• Өнөөдөр 2024-05-13

Д.НЯМХАНД: Иог бие, сэтгэл, амьсгал гурвыг холбогч, өөрийгөө таних аялал болдог

 “Нарны дагинас” иог, бясалгалын төвийн багш, уулын спортын мастер Д.Нямхандтай ярилцлаа.

-Таныг би уулын спортын мастер гэж сонссон. Уулын спорт эмэгтэй хүнд хүнд, эрсдэл ихтэй спорт биш үү. Уулын спортын чухам юу таны сонирхлыг татав?

        -Баярлалаа. Би  2013 онд өндөр уул, спорт авиралтын хосолмол болзлыг хангаж уулын спортын мастер болж байлаа. Анх 2008 оноос спорт авиралт болон өндөр уулын спортоор ОУХМ Д.Чадраабал багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлсэн. Энэ сайхан спортод дурлах тууштай байхад тусалсан, анхны багш болон спортын мастер Д.Батжаргал багш, ахмад, алтан үеийнхэндээ маш их талархдаг.
Энэ сайхан хүмүүсээс маш ихийг суралцсан.

       Уулын спорт, экстрим спортын төрөлд ордог. Жигүүртэн хүртэл цуцам өндөр оргилын олон километрийг амьдралдаа багтаасан хүн, үүргэвчээ үүрээд, шороо, чулуу, гол ус, цас мөс, ангал хавцал, өгсүүр, огцом уруу гээд бартаа саад ихтэй, хүнд замыг туулан зорьсондоо хүрдэг үзэгчгүй спорт бол уулын спортын төрөл юм. Уулчид өөрийгөө ялан дийлж оргилд тэмүүлдэг. Гэхдээ байгалийн гайхамшгийн өмнө хүмүүн бид хэчнээн өчүүхэн гэдгийг үргэлж мэдэрч явдаг.

      Би энэ спортдоо маш их хайртай, зүрх сэтгэлд минь үргэлж уяатай байдаг. Миний хувьд хүнд замуудыг туулж зорьсондоо хүрэх нь,  дотогшоогоо оршин байх нэгэн төрлийн бясалгал болдог. Гэхдээ уулын спортыг эмэгтэйчүүдэд, хүнддээ орох спортын төрөл гэж ярьдаг л юм. Намайг анх 2008 онд явж байхад нэг багд 1-2 эмэгтэй байсан. Ер нь эмэгтэй уулчид цөөн талдаа байдаг байв. Харин одоо эмэгтэйчүүд маань энэ спортоор их хичээллэдэг болжээ. Хүн өөрөө хүсвэл ямар ч спортын төрөлд хүйсийн ялгаа гарахгүй байх гэж боддог. Уулын спорт бол багийн спорт гэнэтийн эрсдэлийн үед эмэгтэй хүн, эрэгтэй хүнийг бодвол хүч чадал дутмаг байх нь бий.  Монгол болон дэлхийд сайхан бахархал болсон уулчин бүсгүйчүүд зөндөө байдаг. Тэд нараар би бахархдаг.



-Магадгүй энэ хүнд спортоор хичээллэж эхлэлээ гэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бол?

      -Бага байхдаа уулын спортод дуртай байсан. Миний бага, өсвөр нас Улаанбаатар хотын Хан- Уул дүүрэгт өнгөрсөн. Биднийг бага байхад аав маань дөрвөн охиноо дагуулаад л  Богд уул руу амралтын өдрүүдээр явж ууланд их гардаг байлаа. Тухайн үед би оргилуудын нэрийг мэдэхгүй ч бараг бүгдэд нь гэр бүлтэйгээ гардаг байв.

      Одоо бодохоор Дугуй цагаан, Зүүн, Баруун оргил руу гардаг байсан байж. Аав минь намайг энэ спортод дурлуулж, уулын спо  рттой хувь заяаг минь холбоход хамгийн том нөлөө үзүүлсэн хүн юм. Миний хамгийн анхны багш минь юм шүү дээ. Өгсүүр газар өөд яаж явах, уруу руу хөлийн улаа зөв тавьж буух, хувцсаа хэрхэн тааруулж өмсөх гээд л их хэрэгтэй, бүх зүйлсийг зааж өгсөн.

-Одоо бол та уулын спортоор хичээллэхгүй байгаа шүү дээ. Уулын спортоос иог руу яагаад “урвах” болов. Анх ямар зорилгоор иогоор  хичээллэх болсон бэ?

