• Өнөөдөр 2024-04-20

Д.БУЯНТОГТОХ: Борхүүг санасан сарлагийн тугал гэрээ тойрч мөөрөөд, бид чимээ чагнаад л сууж байна

         Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 онд осгосон бугын илийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрийдсэн байдаг. Борхүү илий байхаасаа Д.Буянтогтохын гэр бүлийн нэгэн гишүүн болж, өдгөө гурван настай дайр болон өсөж торнижээ. Харин түүнийг хоёр удаа байгальд нь эргүүлэн тавих шийдвэр гаргасан боловч, удалгүй гэртээ эргээд ирсэн байна. Тиймээс Д.Буянтогтохын гэр бүл нас биед хүрсэн Борхүүг Богдхан ууланд нутагшуулахаар шийдвэр гаргаж, буга хамгаалан үржүүлэх газар хүлээлгэн өгчээ. Гэвч малчин Д.Буянтогтохын гэр бүл Борхүүг гурван жил тэжээн өсгөхдөө хэдийн хүн шиг дасаж, явсан цагаас нь хойш үгүйлж байгаагаа хэлж байлаа. Ингээд бид Борхүүгийн эзэн Д.Буянтогтохтой ярилцсан юм.

БОРХҮҮГ ХОТ РУУ ЯВУУЛАХ ӨДӨР НОЙР ХҮРЭХГҮЙ, СЭТГЭЛ ХОРГОДООД ХЭЦҮҮ БАЙСАН 

-Борхүүг байгальд нь хоёр удаа тавихад гэртээ эргээд ирчихсэн гэж сонссон. Гэрээсээ холдохгүй болтлоо дасал болсон байв уу? 

        -Тийм ээ. Борхүү гэрийнхээ гадна л хонож, идээшилдэг. Хол газар явдаггүй. Хааяа хонь дагаад ойрхон бэлчээрлээд ирнэ. Харин Улаанбаатар хот руу явуулах өглөө гэнэт байхгүй болчихсон. Авч явах гээд байгааг мэдсэн юм шиг л байсан шүү. Бид чинь сандралдаад, хүүхдүүд хад асгаар хайж, эрэл сурал болж байж холгүйхэн газраас олсон. 

-Гурван жил дэргэдээ асарч, гэр бүлийн гишүүн шигээ өсгөсөн Борхүүг тусгай хамгаалалттай газарт шилжүүлнэ гэдэг амаргүй байсан байх?   

       -Бид Борхүүг хот руу явуулах өдөр нойр хүрэхгүй, сэтгэл хоргодоод нэг л хэцүү байсан. Тэр өглөө нь аймаг орон нутгийн удирдлагууд, байгаль орчны газрын хамт олон, айл саахалтынхан бүгд цугларч Борхүүгээ гаргаж өгсөн дөө. Харин би хүүтэйгээ Борхүүг хот руу хүргэж өгсөн юм. Хариуцаж авсан хүмүүс нь хэлэхдээ“Монголд Борхүүг танихгүй хэн гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор бид хариуцлагатай ажиллаж, гэр бүлийнхээ гишүүн шиг л асарч хамгаалах болно” гэж амалсан. Мөн байршил тогтоогч суулгаж, байнгын хараа хяналтад оруулна гэж байна лээ. Хүү бид хоёр Борхүүг үдээд буцахдаа нулимс урсаад л байлаа. 

-Улаанбаатар хот орох замд аюулгүй хүрсэн үү? 

        -Машин дээр ачаад явж байхад ямар нэгэн юмнаас үргээд ч байгаа юм шиг, бууж үсэрчих гээд нэг л болж өгөхгүй байсан юм. Нутагтаа үлдмээр байсан ч байж мэднэ. Тэгээд хүү маань Борхүүтэй цуг дэвшин дээр явахаар шийдээд хажууд нь сууж хот руу орсон. Хүү маань дэргэд нь суугаад явсан чинь Борхүү айхаа больж, ямар ч илүү хөдөлгөөн хийгээгүй юм билээ. Цуг өссөн эзэн нь дэргэд нь байхаар тайвширдаг байх. 

-Урьдых шигээ гэртээ гүйгээд ирвэл яах вэ? 

        -Яваад удаа ч үгүй байхад нь нэг л өдөр гэрийнхээ гадаа хүрээд ирэх болов уу, шөнө унтаж байхад гэрээ шөргөөх болов уу гээд л горьдож суух юм. Эргээд гэртээ гүйгээд ирвэл нутагт нь байлгана даа. Харин ирэхдээ олон согоо дагуулаад ирэх байх. Бид бүгдээрээ л санаж байна. Одоо нутагшуулсан газарт нь найман согоо Борхүүтэй цуг идээшилж байгаа. Удахгүй төл нь гарвал Борхүүгийнхээ төлийг өсгөнө гэж бодож л байна

-Борхүү ихэнхдээ хонины бэлчээрт өнждөг байв уу? 

