• Өнөөдөр 2024-05-19

Ковер дуучин Э.ЭНХЧИМЭГ: Дуулж байхдаа хамгийн жаргалтай болдог

    Бидний сонсох дуртай дуунуудыг зөөлөн инээмсэглэл, уянгалаг хоолойгоороо өөрийн хэв маягт оруулан коверлон дуулдаг дуучин Э.Энхчимэгтэй ярилцлаа. Тэрбээр 2019 оноос дуу коверлож эхэлсэн бөгөөд  дууныхаа аяыг өөрөө гитар, төгөлдөр хуураар тоглодгоороо онцлог билээ. Түүний хувьд дуу хөгжим бол тайтгарал, эрх чөлөө гэсэн.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Э.Энхжаргалын ковер хийсэн дууг хүлээдэг сонсогч олон болжээ. Ковер хийж эхэлсэн үеэ дурсахгүй юу?

    -Дуу коверлож дуулахад хамгийн их нөлөөлсөн хүн нь миний аав. Манай аав гитар тоглож, дуулдаг миний хувьд бүхнийг  чаддаг баатар. Аавыгаа гитар тоглоод, дуулж суухыг нь харж өссөн учраас хөгжим тоглож сурахаар шийдсэн. Мөн сонгосон мэргэжлээрээ ажилладаг ч сонирхлоороо дуу коверлож, цахим хуудастаа хуваалцдаг болсон. Төгөлдөр хуур, гитар, үкүлэлэ тоглодог.

-Хамгийн анх ямар дуу коверлож байв. Энэ хугацаанд хэчнээн дуу дуулсан бэ?

    -2019 оноос дуу коверлож, цахим хуудастаа байршуулсан. Хамгийн анх Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны дотуур байрны дуу болон Guys хамтлагийн "Хөөрхөн охин" дууг коверлож байлаа. 2021 онд ковид тусаад бие тааруу, цонхигор царайтай байсан хэрнээ "Gangbay" хамтлагийн "Тайл" дууг ковер хийсэн. Цахим хуудастаа оруултал төсөөлснөөс олон хүнд хүрсэн. Тооцоод үзвэл 50 гаруй уран бүтээлийг өөрийн хэмжээнд коверложээ. Анх оруулж байсан чанар муутай дуунуудаа устгачихсан. Илүү чанартай уран бүтээл болгож, дахин сонсогчдодоо хүргэнэ.

-Оюутны дотуур байрны дууг яагаад дуулахаар болсон юм бэ?

    -Дөнгөж гитар тоглож сурч байсан учраас аяны хэмнэл нь таалагдсан. Багадаа дуулж чаддаггүй байсан болохоор  хамгийн амархан  дуу дуулсан нь тэр л дээ.

-Ковер дууг нь сонсогчид хэрхэн хүлээж авсан бэ. Шүүмжлэл, сайшаалын аль аль нь л ирсэн байх даа?

    -Хүүхдүүд илүү эерэгээр хүлээж авсан. Миний үеийн залуус, дээд үеийнхэн магтсан хэсэг байхад “Инээхээс өөр хийж чадаж байгаа юм байна уу” гэх мэтээр шүүмжилсэн ч хүмүүс байсан. Гэхдээ сөрөг сэтгэгдлийг нь харалгүйгээр дуртай зүйлээ хийхийг эрхэмлэдэг. Дуулж байгаагаа бичиж авах, янзалж цахим хуудаст нийтлэх гээд эхэлж байх үед мэдэхгүй зүйл олон гарсан. Тухайн үед гар утсаараа бичлэг хийгээд шууд цахим хуудаст тавьдаг байлаа. Одоо бол арай боловсронгуй байдлаар дүрсээ бичдэг болсон.

-Эрх зүйч мэргэжлээр суралцдаг юм билээ. Яагаад урлагийн сургуульд ороогүй юм бэ?

    -Дуулах дуртай ч дуучин болохоор сураагүй, цаашид ч сурахгүй байх. Есдүгээр ангиа төгсөөд нийгмийн ухааны ангид орсон. Гэхдээ хуульд дуртай ч жүжигчин болох талаар бодож, судалж байлаа. Хэдийгээр хэсэгхэн эргэлзсэн ч хамгийн их хүсдэг хуулийн сургуульдаа элсэж, суралцаж байна.

-Цаашид дуу коверлосоор байх уу. Ямар нэгэн продакшнтай хамтарч ажилладаг уу?

    -Одоогоор ямар нэгэн продакшны харьяалалд байдаггүй. Цаашид ч гэрээ байгуулах эсэхээ сайн мэдэхгүй юм. Учир нь, би эрх чөлөөтэйгөөр, дуунаасаа аз жаргал мэдэрч уран бүтээл хийхийг хүсдэг хүний хувьд дэмий байх гэж боддог.  Өмгөөлөгч мэргэжлээр ажиллах учраас мэргэжлийн дуучин болох талаар боддоггүй. Ковер дуучны хувьд өөрт тохирсон тодорхой хэмжээний карьертай байхыг л хүсдэг. Дуулах бол миний хобби, тайвшрал, сонирхол шүү дээ.

-Дуугаа хэрхэн сонгодог вэ. Хамгийн дурсамжтай уран бүтээл нь аль вэ?

    -Дуулсан дуунууд минь ихэвчлэн миний болон ойр дотнын хүмүүсийн дуртай дуу. “Вансэмбэрүү цэцэг” дууг аав минь дуулж өгдөг байсан юм. Тэр ч утгаараа их нандин дурсамжтай.

-Дуу зохиож, уран бүтээл хийх бодол байгаа юу?

    -Дуу хийж байгаа, олон нийтийн хүртээл болгож амжаагүй байна.

-Таны хувьд бусад ковер уран бүтээлчээс онцгойрдог зүйл нь  юу вэ?

    -Бусдаас илүү гарах зүйл байхгүй ч сайн байхын тулд суралцсаар байна. Миний хувьд дуу дуулахдаа инээмсэглэж дуулдаг. Инээмсэглэж дуулдаг учраас хүмүүст дулаан, тухтай орчин бүрдүүлж өгдөг гэж сонсож байсан.

-Дуулж байх үедээ юу мэдэрдэг вэ?

    -Ковер уран бүтээл гаргах нь миний ажил ирээдүй мэргэжилтэй холбоотой. Дуу хөгжим миний аз жаргал, хобби. Гэр бүлийн гишүүдийнхээ тэмдэглэлт өдөрт зориулж заавал дууны ковер хийдэг.

-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

    -Зорилго болгосон мэргэжлээ амжилттай эзэмшихээс гадна хоббигоо хөгжүүлж, олон шинэ уран бүтээл гаргамаар байна. Багадаа цахим сүлжээнээс “Энхчимэг” гэж хайхаар "миний тухай мэдээлэл гарж ирдэг болоосой" гэж их мөрөөддөг байсан. Одоо цахим сүлжээнээс нэрээрээ хайхаар миний дуулсан дуунууд гарч ирдэг болсон учраас үнэхээр баяртай байгаа. Мөрөөдөл минь алхам алхмаар биелсээр байгаа учраас цааш улам сайн байх урам болдог юм билээ.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

    -Баярлалаа.

 


Ковер дуучин Э.ЭНХЧИМЭГ: Дуулж байхдаа хамгийн жаргалтай болдог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188