• Өнөөдөр 2024-04-28

Ж.НУРБЕК: Шавийгаа дулаан байшинд тухтай амьдарч байгааг харах хамгийн сайхан

      Багш хүний шавийгаа гэсэн нинжин сэтгэлийг харуулсан нэгэн сайхан үйл явдал Баян-Өлгий аймагт болоод хэдийн нэг жилийг өнгөрчээ. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж байшин нь нурж, орох оронгүй болсон өрх толгойлсон эмэгтэйд том охин Е.Аяулымынх нь ангийн багш байшин барьж өгөх ажилдаа ханцуй шамлан оржээ. Сурагчаа дулаан гэртэй болгох гэсэн математикийн багш Ж.Нурбек хандивын аян зохион байгуулж,  сайхан сэтгэлтэй олны ачаар хэдхэн сарын дотор нэгэн гэр бүлийг  дулаанхан байшинтай болгож байсан юм.

-Таны санаачилга, зүтгэлээр Монгол Улсын нэгэн гэрэлт ирээдүй дулаан гэрт, тухтай амьдарч байна. Шавийнхаа гэр бүлд байшин барьж өгөх ажил хэрхэн эхэлж байв?

    -Өнгөрсөн жил анх удаа зургадугаар ангийн багшаар нь ажилласан юм. Тэгсэн манай ангийн сурагчдын нэгийнх нь гэр наймдугаар сард орсон аадар борооны улмаас нурж, түр хугацаанд айлд амьдарч байгааг мэдсэн. Хуучин байшин нь дахин засвар авахгүй болтлоо нурж, эвдэрсэн байсан. Өрх толгойлсон бүсгүй дөрвөн охинтойгоо амьдрах гэргүй, айлаар хэснэ гэдэг хэцүү санагдсан. Сурагчийнхаа гэрийг тийм болсныг мэдээд хамгийн эхэнд би ааваасаа асууж, ярилцаж үзэж байлаа. Тэгээд хэчнээн хүсэл байгаад ч надад байшин барих санхүү байгаагүй учраас шавийнхаа ээжтэй ярилцаж, хандив цуглуулж эхэлсэн.

-Хандивын мөнгө хэр хурдан цугларсан бэ. Хэр хугацаанд байшин баригдаж дуусав?

   -Хандивын аян зарласнаас хойш 2-3 хоногийн дараа гэхэд гурав орчим сая төгрөг цугларсан байсан. Ингээд шинэ байшингаа барих ажилдаа орсондоо. Гурван сар орчим барилгын ажил явагдсан. Хамгийн сайхан нь байшин баригдаж дууссан ч шавийн минь гэр бүлд гурил, будаа, түлш хандивлахаар ирсэн хүмүүсийн хөл татраагүй.

-Хандивын аян зохион байгуулж, хүнд тусалж байх үедээ өмнө нь анзаарч байгаагүй зүйлээ анзаарсан үе гарсан уу?

    -Хандив аян зохион байгуулж нэг хүнд ч гэсэн туслах үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж өгдөг юм байна. Тусламж хүссэн хүнийг үл тоолгүйгээр заавал гараа сунгах хэрэгтэй юм билээ.

-Байшин барих үед ямар нэгэн хүндрэлтэй зүйл тулгарсан уу?

    -Барилгын ажил эхэлснээс хойш ажлаа тараад шууд ирж хэрэгтэй зүйлд нь тусалдаг байлаа. Хандивын мөнгө нэмэгдэх бүрд барилгын материал авна. Дээвэр барих үед жаахан хүндрэл учирсан. Байшин бараг дуусаж байхад дээвэр барьж өгөх хүн байгаагүй учир аавтайгаа хамт барьж дуусгасан даа. Өвлийн улиралд нар эрт буудаг учраас шуурхай, үр дүнтэйгээр ажлаа хийх гурван цагийн хугацаа л байдаг байлаа. Гэхдээ бид ард нь гарч шавийнхаа гэр бүлийг дулаан гэртэй болгож чадсан. Шавийгаа дулаан гэрт тухтай амьдарч байгааг харах хамгийн сайхан байдаг даа.

-Олон хүний сэтгэлийн хандиваар баригдсан байшин дотор цангинатал инээх охидын хоолой байшинг илүү дулаахан санагдуулсан-

-Өөрийн хүч хөдөлмөрөө шингээн барьсан байшин нь дулаан байгаа юу. Шавийнх нь сурлага өндөр үү?

    -Е.Аяулым  маань сайн сурч байгаа, хичээл зүтгэлтэй хүүхэд.  Ангийнхаа идэвхтэй, тэргүүлэгч сурагчдын нэг л дээ. Байшин нь ч ямар нэгэн эвдрэлгүй, дулаанхан тухтай хэвээрээ байгаа.

-Багш мэргэжлийг хэрхэн сонгож байв?

    -Аав, ээж хоёр минь хоёулаа багш учир надад илүү ойр санагдсан юм болов уу. Арван жилдээ хэсэгхэн архитектур мэргэжил эзэмших талаар бодож байсан ч багш мэргэжил надад илүү давуу талтай санагдсан. Зуны амралтаараа сонирхлынхоо дагуу аялал жуулчлалын чиглэлээр ажилдаг. Багш хүн заасан зүйлийг нь сурч байгаа сурагчдаа харж, аз жаргалыг мэдэрдэг юм билээ.

-Е.Аяулымын гэр бүлд дулаан байшин бэлэглэж байх үедээ юуны талаар бодсон бэ?

    -Тухайн үед туслаагүй бол би насаараа нэг харамсал тээх байсан байх. Багш хүн гэдэг сурагчдынхаа хамгийн том тулгуур байх хэрэгтэй. Шавийнхаа инээмсэглэлийг харах, сэтгэлийн зовлонгүйгээр хичээлдээ сууж, шамдаж байгааг харах л хамгийн сайхан. Багш гэдэг аавынх нь оронд аав болж, ээжийнх нь оронд ээж болдог хүн юм билээ. Олон хүний сэтгэлийн хандиваар баригдсан байшин дотор цангинатал инээх охидын хоолой байшинг илүү дулаахан санагдуулсан.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

    -Баярлалаа.

 


Ж.НУРБЕК: Шавийгаа дулаан байшинд тухтай амьдарч байгааг харах хамгийн сайхан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-20 11:38:17
    zochin: ymar saichan setgeltei um be!!! , chaashdaa duuren saichan amidraaraa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188