• Өнөөдөр 2024-04-20

Т.Тулга: Дэлхийн дэвжээнд барилдах сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй юм билээ

      Осло 2021 ДАШТ-ий хүрэл медальт, залуучууд, өсвөр үеийн Ази тивийн аварга,  “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ  Төмөр-Очирын Тулгатай ярилцлаа. Түүний амжилт өсвөр, залуучуудын олон улс, тив, дэлхийн тэмцээнээс эхлээд  насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэл жилээс жилд тогтмол өссөн байдаг. Тэрбээр  Дмитрий Коркины тэмцээнээс хүрэл медаль, Борис Будаев, Роман Дмитриев, Кунаев, Тахтийн цом олон улсын тэмцээнээс алт медаль хүртэж байв. Мөн Мадридын гран пригээс хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгө, 23 хүртэлх насны Ази тивийн аваргын алт, “Mongolia Open” олон улсын тэмцээний хүрэл, Ромын олон улсын тэмцээнээс мөнгө. ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байгаа билээ.

-Кунаевын тэмцээнд гайхалтай сайн барилдаж түрүүлсэн. Шинэ оны өмнө Киргизстан Улсын Бишкек  хотод болсон чөлөөт бөхийн "Poddubny Wrestling League" (PWL-3) тэмцээнд ОХУ-ын шилдэг бөх Ибрагим Ибрагимовыг ялж түрүүлсэнд баяр хүргэе.

     -Баярлалаа. Танд шинэ оны мэнд хүргэе. Оны өмнө олон сайхан амжилт гаргаж бэлтгэл сургуулилалтынхаа үр дүнг харж, алдсан алдаануудаа бага боловч засаж, залруулж чадлаа.

-Дэлхийн цомд  нэг ч ялагдалгүй амжилттай барилдсан. АНУ-ын бөх  Белград 2022 ДАШТ-ий мөнгөн медальт  Янни Диакомихалисыг 10:3-аар илүүрхэн яллаа. Хэрэв Белград 2022 ДАШТ-д явсан бол медаль хүртэх боломжтой Bottom of FormTop of FormBottom of Formбайсан шүү гэдгээ харуулсан барилдааныг хийжээ?

    -Тийм ээ. АНУ-д болсон дэлхийн цомд хүссэн хэмжээндээ урамтай сайхан барилдаж боломжийн ялалтуудыг авсан. Харин Белградад болсон 2022 оны дэлхийн аваргад түрүүлэх зорилго тавьсан байлаа. Даанч 2022 оны  ДАШТ-д оролцож чадсангүй. Энэ 2023 ондоо бэлтгэлээ сайн хийж ДАШТ-д оролцох боломжоо алдахгүй байхыг хичээнэ.

-Та гадны орны бөхчүүдтэй маш сайн барилдах юм. Энэ жилийн дэлхийн аваргын өмнө жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлж явсан. Харин УАШТ-д ялагдчихаад байна. Танай 65 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн сайн байна уу. Эсвэл Монголын шүүгчдийн ур чадвар муу, МЧБХ-ны шийдвэр гаргалт, сонгон шалгаруулах зарчим буруу байгаагаас таны амжилт гаргах боломж үгүй болоод байна уу?

     -Тийм ээ. 2022 оны ДАШТ-ийг хүртэл би дэлхийн чансааг тэргүүлж явсан. Улсын аваргын тэмцээнд ялагдаж ДАШТ-д явах эрхгүй хоцорсон. Уг нь тавдугаар сард болох байсан УАШТ-ийг есдүгээр сар болгон хойшлуулна гэж ярьж байсан юм. Тэгэхээр нь би тавдугаар сард бэлтгэл сургуулилалтаа эрчимтэй хийж зургадугаар сард дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд яваад түрүүлээд ирсэн. Тэмцээнээс ирээд 20 хоноод л УАШТ-д орсон. Тэр 20 хоногийн дотор бэлтгэлийн уналт, сэргэлтээ зөв тохируулж чадаагүй. Яг миний бэлтгэлжилтийн уналтын үе таарчихсан. Ер нь манай 65 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн үнэхээр сайн л даа. Гэхдээ манай чөлөөт бөхийн холбооны удирдлагын эргэж, буцсан тогтворгүй шийдвэр үүнд нөлөөллөсөн. УАШТ-ийг есдүгээр сард хийсэн бол түүнд тааруулан бэлтгэлээ зохицуулж, тааруулах байлаа.