     -Би өндөр уул руу идэвхтэй дурлаж, шунан тэмүүлэх үедээ ааваасаа нуугдаж явсан тохиолдлууд зөндөө бий.  Аав намайг анх уулын спортод дурлуулчихаад, өндөр ууланд авирч болохгүй, аюулд өртөнө шүү гээд л санаа их зовдог байж билээ. Аргагүй л хүний эцэг хүн, үр хүүхдээ хайрлаж байгаа сэтгэл нь тэр байж дээ.

        2008 оноос хойш Хатанбаатар багшийн удирдлага дор випашяна бясалгал хийж эхэлсэн. Иог гэдэг хүний эрүүл мэндэд ямар чухал юм бэ гэдэг үр дүнг тухайн үед мэдсэн. Түүнээс хойш хүмүүст эрүүл амьдралын хэв маягийг зааж, хэвшүүлэх, өөрийгөө таньж мэдэх мэдлэгийг нь таниулах сан гэж их боддог байлаа. 2013 онд анхны хүүгээ кисор хагалгаагаар төрүүлсний дараа нуруу их өвддөг болсон. Түүний дараа 2015 онд хоёр дахь хүүгээ тээж байхдаа жирэмсний иогт монголын анхны иогийн сургууль болох “Мандала төв” дээр явж эхэлсэн. Анх жингээ хасах, жингийн тэнцвэрт байдалд хүрэх, сайн чанартай, гүн нойр авах, сэтгэл түвшин, тайван амгалан байх, зөв амьсгалж сурах, хөдөлгөөний дутагдлаа нөхөж, арилгах, сунгалтаа илүү сайжруулах, эрч хүчтэй болох зорилго тавьж хичээллэсэн.

-Иогийн багшаар хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

        -2018 оны зургадугаар сард “Samadhi yoga Center of Mongolia”  иогийн сургуульд олон улсад багшлах эрхтэй “RYT200” цагийн сургалтад хамрагдан багшийн эрх авч, суралцаж төгссөн. Түүнээс хойш тасралтгүй багшлан дөрвөн жил болжээ. Төгссөн цагаасаа мэдлэгээ нэмж суралцсаар өдий хүрлээ. Үүний хажуугаар өнөөдрийг хүртэл олон улсад багшлах эрхтэй 1000 гаруй багшийг бэлтгэн, олон төрлийн иог бясалгал, заах эрхтэй багш болгон гаргасан байгаа.
 


-Энэтхэгийн уламжлалт иогийн багш нар дандаа эрэгтэй байх юм. Эмэгтэй иогийн энэтхэг багш гэж бараг л байхгүй. Гэтэл Монголд харин эсрэгээр эрэгтэй багш ховор харагдах юм. Иогоор уян хатан биетэй хүн хичээллэх ёстой гэж ойлгодог хандлагатай холбоотой байна уу?

         -Иог нь эртний энэтхэгийн өлгий нутгаас гаралтай бөгөөд брахман буюу үе удам дамжсан иогийн багш нар ихэнх нь эрэгтэйчүүд байдаг. Иогийг бүүр анх эрэгтэй хүмүүс хийдэг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд Ази тивд ялангуяа монголд эмэгтэйчүүд их сонирхож, эмэгтэй багш олон болсон. Монголд эмэгтэй багш  олон боловч сүүлийн үед эрэгтэй багш нар нэлээдгүй бий болсон шүү.

         Монголд  иогийн дийлэнх багш нар эмэгтэйчүүд байгаа. Энэ нь сурталчилгааг, сунгалт, гоо зүй талаас нь явуулдагтай холбоотой. Үүнээс шалтгаалаад хүмүүс иогийг эмэгтэйчүүд л хийдэг юм байна гэсэн ойлголт аваад байх шиг. Сүүлийн үед эрэгтэй хүмүүс их суралцаж  байна. Иог нь дан ганц сунгалт биш бөгөөд илүү өргөн дэлгэр ойлголт юм. Бидний бие, сэтгэл, амьсгал гурвыг холбож, дотогшоогоо гүн мэдрэн ойлгох, хүлээн зөвшөөрөхөд тусалдаг эртний мэдлэг ухаан юм. Иогаар ямар ч хүйсийн ямар ч насны бүх хүн хичээллэх боломжтой юм.

-Монголд маш олон иогийн төрөл урсгалууд байх юм.  Иогоор хичээллэхэд хамгийн чухал анхаарах зүйл юу байдаг вэ?

