Ардын төрийн Үндэсний их баяр наадамд 1959 онд 22 настайдаа улсын начин цолыг, Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмаар улсын заан цолтой нь нэг өдөр хэдхэн цагийн зайтайгаар авч цолны өндөр босгыг зад гишгэсэн ховорхон бөх Монгол Улсын хүчит арслан Л.Сосорбарамтай ярилцлаа. Тэрбээр 1963 онд Монголын бүх ард түмний хоёрдугаар спартакиадаар шилмэл 30 бөхийн тойргийн барилдаанд ганц ч өвдөг шороодолгүй түрүүлж улсын арслан цол хүртэж байжээ. Түүнчлэн Үндэсний их баяр наадамд 16 удаа шөвгөрч байсан Үндэсний бөхийн улсын шүүгч, бөхийн чөлөөт, самбо, жудогийн төрлөөр олон улсын болон өөрийн орны уралдаан тэмцээнүүдэд олонтаа оролцож аваргын алт болон мөнгө, хүрэл зэрэг 20 гаруй медаль хүртсэн спортын мастер цолтой, Монгол Улсын гавъяат багш гэдгийг нь бөх сонирхогч түмэн андахгүй мэдэх биз ээ. Өдгөө тэр нэгэн үе Монгол бөхийн дэвжээнд түмнийг шуугиулж, ардыг баясгаж байсан анд нөхөд, аварга арслангуудаа дурсан санаж, намрын шувуу шиг гэнэтхэн одсон домогт бөхчүүдээ санан гансарч суугаагаа биднээс нуугаагүй юм. “Зарим үед өвгөн би үнэн, худлыг анзаарах сөхөөгүй болсон. Уншигч хүүхдүүдэд учирлаж хэлнэ биз ээ” гээд яриагаа эхлүүлцгээв.
-Сайхан намаржиж байна уу. Таны өсөж төрсөн нутаг Баянбараатын тууринд хяруу унаж, Зоргол хайрханд үе, үе буга урамдаж байна гэх юм. Та ойрд нутагтаа очив уу?
-Сайхан намаржиж байна. Би энэ зун нутгийнхаа овооны тахилга наадамд оччихоод ирсэн. Жил болгон нутагтаа очиж уул, устайгаа золгочихоод ирдэг дээ. Яахын аргагүй би Төв аймгийн Баянбараат тосгоноороо овоглодог. Хяруу унаж, сэрүү нөмрөх дөхөө байлгүй дээ нутагт минь. Бараатын тууринд хөлд орсон юм даа би. Миний аав, ээж чөдрийн ганц морьтой, саалийн нэг үнээтэй л өрх тусгаарлаж байсан гэдэг. Малч ухаанд төгс суралцсан малчин хүмүүс байсан юм. Намайг төрөхөд “Лувсанчимэдийн гэрт амны хишигтэй нэг хүү төрлөө” гэж хавь ойрын лам хар, саахалт айлынхан цуурхаж байсан гэдэг. Тэр ерөөл надад одоог хүртэл оршиж л байгаа байх.
-Таньтай нэгэн үед барилдаж байсан үндэсний бөхийн алдар цуут бөхчүүдтэй холбоотой дурсамж, түүхээс хуваалцахгүй юу?
-Тэднийгээ дурсан санаж, дурсамж түүхээс нь нэгийг ч алгасалгүй ярьвал өнөөдөр дуусахгүй. Гэхдээ бид нэгэн үе монгол бөхийн түүхэнд өөрсдийн нэрийг тодоор тэмдэглэж үлдээсэн нь үнэн хойно. Тэднийгээ цухас дурсан санах гэж хичээе. Түвдэндорж, Батсуурь, Дамдин авар¬гуудтай нэг дэвжээнд барилдаж, мөн өөрийн үеийн Цэрэн, Бээжин аваргууд байна. Залгуулаад “Хоёр Мөнх”, “Тэмээ өргөдөг” Жамьяндорж, Дэмүүл, Мижиддорж, Чойжилсүрэн, “том” Жамц, Эрдэнэ-Очир, Дагвасүрэн гээд аваргын дайтай хүчит арслангуудтай нэгэн үед зодоглож байсан даа. Монгол бөхийн дэвжээнд, тэр тусмаа амьдрал ахуйн замналд ч бид ойр дотно байсан анд нөхөд. Харин гэнэт л нэг нэгээрээ тэнгэрийн оронд заларч одсон доо. Хожим нэг намар Чойжилсүрэн, Пүрэвдорж, Эрдэнэ-Очир, Мижиддорж гээд үеийн хэдэн нөхөд минь мөн л бурхан болцгоосон.
