• Өнөөдөр 2024-05-19

Хүүхэлдэй урлаач Г.БЯМБАЦЭРЭН: Хүүхэлдэйгээрээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илэрхийлэхийг хичээдэг

     "Үлгэр, домгийн дүр бодит амьдрал дээр ингэж  харагдах байх даа" гэмээр чамин, өвөрмөц хийцтэй хүүхэлдэй урладаг Г.Бямбацэрэнтэй ярилцлаа. Түүний урласан хүүхэлдэйнүүдээс эмэгтэй хүний эрхэм нандин, эрхэмсэг дүр төрхийг харж болохоор. Тэрбээр зураач мэргэжилтэй бөгөөд хүүхэлдэйгээ илүү чамин болгох хувцас,  чимэглэлүүдийг өөрөө урладаг гэнэ.

-“Heaven zone” уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Үзэсгэлэнгээрээ юу илэрхийлэхийг зорьсон бэ?

                - “Heaven zone” хамтарсан үзэсгэлэнгээ энэ сарын 12-нд “MonArt” галерейд гаргалаа. Гурван эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэнгээрээ эмэгтэй хүний энхрий ялдам, хайр татам төрх, гоёмсог байдлыг харуулахыг зорьсон.

-Таны урладаг монгол хүүхэлдэйн баримлууд тун сонирхолтой, чамин хийц загвартай юм. Урласан хүүхэлдэйгээрээ юу өгүүлэхийг хичээдэг вэ?

-Монгол хүн ийм сонин содон дүр төрхтэй хүүхэлдэй хийж байгаа нь хүмүүст сонирхолтой санагддаг. Монгол Улсынхаа өв уламжлалыг хадгалсан, уламжлалт загварын хүүхэлдэй хийж болох ч зөвхөн монгол гэсэн сэдэвт баригдаж, хүн бүрийн мэддэг загвартай хүүхэлдэй хийхийг хүсээгүй. Төсөөлөл, мөрөөдөл, мэдрэмжээрээ хөглөж, хүүхэлдэйгээ бүтээдэг гэх үү дээ. Содон загвартай мөн эмэгтэй хүний дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг илэрхийлэхийг хичээдэг.

-Хүүхэлдэй урлалыг яагаад, хэрхэн сонирхож эхэлсэн бэ. Анх хүүхэлдэй хийж байсан үеэ дурсахгүй юу?

-Анхны хийсэн хүүхэлдэй бүр миний хувьд сургалт байсан. Шинэ хүүхэлдэй хийх бүрдээ туршлага хуримтлуулдаг. Би зураачийн охин, багадаа аавынхаа зурахыг хараад суудаг байлаа. Аавыг минь Чой.Ганбаатар гэдэг. Олон хүн "Погжий Ганбаа" нэрээр нь таньдаг даа.

-Хүүхэлдэй хүний биеийн ерөнхий бүтэцтэй адилхан харагдах хэрэгтэй шүү дээ. Энэ тал дээр хэрхэн судалгаа хийсэн бэ?

                -Хүний биеийг ерөнхийлөн дуурайлган хийдэг ч харагдах байдлын хувьд донжийг илүү чухалчилдаг. Булцгар, мариалаг эмэгтэйчүүдийн дүрстэй хүүхэлдэй хийх дуртай. Хүн яг ийм байх ёстой гэсэн хайрцагт баригддаггүй.

-Таны урласан хүүхэлдэйнүүд үлгэр, домогт гардаг дүрүүд шиг өвөрмөц загвартай байдаг. Хүүхэлдэйн загвар, өгүүлэмжийн санаагаа хэрхэн олдог юм бэ?

-Оршин буй газар, дуу хөгжим, хүмүүсийн хандлага, зүүднээсээ санаагаа олж, төсөөлдөг. Би мартахыг хүсээгүй зүүдээрээ хүүхэлдэй хийж мөнхөлдөг.

-Бүтээлийнхээ өгүүлэмжийг бүрэн гаргахын ирэхийн тулд хувцас болон бусад чимэглэл, эдлэлийг өөрөө хийдэг гэсэн үү?

