• Өнөөдөр 2024-05-13

ААШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН М.ЦЭЛМЭГИЙН БАГШ С.МАРГАД-ЭРДЭНЭ: Шавийгаа шатар тоглохоор төрсөн, өндөр авьяастай хүүхэд гэж хардаг

2022-10-20,   350

   Индонез Улсын Бали хотноо зохион байгуулагдаж буй Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 20 орны 462 өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж байна.

     Тус тэмцээнд манай улсаас 36 өсвөрийн тамирчин оролцож байгаа билээ. Бид рапид төрөлд мөнгөн медаль хүртсэн М.Цэлмэгийн дасгалжуулагч багш С.Маргад-Эрдэнэтэй  ярилцлаа.

-Сайн байна уу. Таны шавь М.Цэлмэг ААШТ-ий мөнгөн медаль хүртжээ. Анх шавиа бэлтгэж байсан үеэс тань яриагаа эхлэх үү?

     -Баярлалаа. Миний шавь нарын нэг болох  М.Цэлмэг маань ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Одоогоор тэмцээн бүрэн өндөрлөөгүй, өөр хоёр төрөлд хүч үзэж байгаа. Багш хүний хувьд маш их баяртай, догдлолоор дүүрэн сайхан байна даа. М.Цэлмэг анх дөрвөн настай жижигхэн хөөрхөн охин манай клубд суралцахаар ирж байлаа. Би шавийгаа шатар тоглохоор төрсөн, өндөр авьяастай, ухаантай хүүхэд гэж хардаг.

-ААШТ-ий бэлтгэл сургуулилалтыг хэр хугацаанд хийсэн бэ?

          -Шатрын спорт гэдэг урт хугацаанд өдөр бүр бэлтгэлээ хийснээр амжилтад хүрдэг спорт шүү дээ. Дөрвөн настайгаасаа л бэлдсэн гэж хэлэхэд болно. М.Цэлмэг шавь маань анх Дархан-Уул аймгийнхаа тэмцээнд орж эхэлснээс хойш тасралтгүй аймаг, улсын чанартай тэмцээнд дээгүүр байр эзэлсээр ирсэн.  Өнгөрсөн жил Гүрж Улсад болсон Шатрын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Энэ жил ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Энэ хоёр тэмцээн бол дэлхийн хамгийн том хоёр тэмцээн юм. Цаашдаа илүү их амжилт гаргаж чадна гэдэгт нь багш хүний хувьд итгэлтэй байгаа.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнийх нь бэлтгэлд та зайнаас зөвлөгөө өгч байна уу?

          -Шатрын спортын тамирчдад дэмжлэг бага учир гадаадын тэмцээнд оролцоход санхүүгийн хүндрэлтэй байдаг. М.Цэлмэг шавь маань ээж, дүү хоёртойгоо явсан. Би зайнаас зөвлөгөөгөө өгөөд л явж байна даа. Өмнө жил ДАШТ-д хамт явж байсан удаатай.

-Дэлхийд данстай  тамирчин болно гэдэг шатрын тамирчдын хувьд ховорхон тохиол шүү дээ. Цаашид юуг түлхүү анхаарах нь чухал вэ?

           -Мэдээж шавь маань дэлхийд нэрээ дансалж байгааг харахад маш сайхан байна. М.Цэлмэгт цаг хугацаа, авьяас хангалттай байгаа учир боломжийг бүрэн ашиглаж, илүү их амжилтад хүрэх учиртай.  Гэвч дэмжлэг, бэлтгэх нөхцөл хомс байгаа.  

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


ААШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН М.ЦЭЛМЭГИЙН БАГШ С.МАРГАД-ЭРДЭНЭ: Шавийгаа шатар тоглохоор төрсөн, өндөр авьяастай хүүхэд гэж хардаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188