• Өнөөдөр 2024-04-20

Ө.ТУЛГАА ЗААНЫ ХҮҮ СҮРЭНЖАВ:Аавтайгаа тээвэрт явж, машины царцуу мотор галдаад зогсох сайхан байсан даа

2022-12-04,   8257

                Идэр есийн хүйтэн жаварт цантай татлага татаж, хөдөлгүүр доороос гал өрдөж, Зил-130 машиныхаа түлхүүрийг эвлэгхэн гэгч эргүүлэн асааж, хүрэх алсынхаа газрыг ширтэн, хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан тэрээр эр хүн ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь үлгэрлэн харуулж чадсан. Цас, бороотой, салхи, шуургатай, аагим халуун өдрүүдийг эх орныхоо бүтээн байгуулалт, зон олныхоо тусын тулд Ө.Тулгаа заан жолооны хүрд эргүүлэн өнгөрөөдөг байжээ. Цан жавартай, бороо устай өдрүүдэд байнгын татлага татан эр баяр, булчин шөрмөсөө чангалж явсан биз. Түүнээс биш тэр бусад бөх шиг бэлтгэл хийх, галд гарах завтай байгаагүй. Тиймээс ч улсын заан З.Дүвчин нэгэнтээ “Энэ Тулгаагийн бие хааг хар. Зэрлэг байгалийн сод бүтээл” хэмээн дуу алдаж байсан юм билээ. Энэхүү үгийг бөх сонирхогчид  “Ө.Тулгаа зааны өвөрмөц, гайхалтай бие бялдрыг нь онож хэлсэн үг” хэмээн дуу нэгтэй зөвшөөрдөг. Мөн улсын харцага Г.Намсрайжав “Замын турш ачаа бараагаа буулгаж, засаж, ядарч ирчихээд шигшээгийн бөхчүүдтэй эн тэнцүү барилдана. Түүн шиг дөрвөн мөчиндөө бяртай, тэгшхэн бөх одоо бараг байхгүй дээ. Ө.Тулгаа сайн бөхийн зэрэгцээ мөн сайхан хүн” хэмээн дурссан байдаг. Монгол Улсын заан Ө.Тулгааг анд нөхөртөө түшигтэй, үндэсний бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг байсныг хүн бүхэн хэлэх биз ээ. Мөн Ө.Тулгаа зааны уран хурц барилдааныг үзэх гэж наадамчид Төв цэнгэлдэх, заал, танхимын барилдаануудыг ээлж, дараалан зорьдог байсан гэдэг. Тэрээр эд барилдаж байсан тэртээх он жилүүддээ Увс аймаг, Улаанбаатар хотын хооронд ачааны машины хүрд эргүүлэн тээвэр хийж, аж амьдралаа цохицлоож явсан юм. Түүнийг “Өв тэгш биетэй, өөлөх юмгүй Тулгаа” хэмээн тухайн үеийн бөхчүүд хуучилж байсан нь олонтой. Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайт төр түмэндээ нүүртэй, төмөр хүлэгтээ сайн эзэн, өргөө гэрийнхээ ноён нуруу, үр хүүхэд, хань ижлийнхээ өмөг түшиг, монгол түмнийхээ бахархал болсон Ө.Тулгаа зааны хүү Сүрэнжавтай энэ удаагийнхаа “Үргэлжлэл” булангаар уншигч та бүхнийг уулзуулж байна.  

-Монгол бөхийн домог, бахархалт түүх болсон Ө.Тулгаа улсын зааны эр бяр, бие бялдрын тухай мэдэхгүй хүн ховор байх. Тиймээс хоёулаа Ө.Тулгаа заан хувь хүнийхээ хувьд ямар зан араншинтай хүн байв гэдгээс хөөрөлдөөнөө эхлэх үү?

                -Юуны өмнө аавын минь тухай сайхан хууч дэлгэхээр ирсэн та бүхэнд баярлалаа. Мөн Эргэлт.мн сайтын уншигч олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Манай аав Увс аймгийн малчин суманд төрж, өссөн хүн. Малчин айлын хүүхэд ямар ажил хийж өсдөг. Тэр л бүгдийг хийж өссөн гэдэг. Аав минь хувь хүнийхээ тал дээр ямар хүн байсныг надаас гадна олон хүн хэлэх байх. Ёстой хүний хайлан байсан даа. Тийм болохоор дээд, доод үеийнх нь болон найзууд нь их хүндэлдэг байсан. Ямар ч хүнтэй ихэрхэж, бахархаж харилцдаггүй. Хэлсэндээ хүрдэг их тусархуу хүн байсан даа.  

