• Өнөөдөр 2024-05-11

ЗАЛУУ ПРОГРАММИСТ Б.ЖАВХЛАНТӨГС: ПРОГРАММИСТ АЛИВАА ЗҮЙЛИЙГ ОЛОН ТАЛААС НЬ ХАРДАГ

       Залуу программист Б.Жавхлантөгс өөрийн сонирхлоо 18 настайдаа олж, программистаар бие даан суралцжээ. Nest академийн багш, программ хөгжүүлэгч тэрбээр АНУ-д программист зуучлах "Turing" компанид тэнцсэн билээ.

-Программистаар бие даан сурсан гэж сонслоо. Энэ тухайгаасаа ярьж өгөөч?

   -Миний хувьд программ гэдэг зүйлийг хожуу мэдэж, суралцсан юм шиг санагддаг. Миний хичээл заадаг хүүхдүүд 13-15 насных байдаг. Би өөр мэргэжлээр Тайвань Улсын их сургуулийн тэтгэлэгт тэнцсэн юм. Нэгдүгээр курст суралцаж байхдаа код бичдэг, бичсэн кодоор бидний тоглодог  гар утасны тоглоом, аппликейшн хийдэг  гэдгийг мэдсэн. Тэр үед “Би энэ салбарт ажиллаж ёстой, энэ зүйлийг л хийж чадах юм байна” гэж бодсон учраас сургуулиа дундаас нь орхисон. Ингээд  бие даан суралцаж 19 настайдаа код бичиж сурсан, одоо Nest академид багшилж, код бичиж, программ хөгжүүлж байна.

-Программыг бие даан суралцах ямар байдаг вэ?

    -Программын талаар  бие даан сурах хамгийн хэцүү. Заримдаа юу сурч байгаа ч мэдэхгүй үе гарна. Дүрс бичлэг үзэхдээ замдаа хэлийг нь  ойлгохгүй, ойлгож сурсан ч өөрөөр ашиглаж чадахгүй байсан, надад. Эхлэлийнхээ цэгийг мэдэж байгаа ч эцсийн цэгийг мэдэхгүй байгаа нь их хэцүү. Юу сурч байгаагаа, юу чаддагаа мэдэхгүй байх үе бол хамгийн зовлонтой цаг хугацаа. Тэр үед чаддаг хүмүүстэй нь холбогдож, зөвлөгөө авч эхэлсэн. Ингээд л бие дааж сурсан зүйлс минь бодит юм байна, би үнэхээр өөрийгөө дайчилж чаджээ гэдгээ ойлгож, ажилд орсон доо. Программ хангамж бол сурах зүйл нь хэзээ ч дуусдаггүй сонирхолтой салбар. Маргааш өглөө гэхэд л миний мэдэхгүй  шинэ систем гарчихсан байдаг.

-Хэрэглээний аппликейшн бие даан гаргаж байв уу. Бүтээсэн аппликейшнд нь алдаа гарвал ямар арга хэмжээ авдаг вэ?

   -Багийнхантайгаа хамтарч аппликейшн зохион бүтээж, сайжруулдаг. Хэр их үйлдлийн системтэй аппликейшн зохион бүтээхээс шалтгаалж, хугацаа нь тодорхойлогддог. Аппликейшн бүтээж, код бичиж эхэлсэн цагаасаа асуудлуудтай тулгардаг. Тиймээс яг тоглоомын заавар шиг тайлбар бэлддэг. Программист  хүн их уншиж, судалдаг учир тэвчээр хэрэгтэй.

-Программист болохын тулд ямар чадвартай байх хэрэгтэй юм бэ?

    -Хүмүүсийн хэлдгээр математиктаа сайн, ой тогтоолт сайтай байх шаардлагагүй. Зөвхөн тууштай, дуртай байх хэрэгтэй. Хүн дургүй зүйлээ хэзээ ч сурдаггүй. Мундаг математикч байх албагүй ч  нэг дээр нэгийг нэмж чаддаг байх ёстой. Математик дээр заадаг долоон томьёогоор бодлого бодуулдаг бол программист тэр долоон томьёоноос гадна өөр яаж бодох вэ гэж, өөр талаас нь харах хэрэгтэй болдог. Бид бэлэн функц ашиглах бус өөрсдөө зохион бичдэг.

-Гадаадын их сургуульд тэтгэлэгтэй суралцаж байсан шүү дээ. Огт мэдэхгүй мэргэжил эзэмшихийн тулд тулд сургуулиа орхих шийдвэр гаргах амаргүй биз?

     -Хүүхдүүдийн мэргэжлээ сонгож чаддаггүй шалтгаан нь асар олон мэргэжил байгааг мэддэггүйтэй холбоотой. Цөөхөн, нийтлэг мэргэжил дундаас сонголт хийх гээд өөрийгөө хайрцаглаад байдаг. Би сонголтдоо огт харамсдаггүй. Учир нь, би хүссэн ажлаа хийж байгаа. Анх сургуулиас гарах шийдвэр гаргаж байхдаа 7-8 хоног дотуур байрнаасаа гаралгүй зөвхөн “Яах вэ” гэсэн асуулт асууж өдрийг өнгөрүүлсэн. Гэхдээ яг үнэндээ зөв, буруугаа шүүж чадахгүй байсан. Гэтэл аав, ээж хоёр минь намайг дэмжсэн.

-“Программистаар ажиллаж болох юм байна” гэсэн бодол хэзээ төрсөн  бэ?

    -Программист хүн өдөр бүр цааш үргэлжлүүлэх хүчээ шинэ даалгавраас авдаг. Мэддэг зүйлээ амархан хийчих хэр нь мэдэхгүй код, шинэ систем гарч ирэхэд судалгаа хийж, бодож, төлөвлөж ажиллана. Бодлоо бодит болгохын тулд бичсэн кодуудаа эхнээс нь шалгана. Миний бичсэн код амжилттай ажиллахад ажил хийх хүсэл ундран шүү дээ.

-Америк Улсад ажиллахаар эхний шатандаа тэнцсэн гэж байсан. Энэ талаар ярихгүй юу?

    -"Turing" компанийг энгийнээр тайлбарлавал компаниудын өмнөөс ажлын ярилцлага хийдэг зуучлагч гэсэн үг. Дэлхий даяар бүх программистуудаас ур чадварын шалгалт аваад тэнцсэн программистуудыг Америкийн компаниудад зуучилдаг. Дөнгөж гарааны бизнес нь эхэлж байгаа компаниудад программист хэрэгтэй болох үед тус улсын  программистуудын хүний нөөц хүрэхгүй бас өндөр цалин авдаг учраас гадаадын сайн программисттай тохиролцож ажилладаг. Түүнд тэнцсэн гэсэн үг.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

    -Тууштай байхыг хичээдэг.

-Залуучуудад хандаж хэлэхийг хүсдэг үг бий юү?

    -Дургүй мэргэжлээрээ их сургуульд сурдгаа болиосой гэж боддог. Хүсээгүй зүйлээ хийгээд алдаж байгаа тэр дөрвөн жилийн хугацаанд өөр нэг хүн дуртай зүйлээрээ амжилт олж байгаа шүү дээ.

 


ЗАЛУУ ПРОГРАММИСТ Б.ЖАВХЛАНТӨГС: ПРОГРАММИСТ АЛИВАА ЗҮЙЛИЙГ ОЛОН ТАЛААС НЬ ХАРДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188