, яриад л байдаг.  Гэхдээ асуудлыг нь харсан бол гаргалгаа нь бодох хэрэгтэй.

-Гэр бүлийнхэн нь малгай урлаж эхлэхэд нь ямар зөвлөгөө өгсөн бэ?

                -Хувцас дизайнаар сурч эхлэхэд л нарийн нямбай байхыг заасан. Дөнгөж хийж сурч байгаа учраас их гологдоно. Ханзлуулна дахиад оёно. Өндөр шаардлагатай, жаахан далий оёсон ч ханзлуулдаг. Эмээ минь  “Уран болъё гэвэл их ханзал, их оё” гэж хэлдэг байсан. Эхнээсээ муухай оёдолдоо дасчих юм бол ирээдүйд бүүр тоохоо больдог. Тиймээс анхнаасаа нягт нямбай байхыг заалгаж, тэндээсээ олон юм сурсан. Мөн хүний юмыг сэтгэлийг нь ханах хүртэл нь чанартай оёх ёстойг заалгасан. Захиалсан малгайгаа ирж авахдаа дүүрэн сэтгэл ханамжтай, ерөөлийн үгсээр дүүрэн гарвал дараа дараагийн бүтээлээ илүү уран оёдог.

-Та багаасаа малгай урлаачаар ажиллана гэж боддог байв уу. Мэргэжлээ хамгийн хайрласан үе нь хэзээ байсан бэ?

                -Олон мэргэжил дундаас сонгож чадахгүй байсаар  аравдугаар ангидаа хувцас дизайнер мэргэжлийг сонгосон. Гуравдугаар курстээ байхдаа “Энэ яг миний хийх зүйл мөн юм байна” гэж ойлгосон.  Эмээ, аавд минь хүмүүс их хүндэтгэлтэй хандана. Төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд урлаг соёлын алдартнууд ирж малгайгаа урлуулна. Аавынхаа хажууд ажиллаж, суралцахдаа мэргэжилдээ хайртай болсон.

-Дараагийн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

                -Монголчуудыгаа өдөр тутамдаа дээл, малгай  өмсдөг байгаасай гэж хүсдэг. Энэ нь  нэг өдрийн дотор өөрчлөгдөх асуудал биш  хэдий ч соёл, өв уламжлалыг  таниулсаар байх болно. Монгол малгай, дээлийн бусад улсын үндэсний хувцаснаас ялгарах онцлог, үнэ цэнтэй зүйлсийг нь цаашид уламжлан авч явахыг хүсдэг.


 

 


Б.САРУУЛ: Мандах төрийн малгайг гурван үеэрээ урлаж байгаа нь хамгийн үнэ цэнтэй бүтээл юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188