• Өнөөдөр 2024-05-12

17 настай жагсагч Г.МӨНХБАЯР: Би хэнээс ч мөнгө аваагүй, ирээдүйнхээ төлөө жагсаж байна

   Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хариуцлага хүлээлгэхийг шаардсан иргэдийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байна. Тус жагсаалд эхний өдрөөс нь оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлж буй 17 настай тэмцэгч хүү Г.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр жагсаалын эхний өдөр Сүхбаатарын талбайд хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 
 
  -Сайн байна уу, намайг Г.Мөнхбаяр гэдэг. Би 17 настай санал бодлоо илэрхийлэхээр талбайд гарч ирсэн. 
 
-Яагаад жагсаалд оролцох болов.17 настай хүүгийн талбайд гарч ирэх шалтгаан нь юу байв? 
 
         -Цахим хуудаснаас жагсаалын талаарх мэдээллийг хараад заавал очиж, үзэл бодлоо илэрхийлнэ гэж бодсон. Монгол Улс гурван сая гаруй иргэнтэй. Хангалттай сайхан амьдрах боломж, нөөц баялагтай байгаа хэр нь яагаад ийм хэцүү амьдраад байгаа юм бэ гэдэг дээр үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн. Намайг ирэхэд 2000-3000 хүн цугларчихсан байсан юм. Харамсалтай нь өөр үзэл санаатай хүмүүс гарч ирээд хүмүүсийг буруу зүйл рүү төөрөгдүүлэн Их тэнгэрийн ам руу авч явсан. Ингээд талбай дээр 100 гаруйхан хүн үлдсэн юм. Жагсаал ингээд тарчих юм бол дахиж монголчууд нэгдэж, ирээдүйнхээ төлөө тэмцэж чадахгүй юм шиг санагдсан учраас Л.Дашням бид хоёр хувцсаа тайлж, жагсаалд оролцсон. 
 
-Хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлсний дараа ямар нэгэн дарамт шахалт ирсэн үү. Эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлсөн үү? 
 
        -Ерөнхий сайдыг гарч ирэх хүртэл хүлээх гэж байсан ч хамт хүмүүс биднийг халамжилж, "хувцсаа өмсөж, өөрсдийгөө бодоорой" гэж хэлсээр байсан. Хувцсаа тайлсны дараа хажууд зогсож байсан эмээ “Чи даараад, чичрээд байна. Миний гадуур хувцсыг нөмөрчих” гээд хувцсаа тайлж өгсөн. Бид хоёрыг халамжилж байгаа хүмүүсийг хараад сэтгэл хөдөлсөн. Өгөх гэсэн санаагаа хүргэсэн гэж бодсон учраас хувцсаа өмссөн. Хамгийн гол нь ард гэр бүл минь байгаа шүү дээ. Оройдоо жаахан халуурсан ч илүү сөрөг нөлөө үзүүлээгүй ээ. 
 
-Таныг мөнгө авч жагсаалд оролцсон гэсэн мэдээлэл цахим хуудсанд гарсан. Энэ мэдээлэлд ямар байр суурьтай байгаа вэ? 
 
         -Хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлсэн өдрөөс хойш намайг мөнгө авч хувцсаа тайлсан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамаатан зэргээр ярьж байсан. Би өчигдөр жагсаалд оролцохоосоо өмнө гэр нүүлгэлтийн ажил хийсэн юм. Тэгсэн тэр хүмүүс хүртэл надаас “Чи мөнгө авч жагсаалд оролцсон юм уу” гэж асуусан. Би үнэхээр тэр хүмүүсээс мөнгө авсан бол юу гэж 30 мянган төгрөгийн цалинтай нүүлгэлтийн ажил хийх юм бэ. Ингэж органикаар жагсаж байгаа иргэдийг битгий ингэж харлуулаарай. Монголчууд нэгэндээ итгэж нэгдмэл байх хэрэгтэй. Би ирээдүйнхээ төлөө жагсаж байгаа.
 
 - "Хулгайлагдсан баялаг, алдагдсан боломж" хэлэлцүүлэгт оролцох ямар байсан бэ. Авахыг хүссэн хариултаа авч чадсан уу?
 
