• Өнөөдөр 2024-05-05

Хоёр өрөө байраар шагнуулсан Э.УУГАНБАЯР: Байраа хэрхэн тохижуулахаа төсөөлж, догдолсоор сууна

      Тухайн онд хийсэн бүхнээ дүгнэж, сайн ажилласан нэгэн шагнуулж, ирэх жил юу хийж, бүтээх талаараа төлөвлөж, урам ордог цаг хугацаа өнгөрлөө. “Монгол ванн” ХХК нь 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2022 онд сайн ажилласан дөрвөн ажилтнаа 2-3 өрөө байрны эрхийн бичгээр шагнажээ. Хоёр өрөө байраар шагнуулсан нягтлан бодогч Э.Ууганбаяртай ярилцлаа. Тэрбээр залуу гэр бүлд тулгардаг хамгийн том асуудлаа шийдсэндээ баяртай байгаа талаараа ярьсан юм.

-Шинэ оны босгон дээр хоёр өрөө байраар шагнуулсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

    -Хоёр өрөө байраар шагнуулна гэж зүүдлээгүй явлаа. Үнэхээр их баярлаж байна. Хүмүүсийн хувьд амьдрах байртай болно гэдэг чухал зүйл шүү дээ. Ялангуяа залуу хосууд бол байртай болох гэж 4-5 жил идэх хоол, эдэлж хэрэглэхээсээ хасан байж байрны урьдчилгаа цуглуулдаг. Ипотекийн зээлд хамрагдах гэж жилийн өмнөөс материалаа бүрдүүлнэ. Зээлд хамрагдлаа гэж бодоход урт хугацаанд хүүгээ тооцоод бараг байрныхаа үнийг нэг нугалж зээлийн хүү төлдөг.

-Гэр бүлийнхэн нь байраар шагнуулсан баярт мөчийг нь хэрхэн хуваалцсан бэ?

    -Ханьтайгаа хамт ажилладаг учраас шагналаа хамтдаа авсан. Хоёр талын аав, ээжүүд бидний өмнөөс их баярласан. Олон хүнээс баяр хүргэсэн ерөөлийн үгс сонслоо.

-Залуу гэр бүлийн хувьд хоёр өрөө байраар шагнуулахаасаа өмнө орон сууцны асуудлыг хэрхэн шийддэг байсан бэ?

    -Нөхөртэйгөө гурван жилийн өмнө танилцаж, хамтын амьдралаа нийтийн байранд эхлүүлж байлаа. Хоёр талаасаа нэг  хөргөгч, нэг ширээтэй л гэр бүл болсон доо. Түүнээс хойш түрээсийн байр, илүү үнэ хямд нийтийн байрнуудаар амьдарсан. Ер нь ихэнх  залуу хосууд тэгж л амьдралаа эхлүүлдэг юм шиг санагддаг.

-Орон сууцандаа очиж үзсэн үү?

    -Энэ оны долдугаар сард ашиглалтад орох орон сууц юм. Баригдаж байгаа барилгынх нь хажуугаар явах бүрдээ нүүр дүүрэн инээмсэглэж байгаа. Байрандаа орчхоод хэрхэн тохижуулахаа төсөөлж, догдолсоор сууна.

-Нягтлан бодогч мэргэжлийг хэрхэн сонгосон бэ?

    -2019 онд ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Ээж минь нягтлан бодогч мэргэжил эзэмших талаар санал болгож, зөвлөснөөр нь сонгосон доо. Одоо бодохоор үнэхээр зөв мэргэжлээ сонгосон гэж боддог. Ажиллах явцдаа мэргэжилдээ их хайртай болсон.

-“Монгол ванн” ХХК-д хэдэн жил ажиллаж байгаа вэ. Мэргэжлээрээ ажиллаж байгаа анхны байгууллага уу?

    -2019 оны тавдугаар сард сургуулиа төгсөөд ажилд орсон анхны компани нь “Монгол ванн” ХХК юм. Ажилд орсон өдрөөсөө өнөөдрийг хүртэл тууштайгаар ажиллаж байна. Ажил амьдралын гараагаа эхэлсэн анхны компани минь учраас илүү дотно санагдаж, хайртай байдаг. Жирэмсний амралттай байсан хугацаагаа хасвал гурван жил компанийнхаа нягтлангаар ажиллаж байна.

-Таны хувьд мэргэжилдээ дурлах шалтгаан нь юу байдаг вэ?

    -Нягтлан бодогчдыг алхам тутамд хариуцлага дагаж байдаг. Мөн үнэнч шударга байхыг шаарддаг мэргэжил л дээ. Мэргэжлийнхээ онцлогийг дагаад аливаа зүйлд хянуур ханддаг, шударга болж төлөвшдөг.

-“Монгол ванн” ХХК-ны хамт олныхоо талаар ярихгүй юу тэдэндээ хэлэхийг хүсдэг үг бий юү?

    -Манай компани 2012 онд үүсэн байгуулагдсан. Одоогоор 20 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Дандаа хийж, бүтээе гэсэн эрч хүчтэй залуус ажилладаг. Найрсаг нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй хамт олон бий. Захирлууддаа үргэлж талархаж явдаг. Ажил дээр ч амьдрал дээр ч хэрэгтэй үнэтэй зөвлөгөө өгч, алдаа болгоныг минь зөвөөр засаж, чиглүүлж өгдөгт их баярладаг. Итгэлийг нь алдахгүй, урмыг нь хугалахгүйгээр илүү хичээж ажиллана.

-Дараагийн төлөвлөгөө, хийхээр зорьж байгаа ажил нь юу вэ?

    -2023 ондоо тавьсан эхний зорилго нь мэргэжлээ дээшлүүлэх байна даа. Мэргэшсэн нягтлан, татварын нягтлан болох гээд хувьдаа томхон зорилт тавьчихсан, биелүүлэхээр хичээж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

    -Баярлалаа.



 


Хоёр өрөө байраар шагнуулсан Э.УУГАНБАЯР: Байраа хэрхэн тохижуулахаа төсөөлж, догдолсоор сууна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-04 21:05:03
    [email protected]: Ач дүүдээ амжилт хүсьеээ. Улам ихийг хийж бүтээгээрэй. Ажлаа сайн хийж хүний итгэлийг бүү алдаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-04 21:04:43
    [email protected]: Ач дүүдээ амжилт хүсьеээ. Улам ихийг хийж бүтээгээрэй. Ажлаа сайн хийж хүний итгэлийг бүү алдаарай
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188