• Өнөөдөр 2024-05-06

УЛСЫН ХУРЦ АРСЛАН Г.ДЭМҮҮЛИЙН ТОМ ОХИН СОЁЛ: ААВТАЙГАА УУЛЗАХ ДАРАА ЖИЛИЙН НААДМЫГ ХОНОГ ТООЛОН ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА

        Монгол Улсын хурц арслан, олон түмэндээ “Аваргын энтэй Арслан” хэмээн хүндлэгдсэн Гомбо-Аюушийн Дэмүүл нь говь нутгаас төрсөн алдар цуутай цөөн бөхийн нэг билээ. Тэрээр 1957 оноос 1983 оныг хүртэл Монголын Үндэсний бөхийн түүхэнд өөрийн нэр, алдрыг тодоор тэмдэглэн үлдээж, өнөөг хүртэл ард түмний дунд домог мэт яригдсаар ирсэн хүчит арслан юм. Өдгөө түүний том охин Соёл дүү нарынхаа хамтаар нэр алдрыг нь үргэжлүүлэн яваа бөгөөд бидэнтэй аавынхаа тухай ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-ДЭНЖ НЬ БУЛГИХГҮЙ БОЛ ДЭМҮҮЛ ХҮҮ ХАЗАЙХГҮЙ ЭЭ-

-Сайн байна уу. Аавын тань өсөж, төрсөн нутаг болон үндэсний бөхийн дэвжээнд анх барилдаж эхэлсэн түүхээс яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

              -Миний аав Г.Дэмүүл нь 1935 оны модон гахай жил Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Хярын гурван Алтгана гэдэг газар эцэг Гомбо-Аюуш, эх С.Чинжээ нарын гурав дахь хүү болон төрсөн. Бага байхаас эмнэг адуутай ноцолдож, бяр тэнхээ суусан бөгөөд 17 настайдаа сумандаа анх барилдан түрүүлж, сумын заан цол хүртсэн байдаг.  Түүний дараа Дундговь аймгийн баяр наадамд барилдаад, хараахан түрүүлж чадалгүй явсныхаа хойтон жил буюу 1957 онд дахин ногт ганзагалан ирж, барилдаад “Дэнж нь булгихгүй бол Дэмүүл хүү хазайхгүй ээ” хэмээн аархан түрүүлж, даага хөтлөөд буцсан. Ингэж тэр наадамд Ш.Доржтовуу начинг даван аймгийн арслан цолтон болсон юм.

-Г.Дэмүүл арслан аймгийн арслан цол хүртсэнийхээ дараа шууд Монгол Улсын заан цолонд хүрсэн тухай бөхийн хорхойтнууд ярьдаг. Харин улсын арслан цолонд хэрхэн хүрч байв? 

                -Аав цаашид Улаанбаатар хотод сурч ажиллаж байхдаа заал танхимын барилдаанд тогтмол барилдаж, барилдааны арга барил сурч, бяр хүч нь илүү сууж эхэлсэн гэдэг. 1961 оны бүх ард түмний анхдугаар спартикиадад аймаг, нийгэмлэгүүдээс шалгарсан шигшмэл 28 бөх тойргийн журмаар барилдахад 24 давж онцгой амжилт үзүүлсэн тул баяр наадмын комиссын 1961 оны долдугаар сарын 13-ны нэгдүгээр тогтоолоор шууд Монгол Улсын заан цол хүртсэн түүхтэй. Харин  Монгол Улсын арслан цолыг 1969 онд Ардын хувьсгалын 48 жилийн ойгоор буюу 34 насандаа хүртсэн. 

Аавын барилдааны амжилтуудаас дурдвал:

1963 оны улсын баяр наадамд тав давж улам нэмэх чимэг.

1963 онд Монгол бүх ард түмний хоёрдугаар спартaкиадаар аймаг, нийгэмлэгээс шалгарсан 29 бөх тойргийн журмаар барилдахад 22 давж зургадугаар байр эзэлж үнэн хүчит чимэг.

1964 оны улсын баяр наадамд тав давж хурц шаламгай чимэг.

1965 онд зургаа давж бат хүчит чимэг.

1968 онд тав давж үнэн итгэлт чимэг гэх мэт Үндэсний бөхийн бүхий л цол чимгийг хүртсэн юм даа. Эдгээр амжилтыг нь хожим ном, хэвлэлд түүх болон үлдээсэн байгаа.  

