• Өнөөдөр 2024-05-19

М.МӨНХ-ЭРДЭНЭ: Youtube суваг хөгжүүлэхэд тууштай байдал хамгийн чухал

     Youtube хуудсаар дамжуулан танин мэдэхүйн сонирхолтой баримт, гадаад хэлний хичээл, кино тайлбар хүргэж, аль ч насны хүн үзэх боломжтойгоор цахим хуудсаа хөгжүүлдэг М.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр маркетингийн менежерээр төгссөн ч мэдлэгээ хуваалцах хүсэл нь 62.3 мянган дагагчтай цахим хуудас хөгжүүлэгч болоход нь нөлөөлжээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яагаад Youtube сувагтаа “Munhluu” гэдэг нэр өгсөн бэ?

                -Намайг М.Мөнх-Эрдэнэ гэдэг сүүлийн долоон жил Солонгос Улсад сурч, амьдарч байгаад 2021 оны зун Монгол Улсдаа ирсэн. Одоогоор маркетингаар ажиллаж, чөлөөт  цагаараа youtube суваг хөтөлж байна. Бага байхад өхөөрдөж Мөнхөөлэй гэж дууддаг байсан нь яваандаа Мөнхлэй болоод, найзууд буруу, зөв дуудсаар байгаад  Мөнхлө болсон доо. Чихэнд дасал болсноор нь  найзуудынхаа дууддаг нэрээр Munhluu гэж нэрлэсэн.

-Яагаад Youtube суваг хөтлөх болсон бэ. Тэр дундаа кино тайлбар хийх болсон шалтгаан бий юү?

                - Youtube сувгаа анх 2019 оны гуравдугаар сард эхэлсэн. Тухайн үедээ найзтайгаа хамт жижигхэн хоолны газар нээсэн юм. Хоолны газрынхаа маркетинг бүгдийг нь өөрөө хийхийг хүссэн. Кино үзэх их дуртай, чөлөөт цаг гарвал гэрээс гарахгүй кино үзээд сууж байдаг төрлийн хүн. Үзсэн киногоо судалж, яаж хийснийг нь, хэр өртгөөр бүтсэн гэх мэтээс авхуулаад кинотой холбоотой мэдээлэл цуглуулах дуртай. Нэгэнт л дуртай болохоор мэдлэгээ бусдад хуваалцдаг болъё л гэж бодоод хийж эхэлсэн дээ.

-Кино тайлбар хийх үйл явц ямар байдаг вэ. Ярих киногоо хэрхэн сонгодог вэ?

                - Кино тайлбар хийх үйл явц амархан байдаггүй. Хүмүүс энгийн гэж боддог юм билээ. Киногоо сонгоно, судалгаа хийнэ, видеондоо хэрэглэх материалаа чанар сайтайгаар хайж татна, кино дунджаар 130 минут байдаг бол бичлэг нь 10 минутад багтах ёстой шүү дээ. Энэ хугацаанд гол утга санаа, гоё хэсгүүд мэдрэмжүүдийг өгөх нь гол учраас хэрхэн тайлбарлахаа найруулж бичдэг. Ингээд хоолойгоо уншиж, эвлүүлгээ хийдэг. Энэ төрлийн контент хийхэд зохиогчийн эрхтэй холбоотой асуудлаас болоод их болгоомжтой байх хэрэгтэй. Болгоомжгүй байвал хийсэн бичлэг, ажил судалгаа, эвлүүлэг гээд бүгд устах цаашилбал youtube сувгаа ч хаалгах эрсдэлтэй. Үзэж байсан дуртай киногоо ихэвчлэн тайлбарладаг. Тэр нь таатай санагддаг, яг миний сонирхолтой нийцэх хүмүүсээрээ нийлж суугаад ярилцаж байгаа мэт.

-Видеогоо ганцаараа хийдэг үү эсвэл багын ажил байдаг уу?

                - Өмнө нь ганцаараа хийдэг байсан. Яг өөртэйгөө адилхан хүн олоод хамтрах илүү гоё юм байна гэдгийг энэ жил зунаас мэдэрсэн. Хамтрагчтайгаа ажлаа хувааж авах, бичлэгүүдийнхээ хуваарийг гаргах, юу хийхээ ярих, үнэхээр гараас юм гарахгүй тархи гацчихсан байх үед хүртэл “энэ яаж байна тэр яаж байна” гээд ярилцдаг.

