• Өнөөдөр 2024-05-12

ЗУРААЧ Г.САРАНЧИМЭГ: Бүтээлээрээ нийгэмд гэрэл, итгэл найдвар өгөхийг хүсдэг

      Цахим сүлжээнд Сараагийн урлан нэрээр өөрийн зурсан зургуудаа хуваалцдаг зураач Г.Саранчимэгтэй ярилцлаа. Түүний зурсан бүтээлүүд өнөөгийн нийгэмд болж буй үйл явдлыг товч бөгөөд сонирхолтой зохиомжтой зургаар илэрхийлж, шүүмжилсэн байдаг. Үүнээс гадна бидний мэдэх олон нөлөөллийн ажлын дижитал зургийг тэр зуржээ. Солонгос Улсад суралцаж байгаа тэрбээр багаасаа зурах сонирхлоо орхилгүй явсаар ийн мөрөөдлийн ажлаа хийхийн хажуугаар хүссэн мэргэжлээрээ суралцаж байгаа гэнэ.

 -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Зурсан бүтээлээ хуваалцдаг “Сараагийн урлан” хуудас хэзээнээс цахим хуудсанд үйл ажиллагаагаа эхэлсэн бэ? 
 
  -”Сараагийн урлан”-г нээх өвөрмөц шалтгаан байгаагүй ээ. Анх цахим хаягаараа дамжуулан зурсан зургаа нийтэлдэг байсан. Тэр үед төрөл бүрийн аниме, зураг хуулж зурчхаад “Ямар гоё юм зурчхав аа, энийг нэг хардаа” гэж найзууддаа харуулах гэж нийтэлдэг байсан юм болов уу. Би үргэлж зургаараа ямар нэгэн түүх өгүүлэхийг хүсдэг. Миний хамгийн дуртай медиагийн төрлүүд комик, анимаци. Тийм учраас сайжраад, жижиг комик, өгүүлэмж зурж эхлэхдээ тусдаа шинэ хаяг нээгээд нийтэлдэг болсон нь одоогийн “Сараагийн урлан” юм. Намайг эхэлж байх үед инфлюенсэр гэдэг ойлголт одоогийнх шиг хүчтэй байгаагүй ээ. Олон дагагчтай болохын төлөө зураг оруулахаас илүүтэйгээр уран бүтээлч хүний “Миний мэдрэмжээ илэрхийлсэн бүтээлийг хүмүүс хараад юу гэх бол” гэдэг сониуч зандаа хөтлөгдөн тус нээсэн. 
 
 -Зургийн олон төрөл байдаг шүү дээ. Та ямар төрлөөр бүтээлээ туурвидаг вэ? 
 
  Би дижитал урлагийн төрлөөр зурдаг. Анх цаасан дээр зурдаг байлаа. Их сургуульд суралцаж байх үедээ “Wacom intuos” зургийн хавтан аваад компьютер дээр зурж сурсан. Одоо Ipad ашиглаж байгаа. Зурж эхэлж байгаа хүүхдүүд цаасан дээр буюу traditional art, компьютер дээр буюу digital art хоёр нь тэс ондоо зүйл гэж буруугаар ойлгох хандлагатай байдаг. Үндэс суурь нь адилхан, техник нь л өөр хоёр зүйл шүү дээ. Сайн зурдаг, суурь ойлголтуудаа сайн эзэмшсэн уран бүтээлч нойлын цаасан дээр ч мундаг зурна. Тэгэхээр боломж байвал аль болох олон зургийн төрөл туршиж үзэх хэрэгтэй гэж боддог.  
 
-Нэг уран бүтээл дээрээ шантралгүйгээр зурсаар өөрийн хүссэн байр сууриндаа хүрсэн Сараагийн талаар өгүүлдэг. Тус цуврал зургийг яагаад зурах болсон бэ? 
 