-Г.Дэмүүл арслан анх эхнэртэйгээ учрахдаа засуулынхаа гэрт танилцсан гэдэг юм билээ. Энэ тухай дэлгэрэнгүй өгүүлж болох уу?

           -1961 онд ээж, аав хоёр маань танилцаж байсан гэдэг. Ээж маань Худалдааны техникумд оюутан байсан үе. Ээж нагац эгчийнхээ нөхрийнд буюу улсын наадмын бөхийн барилдааны оноолт тааруулдаг Жамсранжавынх гэх айлд амьдардаг байсан юм. Энэ үед миний аав Г.Дэмүүл, Эрдэнэ-Очир арслан, Чойжилсүрэн арслан тэргүүтэй тухайн үеийн залуу бөхчүүд Жамсранжав гуайн гэрээр байнга очдог байсан гэнэ лээ. Ингэж яваад л ээж, аав хоёр маань гэр бүл бололцож, хүү, охин хоёр төрүүлсэн. Гэвч дүү, бид хоёрыг бага байхад хоёр тийш болцгоосон юм билээ. Миний дүү Д.Энхтүвшин цахилгааны инженер мэргэжилтэй хүн байсан юм. Залуу байхдаа нас барсан л даа. 

-Том охин нь учраас та аавтайгаа илүү ойр дотно, холбоотой байсан болов уу?

         -Тэгэлгүй яахав. Аав минь надтай байнга ойр дотно, холбоотой байж, “Миний том охин, идэр залуу насанд ирсэн үр минь” гээд л уулзах тоолондоо энхрийлдэг байлаа. Хэдий ээжээс минь салсан ч сэтгэл зүрх нь байнга надтай хамт байсан. Надад их хайртай байж дээ. Яагаад ч юм дүү, бид хоёр аавтайгаа их адилхан. Харин дараа ханилсан эхнэрээсээ таван охин төрүүлсэн. Миний охин дүү нарыг Д.Шархүүхэн, Д.Норов, Д.Нэргүй, Д.Отгонжав, хамгийн бага дүүг Д.Алимаа гэдэг. Тэд маань үргэлж надтай холбоотой байж, аавынхаа дурсгалыг мөнхжүүлэхэд хувь нэмэр оруулцгааж байдаг даа.

-ААВЫГАА БАРИЛДАЖ БАЙГААГ ХАРАХ ГЭЖ Л НААДМЫГ ЗОРЬДОГ БАЙЛАА-

-Аавтайгаа уулзах мөчийг их хүлээдэг байсан уу? 

         -Тийм ээ. Би хүүхэд байхдаа жил бүрийн зуны наадамд ээжийгээ дагаж Төв цэнгэлдэх хүрээлэн ордог байлаа. Ээж маань нийтийн хоолны газарт хуушуур хийж зарна. Харин миний наадам руу очих зорилго бол аавтайгаа л уулзах байлаа. Тэр цаг мөчийг ихэд тэсэн ядан хүлээдэг дээ. Аав хол газраас замын бартааг туулан байж, машин дээрээ нутгийн бөхчүүдээ ачаад наадмаа зорьж ирдэг байсан. Ингэж ирээд Төв цэнгэлдэхэд барилдаж байхад нь би уулзах гээд гадаа нь хүлээгээд зогсдог байсан. 

-Тэгж их хүлээсний эцэст уулзах мөч сайхан байх даа?

          -Үгээр илэрхийлэхийн аргагүй шүү дээ. Аав наадамд ирэхдээ 120 мянгатын байрны гадаа машинаа байрлуулдаг байсан юм. Би аавыгаа хэдэн цагт машинтайгаа ирэх, хаана байрлуулдаг болохыг нь уулзсаар байгаад тогтоочихсон болохоор яг цагтаа очдог байлаа. Харин аав ирэх болгондоо надад 50-100 төгрөг өгдөг. Тэр байтугай нэг ирэхдээ тухайн үеийн дарга нарын өмсдөг байсан чамин хослолыг надад авч өгч билээ. Хүүхэд байсан болоод ч тэр үү, хөл газар хүрэхгүй баярлаж, аавдаа үнсүүлээд гүйдэг охин байсан даа.