-Таны хувьд яг өөрийн хийдэг хэв маягийг олохын тулд нэлээн олон төрлийн дүрс бичлэг хийж туршиж үзсэн юм шиг санагдсан. Хэр олон төрлийн контент оруулж байсан бэ?

                - Танин мэдэхүй, гадаад хэл заах, гадаад найзуудын хамт влог, сонирхолтой санагдсан зүйл дээрээ хариу үйлдэл үзүүлсэн дүрс бичлэг хийх гээд төрөл бүрээр нь оролдож үзсэн. Байнга хийдэггүй ч влог гоё санагддаг. Кино ярих, тайлбарлахдаа хамгийн жаргалтайгаар ажлаа хийдэг.

-Кино  тайлбар хийхдээ юун дээр илүү анхаарч ажиллах шаардлага гардаг вэ. Чухалчилж ярих хэсгээ тэмдэглэж авдаг уу?

                -Найруулах, хоолой унших, материал цуглуулах, бичлэгээ эвлүүлэх гээд бүгд тэнцүү чухал ч яг нэгийг нь сонго гэвэл найруулж бичих гэж хэлнэ. Тухайн киног бүтэн үзээд мэдэрсэн мэдрэмжээ өгөх гэж хичээдэг. Зарим үед үнэхээр эвээ олохгүй, стресстэй үе бий.

-Youtube сувгаа хэрхэн хөгжүүлдэг вэ. Хөгжүүлэлт хийхдээ юун дээр хамгийн их анхаарах шаардлагатай вэ?

                - Youtube сувгаа нээгээд 1380 өдөр болж байна. Дундуур нь хэд хэдэн удаа огт бичлэг хийхээ больж байлаа. Youtube суваг хөгжүүлэхэд тууштай байх хамгийн чухал гэж боддог. Үнэхээр сайн контент хийдэг байсан ч тууштай биш бол хөгжихгүй.

-Munhluu сувгийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

                - Гэнэт хэл заагаад эсвэл гадаад хүмүүстэй ярилцана,  танин мэдэхүйн мэдээлэл өгнө. Одоо бол кино тайлбар хийдэг, олон зүйл туршиж, хийж байгаа нь сонирхолтой санагддаг байх.

-Youtube суваг хөтлөхөөс гадна өөр ажил хийдэг үү?

                - “iDO class” гадаад хэлний сургалт болон сургалт зуучлалын компанид маркетинг менежер болон солонгос хэлний багшаар ажилладаг. Хятад, солонгос хэл заах болон гадаад руу сургуульд зуучлах үйл ажиллагаа явуулдаг. Саяхнаас англи хэлний хичээл нэмэгдсэн. “Youtube”-ээс гадна үндсэн ажилдаа ч их дуртай. Хүүхдэд юм заах цаанаасаа л их гоё энергитэй байдаг.

-Youtube суваг хөтөлдөг контент бүтээгчид өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Хүмүүс амархан мөнгө олох хэрэгсэл мэтээр хараад байх шиг. Энэ талаарх та ямар бодолтой байдаг вэ?

                - Миний бодлоор хэрвээ үнэхээр бичлэг хийх нь таны байнгын боддог зүйл биш бол, хийх явц нь таныг догдлуулдаггүй, баярлуулдаггүй дан ганц мөнгө л олъё гэж бодож байгаа бол дэмий л цагаа үрсэн ажил болно. Хэсэг хийж үзээд л шантран. Яг хийхийг хүсэж байгаа бол мөнгө болон дагагчийн тоо хөөлгүйгээр яг л өөрийнхөө сонирхдог төрлөөр, хүсэж байгаа бичлэгээ хийгээсэй.

-Шантарсан үе байсан уу. Хэрхэн даван туулсан бэ?

                -Дуртай болохоор хийсээр л байдаг. Хийсээр л байна байх.

-Анх эхэлж байх үетэй харьцуулбал одоо хэр өөрчлөлт гарсан бэ?

                - Анх эхэлж байснаа бодвол арай сайн эвлүүлдэг, найруулдаг яаж хийхээ арай илүү ойлгодог болжээ. Сурахыг хүсэж байгаа зүйлээ сурч, сайжруулмаар байгаа зүйлс зөндөө байна. Хийж байгаа зүйлийнхээ чанарыг нь ахиулаад л баймаар байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                -Баярлалаа.

 


М.МӨНХ-ЭРДЭНЭ: Youtube суваг хөгжүүлэхэд тууштай байдал хамгийн чухал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-27 17:07:18
    dawka: <3
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188