                -Хүүхэлдэйнүүдийнхээ бүх жижиг хэрэглэл, оёдол, хатгамал бүрийг гараараа урладаг. Эхлээд хүүхэлдэйнийхээ биеийг хийгээд дараа нь эсгүүр гаргаж, нэг бүрчлэн оёдог. Хүүхэлдэй урлахдаа хамгийн сүүлд нүдийг нь зурах дуртай. Нүд зурсны дараа хүүхэлдэй бүрэн дуусаж байгаагаа илтгэж, өнгө ороод ирдэг юм.

-Хүүхэлдэйг ямар түүхий эдээр хийдэг юм бэ?

                - Хүүхэлдэйн зориулалтын материал болох агаарт хатдаг шавар ашиглаж хийдэг. Туслах материалын хувьд даавуу, шигтгээ, чимэглэлийн материалаар тухайн хүүхэлдэйн өнгө төрх, өгүүлэмжээс шалтгаалан сонгож хийдэг. Төсөөллөө дэвтэрт зурсны дараа биеийн ерөнхий хэлбэрийг гаргаж, шавраар бүрж, өнгөлгөө хийдэг дээ. Эх бие нь бэлэн болсны дараа хувцсыг нь оёж, нүүрийг нь буддаг. Шавар хатах үедээ их хөнгөн болдог. Тиймээс хамгийн хүнд нь зургаан килограммаас хэтэрдэггүй.

-Анх хүүхэлдэй урлахдаа бусад урлаачаас хэрхэн ялгарах талаараа бодсон уу?

                -  Бусад урлаачаас хэрхэн ялгарах талаар бодож үзээгүй юм байна. Зүгээр л эмэгтэй хүний бүх шинж чанар, ааш араншинг бүтээлдээ тусгах дуртай. Уран бүтээлчийн бүтээлийг хараад "Тэрний бүтээл байна" гэж танина гэдэг тухайн уран бүтээлч бүтээлээ туурвихдаа маш их цаг хугацаа, оюунаа зарцуулсныг илтгэнэ. Онцгойрч байгаа зүйл нь хүүхэлдэйн тус тусын илэрхийлэл, тухайн үед болсон, авсан мэдрэмжээс урган гарсан санаануудаараа онцгой юм болов уу даа. Бодол төсөөллөө хүүхэлдэй болгон илэрхийлж, түүгээрээ дамжуулан хүмүүст дулаан энерги түгээхийг хүсдэг.

-Хамгийн дурсамжтай хүүхэлдэйнхээ түүхээс хуваалцаач?

                -Зүүднээсээ сэдэвлэж “Зүүд” хүүхэлдэйгээ урлаж байлаа. Хоёр ч удаа нэг зүүдээ зүүдэлсний дараа хагас жил бодож, төлөвлөж бүтээж байсан юм.

-Хэн нэгэнд зориулан тухайн хүнийхээ ааш зан, гадаад төрхийг шингээж, хүүхэлдэй урлаж байв уу?

                - Нөхөртөө зориулсан бүтээл байгаа. Гэхдээ одоо өөр хүнд хадгалагдаж байгаа.  Нөхөр маань матрын ордных учраас матрын хажууд дэрэн дунд сууж буй тайван, амгалан эмэгтэйг дүрсэлсэн. Ер нь туслах эд зүйлсээр санаагаа илэрхийлэх дуртай. Дэртэй хослуулан илэрхийлснээр тухайн  хүний хажууд тайван амгалан тав тухтай байдлыг мэдэрдэг гэсэн утгатай. Үүнээсээ санаа авч 12 ордны шинжийг илэрхийлсэн хүүхэлдэй урлахаар бэлдэж байна.

-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье, баярлалаа.

    -Баярлалаа.


Хүүхэлдэй урлаач Г.БЯМБАЦЭРЭН: Хүүхэлдэйгээрээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илэрхийлэхийг хичээдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-22 09:42:54
    Нараа: Ямар хөөрхөн зүйл хийдэг юм бэ.худалдаалдаг уу. Шинэ жилээр охиндоо бэлэглэмээр хөөрхөн юмаа. Яаж харилцах уу. Фэйсбук хаягаа өгөөч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-22 09:41:18
    Нараа: Ямар хөөрхөн зүйл хийдэг юм бэ.худалдаалдаг уу. Шинэ жилээр охиндоо бэлэглэмээр хөөрхөн юмаа. Яаж харилцах уу
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188