- Та 2018 оны ДАШТ-д долдугаар байр,  2019 оны ДАШТ-д тавдугаар байрт, 2021 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.  Энэ жилийн дэлхийн аваргын өмнө сорил тэмцээн хийж өгнө үү гэсэн хүсэлтийг МЧБХ-д гаргасан. Ямар учраас таны хүсэлтийг хүлээж аваагүй юм бол?

    -Тийм шүү.  2018, 2019, 2021 он гээд амжилтууд минь өссөн. Чөлөөт бөхийн 2021 оны ДАШТ-ээс медаль авсан. 2022 оны ДАШТ-ий 65 кг-ын жинд оролцох бөхтэй сорилт явуулж өгөөч гэсэн хүсэлтийг МЧБХ-нд гаргасан. Даанч миний хүсэлтэд хариу өгөөгүй.

-Таны гаргасан амжилтуудыг харахад жилээс жилд өссөн байх юм. 2016 онд 18 настайдаа, насанд хүрэгчдийн УАШТ-ий 57 кг-ын жинд хүрэл медаль, 2017 онд 19 настай байхдаа 61 кг-д мөнгөн медаль хүртэж байжээ. Харин өсвөрийн Ази тивийн аваргад хэдэн онд түрүүлсэн юм бэ?

     -Энэтхэгийн Нью Дели хотод 2015 онд өсвөр үеийн ДАШТ-д түрүүлж Ази тивийн аварга болсон.

-2019 онд U23-ын Ази тивийн аварга болохдоо Ираны бөх Яазданы Чератийг цэвэр  ялжээ. Тэр барилдааныг эргэн дурсахгүй юу?

   -Тийн Өмнө жил нь би Ираны “Тахтын цом”-д очиж түрүүлж байсан. Тэр тэмцээн надад нэлээн туршлага хуримтлуулах боломжийг олгосон. Иран бөхчүүдтэй барилдах арга, учраа олсон гэж хэлж болох байх.  Азийн аваргын тэмцээний алтан медалийн төлөө барилдахад миний сэтгэл зүй Яазданы Чератигаас арай жаахан илүү байсан.

-Гадаадын бөхийн тайлбарлагчид “Монголын Тулгатай хав золгооны барьцтай тулж барилдаж болохгүй” гээд байдаг. Бусгаж тонгорох, мушгих, гарт эргэх мэх таны дархан, гаршсан мэх үү?

     -Ерөнхий дөө миний  барилдааны давуу тал, онцлог гэвэл сугадсан, золгосон барилдаанаас үргэлжилдэг. Анх  2009 онд бөхийн секцэнд орохдоо тонгорох мэхийг хийдэг хүүхэд байлаа. Тэр багын мэдрэмж, олон бэлтгэлийн давтамжаар улам баталгаажуулан тонгорох, гарт эргэх мэхийг дархан мэх болгон хийж гаршуулахыг хичээж байгаа.

-2019 оны ДАШТ-д тавдугаар байрт орсон. Энэтхэгийн олимп, дэлхийн медальтан Бажран Пунияг 6:0-ээр ялж яваад цагийн төгсгөлд тактикийн алдаа гаргаж, хэвтээ барилдаанд оноо алдаж 8:7-оор харамсалтай ялагдаж байсан. Тэмцээний туршлага дутсан уу?

     -2019 оны дэлхий аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртэх боломжтой байсан. Эхний үе дээр 6:0-ээр хошуучилж эхэлсэн. Хоёрдугаар үед дээр Бажраны барилдааны хайрцаганд ороод, хөл нугалан сармай татах боолтод нь орж, ялагдал амссан байгаа. Тэр дэлхийн аваргад миний сэтгэл зүй Бажран Пунияагаас дутуу бүрэн төлөвшиж тогтоогүй үе байжээ. Олон онооны зөрүүтэй ялж яваа гэдгээ мэдрэхгүй байсан нь миний алдаа болсон. Ялагдчихгүй байгаа даа гэсэн бодол минь надад дарамт болчихсон байх. Тэр үед миний сэтгэл зүй дэлхийн дэвжээнд барилдах хэмжээнд хүрээгүй л байж. Ер нь дэлхийн дэвжээнд барилдах сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй юм билээ.