       -”IHC-Inflation Hedging Coin” гэдэг газраас холбогдоод “Small to Big” төслийн хүрээнд комик зурахыг санал болгосон. Миний хамгийн дуртай төрлийн захиалга байсан. Захиалагч надад ерөнхий утга санааг хэлж, яг юуг, яаж зурах тал дээр надад бүрэн эрх чөлөө өгсөн. Хүмүүст хүргэх гэсэн санаа нь “Багаас том руу буюу ямар бага зүйлээс том амжилт олсон бэ" гэдэг асуултын хариулт болхоор зураг зурах хэрэгтэй болсон. Миний энэ  хүртэлх зам шулуун байгаагүй ч хэзээ ч зургаа орхих талаар бодож байгаагүй. Завгүй ч гэсэн хаа нэгтээ, ямар нэгэн юм зураад явж л байдаг байлаа.  
 
 -Ямар мэргэжил эзэмшсэн бэ. Одоо ямар чиглэлээр ажиллаж байна?  
 
        -Бакалавраа ШУТИС-ын БУХС-ийг санхүү менежмент чиглэлээр төгссөн. Төгсөөд Голомт банканд жил ажиллахын хажуугаар “МОСТ” сэтгүүлд зураг зурж өгдөг, янз бүрийн зургийн захиалгын ажил аваад нэг хэсэг маш завгүй ажилласан. Урт хугацааны дараа “Аль нэгийн нь сонгохгүй бол аль алиных нь карьер өсөхгүй, хоёрын хооронд үлдэх юм байна” гэдгийг ойлгож, гэрийнхэнтэйгээ ярилцаад ажлаасаа гарсан. Жил хагас, бараг хоёр жилийн турш энд тэнд график дизайн, иллюстраторын цагийн ажил хийж байгаад тэтгэлгээр Солонгос Улсад 2D анимаци мэргэжлээр сурахаар болсон. Энд гурван жил магистраар сураад одоо хоёр сард төгсөх гэж байгаа. Яг одоо илүү иллюстратор талдаа ажлуудыг хийж байна. Саяхан зурсан ашгийн бус англи хэл сурах хүсэлтэй хүүхдүүдэд тараагдах Anita Fahrni зохиолчийн “Khaliun and Kate” номын зургийг зурж дууссан. Хэвлэлтээс гарсан ч бүтээлээ харж амжаагүй л явна. Хоёр дахь цувралыг нь зурж эхэлж байгаа. Анимаци мэргэжлээр төгсчихсөн учраас ажиллаж эхлэх гээд нэг ажил авсан байгаа. Туршлага хуримтлуулж байгаад аль гадаадын студид ажилд орохын тулд хичээнэ гэж бодож байгаа. Ер нь үргэлж завгүй л байдаг даа.  
 
-Монгол Улсад өрнөж буй жагсаалтай холбоотой үзэл бодлоо илэрхийлсэн зураг зурсан байсан шүү дээ. Зургаараа дамжуулж юу хэлэхийг зорьсон бэ. Яагаад зурахаар болов? 
 
              - Анх Солонгос Улсад ирээд онгоцноос буугаад л уулга алдаж байсан. Гэр бүлтэйгээ хамт гадаад руу аялж байсан туршлага байсан ч жуулчнаар биш оюутнаар ирээд удаан амьдрах шал өөр юм байна лээ. Хот хооронд ямар төвөггүй явдгийг нь, ногоон байгууламж ихтэйг нь, эмнэлгүүдийг нь гайхаад л явсан. Гэхдээ том хот учраас аргагүй байх гэж бодсон. Жил хэлний бэлтгэлд суугаад өөрийн их сургууль руугаа Конджү гэдэг жижиг хот руу ирсэн. Солонгосын түвшинд бол хот гэх хэцүү, бараг л маш сайн тохижилттой тосгон гэж эндэхийг оюутнууд инээлддэг. Миний хамгийн их гайхсан зүйл нь тосгон нь хүртэл үнэхээр сайн дэд бүтэцтэй. Том, шинэ эмнэлэг, сайн засмал замтай. Хүн хүссэн хүсээгүй эх орноо байгаа газартайгаа харьцуулдаг л юм байна лээ.
 