Гэвч уулзаж дуусаад, дараа жилийн наадам даан ч хол байна даа гэж аавтайгаа эргээд уулзах өдрийг хоног тоолон хүлээнэ. Харин уулзах мөч дөхөөд ирэхээр сэтгэл хөдөлж, нойр хүрэхгүй. Цаг хугацаа дэндүү удаан ч юм шиг санагддаг.

 

-Нэгэн үед аавтай нь хүч булаалдан барилдаж явсан бөхчүүдтэй таарч байсан уу?

         -Нэг удаа аав улсын нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлэх үеэр нь би эргэж очсон юм. Намайг очиход Сугаа начин, Дундговь аймгийн Цэндээхүү начин гээд л бөхийн алдар цуут хүмүүс цугларсан байсан. Эмнэлгийн өрөөнд аав дээр минь ирсэн тэр бөхчүүдийг хараад “Миний аав ямар мундаг хүн бэ” гээд л хүүхдийн цайлган бодлоор харж байлаа. Энэ дурсамж санаанаас огт арилдаггүй.

-Г.Дэмүүл арслангийн тухай домог мэт яриа олон бий болов уу. Манай уншигчдтай хуваалцаж болох уу?

                  -Үнэн түүхийг нь сонирхож, шимтин уншдаг хүн цөөнгүй бий. Ид залуу насандаа бяр тэнхээ нь торойж байх үед говийн нэгэн айлаар буугаад мордож л дээ. Харин өнөөх айлын эзэгтэй хөхүүртэй шинэ айрагнаасаа ер аягалахгүйгээр, өнжмөл савтай айрагнаасаа хийж өгөөд байж. Тэгэхэд нь аав "Хөхүүртэй айрагнаас чинь амсъя" гэхэд айлын эзэн "Чаддаг юм бол хөхүүртэй нь аваад яв" гэж басамжилсан аясаар хэлж орхиж. Айлын эзний эл үгэнд шаралсандаа ч тэр үү, залуу насных нь хүч тэнхээ амтагдсан ч юм уу. Эр шар үхрийн том хөхүүртэй айргийг гэрийнх нь хананаас суга татаж аваад, хотноос нь холгүй өөд газар байрлуулсан машин руугаа өргөөд авч явсан юм гэнэ лээ. Айлын хүмүүс бяр тэнхээг нь биширч, ангайгаад хоцорсон гэдэг. Ингээд түүнийхээ дараа жил аав минь өнөөх айлаа эрэл, сурал болон хайж олоод, жилийн өмнө авсан хөхүүрээ, торго дурдан, идээ ундаатай бэлдэж бариад зочилсон гэдэг. Ингэж л нутаг орондоо хүндлэгдэж, ам дамжин ярих түүхийг бүтээсэн хүн. Тэр бүү хэл ааваас нэгэн хүн "Та юуг хамгийн сайн хийж чадах вэ?" гэж асуухад нь "Би бугуйл шидэж, Бөх барилдаж, наймаа хийж чадна" хэмээн хариулсан гэдэг. Аав минь адуунд эрэмгий, бугуйл шидсэн болгоноо номхруулдаг хүн байсан гэнэ лээ.

Мөн аав минь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутаг цагаан үзүүрийн зонд 380кг жинтэй чулууг ганцаараа өргөж, бяр тэнхээгээ гайхуулан домог болсон байдаг.

            Өдгөө энэ чулуу Өмнөговь аймгийн Манлай суманд байрлах өөрийнх нь хөшөөний урд байрладаг. 

-ДЭМҮҮЛ АРСЛАНГ ТОГТООНО ГЭДЭГ БЭРХ Л ДЭЭ-

-Таны аав ямар зан чанартай хүн байсан бэ?

         -Аав минь шулуун шударга зантай, тусч энэрэнгүй хүн байлаа. Аливаа зүйлд өөрийн үзэл санаагаа шударгаар илэрхийлдэг хүн байсан. Мөн бага сургуульд сурч байхад нь багш нь зургийн хичээл дээр морь зурах даалгавар байнга өгдөг байж л дээ. Харин аав үргэлж л алаг морь зураад байхаар нь багш нь гайхаад байж. Хожим учрыг нь тайлахад сургуулийнхаа жижүүрээр зуруулчихдаг сэргэлэн хүүхэд байсан юм билээ. Энэ мэтээр хүүхэд байхаас л сэргэлэн цовоо, үе тэнгийнхэнтэйгээ ноцолдож гутал хувцсаа тэсгээдэггүй нэртэй хүүхэд байсан. 