Тэднийгээ ихэд санах юм даа. Өвгөн би ч ганцаардах янзтай
-Хамгийн сүүлд тэдэнтэйгээ хэзээ хамт хөөрөлдөж суусан бэ?
-Бид жил бүр улсын наадмын дараа айрагтай нэгнийдээ очиж, элдвийг ярилцаж суудаг байлаа. Харин сүүлдээ нэгэндээ олдохоо байж, уулзах нь багассан. Хааяа нэг Төв аймгийн бөхчүүдийн Дүнжингарав галаар зочилж, залуу үеийнхээ бэлтгэлийг сонирхдог байсан юм. Надтай хамт Эрдэнэ-Очир арслан, Пүрэвдорж гээд л бөхчүүд маань явдаг байлаа. Түүнээс хойш төдийлэн бөөндөө уулзаж чадаагүй явсаар нэгнээсээ хагацсан даа.
-Та Мижиддорж, Чойжилсүрэн арслангуудтай нэг ангид сурч байсан гэж үнэн үү?
-Тийм ээ. Бид гурав нэг сургуулийг төгссөн юм. Гурван биенээсээ холдож чаддаггүй анд, найзууд байсан. Тухайн үед биднийг дасгалжуулах багш байхгүй байсан болохоор хоорондоо барилдаж, нэгнийхээ алдаа, дутагдалыг хэлж өгнө. Тэр байтугай багш гэж нэгийгээ хүндэлж дууддаг байлаа. Ингэж яваад л улсын том цолонд гурвуул хүрсэн түүхтэй дээ. Хааяа наргиж, цэнгэх, нэгийгээ шоглох үе ч байна. Жигтэйхэн юм болно доо. Бидний үед бөхчүүдийг өрх гэртээ урьж, гэрийнхээ жаврыг үргээлгэдэг байсан юм. Яагаад гэвэл бөх хүн цагаан энергитэй. Түүнийг ард түмэн бэлэгшээж, хүндэлдэг байлаа. Эртнээс л ард түмэн бөхдөө хайртай байсан юм.
-Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүл танд их сайн байсан гэлцдэг. Та мөн л ойр дотно байв уу?
-Г.Дэмүүл гэдэг чинь лут хүн шүү дээ. Дэмүүл маань Өмнөговийн бөхчүүдээ “ЗИЛ-130”-ийнхаа тэвшин дээр ачаад л ирнэ. Их хурц, бэлэн цэцэн үгтэй хүн байв. Бөхийн хувьд агуу хүн л дээ. Надад их сайн. “Бид хоёр зүг нэг, муу шар толгойт минь” гээд над их сайн байж билээ, зайлуул. Хожим түүний хүргэн О.Одхүү болон охин Соёл нар Г.Дэмүүл арсланд хөшөө босгосон юм. Түүний нээлтэд миний үеийн бүх цуут арслангууд онгоцоор уригдаж очиж байлаа шүү дээ. Бид чинь хаашаа л явна, үргэлж хамт байдаг хүмүүс. Тиймдээ ч хөшөөний нээлтэд бид бүгд очсон.
-Та бага байхаас л барилдах сонирхолтой хүүхэд байсан уу?
-Яриа байхгүй. Бага байхаас л дээлний товч тэсгээдэггүй, хавь ойрын хүүхдүүдтэй барилдаж, ноцолдож өссөн. Салбархай дээлтэй хүүхэд гол усаар нэг гүйж явдаг байсан тухайгаа сонсож байсан юм. Түүний хүчинд ард түмэндээ хүндлэгдсэн арслан цолыг хүртсэн гэж боддог доо. Бөхийн эрдэм хүнийг төлөвшүүлж, зөв замд хөтөлдөг шиг санагддаг. Арслан цолоо хүртсэнээс хойш энэ алдар цолыг дааж явах үүрэг надад оногдсон. Даруу төлөв, эелдэг цайлган чанар бол бөх хүний хамгийн чухал зарчим юм шүү дээ.