Гэртээ үлдсэн гэр бүл, хайртай хүмүүст минь ийм парк, метро байсан бол гэж бодно. Мэдээж улс бүр сайнтай муутай. Солонгос Улсыг эсвэл ямар нэгэн өөр хөгжингүй улсыг диваажин мэт төсөөлж болохгүй. Шинэ газар ирээд суурьших, дасах үргэлж хэцүү. Чи үргэлж гадаад хүн байна, үргэлж виз байр ажил гэж толгой гашилна. Ийм учраас анх энэ комикс хоёр газар зүй, эдийн засаг, хүн амын хувьд маш өөр улсыг харьцуулж эх орноо муулах биш, “Солонгос Улсын энэ нь гоё юмаа, Монгол Улсад хэрэгжүүлчихвэл сайхан даа” гэдэг өөдрөг мессежтэй зохиолоо бичсэн байсан. Гэхдээ саяхан дэлгэгдсэн хулгайн хэргийн дүнг хараад Монгол Улс шиг хүм ам цөөтэй орон, боломжгүй ядуудаа биш авлига хулгайндаа живээд байгааг ойлгосон юм. “Хулгайлсан мөнгөөр нь хэдэн газар доорх эсвэл дээрх дулаан метро барьж болох байсан бол” гэж бодогдсон. Ес эхэлчихсэн байхад 20-21 цагт автобусны зогсоол дээр удаан зогсох хэцүү байдаг шүү дээ. Гэр хорооллын асуудлыг бүүр ч ярилтгүй. Хүн болгон дуу хоолойгоо хүргэж байхад би талбай орж жагсаж чадахгүйгээс хойш чаддаг ганц зүйлээрээ үзэл бодлоо илэрхийлсэн. Сэтгэгдлүүдийг нь харахад гадаадад ажиллаж, амьдарч байсан хүн бүрд л ижил бодол төрдөг бололтой, санал нийлсэн байсан.  
 
-Та комикс дээрээ хөнгөн хэлбэрээр нийгмийн болохгүй байгаа зүйлсийг шүүмжилдэг шүү дээ. Комиксын санаагаа ихэнхдээ хаанаас авдаг вэ? 
 
       -Амьдрал дээр болж буй бодит үйл явдал, тухайн үед Монгол Улсад болон бусад оронд өрнөж буй үйл явдлаас сэдвээ сонгодог. Улс төр, нийгмийн асуудлыг талаар заримдаа өөрийн туулсан, үзсэн зүйлээс сэдэвлэж зурна. Ковидын вакцины тухай комикс зурах маш сонирхолтой байсан. Тэр үед цахим сүлжээгээр вакцины талаар ташаа мэдээлэл цацагдаж, хүмүүс маш амархан итгэж, вакцинаас айж, татгалзаж байсан. Би хүмүүсийг вакцин хийлгэхийг ятгахаас илүүтэй энгийнээр тайлбарлаж өгч, зөв мэдээлэлтэй сонголтоо хийх боломж өгөхийг хүссэн юм. Цаашдаа тийм хөнгөн, ойлгомжтой хэлбэрээр хүмүүст боловсрол олгох контент бүтээх бодолтой байгаа. 
 
-Комикс зурахдаа баримталдаг зарчим гэж бий юү?  
 
  -Тогтсон зарчим байхгүй ээ. Зураг бүр дээрээ сайжирч, шинэ зүйл туршиж үзэхийг л эрмэлздэг.    
 
-Зураг зурах үедээ авдаг мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?  
 