 

аав машиныхаа тэвшинд ачаа ачиж, буулгаж, татлага татаж л бэлтгэлээ хийдэг байсан болов уу даа.

-Ө.Тулгаа заан жолооны хүрд эргүүлж, тээвэрт явдаг болохоор тэр бүр бэлтгэл хийж чаддаггүй байсан байх. Гэхдээ наадамд барилдахаас хэд хоногийн өмнө бэлтгэлд гарч тодорхой хэмжээнд бэлтгэл хийдэг байсан болов уу гэж таамаглаж байна. Ер нь бэлтгэлд гарахаараа ямар мэхийг ихэвчлэн давтдаг байв. Таныг энэ талаар сайхан хууч дэлгэнэ гэж бодож байна?

                -Намайг бөх мэдэж эхлэх үед аав нэлээд харих талдаа орчихсон байсан. Тийм болохоор ч тэр үү бэлтгэл хийгээд байдаггүй байлаа. Дээхэн үедээ хэрхдэг байсныг нь мэдэхгүй байна.  Яах вэ тодорхой хэмжээнд аймгийнхаа бөхчүүдтэй хийдэг л байсан болов уу. Аав минь тээврийн жолооч хүн болохоор тогтмол суурьшилтай бэлтгэл хийх цаг гардаггүй байсан байх.  Тэгэхээр аав машиныхаа тэвшинд ачаа ачиж, буулгаж, татлага татаж л бэлтгэлээ хийдэг байсан болов уу даа.

-Та аавтайгаа хамт хэр их бэлтгэлд гардаг байв?

            Намайг найм, есдүгээр ангид орж, хүний гарын ая даах болоод ирэхийн цагт аав намайг үндэсний бөхөд суралцуулж эхэлсэн. Тухайн үед хүмүүс эд наймаа хийдэг байлаа. Нааш, цаашаа гурил будаа зөөж, худалдаа, наймаа дэлгэрч байсан үе л дээ. Тиймээс машины тэвш дээрээс гурил их буулгуулдаг байсан. Би одоогийн Увс аймгийн арслан Н.Ганзоригтой өдөрт  20 гаруй тонн гурилыг буулгаж, зөөдөг байв. Одоо бодоход аав биднээр гурил буулгуулан, тэвчээр суулгаж байжээ. Тэвчээр гэдэг бөх хүнд байх ёстой том зүйлийн нэг л дээ. Үүний дараа аймгийн спорт хороодын зааланд бэлтгэл хийлгэж эхэлсэн. Зун болохоор хөдөө байгальд авч гараад “ингэ, тэг” гээд их сайхан зааж, зөвлөдөг байлаа. Аав тухайлан нэг мэхийг зааж байгаагүй. Өөрөө ч гэсэн мэх заалгаж байгаагүй юм шиг байна лээ. Дэлэг гэж нэг багшийн тухай ярьдаг байсан. Тэр хүнийг нь би огт мэдэхгүй. Цэрэгт байхад нь бэлтгэл хийлгэж байсан юм шиг байна лээ. Аав бидэнд “Хүн өөрийнхөө биеийн онцлогт тохирсон мэхийг олж, сонгож хийх хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Үүнээс гадна Н.Ганзориг, Ганхуяг бид гурвыг УАЗ 69 машинд суулгаад Увс аймагт ямар л наадам, барилдаан болно дагуулж очоод барилдуулна. Бид гурав эхэндээ нэгийн даваанд л уначихдаг байв. Өдөр ирэх тусам бэлтгэл сайжирч, туршлага сууж, бөхийн барилдаанд хоёр, гурав төвөггүй даваад л эхэлсэн дээ.

-З.Дүвчин заан  “Энэ Тулгаагийн бие хааг хар. Зэрлэг байгалийн сод бүтээл” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Энэ үгнээс би Ө.Тулгаа зааныг их сайхан бие хаатай, бяр тэнхээтэй хүн байж дээ гэж ойлгодог. Мөн зэрлэг байгалийн гэхээр догшин талдаа хүн байсан болов уу хэмээн таамаглаж байсан нь буруу байжээ. Учир та аавыгаа өр зөөлөн хүний хайлан байсан гэлээ?

