-Тулааны бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
-Би бэлтгэлдээ ороод удаж байна. Миний бодлоор би бэлтгэлээ 100 хувь хангасан. Өөртөө итгэлтэй байгаа. Надад мэргэжлийн багш, дасгалжуулагчид тусалж, дэмжиж байна.
-Д.Наранбаатартай тулалдах шалтгаан нь цахим орчинд хоорондоо үл ойлголцсоноос болсон гэж үнэн үү?
-Тийм ээ. Анх цахим орчинд бид хоорондоо үл ойлголцсон. Түүний дараа Наранбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулаад барилдвал барилдъя, спортоор өрсөлдье гэж тулаанд дуудсан. Би энэ саналыг нь хүлээж аваад, ямартай ч үндэсний бөхөөрөө өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн. Харин дараа нь хоёр төрөл нэмсэн байна лээ. Бид гурван төрлөөр өрсөлдөж, хэн нь хэн бэ гэдгээ тодорхойлно.
-Тулаанд хэн ялах нь хүлээлт үүсгээд байна. Та өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байна уу?
-Би өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байгаа. Ямар ч тамирчин хүн сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой. Би сэтгэлзүйгээ өндөр түвшинд бэлдэж байна. Мөн биеийн хүчний бэлтгэл ч сайн хангаж байгаа. Би тулаанд бэлэн байна. Тулалдах өдрөө л хүлээж байна.
-Бооцооны мөнгийг харилцан тохиролцсон уу?
-Мэдээж 10 сая төгрөгийн бооцоо тавина. Би бооцооныхоо мөнгийг нутгийн ах дүү нараасаа цуглуулж, бэлэн болгож байгаа. Мөн тулаан эхлэхээс өмнө бид шударга байх үүднээс бооцооныхоо мөнгийг хувийн дансандаа байршуулна. Ингэснээр тэмцээн ямар ч будлиангүй, шударга явагдана.
-Тэмцээн болох хугацаа товлогдсон уу?
-Өрсөлдөөн болох хугацаа арваннэгдүгээр сарын сүүлчээр л гэж таамаглаж байна. Үндэсний бөх, жүдогоос гадна холимог тулааны сонирхогчдын ангилалд өрсөлдөнө. Би бэлтгэлээ Баянхонгор аймагтаа хангаж байгаа. Бэлтгэлд маань олон хүмүүс зөвлөгөө туслалцаа үзүүлсээр байна. Холимог тулааны мэргэжлийн тамирчинтай өдөр бүр бэлтгэл хийж байгаа.
-Үндэсний бөхөөр урьд нь хичээллэж байв уу?
-Би хүүхэд байхаас л үндэсний бөхөөр хичээллэж байсан. Мөн бодибилдингоор хичээллээд долоон сар болж байна. Бяр тэнхээ, хүч чадлын хувьд Д.Наранбаатараас айх шалтгаан алга. Нэг мөсөн өрсөлдөөний талбар дээр эр хүн шиг үзэлцэж, маргаанаа шийдвэрлэнэ.
-Д.Наранбаатар таниас есөн насаар ах гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Д.Наранбаатар надаас ах ч гэсэн тэрнээс би айхгүй байна. Өрсөлдөөнд насны хязгаар огт хамаагүй. Энэ бүгд Д.Наранбаатараас л эхлэлтэй. Тэр өөрөө эхэлсэн учраас би ялалт байгуулна.
-Баярлалаа, амжилт хүсье.
-Баярлалаа.
Х.ОДХҮҮ: НАБА НАДААС АХ Ч ГЭСЭН БИ АЙХГҮЙ БАЙНА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |