• Өнөөдөр 2024-05-17

“Нисванис”-ийн Амгаа: Эхнэрийгээ хоол хийхэд бэлтгэгч, туслах тогооч, охиныхоо биеийн чилээ гаргагч гэх мэт албан тушаалд амжилттай ажилласаар байна

2020-11-21,   1906

“Буруу сэтгэл” хэмээх утга агуулдаг “Нисванис”-аар овоглогдсон тус хамтлагийн ахлагч, рок Л.Энхамгалантай ярилцлаа. Нисванис хамтлаг байгуулагдсан цагаасаа буюу 1996 оноос хойш өдийг хүртэл амьд хөгжмийн гайхамшигийг шүтэн бишрэгчдэдээ мэдрүүлсээр ирсэн билээ. Тэрбээр сайхан цаг ирсний дараа шинэхэн уран бүтээлээрээ сонсогч, фенүүдтэйгээ уулзана гэдгээ хэлсэн юм.

-Хатуу хөл хорионы энэ өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Дэлхий нийтийг айлгаж байгаа аюулт өвчин манай улсад орж ирсэн нь их харамсалтай байна. Гэхдээ анх дэгдэж эхэлсэн үеэс нь бид өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах тал дээр туршлагатай, мэдээлэлтэй болсон болохоор нийтээрээ энэ хүнд үеийг хохиролгүй, сайн давж, сайхан цагтай золгоно гэдэгт итгэлтэй байгаа. Манай гэр бүлийн хувьд бусдын адил гэрээсээ гарахгүй, хатуу хяналтын дүрэм, журмыг баримталж байгаа. “Гэр бүлийнхэнтэйгээ удаан байлаа, их дажгүй хүмүүс байдаг юм байна” гэдэг шиг л хөгжилтэй байна. /инээв/ Юнивишнийн кино багцын ихэнх киног өнгөрсөн хавраас эхлэн үзчихсэн болохоор бага зэрэг тоогүй байна. “Киногоо шинэчилж, өргөсгөхгүй юм байх даа” гэсэн шүү юм бодоод л хэвтэж байна даа. Бас эхнэрийгээ хоол хийхэд бэлтгэгч, туслах тогооч, хаяа аяга таваг угаагч, ор дэр засагч, хураагч, ойр зуурын юм дөхүүлэгч, охиныхоо биеийн чилээ гаргагч гэх мэт албан тушаалд амжилттай ажилласаар байна. /инээв/

-Хөл хорио тогтоохоос өмнө ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?

-Манай хамтлагийн хувьд шинэ цомог эхлүүлээд орхисон. Нэг их цугларахгүй л байгаад байна. Одоо бүр амар, гэр гэртээ байцгааж байна. Арваннэгдүгээр сарын 13-нд “Лемонс” хамтлагийн дуучин Одноотой хамтарч, Дорнод аймагт тоглолт хийх байлаа. Бид явна гээд бэлтгэлээ яг таг хангасан байсан. Харамсалтай нь, цар тахлын улмаас явж чадсангүй. Гэхдээ сайхан цаг ирэхээр Дорнодын залуустаа тоглолтоо толилуулах хэвээрээ байгаа шүү. Бидний хувьд өнгөрсөн есдүгээр сарын 25, аравдугаар сарын 30-нд амжиж тоглолт хийсэндээ баяртай байгаа. Хөл хорионы энэ үеийг ашиглаад шинэ дуу, хөгжим зохиох бодолтой байгаа. Миний хувьд хамтлагийн ажлаас гадна киноны хөгжим зохиох ажилд өөрийгөө сорьж байгаа. Саяхан “АдминZ-2” киноны хөгжмийг бичиж, хүлээлгэн өгсөн. Нэгдүгээр ангийнх нь хөгжмийг зохиож байсан. Мөн найзуудын маань байгуулсан “Canary” фильм студийн “Мотел” уран сайхны киноны хөгжмийг бичиж, дуусах дөхөж байтал түр зогсоод байна. Эдгээр ажил маань үргэлжилж, та бүхний сонорт хүрэх болно.  

-Сайн аав, сайн ханийн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

-Сайн аав, сайн ханийн үүргээ биелүүлэхийн тулд хэрэндээ л хичээж байгаа. Хэр сайн эсвэл дунд, ер нь ямар дүн тавихыг манай эхнэр, охин хоёр л хэлэх байх аа.

Эхнэрийгээ хоол хийхэд бэлтгэгч, туслах тогооч, хаяа аяга таваг угаагч, ор дэр засагч, хураагч, ойр зуурын юм дөхүүлэгч, охиныхоо биеийн чилээ гаргагч гэх мэт албан тушаалд амжилттай ажилласаар байна

-Цар тахлын халдвар өндөр эрсдэлтэй байгаа энэ үед ард иргэддээ юу гэж уриалмаар байна вэ?

-Манайхан нэгдвэл нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ олон зүйл дээр харуулдаг. Энэ цаг зуурын аюулт үзэгдэл болоод л өнгөрнө. Цаашаа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Бидэнд атгасан гар шиг эв нэгдэл, уужуу ухаан, нарийн сахилга бат байхад энэ бүхнийг хангалттай даван туулна. Бид чадна шүү дээ. Гол нь хүн бүр, өрх бүр халдвар хамгааллын дэглэм журам, ариун цэврээ нарийн баримтлахад тийм ч хэцүү зүйлтэй учралгүй ард нь гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, маскаа зүүж, гараа сайн угаахад л болно. Сайхан цаг удахгүй ирнэ ээ.

-Хөл хорио тавигдахад хамгийн түрүүнд юу хийнэ гэж төлөвлөж байна вэ?

-Хөл хорионы дараа хамгийн түрүүнд киноны хөгжмөө зохиож дуусгана. Хамтлагийн уран бүтээл, шинэ цомгоо гаргах тал дээр бүх анхаарлаа төвлөрүүлэх зорилгоо л бодож байна. За тэгээд бүх хүнд эрүүл энх, аз жаргал хүсье.

 


“Нисванис”-ийн Амгаа: Эхнэрийгээ хоол хийхэд бэлтгэгч, туслах тогооч, охиныхоо биеийн чилээ гаргагч гэх мэт албан тушаалд амжилттай ажилласаар байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188