                -Ер нь манай аавын талынхан яргайдуу биетэй хүмүүс байдаг. Гэдэс, гүзээ суусан хүн байдаггүй. З.Дүвчин багш яагаад тэгж хэлснийг би ийнхүү тунгаадаг. Тухайн үед одоогийнх шиг зааланд бэлтгэл хийж, штанк өргөж, уурга витамин хэрэглэнэ гэж байгаагүй. Тиймээс аавын байгалиасаа заяасан эд хав, булчин шөрмөс, бие хааг нь З.Дүвчин багш тийнхүү хэлсэн болов уу. Аав минь ачааны машины татлага чангалж, бяр тэнхээгээ нэмж байснаас өөрөөр бэлтгэл хийх нь ховор. Зан араншны хувьд өр зөөлөн хүн байлаа. Ууртай догшин авирлах нь бүү хэл муухай ч харж үзээгүй хүн дээ аав минь.

Хаалтын барилдаанд аав барилдахаар болоод “Би А.Сүхбатыг яаж өвдөг шороодуулдгийг харуулъя” гэсэн.  Тэгээд үзүүр, түрүүнд А.Сүхбат аваргатай барилдан давж байлаа

                Ер нь тээврийн жолоочдын ихэнх нь тодорхой хэмжээний жинтэй, гүзээ суусан байдаг шүү дээ. Гэтэл аав бол тийм байгаагүй. Байнгын бэлтгэлтэй хүн шиг л бие өв тэгш байсан. Бүр нас ахисан хойноо ч гэдэснийх зургаан булчин ярзайгаад гарч ирдэг байсан даа.

-Бөхчүүдийн хувьд нэлээд ёс журам сахиж, сахилга баттай байх ёстой гэж ярьдаг. Тулгаа зааны хувьд бөх хүний мөрдөх ёстой дүрэм, журмыг хэр сахидаг байсан бол. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

                -Аав бөхийн дүрэм журмаас  гадна амьдралд хандах хандлага нь тэр чигтэй сахилга баттай байсан. Архи ууж, тамхи татдаггүй байлаа. Мөн эр бярынхаа ааг омгийг гайхуулж, хүн дээрэлхэж байгаагүй.   Үүнээс гадна би хорь гаруй настайдаа наадмын зүлэг ногоон дэвжээнд гарч эхэлж байсан. Тухайн үед улсын харцага Бямбажав, цэргийн арслан Мягмаржав нар эд мандаж байлаа. Б.Бат-Эрдэнэ аваргыг өвдөг шороодуулж байсан эд үе нь. Тэр жил манай аймагт нэг том барилдаан зохион байгуулагдсан юм. Барилдаанд би гурвын даваанд Бямбажавтай тунаж үлдсэн. Би Бямбажавт юу болох вэ дээ гараад л уналаа. Гэтэл Бямбажав дөрвийн даваанд аавтай оноолтоор таарч өвдөг шороодсон. Тэр үед надаас гадна барилдаан үзэж суусан Увсын ард түмэн уухайлаад л босоод ирсэн. Мөн ч бахархмаар байсан шүү. Тухайн үед аав 50 гарчихсан байлаа. Тухайн барилдааны дараа манай аймгийн бөхийн холбооны дарга “Тулгаа заан энэ нутгийнхаа нэр нүүрийг насаараа л тахаллаа. Та нар үлгэр, жишээ авч бэлтгэлээ сайн хий” гэж загнаж байсан. Мөн 1997 онд би есдүгээр ангийн хүүхэд байв. Тухайн үед дархан аварга А.Сүхбат заан цолтой  Увс аймагт Х.Баянмөнх аваргын чуулга барилдаанд барилдаж байсан. Нээлтийн барилдаанд А.Сүхбат аварга  түрүүлсэн. Хаалтын барилдаанд аав барилдахаар болоод “Би А.Сүхбатыг яаж өвдөг шороодуулдгийг харуулъя” гэсэн.  Тэгээд үзүүр, түрүүнд А.Сүхбат аваргатай барилдан давж байлаа. Тэр үед би битгий хэл тэнд бөх үзэж суусан бүх хүн ааваар минь бахархаж байв.

-Та аавыгаа дагаад тээвэрт их явдаг байв уу?

                - Тухайн үед монголд зах зээлийн нийгэм эд буцалж, цэцэглэж байлаа. Зах зээлийн нийгмээс болоод бүхий л зүйлс хувийн болсон байв. Тэр үед аавыгаа дагаад хот хооронд ачаа тээвэрлээд явж байсан. Замд явж байхад аав “Хүн хүнийг сайн явж ирэв үү гэж асуудаг болохоос , хурдан явж ирэв үү гэж асуудгүй юм аа.Тийм болохоор болгоомжтой тайван явж бай. Холд замд явах гэж байгаа бол машинаа сайн нягталж бай. Тэгвээс саадгүй сайн явдаг юм” гэж захиж байсан.