       -Зураг зурах үедээ авдаг мэдрэмж нь ямар шалтгаанаар зурж байгаагаас шалтгаалаад харилцан адилгүй мэдрэмж төрүүлнэ. Ажлын захиалгууд дээр цаг хэмнэж  хурдан зурах, рациональ логик талаас хандах, захиалагчид таалагдах зүйл зурах гэж үзнэ. Хувийн ажлууд дээр гоё кино дуу тавьж, орчин бүрдүүлээд аль болох шинэ зүйл турших талаас хандана. Авдаг мэдрэмж нь үүнийгээ дагаад өөр. Хааяа зурсан зүйлээ хараад  голно, заримдаа “Хөөх, би ч ёстой Микеланжело  шиг зурах юмаа” гэж өөрийгөө хөөргөнө. Даанч голох нь хайрлахаасаа илүү тохиолддог юм.  
 
-Сүүлийн үед зургууд нь анимейшн, хөдөлгөөнт зураг хэлбэрээр гаргадаг болсон шүү дээ. Шинэ зүйл туршиж, өөрийгөө хөгжүүлж байгаа юу? 
 
  -Миний гол төлөвлөгөө нь үргэлж анимацийн чиглэлээр ажиллах байсан. Одоо төгсөж байгаа учраас энэ чиглэлийн талаар илүү сурч, туршиж, ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Нэлээдгүй хэдэн шинэ программ сурах хэрэгтэй юм билээ. 2D анимаци сонирхолтой ч хэцүү цаг шаардсан ажил.  
 
-Нэг зураг дээр хэр удаан ажилладаг вэ? 
 
-Зургийн төрлөөсөө хамаараад дуусах хугацаа нь өөр байдаг. Энгийн зураглалтай бол нэг өдрийн дотор дуусчихна. Миний сүүлд зурсан Солонгос Улсын тухай 14 нүүр комик дээр бол би бүтэн долоо хоног бараг чөлөөт цаггүй шахуу ажилласан. Арын фон, будалт, lineart буюу зураасан хүрээ байх эсэх гээд л, олон зүйлээс хамаарна. 
 
 -Зураг зурах бүрд учраа олж, илүү сайжирдаг уу. Тэр утгаараа зургийн загвар өөрчлөгдөж хувьсдаг байх. Яг өөрийнхөө зурдаг төрөл, загварыг хэр хугацаанд олсон бэ? 
 
  -Одоо хүртэл зурах хэв маягаа хайж байгаа. Яг таалагдсан, тохирсон зургийн загварыг олон жилийн турш янз бүрийн юм туршиж байгаад олдог юм шиг санагдсан. Хүмүүс миний зургийг хараад тантдагт нь маш их баярладаг. Хэчнээн таньж байгаа ч надад дутуу юм шиг л санагддаг хэвээрээ. Надаас энэ асуултыг арван жилийн дараа асуусан ч “Хайж байна” гэж хариулж ч магадгүй. Өөрийн онцлогоо олох зураачийн хамгийн хэцүү зүйл нь юм билээ.  
 
-Зурсан зургаараа дамжуулж залуучуудад хэлэхийг хүсдэг үг бий юү? 
 
-Зураг, зохиол, комикс бүр дээр хэлэх гэсэн үг нь өөр байдаг. Ерөнхийдөө гэгээлэг, итгэл найдвар бүхий, эерэг зүйлс хүргэхийг хичээлдэг. Залуучууд бас маш гоё өвөрмөц, бүтээлч, нээлттэй болж байгаа нь анзаарагдаж байгаа. Манай дүү одоо 13 настай, надаас үнэхээр өөрөөр сэтгэж, илүү дээр үе өсөж торниж байгаа юм шиг санагддаг. Сэтгэж байгаа нь хайрцгаас гадуур биш, хайрцаг гэдэг ойлголт бүүр байхгүй юм шиг л байдаг. Хөгшин залуу гэхгүйгээр бүгд л хүсэх юм бол хийж чадна шүү дээ. 
 
 -Ярилцлага өгсөн танд баярлалаа.  
 
-Баярлалаа. 

ЗУРААЧ Г.САРАНЧИМЭГ: Бүтээлээрээ нийгэмд гэрэл, итгэл найдвар өгөхийг хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188