• Өнөөдөр 2024-05-12

Г.ЭРДЭНЭ: "Шатрын хичээл-1" номоо шатар сонирхогчдод зориулж гаргасан

2022-11-12,   790

        Хүссэн хүн бүр бие даан шатар сурахад тус болохыг хүссэн Олон улсын шатрын холбооны мастер Г.Эрдэнэ “Шатрын хичээл-1” номоо гаргалаа. Тэрбээр 10 настайдаа өсвөрийн Ази тивийн аварга болж байсан бөгөөд  өдгөө “Их засаг” лицей сургуульд шатрын багшаар ажиллаж байна. Түүнээр шатар заалгасан 800 гаруй шавь байдаг гэнэ.

-Анхны номоо гар дээрээ авсан танд баяр хүргэе. “Шатрын хичээл-I” номын ижил төрлийн номоос ялгарах онцлог нь юу вэ?

     -Шатар тоглож сурахыг хүсэж байгаа хүмүүст зориулж гаргасан. Гадаад хэлнээс орчуулалгүй, монгол шатарчдын туршлага, судалгаанд үндэслэсэн. Мөн хэн ч хараад ойлгох үг, хэллэгээр бичих гэж их оролдлоо. Мэргэжлийн үг хэллэгийг ч тайлбарлах гэж хичээсэн. Түүнээс илүү цахим хуудсан дээрээ номтой холбогдуулан 20 видео хичээл оруулна. Хүүхдэдээ ганц зааж өгөх бус гэр бүлийнх нь гишүүд ч давхар судлах боломжтой.

-“Шатрын хичээл-1” номыг хэр хугацаанд бүтээсэн бэ?

    -Цар тахлын хоёр жилийн хугацаанд хийж дуусгалаа. Цуврал номынхоо эхний дэвтрийг гар дээрээ авсан байна даа. Дараагийн номоо бичиж эхэлсэн байгаа. Энэ  дэвтрээр шатар тоглож сурсан бол дараагийн дэвтрээс шатрын бодлого, илүү мэргэжлийн техникүүдийг сурах боломжтой.

-Шатрын спорттой хэрхэн холбогдож байв. Хэдэн жил энэхүү спортоор хичээллэж байна вэ?

    -Би таван настайгаасаа шатар тоглож эхэлсэн. Нэлээн хөдөлгөөнтэй, сахилгагүй надад эмээ анх шатар зааж өгсөн юм. Найман нас хүртлээ гэртээ өөртэйгөө тоглодог байлаа. Дараахнаас нь шатрын клубүүдээр явж, суралцаж эхэлсэн дээ. Надад шатар зааж, дасгалжуулсан гурван багш бий. Би 12 настайдаа шатраасаа түр завсарлаж  хичээл сургуульдаа анхаарсан. Ингээд 18 настайдаа дахин дахин тоглосон. Одоо "Их засаг" лицей сургуульд шатрын багшаар ажиллаж байна.

-Хэр хугацаанд шатрын багшаар ажиллаж байгаа вэ. Амжилт үзүүлсэн  олон шавь бий юү?

    -Шатрын багшаар долоон жил ажиллахдаа 800 гаруй  хүүхдэд хичээл заасан байна. Сайн амжилт үзүүлсэн гэвэл Н.Содбилэгт, Г.Урангоо гээд хүүхдүүд бий. Гэхдээ шатрын хувьд анхан шатны хичээлийг нь заах болон мэргэжлийн тоглолтыг нь заах багш тусдаа байдаг. Миний хувьд анхан шатны хичээлийг нь зааж, суурийг нь тавьдаг даа.

-Шатрын спортоор амжилт гаргах  хүүхэд хичээллэж эхлэхдээ л бусдаас ялгардаг уу. Төрөлхийн авьяас байдаг болов уу?