       -Хонио дагаад бэлчээрт гардаг байсан л даа. Гэхдээ Борхүүг ирээд хоёр жил болж байхад сарлагийн өнчин тугал манай адууг дагаад хүрээд ирсэн юм. Түүнийгээ бас л тэжээж өсгөөд Борхүүтэй ижилсүүлсэн. Хаана ч Борхүү тэр хоёр хамт явж байдаг. Харин Борхүүг хот руу явсанаас хойш өнөөх сарлагийн тугал хоёр хоног гэрээ тойрч мөөрөөд өрөвдөлтэй санагдсан шүү. Хоёр биендээ их л дассан юм билээ. Хааяа биднийг эзгүй хойгуур сарлагийн тугалаа дагуулаад саахалтаас сүү нэхээд зогсож байдаг. Тийм л дурсамж үлдээсэн. 

-Таны гурван хүү түүнийг санаж байна гэнэ үү?  

        -Хүүхдүүд маань Борхүүг явсан цагаас хойш байнга л асууж сураглаж байна. Манай бага хүү Борхүүг тэр өглөө явна гэдгийг мэдээгүй байсан юм. Харин явна гэхийг нь сонсоод хичээлээ таслаад ирчихсэн. Бид чинь тэгтлээ дасчихсан байлаа шүү дээ. 

-Борхүүг Богдхан уул руу явуулах болсон шалтгаан юу байв?

        -Уг нь Борхүүг хоёр удаа байгальд нь эргүүлэн тавьсан. Гэтэл гурав хоноод л гэртээ хүрээд ирдэг байсан юм. Нэг шөнө унтаж байхад гэрийн гадна ямаа шөргөөх шиг болоод байхаар нь гараад хартал Борхүү жигтэйхэн өөдөөс ширтээд зогсож байсан. Ийм байдлаар гэрээсээ холдоно гэж байхгүй. Харин эр буга юм болохоор том болох тусмаа зан, араншин нь өөрчлөгдсөн. Бага байхдаа яг л хүүхэд шиг. Сүүгээ уучихаад хүний дэргэдээс салдаггүй элий байсан юм. Хүний л адил өсөх насан дээрээ өөрчлөгдөх нь аргагүй биз. Тэгээд л аргагүй эрхэнд аймаг орон нутгийн удирдлагтай холбогдож, тусгай хамгаалалттай газар эргүүлэн тавихаар шийдсэн.

-Анх Борхүүг элий байхад нь олоход ямар байдалтай байсан бэ? 

        -2020 оны өвөл цас ихтэй, мал амьтан өвөлжихөд хүндэвтэр байсан үе. Нэг өдөр цасан шуурга шуурч, үзэгдэх орчин ч багасаад ирсэн. Энэ үед манай нөхөр хонинд явж байхдаа осгох шахсан бугын элий олж, гэртээ орж ирсэн юм. Хамаг бие нь чичрээд, хөл дээрээ тогтож чадахгүй байхаар нь сүүгээр угжиж, тэнхэл оруулаад амжсан. Түүнээс хойш үүр, шөнөөр хүртэл сүү өгсөөр байгаад том болгосон доо. Бид чинь малынхаа аясыг дагаж нүүдэлдэг. Борхүүг ирсэн цагаас хойш түүний аясаар л нүүх болсон шүү. Хангайгаа бараадаад л буудаг болсон. Борхүү ч биднээсээ салж чадахгүй.

-Богдхан ууланд Борхүүг хариуцаж байгаа хүмүүстэй холбоотой байгаа юу. Байгальдаа дасч байна гэнэ үү?  

          -Тийм ээ. Богд ууланд Борхүүг маань хариуцаж хамгаалж байгаа хүмүүс рүү байнга утсаар холбогдож, аж байдлыг нь асуудаг. Удахгүй цахим сүлжээгээр холбогдож, зургийг нь харуулна гэж байна лээ. Харин Борхүүг уулнаасаа буугаад ирчихсэн байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаад байсан. Би бичлэгийг нь үзсэн чинь манай Борхүү биш байсан. Бид Борхүүгээ танилгүй яахав.  

-Гэртээ асарч байхдаа Борхүүг хэрхэн хооллодог байсан бэ? 

        -Цагаан идээ, айраг, сүү, боорцог гэх мэтчилэн идэхгүй зүйл гэж байхгүй. Байнга л идэж явдаг байсан. Багадаа уудаг байсан сүү нь том болоод ховор амттан болсон байх. Сүүндээ хачин их дуртай. Тийм болоод ч тэр үү, том биетэй болж өссөн. Байгаль хамгаалагчид харчихаад ердийн наснаасаа хавьгүй том биетэй юм байна гэж байна лээ. 

 

 

Д.БУЯНТОГТОХ: Борхүүг санасан сарлагийн тугал гэрээ тойрч мөөрөөд, бид чимээ чагнаад л сууж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 16:16:46
    Зочин: Ижил сүрэгт нь дасгаж үр төлийг нь гаргуулах хэрэгтэй. Мал амьтан л юм чинь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-25 14:21:36
    Бумбаа эзнийбичсэн зүйлийг уншаад нулимс гоожоод хэцүү санагдаад бна: Борхүүгээ аваа үхэртэй дасгавал үржил орох болов уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-24 13:36:07
    Kk: kk huurhiin be sain humuus bas baih yumaa. Borhuu odoo ijil suregtee bsan ni deer bhoo. zuv shiidver bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-24 09:39:51
    Элдэв: Элий биш Илий гэж бичнэ шүү. Сөйхан нийтлэл бна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-24 09:10:15
    Туяа: Өссөн гэрт нь буцааж аваачих хэрэгтэй.гэрээ эзнийгээ санаад хэцүү бгаа бх.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188