         -Тийм ээ. Олон төрлийн иогийн сурталчилгаа явдаг ч угтаа бол иог нь дорно дахины ведийн гүн ухаан, хатха иогаас гаралтай бөгөөд хүнд туслах зорилго, чиглэлээсээ шалтгаалаад олон төрөл урсгал болон хөгжсөөр ирсэн. Та иогаар хичээллэхээр шийдсэн бол тууштай, хөдөлмөрч байх хэрэгтэй. Ганц иог гэлтгүй хүмүүн бид аливаа шинэ зүйлийг суралцахдаа хамгийн багадаа 21  удаагийн тогтмол давтамжтай хийх ёстой. Олон давтамжтай тогтмол хийж буй үйл бидний  эд, эсэд  дадал зуршил болно. Суурь нь сайн тавигдана. Тэгэхээр дор хаяж 3-6 сар хичээллэж байж та иогийг ойлгож, амьсгал, бие, сэтгэлээ холбогдож байгааг мэдэрнэ. Иогт дурлан, иогийн гайхамшгийг илүү гүн ойлгож, хүссэн үр дүндээ хүрэх боломжтой болно. Мөн түүнчлэн хэт хүчлэхгүй өөртөө тааруулан хийж, иогийн найман мөчрийн эхний дөрөв болох яана, нияама, асана, пранаяаса  болох гадаад иог, сүүлийн дөрөв болох пратьяхара, дхарана, дхьяана, самадхи болох дотоод иогийн хослуулан бясалгал иогийг хамтад нь хийгээсэй гэж хүсэж байна. Бясалгал иог нь хоорондоо салшгүй холбоотой юмаа.

-Иог нь хүний бие болоод сэтгэл санаанд ямар эерэг нөлөөтэй вэ?

      -Иог нь нэгдэл гэсэн утгатай үг юм. Та иогаар хичээллэснээр бие сэтгэлийн нэгдмэл хүч чадлаа бүрэн дүүрэн мэдрэх болно. Зарим хүн бие болоод сэтгэлдээ хор хөнөөлтэй зүйлийг сэтгэлийн хамжааргагүйгээр хийдэг. Дотоод сэтгэлийн шунал, хүслээ даган, дадал болтлоо хийж, амьдралын хэв маягаа эрүүл бус болгосон байдаг. Буруу амьсгал, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, буруу амьдралын хэв маяг гэх мэт. Тодорхой хугацаанд ингэж явахад бидний махан бие өвчилж, сэтгэл ухамсар доройтох, сэтгэлийн хямралд орох нь түгээмэл. Хүмүүс амьдралын хэв маягаа иогийн тусламжтайгаар өөрчлөн, өөрийн амьдралдаа, энэ бие сэтгэлдээ маш олон эерэг өөрчлөлтүүдийг авчрах боломжтой. Таны сэтгэл өөдрөг, эрчтэй хүчтэй байх болно. Анхаарал төвлөрөх чадвар өндөр, тайван амгалан болохыг мэдэрнэ. Мөн бодисын солилцооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, төв мэдрэлийн системд сайнаар нөлөөлөх, дархлааны системийг дэмжих, дааврын тэнцвэрт байдлыг сайжруулж болно.

      Энерги ухамсар тань дээшлэн, бие махбодын хувьд эрүүл чийрэг, эрхтэн систем, бодисын солилцооны ажиллагаа идэвхжиж, дааврын тэнцвэрт байдлыг хадгалахад туслах гээд маш олон талын ач тустай юм. Иогаар хичээллэсэн цагаас таны насжилт буюу хөгшрөлтийн явц зогсож, та илүү залуу эрч хүчийг мэдэрдэг болно. Миний хувьд олон төрлийн иог, бясалгал заахаас гадна долоон хүрдийг тэнцвэржүүлэх "Тэнцвэрт долоон хүрд" цогц хөтөлбөрөө хоёр жилийн хугацаанд зарлаж 4000 орчим хүмүүст онлайн болон танхимаар хүргэж байгаа.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, СЭТГЭЛ ГУТРАЛААС ГАРАХАД Ч ТУСАЛДАГ

-Иогоор эхлэн хичээллэх хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа юу байдаг вэ?

       -Миний бодлоор хамгийн түрүүнд тууштай биш байх. Ихэнх хүмүүс асана буюу иогийн байрлалд хэт шунах нь анзаарагддаг.

-Иог хийхэд хамгийн чухал анхаарах зүйл юу байдаг вэ. Өөрөөр хэлбэл, энгийн спортын дасгал, хөдөлгөөн, фитнес зэргээс ялгагдах гол онцлог нь юу байдаг юм бол?