-Таныг Монгол Улсын арслан цолыг тойргийн барилдаанд түрүүлж хүртсэн гэдэг. Энэ талаар сийрүүлбэл?
-Тэр жил Улаанбаатар хотын зургаан дүүрэг, 21 аймгаас шалгарсан шилмэл 30 бөхчүүдийг тойргийн барилдаанаар барилдуулж, түрүүлсэн бөхөд Улсын арслан цол өгөхөөр Үндэсний бөхийн хорооноос шийдвэр гаргасан юм. Энэ барилдаанд би нэг ч өвдөг шороодолгүй түрүүлж, Монгол Улсын арслан цолыг хүртсэн. Харин үндэсний бөхийн том цолыг хүртлээ гээд өнөөгийх шиг найр наадам хийж, нутаг усныхан нь сүйд болдоггүй байлаа. Би Арслан цолонд хүрчихээд нутагтаа очиход нутгийнхан “Сайн байна. Аварга болоорой” гэж ерөөнө. Цаашлаад аав ээждээ үнэрлүүлэх л хамгийн том шагнал байсан даа.
-Үндэсний бөхийн түүхэнд бас нэгэн тод түүх болсон Ж.Мөнхбат аварга залуу байхдаа таныг төрсөн ах шигээ л хүндэлдэг байсан гэж сонссон. Та нэг дэвжээнд барилдаж байхдаа ч ах шиг нь ханддаг байв уу?
-Тийм ээ. Ж.Мөнхбатын ах Чадраабал гэж хүн байсан. Чамгүй барилддаг хүн байсан даа. Бид хоёр их ойр дотно болохоор Ж.Мөнхбат Чадраабалаар дамжуулж намайг “Сосорбарам ах ” гээд л үг, сургаалийг минь сонсож явдаг залуу байлаа. Ах гэхээс чи гэж дуудаж үзээгүй. Гэтэл нэг өдөр над дээр ирээд “Би таныг л түшье. Манай ах таныг их сайн хүн. Түүнийг л түшиж яв гэж хэлсэн юм. Би өөрийгөө мэднэ ээ. Хүнтэй харьцах тал дээр шулуун, шударга, хэгжүүн хүн. Энэ зангаа засах гэвч нэг л болж өгөхгүй юм. Би яавал хүмүүжиж, төлөвших вэ” гэж асууж байсан юм. Би Ж.Мөнхбатад “Бөх хүн даруу төлөв, хүмүүжил сайтай, бусдад зөв сайхныг үлгэрлэж явах учиртай даа” гэж л сургана. Миний үгийг их сайн хүлээж авдаг байлаа. Заримдаа над руу гүйж ирээд ахуй амьдрал, барилдаантай холбоотой асуух зүйл байвал асуучихна. Аргагүй дээ, би ахаас нь өөрцгүй хүн байсан юм.
-Мөөеө аварга улсад анх түрүүлдэг жилээ шөвгийн дөрөвт тантай тунаж барилдахдаа хоёр хөлийн өвдөг нь салганатал чичрээд, амихандаа түүнийгээ мэдэгдүүлэхгүй гэж гуяа алгадан дороо тойрон эргэлдэж байсан тухайгаа дэлгэж ярьсан байдаг. Тухайн үед барилдаан хэрхэн өрнөж байв?
-Ж.Мөнхбат хүнийг их тогтоож барилддаг. Харин би аль болох түргэн, шуурхай барилддаг хүн л дээ. Өрсөлдөгч бөхдөө барьц авах завдалгүй л мэх хийж унагадаг байсан юм. Ж.Мөнхбат үүнээс их хаширлаж, надтай барилдахаас эмээдэг байсан юм. Харин тэр жилийн наадамд Ж.Мөнхбат дороо учиргүй дэвхцэж, гуяа алгадаад байж билээ. Тэр үед Мөнхбатыг би ихэвчлэн давдаг байсан юм. Тэгтэл хожим сонсохнээ Хөвсгөлийн “хужаа” Ө.Чүлтэмсүрэн арс¬лан Мөнхбатад хандаж “Чи Сосорбарамд баталгаатай тунана. Чи олон ойчсон. Чамд түүнийг хаях ганц арга бай¬на. Сосорбарам эхлээд чам руу их хүчтэй дайрна. Энэ дайралтыг чи ямар нэгэн байдлаар тогтоох ёстой. Цаадах чинь дайраад зогсохдоо арагшаа заавал ухарч гишгэдэг. Яг тэр гишгэдлийг тааруулан чи ард нь хөл тавиад түлхчих“ гэж тун нарийн хэлж өгсөн байдаг. Яг ийм байдлаар Мөнхбатад би унасан. Хожим энэ тухай Ж.Мөнхбат надад ярьсан юм. “Тэр үед яалт ч үгүй амьсгаадаж, хоёр өвдөг чичрээд байсан. Яг л Чүлтэмсүрэн гуайн хэлснээр хийж таныг нэг давсан даа” гэж билээ.