-Токиогийн олимпод Японы Такүто Отогүрод 6:3-аар ялагдсан. Дагах барилдаанд Унгарын нэрийн өмнөөс барилдсан ОХУ-ын Измайлд

 Музукаевтай 2:2 тэнцүү явсан барилдаанд дутуу шахаж эргүүлэн дээрээ алдаж 4:2-оор хожигдсон. Олимпын бэлтгэл бүрэн хангагдаагүй байв уу. Жин хасалт, сэтгэл зүйд асуудал байсан уу?

     -Токио 2020 олимп миний оролцсон анхны олимп байлаа. Уг нь олимпын тосгонд арав хоногийн өмнө очсон юм. Тэгсэн хэрнээ би унтаж чадахгүй байсан. Орой болгон нойрны эм уугаад хэвтэнэ. Эм уусан байтал хоёр цаг унтаад л сэрчихнэ. Тэгэж арав хоног дутуу нойртой явж байгаад олимпын барилдаанаа хийсэн. Уг барилдааны мэдрэмж байгаа хэрнээ сэтгэл зүй нэг тогтвортой болж өгөхгүй байв. Одоо бодоход том тэмцээний нерев байсан юм болов уу. Барилдаан дууссаны дараа өрөөндөө ороод утсаа оролдож байгаад нам унтаад өгсөн байлаа. Тамирчин хүнд сэтгэл зүй гэдэг маш чухал юм байна гэдгийг түүнээс хош ойлгож мэдэрсэн.

-Олимпын дараа Осло 2021 ДАШТ-д харин бэлтгэлжилт чинь маш сайн таарсан юм шиг санагдсан. ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр харамсалтай ялагдсан. Шүүгчдийн луйвар орсон барилдаан болсон. Буруу шүүж оноо өгсөн байна гэсэн хэрнээ яагаад ялалтыг Оросын бөхөд өгсөн юм бол?

    -Токио 2020 олимпод өөрийн хүссэн хэмжээндээ барилдаж чадаагүй. Тийм болохоор олимпын дараа Осло 2021 ДАШТ-д орохдоо өөртөө амжилт гаргах хатуу шаардлага, даалгавар өгсөн. Олимп дээрээ би неревтэж өөрийгөө хэт ядраасан гэдгээ ойлгосон. Дэлхийн аваргад барилдахдаа элдэв юм бодолгүй зөвхөн тухайн барилдаандаа төвлөрч, өөртөө сэтгэл зүйн дарамт үйсгэхгүйгээр сайн барилдахыг хичээсэн. Түүний үр дүн гарч медаль хүртсэн. ОХУ-ын бөхтэй барилдахдаа би ч алдаа гаргасан, техникч хариуцсан шүүгчдийн ч хариуцлагагүй байдал түлхээс болсон.

-Ирэх жил Парис 2024 олимпын эрхийг өгөх ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ. МЧБХ олимпын эрх авч ирсэн бөхөө олимпод явуулдаггүй.  Гэтэл жүдо бөхийн тамирчид олимпын оноо цуглуулж эрхээ авдаг. Ийм шударга зарчимыг яагаад танай холбоо хэрэгжүүлж болдоггүй юм бол?

   -Одоо Парис 2024 олимпын эрх олгох тэмцээн эхэлнэ. Олимпын эрхийг 2023 оны ДАШТ-ээс олгоно. Тийм болохоор 2023, 2024 оны ДАШТ-д амжилттай оролцож олимпын эрх авахын төлөө хичээж бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа. Өнгөрсөн онд ДАШТ-д ороогүй ч бусад тэмцээнүүдэд амжилттай оролцож боломжийн сайн л барилдлаа. Тэр хэмжээгээр маш том алдаа гаргаж үзлээ. Энэ бүх алдаа, оноогоо дүгнэн, цэгнэж, бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, сахилга баттай байж тэмцээн, уралдаандаа оролцоно. Олимпын эрх олгох тэмцээний хуваарь гарсан байгаа. Манай холбоо олимпын эрх авсан тамирчнаа олимпод явуулдаггүй нь жаахан тийм л санагддаг. Жүдо бөхийн тамирчид шиг оноо цуглуулж олимпод оролцох эрхээ авдаг бол шударга л болно.


Т.Тулга: Дэлхийн дэвжээнд барилдах сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй юм билээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-14 01:21:41
    Зочин: Нэг их ухаантай ухаантай юм яриад л, яг барилдахаараа шалны алчуур болдог гарууд байна аа байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188