-Тухайн үед одоогийнх шиг засмал замгүй байсан байх. Тиймээс Улаангомоос нийслэл хотод ирэхэд хүндрэл их байсны сацуу их алжаадаг байв уу?

                -Тийм ээ. Одоогүйнх шиг байгаагүй. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас л замсал зайтай золгож нийслэлд ирдэг байлаа. Миний сэтгэлд үлдсэн нэг дурсамжаа хуучилъя.  Аравдугаар сарын сүүлчээр Увс аймгаас Улаанбаатар хот руу тээвэрт гарсан. Замд цас орж, үүнээс гадна Архангай аймгийн Цагаан давааны замыг  шинэчлэхээр засвар хийж байв. Тиймээс Гурвын даваагаар давах болсон. Үнэхээр хол өгсдөг, хэцүү даваа байсан даа. Би тэр давааг давтал Зил 130 машины дугуйг бариад тээврийн хэрэгсэл жолоодож буй аавынхаа араас дагаад давж байв. Машины хүч алдвал дугуйг нь ивээд тогтоох үүрэгтэй. Цас орсон болохоор халтиргаа, гулгаа их сайхан. Тэгж л аавтайгаа том даваа давж байлаа. Түүнээс хойш аав минь дахиж тээвэр хийгээгүй.

-Ачааны машины дугуй өргөөд том даваа өөд гүйнэ гэдэг бяр тэнхээ их шаардана даа?

                -Машины дугуй ойролцоогоор 30 кг жинтэй байх. Гурвын даваа багцаагаар 10 гаруй километр үргэлж байсан болов уу гэж санаж байна. Ямар ч байсан бүтэн өдрийн ажил болж байлаа. Би одоо ямар азаар жолооч болоогүй юм гэж боддог шүү. Үнэхээр хэцүү мэргэжил.

Машин дотроо тамхи татуулахгүйгээс гадна шороо тоосны ширхэг ч байдаггүй байлаа. Доороо зургаан дүүдэй айлын том хүүхэд байсан болоод ч тэр үү аж ахуй ч, цэвэр нямбай хүн дээ, аав минь.

-Тэр том давааны оройд гараад аав нь танд юу гэж хэлж байсан бол?

                -Аав дотроо л бодож баярладаг хүн байсан. Түүнээс биш гадагшаа илэрхийлээд магтдаггүй байлаа. Намайг аймгийн арслан цол хүртэхэд бусад шиг баяр хүргэж “Сайн байна. Баяр хүргэе” гэж байгаагүй. Нэг үнсэж л байсан. Дотроо бол баярлаж байсан нь гарцаагүй шүү дээ. Тухайн үед аавтай хамт тээвэрт явдаг байсан жолооч ах нар намайг “Аав шигээ хүн болоорой. Төр түмэндээ нүүртэй, анд нөхөртөө түшигтэй” байгаарай гэдэг. Аав минь машинаа үнэхээр сайхан унадаг байлаа. Аавын машин үнэхээр цэвэр цэмцгэр. Аав машинаа элдэв гэрэл дохиогоор гангалдаггүй. Гэхдээ үнэхээр цэвэрхэн, гоё унадаг байсан. Машин дотроо тамхи татуулахгүйгээс гадна шороо тоосны ширхэг ч байлгадаггүй. Доороо зургаан дүүдэй айлын том хүүхэд байсан болоод ч тэр үү аж ахуй ч, цэвэр нямбай хүн дээ, аав минь.

-Ө.Тулгаа зааны дээд үед барилдаж байсан хүн бий юу?

                -Өвөөгийн талд бол байгаагүй байх. Харин эмээгийн талд бол том бөх хүн байсан гэж ярьдаг. Манай эмээ том биетэй хүн байсан. Энэ тухай сонирхолтой яриа дэлгэе. Манай ээж бэр болоод удаагүй байхад бороо ороод аавын машин халтираад явахгүй байж л дээ. Тиймээс худгийн дэргэд гурилаа буулгаж, хучаад явчихсан гэсэн.  Ээж хүнээс үхэр тэрэг гуйж гурилаа зөөх гэтэл эмээ “Яах юм бээ миний хүү. Наанаа орчих” гэж. Ээжийг гэртээ очоод удаагүй байтал араас нь эмээ 70 кг-ын гурил үүрээд ирсэн гэнэ лээ. Ер нь нутгийн хүмүүс одоо ч эмээг “Их чадал тэнхээтэй хүн байсан” гэж ярьдаг.

