• Өнөөдөр 2024-04-24

Маникюрчин Д.Хонгорзул: 50 орны 6000 гаруй бүтээлээс тэргүүн байрт шалгарсандаа баяртай байна

      Лас Вегас хотноо зохион байгуулагдсан шилдэг маникюрчин шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон Д.Хонгорзултай ярилцлаа. Тэрбээр гурван төрөлд тэргүүн байрт шалгарч, цомын эзэн болсон байна. Үндэсний хээгээр чимэглэсэн бүтээлээрээ 50 орны 6000 гаруй бүтээлээс шилдгээр шалгарчээ. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Лас Вегас хотноо зохион байгуулагдсан олон улсын шилдэг маникюрчин шалгаруулах тэмцээнээс гурван төрөлд тэргүүн байр хүртэж, цомын эзэн болсон танд баяр хүргэе. Тус тэмцээнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

      -Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцоно гэдэг амаргүй юм билээ. Өндөр хариуцлага хүлээсэн. Олон цагийн хөдөлмөр, санхүү, тэвчээр гаргаж бүтээлүүдээ хийсэн. Тэмцээнд оролцуулах бүтээлээ хийж дуусгаад тэмцээнд явуулах богино дүрс бичлэг хийсэн . Тэр үед бэлэн болсон бүтээлээ хараад том ажлын ард гарч чадсандаа баярласан. Бүтээлээ хараад өөрийн эрхгүй хоолой зангирч, огшдог юм билээ. Хийсэн бүтээлүүд дундаас үндэсний хэв шинжийг хадгалж, хээ угалзаар чимэглэсэн хумсныхаа дүрс бичлэгийг хийх үедээ хамгийн их догдолж, огшсон. Ийм нэр хүндтэй шагнал хүртэнэ гэж бодоогүй болохоор шагнал хүртсэн мэдээгээ сонсоод өөрийгөө зүүдлээд бана гэж бодсон. 

 -Тус тэмцээнээс гурван төрөлд шагнал хүртсэн юм билээ. Ямар төрөлд шалгарсан юм бэ? 

      -Хиймэл хумсны материалаар баримал хийх, нэг хумсан дээрх чөлөөт будалт, үндэсний хэв шинжийг харуулсан будалт гэсэн гурван төрлөөр шалгарсан. Мөн алтан цомын эзэн болсон. Тэмцээний зүгээс оролцогчдод чадвараа харуулж, давуу талаа ашиглах боломж олгож олон төрөлд хувааж, 100 гаруй сэдэв санал болгодог юм билээ. 

-Өөр тэмцээнд оролцож байв уу. Бүтээлийнхээ санааг хэрхэн олж, хэр хугацаанд бэлтгэсэн бэ? 

     -Би 2018 онд үсчин гоо сайхан, хумс урлалын зүүн бүсийн аваргаас мөнгө медаль, Үсчин гоо сайхан, хумс урлалын улсын авраг шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. 2022 онд улсын тэмцээнээс анх удаа цом авч байлаа. Олон улсын тэмцээний хувьд өнгөрсөн оны аравдугаар сард зохиогдсон MBEAU олон улсын тэмцээнээс гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Энэ удаагийн олон улсын тэмцээнээс шагнал хүртсэн бүтээлээ олон дахин туршиж, шинэ санаагаа шигтгэн санаандаа нийцэх хүртлээ хийсэн. Энэхүү тэмцээнд чиглүүлсэн багш минь монгол үндэсний хэв шинжийг шингээсэн хумсны будалтаараа Монгол Улсын соёлын дэлхийд таниулж, амжилттай яваа хүн бий. Надад ч үндэснийхээ хэв шинжийг агуулсан бүтээл хийж оролцвол өвөрмөц бас илүү үнэ цэнтэй гэж зөвлөсөн. Багшийнхаа зөвлөгөөг дагаж үндэснийхээ дахин давтагдашгүй хээ угалзыг судалсан. Удаан хугацаанд судалснаар уламжлалт хээг, орчин цагийн хумсны технологитой нэгтгэж бүтээлээ хийсэн. 

-Үндэсний загвар шингээсэн уран бүтээл дээрээ хээг сонгосон онцгой шалтгаан байгаа юу?  

        -Яг судлаад үзэхэд бидний мэдэхгүй эх орны минь өв соёл болсон хээ угалзны түүх, төрөл зүйл олон юм билээ. Судалгаа хийж байх үедээ огт харж байгаагүй өнгөний зохицол,уусгалтын талаар мэддэг боллоо. Уламжлалт зурлагын талаар судалж байх үедээ цаг хугацаа өнгөрөх тусам үнэт соёл бага багаар мартагдаж байгааг хараад жаахан эмзэглэсэн. Нүд баясгасан урлагийн бүтээлүүдийг анзааралгүй өнгөрчих вий гэж бодохын зэрэгцээ чадлаараа сэргээж, сануулахын зорьсон.  

/ДЭЭРХ БҮТЭЭЛҮҮД НЬ ЗӨВХӨН ХИЙМЭЛ ХУМС ХИЙХЭД АШИГЛАГДДАГ МАТЕРИАЛААР ХИЙГДСЭН БОЛНО/

-Яагаад гоо сайхны салбарт ажиллах болсон бэ? 

        -Гоо сайхны салбарт маникюрчинаар ажиллаад зургаан жил болсон байна. Багаасаа зурах сонирхолтой, хуучин хувцасныхаа загварыг өөрчлөөд өмсчихдөг элдэвтэй хүүхэд байсан. Сонирхол, чадвартаа түшиглэж ажиллах салбараа удаан бодсоны эцэст гоо сайхны салбарыг сонгосон. Өөрийн байх ёстой салбараа олсон учраас ажлаа аз жаргалтайгаар, таашаал мэдэрч хийдэг. 

-Эмэгтэй хүн будуулсан хумсаа хараад жаргалтай болдог гэдэг шүү дээ. Тэгвэл будуулсан хумсаа хараад жаргалтай болж байгааг харах ямар байдаг вэ? 

       -Хумс будалт эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болжээ. Бүсгүйчүүд минь хумсаа будуулж гараа гоё болж байгаагаа хараад нүд нь гялалзаад ирдэг. Хумсаа будуулаад таатай мэдрэмж авч байгаа нь нүүрэндээ тодруулсан мишээлээс нь мэдрэгддэг. “Ёстой гоё будчихлаа, гоё гартай болчихлоо” гэж хэлдэг үйлчлүүлэгчдийнхээ үгнээс илүү сайн хийхийг хүсэж уран авдаг. 

 -Дараагийн оролцохоор төлөвлөсөн тэмцээн байгаа юу? 

          -Дубай хотод хоёрдугаар сард болох мастеруудын сургалтад сууж, тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа. 

 -Ярилцлага өсгөн танд баярлалаа.  

           -Баярлалаа. 


Маникюрчин Д.Хонгорзул: 50 орны 6000 гаруй бүтээлээс тэргүүн байрт шалгарсандаа баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-14 17:25:51
    Д.Юмжирдулам: Баяр хүргэе хийж бүтээхийн эрмэлзэл дүүрэн залуу үеийхэн дээ үлгэр дуурайлал болж чаддаг мундаг охин.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-13 11:15:17
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188