    -Шатар бол сонирхогчийн түвшинд 2-3 жил хичээллээд болиход тохиромжтой спорт, тэгж чадвал цаашид амьдралд хэрэгтэй. Миний харж байгаагаар 100 хүүхдийн нэг нь л мэргэжлийн шатарчин болох авьяастай төрсөн юм шиг харагддаг. Бага ангиа төгсөөд мэргэжлийн шатарчнаар явах итгэлгүй бол зүгээр сонирхол болоод орхисон нь дээр байдаг.  Мэргэжлийн тамирчин болохын  тулд байнгын бэлтгэл, сургуулилт хэрэгтэй. Хэчнээн багаасаа хичээллэсэн ч урт хугацааны бэлтгэл сургуулилт шаардлагатай хэвээрээ байдаг. Ер нь 5-6 настайдаа шатар сурч эхлэх хэрэгтэй.  Гэхдээ хүүхдийг хаширтал нь залхаахгүйгээр сонирхлыг нь татаж хичээл заах ёстой.

-Шатрын спортоор хичээллэхийн давуу тал нь юу юм бэ?

   -Энэтхэг, Америк Улсуудад программыг чиглэлээр суралцах гэж байгаа хүүхдүүдэд шатраар сонирхогчийн түвшинд тоглодог байх шаардлага тавьдаг юм билээ. Ер нь шатраар 2-3 жил хичээллэх нь тоглоомын аргаар тархийг нь дасгалжуулж байгаа юм. Бага ангидаа шатрын спортоор хичээллэж байсан хүүхэд ахлах ангийн хичээлд түүртэж ядрахгүйгээр суралцдаг. Тархи нь ачаалалд бэлтгэгддэг л гэсэн үг.

-Бага насны хүүхдүүдэд шатар заахад хэр хүндрэл гардаг вэ?

    -Хүүхдүүд шатар тоглохоос бусад үед дэггүйтэж, гүйлдэж байдаг. Харин шатар тоглох үедээ бүх анхаарлаа тоглолтдоо хандуулж, төвлөрдөг. Тэр бүрд нь миний хувьд эвээр заахыг хичээдэг. Ер нь багш бүрийн арга барил өөр байдаг болов уу.

-Танд хамгийн дурсамжтай өрөг байдаг уу?

    -Зургаан жил шатрын спортоор хичээллээгүй, бэлтгэл хийхгүй байж байгаад 18 настайдаа тэмцээнд орсон юм. Тэгсэн надтай өрсөлдөх, миний насны ангилалд 10 гаруй мастер цолтой тамирчин оролцож байсан. Шударгаар тоглоод тавдугаар байрт орж байлаа. Өмнө нь оролцсон тэмцээн бүрийнхээ эхний гурван байрт ордог байсан болохоор тухайн үедээ гайхсан байх  л даа. Одоо бол их дурсамжтай санагддаг.

-Мэргэжлийн шатрын тэмцээнүүд удаан үргэлжилдэг юм билээ. Таны хувьд хамгийн удаан тоглосон тоглолт байгаа юу?

    -Хамгийн удаан гэвэл долоон цаг тоглосон тэмцээн юм даа. Шатар оюуны спорт хэдий ч бусад төрлийн тамирчин шиг биеэ хөгжүүлж, тэвчээр суух хэрэгтэй. Анхаарлаа төвлөрүүлж, удаан сууж чаддаг байх хэрэгтэй. Мэргэжлийн шатрын тамирчид байнгын хийдэг дасгал хөдөлгөөнүүд байдаг. Теннис, шатар хоёр хоорондоо илүү зохицдог юм шиг санагддаг даа.

-Шатрын спортоор хичээллэдэг хүүхдүүдийг эцэг эхчүүдэд  хандаж өгөх зөвлөгөө бий юү?

    -Шатрын спортоор хичээллэж эхэлсэн бол орж болох бүх л тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Ингээд мэргэжлийн тамирчин болох бол түүнд нь бэлтгэл хийх чөлөөт цагийг нь гаргаж өг. Харин тамирчин болохгүй бол бага ангиа төгсөөд бусад хэрэгтэй дугуйлан, давтлагад явуулаарай. Мэргэжлийн тамирчин болохоор бэлтгэл хийж байгаа хүүхэд шахуу цагийн хуваарьтай, шахуу бэлгэл хийдэг юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

    -Баярлалаа.


Г.ЭРДЭНЭ: "Шатрын хичээл-1" номоо шатар сонирхогчдод зориулж гаргасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-13 22:16:53
    Зоёин: Баяр хүргэё , гоё ном байна шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-08 22:01:33
    Зочин: Таалагдлаа, зүгээр ном болжээ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188