      -Иогийн нэгдсэн группүүдэд “Хамгийн сайн иогийн багш хаана байна вэ” гэсэн асуулт их харагддаг. Нэг бодлоор туршлагатай сайн багшийн шавь болох хүсэл нь зөв боловч, иогийн багш нар өөр өөр иогийн төрөл, урсгалаар мэргэшсэн, өөр, өөрийн өнцгөөс бусдад иогийг хүргэж, түгээн дэлгэрүүлж байгаа. Багшийг сонгохын тулд тухайн багшийн танилцуулга, мэдлэгээ хэрхэн дээшлүүлэн суралцсан байдал туршлагыг харах нь зөв болов уу.  Мөн гэр ажилдаа ойр иогийн төвөө сонгоод, тууштай хичээллэх хэрэгтэй гэж хэлэх байна.

        Одоо иогийн төвүүд харьцангуй олон болсон. Таны тууштай байдал, таныг иогийн гайхамшиг бүрээр аялуулж юунд анхаарч, төвлөрөх, юуг байгаар нь хүлээн зөвшөөрөх, юуг уучилж ухаарч, тавьж явуулах хийгээд, өөрийн бие сэтгэлээ бүрэн танихад тусална. Иог нь ямар нэгэн спортын төрөл биш бөгөөд зөв амьдралын хэв маягт дадуулах, хүнийг өөрийгөө таньж мэдэхэд туслах илүү эртний өргөн дэлгэр мэдлэг ухаан юм.Иог нь бусад хөдөлгөөнт спортуудаас ялгаатай.  Ялгагдах гол зүйл нь хүнийг өөр рүү, илүү дотогш, сэтгэлийн гүн рүүгээ анирлахад тусалдаг. Өнөөдөр бүх зүйл гадагш чиглэлтэй байна. Энэ цаг үед хүмүүний сэтгэлийг татаад байгаа тансаг амьдрал, үнэтэй машин, том хаус, брэнд хувцас, нэр хүнд, эрх эрх мэдэл, шунал, хүсэл энэ бүгд эргээд хүнийг өөрийг нь хөнөөдөг. Эдгээр шунал хүсэл төрүүлэгч нь цагаа тулахаар бүгд хумхын тоос лугаа адил хоосон зүйл. Үүнийг ухааруулах, өөрийн сүнсний мөн чанараа олоход дотогшоо өнгийхөд, өөрийгөө гүн таньж мэдэхэд тань иог танд тусалдаг.

-Иог нь хүнийг амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргааг тайлах техник гэх. Гэтэл иогоор хичээллэж байгаа хүмүүсийн зорилго нь өөр, өөр байх юм. Эрүүл байх, хөдөлгөөний дутагдлаа нөхөх, турах, биеийн галбираа засах, стресс ядаргаагаа тайлах, залуужих, дотоод мөн чанараа таньж, олох гээд  зорилго нь янз бүр байх юм?

        -Тийм ээ. Хүмүүс олон янзын зорилгоор иогийг сонирхон хийдэг. Хэнд ямар асуудал хэрэгцээ байна. Эрүүлжих, галбиржих , жингийн тэнцвэрт байдалд хүрэх, сайн чанартай гүн нойр авах, тайван амгалан байх, зөв амьсгалж сурах, хөдөлгөөний дутагдлаа арилгах, илүү сунгалтаа сайжруулах, эрч хүчтэй болох гээд энэ бүх зорилгод хүрэх тань иог танд тусална. Тэр ч байтугай нөхөж үржихүйн асуудал, үр тогтох боломжгүй хосуудад хүртэл үрийн зулай үнэрлэхэд хүртэл үр дүн өгнө.

     Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, сэтгэл гутралаас гарахад ч тусалдаг. Энергээ дээшлүүлж, унтаа ухамсраа сэрээж, өөрийгөө таньж, энэ насны зорилгоо ухамсарлахад чиглүүлнэ. Миний хөтлөн явуулдаг "Тэнцвэрт долоон хүрд " болон бусад бясалгал иогийн хөтөлбөрүүд маань мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан, судалгаатайгаар сэтгэл гутралыг бууруулж байгаа. Бясалгал иогаар хичээллэж амьдралын агшин бүрээс аз жаргалыг мэдрээсэй, энэ насны амьдралаа илүү утга учиртай, гэгээн гэрлээр дүүрэн гэрэлтэж өнгөрүүлээрэй гэж хүсье.




 


Д.НЯМХАНД: Иог бие, сэтгэл, амьсгал гурвыг холбогч, өөрийгөө таних аялал болдог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-17 15:53:54
    С, Лхагвасүрэн: Сайн байна уу? ярилцлага чинь маш их таалагдлаа, Улам их амжилт хүсье, Би танай сургалтанд хамрагданаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188