-Бөх хүнийхээ хувьд аатай, бардам хүн байсан гэлцдэг. Энэ тухай ном, тэмдэглэлд үлдсэн дэлгэрэнгүй яриа бий юу?

         -Аавын минь барилдаж байх үеийн тухай нэгэн тэмдэглэлд ийн бичсэн байдаг юм. 1962 оны улсын наадамд Өмнөговь аймгийн харьяат, Монгол Улсын арслан Б.Манлайжав гурвын давааны өрсөлдөгчөө тумбарайдаж нэлээд өндөр өргөөд хаяжээ. Мөөеө аварга “Дөрвөн уулын дунд надаас илүү бяртай хүн байдаг юм байна” гээд дөрвийн даваанд амалж л дээ. Ам авчихаад Г.Дэмүүл арслантай уулзаад “Танай энэ нэг хар юм чинь яадаг юм би авчихлаа” гэхэд  “Чи яах вэ дээ, бяртай хүн дайрчихаад л яваад өгнө биз. Харин нэг бариад зогсчих юм бол намайг цаг хорьчихдог юм шүү...” гэсэн байна.

Тэр үед Г.Дэмүүл арсланг цаг тогтооно гэдэг мөн ч бэрх л дээ” хэмээсэн байдаг.

       Ийм л аатай бөх байсан. Бөхчүүд аавыг минь дурсаж ярих нь их бий. Залуу насандаа хүч ихтэй, ялангуяа гартаа бяртай хүн байсан гэдэг. Тухайн үед төдийлэн бэлтгэл, сургуулилт хийлгүй, тээвэрт явж ирээд л наадамд зодголчихдог. Тийм л цаг үеийг туулж арслан цолыг хүртсэн юм. Тиймдээ ч ард түмэндээ “Аваргын энтэй Арслан” хэмээн хүндлэгддэг. 

-Төрсөн нутагт нь гэр бүлийнхэн нь хөшөө босгосон байдаг шүү дээ? 

           -1999 онд аавынхаа гэгээн дурсгалд зориулж, миний хань О.Одхүү болон миний бие хувийн хөрөнгөөр Өмнөговь аймагт хөшөө босгосон. Хөшөөний нээлтэд Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат тэргүүтэй Монголын бүх арслан цолтонгууд нэг дор цуглаж байлаа. Тухайлбал, Монгол Улсын арслан олон түмэндээ "Буур" хэмээн алдаршсан тэмээ өргөдөг Жамьяндорж, Монгол Улсын арслан Дагвадорж, Эрдэнэ-Очир, Хайдав, Оргодол, Сосорбарам зэрэг алдар цуут бөхчүүдийг хувийн зардлаар онгоцоор урин авчирч нээлт хийж байсан юм. Нээлтийн үйл ажиллагаа Монголын Үндэсний телевизд архив болон хадгалагдсан. Тус хөшөө өдгөө Өмнөговь аймгийн спортын ордны өмнө сүндэрлэн байгаа. Монгол бөхийн түүхэнд аавтай минь нэгэн үеийн бөхчүүд Өмнөговь аймагт хүрэлцэн ирсэн нь мартагдашгүй цаг мөч болж өнгөрсөн юм. Нээлтийн үеэр үр хүүхдүүд нь бүгд цугларч, миний дүү Д.Шархүүхэн болон түүний дүү нар тэр цаг үед ирсэн зочдыг хүлээн авч уулзан, хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. 

-Бидэнтэй аавынхаа тухай дурсамж яриа дэлгэсэнд  баярлалаа

-Баярлалаа 

 

 

УЛСЫН ХУРЦ АРСЛАН Г.ДЭМҮҮЛИЙН ТОМ ОХИН СОЁЛ: ААВТАЙГАА УУЛЗАХ ДАРАА ЖИЛИЙН НААДМЫГ ХОНОГ ТООЛОН ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-22 22:15:26
    Г.АДЬЯА: ГОВИЙН 3 АЙМАГТ АЛДАРШСАН ДОМОГТ МОНГОЛ УЛСЫН ХУРЦ АРСЛАН,САМБО БӨХИЙН СПОРТЫН МАСТЕР,ХӨНГӨН АТЛЕТИКИЙН 1Р ЗЭРГИЙН ТАМИРЧИН АЛДАРТ БӨХ БАЙЛАА
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188