         -Авахыг хүссэн хариултаа авч чадсангүй ээ. Бид хэлэлцүүлэгт оролцохдоо шийдвэр гаргах түвшний таван хүнийг урьсан ч нэг нь л ирсэн. Бидний асуусан асуултын хариултад бөөрөнхий, ойлгомжгүй хариулт өгсөн. 
 
-Цаашид тавьж байгаа шаардлага нь юу байгаа вэ? 
 
      -Энэ жагсаалын зорилго цааш үргэлжилсэн ч хазайхгүй. Нүүрсний хулгайтайгаа тэмцэж, хүртэх ёстой шийтгэлийг нь эдлүүлэхийг шаардана. Бид “Улсын их хурлыг тараа” гэж жагсаагүй. УИХ болон Засгийн газрыг тараах гэсэн хүмүүстэй бид жагсаалын эхний өдрөөс тэмцсэн. Үүнээс гадна 22.1 гэсэн хуулийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол дурын хүн гарч ирээд хэдэн тэрбум төгрөг идсэн ч 40 сая төгрөгөөр торгуулж, тэнсэн харгалзах ял авдаг байдал үргэлжлэх болно.  

 
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагч юм байна шүү дээ. Жагсаал ажлын өдрүүдэд үргэлжилсэн, хичээллээ хэрхэн зохицуулсан бэ?  
 
        -Би 18 нас хүрээгүй байгаа учраас өөрийгөө төлөөлөх боломжгүй, ар гэр, сургууль намайг байнгын хамгаалалтад байлгах хэрэгтэй. Тиймээс хичээлдээ суучхаад дараа нь жагсаалдаа оролцож байгаа. Мөн сургуулийн нийгмийн ажилтан надтай байнга харилцаж, сэтгэл зүйчтэй уулзуулж,эрүүл мэнд, сэтгэл зүйгээ хамгаалах тал дээр анхаарч ажиллаж байгаа. 
 
 -Жагсаалд оролцож байгааг нь гэр бүл, найзууд нь хэрхэн хүлээн авч байгаа вэ?
 
          -Жагсаалд оролцож байгааг сонссон ямар ч хүний гэр бүл санаа зовох нь мэдээж шүү дээ. Гэхдээ эсэргүүцэхгүй байгаа. Ангийн найзууд болон багш нар намайг дэмжиж байгаа. 
 
-Эхний өдрөөс нь жагсаалд оролцож байгаа юм байна. Жагсагчдын хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ?  
 
       -Х.Нямбаатар сайд биднийг талбайн автомашины зогсоол дээр гэр барьж болно гэсэн. Гэхдээ өнөөдөр ирээд цагдаа нарт гэр барих талаар хэлхэд зөвшөөрсөнгүй. 
 
-Жагсаал үр дүнд хүрэх хүртлээ үргэлжлэх үү? 
 
         -Өмнөх жагсаалууд хэд хоног шуугиан тариад мартагддаг байсан. Энэ байдалд нь ард иргэд ч хаширчихсан юм билээ. Энэ жагсаалын хувьд органик байгаа учраас удаан үргэлжилж байна гэж бодож байгаа. Үр дүн гарч, хулгайчдын нэрийг зарлах хүртэл иргэд шантрахгүй, жагсаал дуусахгүй ээ. Ирж байгаа хүмүүсийн тоо улам нэмэгдэж байгаа.  
 
-Эсэргүүцэл үзүүлж, шаардлага тавьж байгаа иргэд нэгэндээ ямар шаардлага тавьж жагсаалд оролцож байгаа вэ? 
 
          -Бид нэгэндээ “Үймээн самуун битгий дэгдээгээрэй, тайван жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлнэ шүү. Хог битгий хаяарай, цэвэрхэн байх хэрэгтэй” гэх зэргээр зөвлөгөө өгч, шаардлага тавьж байгаа.
Б. Энхжаргал 

17 настай жагсагч Г.МӨНХБАЯР: Би хэнээс ч мөнгө аваагүй, ирээдүйнхээ төлөө жагсаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188