• Өнөөдөр 2024-04-27

А.ДАЯАНА: Мэдлэгээ бусдад хуваалцах гэж цахим суваг хөтөлж эхэлсэн

         Цахим сүлжээнд өөрийн туршлагаасаа хуваалцдаг хүмүүс цөөнгүй билээ. Тэдний нэг  болох А.Даяана хятад хэлний мэдлэгээ бусдад түгээх хүслээр дүрс бичлэг хийж эхэлсэн бөгөөд өдгөө залуучуудын сайн мэдэх инстаграм хөгжүүлэгч болжээ. Тэрбээр “Oh!Dayanke” нэрээр youtube  хуудас хөтөлдөг бөгөөд 25.3 мянган дагагчтай бол инстаграм хуудсан дээр 60 мянган дагагчтай нэгэн юм. Үүнээс гадна цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх дуртай тэрбээр гурван гадаад хэлний хичээл зааж, захиалгат барааны дэлгүүр ажилдуулдаг билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх дүрс бичлэг хийж нийтэлж эхэлсэн үеэс нь яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

    -Анх өөрийн мэдлэгээ бусдад хуваалцах бодлоос эхэлсэн юм болов уу. Суралцах талаар өөрийн туршлагаараа богино дүрс бичлэг хийж цахим сүлжээнд тавьж эхэлсэн. 2016 онд youtube хуудсан дээр Хятад Улсад сурах талаарх зөвлөгөө, тэмдэглэл дүрс бичлэг хийж эхэлсэн дээ.

-Цахим хуудсанд өөрийн бичлэгээ хийж тавихад мэдэхгүй, чадахгүй байх асуудал тулгарсан уу?

    -Багаасаа youtube дээрх бичлэгүүдийг үздэг, гар утсаа сайн оролдож юу хийж болох бүх л зүйлийг хийдэг байсан учраас дүрс бичлэгээ эвлүүлж, хийхэд асуудал гараагүй ээ. Анхнаасаа хийсэн дүрс бичлэгээ эвлүүлж чаддаг байсан даа.

 -Гадаадад олон жил амьдарсан нь влог хийдэг болоход нөлөөлсөн үү?

    -Би 2016 оноос 2022 хүртэл их сургуулиа төгсөх хүртэл гадаадад амьдарсан. Анх бүх зүйлс л хэцүү санагддаг юм билээ. Гэхдээ удалгүй дасаж эхэлсэн дээ. Ер нь гадаадад амьдарч байгаа нь влог хийж эхлэхэд нөлөөлсөн шүү. Хүмүүс надаас “Хэрхэн гадаад явсан бэ, юу юу хэрэг болж байна”  гэж их асуудаг байсан. Тэрнээс гадна би гадаад явах гээд судлах үед цахим орчноос энэ талын мэдээлэл олдоогүй юм. Тэгээд л надтай адилхан юу ч мэдэхгүй харь оронд очих гэж байгаа хүмүүст асуултынх нь хариултыг хэлж өгөхөөр дүрс бичлэг хийж эхэлсэн дээ.

-Дүрс бичлэгүүд нь олон үзэгчтэй болох тусам магтаал, шүүмж нэмэгдсэн үү?

    -Богино дүрс бичлэгүүд дээр олон шүүмжлэл ирдэг. Анх эвгүй санагддаг байсан ч одоо бол тоохгүй байж сурсан, дасдаг юм билээ. Тэр бүрийг төдийлөн тоолгүй өөрийн зорилго, ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг дээ.

-Гадаад хэлний мэдлэгээ хуваалцах цахим сургалтын төвтэй юм билээ. “jellykee” сургалтын төвийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

    -Сургалтын төвийн хувьд 2020 оноос үйл ажиллаагаа явуулж эхэлсэн. Анх цахимаар хятад хэл заадаг байсан бол одоо нэмэлтээр солонгос, англи хэлний анхан шатны видео хичээл зааж байгаа. Мөн “jellykee” захиалгат барааны дэлгүүрийг 2016 оноос хойш ажиллуулж байна.

-Ирээдүйн зорилго төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу?

    -Ирээдүйдээ тавьсан олон зорилго байна. Би сэтгүүлч, бизнесийн удирдлага гэсэн хоёр мэргэжил эзэмшсэн. Өөрийн сонирхлоороо эзэмшсэн мэргэжил учраас хувиараа хослуулаад ажиллана гэж бодож байгаа.

    

          -Анх долдугаар ангидаа анх телевизээр гардаг хүн болно гэж шийдэж билээ. Тэгээд л сэтгүүлч мэргэжлийг сонгосон хэрэг. Харин их сургуульд суралцаж байх үедээ бизнесийн чиглэлд сонирхолтойгоо ойлгож, суралцсан даа. Хоёулаа л миний мөрөөдөл, зорилго байсан.

-Таны дүрс бичлэгүүдээс хүссэн  зүйлээ сурч, мэдсэн гэсэн сэтгэгдэл ирж байв уу?

    -Манай хэлний сургалтад сурсан сурагчдаас "шалгалтаа сайн өгч" тэнцсэн гэсэн сэтгэгдэл их ирдэг. Сурсан мэдлэгийнхээ баяраас надтай хуваалцдаг хүмүүс олон бий.

-Олон хүнд цахим хуудсанд дүрс бичлэг тавиад цалин авч, ашиг олдог гэсэн ойлголт байдаг шүү дээ. Таны хувьд цахим хуудас хөтлөөд цалин авдаг уу?

    - Би одоогоор цахим хуудаснаас орлого авч эхлээгүй байгаа.

 -Байнгын идэвхтэй дүрс бичлэг оруулах хандалт өсөхөд нөлөөлдөг үү. Нэг дүрс бичлэг хийхэд хэдий хэр хугацаа шаарддаг вэ?

    -Байнга дүрс бичлэг хийгээд байвал түүртэж эхэлдэг юм билээ. Ерөнхийдөө нэг контент хийхэд хоёр цагийн хугацаа шаардагддаг. Өөрийн туршлагаараа “Хэрхэн цахим хуудсаа хөгжүүлэх вэ” гэсэн дүрс бичлэг оруулж байсан.

-Шинэ контентынхоо санааг хэрхэн олдог вэ?

    -Шинэ санаа бодож удаан суух үе байна, гэнэт шинэ санаа, сонирхолтой сэдэв олдох ч үе байна. Янз бүр л байдаг даа. Заримдаа бүүр огт шинэ санаагүй гайхаад суучихдаг үе ч бий шүү.

-Анх эхэлж байх үетэй харьцуулбал одоо хэр өөрчлөлт гарсан бэ. Чамлахааргүй удаан хугацаанд youtube суваг, reels хөтөлсөн байна шүү дээ?

     -Одоо анх эхэлж байсан үеийн бодвол хандалт илүү ихэссэн. Тэр хэрээр хүмүүсийн надад тавьдаг шаардлага нэмэгдсэн дээ. Өөрөө ч жаахан хариуцлагатай ажиллахаар хичээж байгаа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

    -Баярлалаа.

 


А.ДАЯАНА: Мэдлэгээ бусдад хуваалцах гэж цахим суваг хөтөлж эхэлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188