-Аав тань Монгол Улсын заан цолтой, та аймгийн арслан цолтой бөх хүн. Тэгэхээр бөхийн үнэт зүйл, бахархал нь юунд оршдог гэж боддог вэ?

                -Бөх болоход нэлээд хэдэн зүйл суралцах хэрэгтэй. Нэгт тэвчээртэй болох, хоёрт бие бялдрын хувьд өв тэгш байх, гуравдугаарт  сэтгэлзүй. Эдгээр зүйлсийг сайн суралцах хэрэгтэй гэж боддог.Хүн бүхэн барилддаг байлаа гэж бодоход цол авах нь цөөн шүү дээ. Мөн цол авч чадахгүй байлаа гэхэд харамсахгүй байх хэрэгтэй. Болохгүй зүйл болохгүй шүү дээ. Ер нь бөх гэлтгүй спортын хүнд сэтгэл зүй маш чухал. Ямар ч зүйл тохиолдсон даваад гарах чадвартай, бэлтгэлтэй байх ёстой доо.  

 


Ө.ТУЛГАА ЗААНЫ ХҮҮ СҮРЭНЖАВ:Аавтайгаа тээвэрт явж, машины царцуу мотор галдаад зогсох сайхан байсан даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-07 22:24:13
    T: Naadmaar manaid irdeg bailaa. Huuhed bhad ih l saihan sanagdaj aav eej min ihed hundeldeg bilegsheedeg bj bilee. Buh hun gehesee iluuu ter hunii biye avch yavaa bdal tsever tsemtsger ged er hunii saihan shinjuud burdsen hun bsn shu. Nrg l zuilig martdaggu. Bi hotod tursund. Hamt huduu ailin hurimand ochood ter haviin huduuni huhdudig bugdiig unagaaj Zaanas magtaal sonsoj bsn min martagddaggu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-30 22:19:42
    Зочин: Ямар их алдаатай бичдэг юм бэ!!!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-30 14:31:42
    Г.Дорж бөх судлаач: Г.Дорж бөх судлаач Заан Тулгаа Дөмөг эрийн шинжтэй Домогт болсон сайхан хүн Хот хөдөөг ХОСЛОСОН ховорхон заяат бөх Увсын Тулгаа ирлээ гэхээр Улаанбаатарчууд баярладаг байлаа Уран барилдаанаараа олныг баясуулчихаад Уугуул нутаг руугаа БУЦЧИХДАГ байлаа.... Дотно нөхөрлөж явсан анддаа зориулав Гэр бүл хүүхдүүдийг нь монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээгээ./уучлаарай хоёр үг алдаатай бичсэнээ залхуулав/.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-30 14:12:27
    Г.Дорж бөх судлаач: Заан Тулгаа Дөмөг эрийн шинжтэй Домогт болсон сайхан хүн Хот хөдөөг хорлосон Ховорхон заяат бөх Увсын Тулгаа ирлээ гэхээр Улаанбаатарчууд баярладаг байлаа Уран барилдаанаараа олныг баясуулчихаад Уугуул нутаг руугаа буцчихлаг байлаа..... Дотно нөхөрлөж явсан анддаа зориулав Гэр бүл үр хүүхдүүдийг нь монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээгээ. .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-30 13:55:30
    Архангай а/н Д Цэрэнчимэд : Улаанбаатарт барилдаанд болоход улсын Заан Д.Баяраа улсын Заан Тулгаа улсын начин Улаанхүү 3 н бөхийг үзэгч нар ирсэн үед заал танхим дүүрэн хүмүүс оволзон доо тийм байлаа Тулгаа Заан Заан болохдоо Баянмөнх Цэрэнтогтох аваргуудыг давж байлаа сайхан бөх байлаа их даруйхан бие бялдар сайтай ухаантай ёс жудагтай хүний гадаад тал нь даруухан харагдаж байдаг Батэрдэнэ аварга чиг адилхан их даруухан байлаа Тулгаа Заан юм бүгд тэгш сайхан бөх байсан их шударга зусарч зангүй миний хүндэлдэг бөхчүүдийн нэг Увсад барилдаанд болход нөгөөдүүл нь хавчиж барилдаад бардаггүй цуваал ундаг гэж ярьдаг байлаа даа сайн бөх сайхан хүний хүүхэд байндаа а/а Сүрэнжав минь Тамирчин Бөх хүнд болохгүй юм болохгүй гэж бүү бод. Болно болгон гэж бодож бай! АМЖИЛТ хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188