-Та барилдахаас гадна дасгалжуулагч хүн. Шавь нараа ямар арга барилаар сургаж байсан бэ?
-Миний гол дасгалжуулах арга бол амьсгаа задалж, тэвчээр суулгах. Тухайн хүнийг муу, сайн гэлтгүй бүх хүнтэй барилдуулдаг байсан юм. Ингэж хүүхдэд тэвчээр суулгаж байгаа юм л даа. Өөдөөс нь зогсоо, зайгүй хүнээр дайруулдаг байсан. Удалгүй зарим нь сунаж, цуцана л даа. Гэхдээ тэр хүнд тэвчээр, зориг чадал хуримтлагдаж байдаг.
-Төв аймгийн Баянбараатаас төрөн гарсан арслан цолтон С.Оргодол гэж бөх байсан. Та тэр хүнтэй учраа таарч байв уу?
-Би наймдугаар ангид орох жилээ Бараатын наадамд анх барилдсан юм. Гэхдээ миний барилдана гэж ямар юм байхав. С.Оргодол арслан мэх хийх гэтэл би гэж туранхай чөргөр хүн чинь суганд нь наалдчихаад болж өгөхгүй байж. Тэгтэл гэнэт хүчтэй сэжихдээ тохойгоороо хамрыг минь сөхчихсөн. Миний хамрын хоёр нүхнээс зэрэг цус садраад тогтдоггүй. Хоёуланг нь бөглө¬төл амаар гоожоод байж билээ. С.Оргодол гуай “Өндөр Лувсанчимэдийн энэ хүүг хоёр жилийн дараа би барахгүй ээ” гэж байлаа даа. Үнэндээ ч хоёр жилийн дараа арслан давж сумынхаа наадамд түрүүл¬сэн. Бид хоёрт нэг нэг бор эсгий өгч байлаа. Түүнээс хойш би дөрөв барилдаж, гурав давсан даа.
-Хамгийн сүүлд та алдар цолоо хэдэн онд дуудуулж, бөхийн тэргүүн магнайдаа гарч байв?
-Би хамгийн сүүлд Төв аймгийн 90 жилийн ойгоор 77 насандаа алдар цолоо дуудуулж, бөхчүүдийг магнайлан дэвж байлаа. Харин Улсын баяр наадамд алдар цолоо дуудуулна гэдэг ховор, азтай тохиол шүү дээ. Би дөрвөн удаа алдар цолоо дуудуулж байсан юм. Дамдин аварга тэргүүтэй их аваргуудаас хойш шүү дээ.
-Биднийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Монгол бөхийн цагаан хийморь үргэлж ивээх болтугай.
“Монгол бөхийн нэр хуучирдаггүй. Хуучирсан ч мартагддаггүй юм” хэмээн үеийн нөхдөө санан дурсаж, өнгөрсөн түүхийг бидэнд хуваалцсан Л.Сосорбарам арслан 120 мянгатын тэр нэгэн сууцандаа өдөр хоногийг Радио чагнан сууж өнгөрөөнө. Монгол бөхийн зузаан түүхийг бүтээлцэж явсан алдар цуут аварга, арслангуудаас үлдсэн цорын ганц амьд түүх хүчит арслан, өргөө гэртээ, ач, зээ нараа тойруулан эрхлүүлж аж төрнө.
УЛСЫН ХҮЧИТ АРСЛАН Л.СОСОРБАРАМ: НЭГ Л НАМАР ГЭНЭТ ОДСОН ҮЕ ТЭНГИЙН БӨХЧҮҮДЭЭ САНАХ ЮМ ДАА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |